Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 441

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Ганболд, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: пк ххк-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д-д холбогдох,

 

46,076,350.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Д, иргэдийн төлөөлөгч Ц, нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч пк ххк-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Дтэй ******* сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба түүний хүсэлтээр бид 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 400 ширхэг тулаас төмрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тус ажлыг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохирсон боловч уг ажлыг 2012 оны 07 дугаар сараас эхэлсэн бөгөөд өмнөх гэрээгээ гээгдүүлсэн тул ийнхүү дахин гэрээ байгуулсан юм.

 

Гэтэл хариуцагч Д гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс гадна 400 ширхэг тулаас төмрийг бусдад худалдаж, хувьдаа завшсан байдаг. Энэхүү үйлдлийн улмаас манай компани Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/06001 тоот шийдвэрээр түрээслүүлэгч “*******” ХХК-нд түрээсийн төлбөрт 37,680,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396,350.00 төгрөгийг тус тус төлөх болсон.

 

Мөн пк ххк нь дээр дурьдсан 400 ширхэг тулаас төмрийг бусад этгээдээс худалдан авч, түрээслүүлэгчид өгсөн бөгөөд 102/ШШ2015/06001 тоот шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.     

 

            Бид, компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид удаа дараа шаардлага тавьж байсан хэдий ч тэрээр үл биелүүлсэн учраас түүнийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шалгуулахад иргэд хоорондын хэрэг маргаан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

            Өнөөдрийн байдлаар хариуцагчийн үйлдлээс манай компанид шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр 37,680,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396,350.00 төгрөг, тулаас төмрийн үнэ 8,000,000.00 төгрөг, нийт 46,076,350.00 төгрөгийн хохирол учирсан.

 

            Иймд, хариуцагчаас 46,076,350.00 төгрөгийг гаргуулж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Д тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие нэхэмжлэгч пк ххк-тай 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр болсон.

 

            Энэхүү гэрээний ажлын хөлс нийт 80,000,000.00 төгрөгт тулаас төмрийн түрээсийн сар бүрийн төлбөр багтаагүй, намайг уг ажлыг хүлээн авахаас өмнө нэхэмжлэгч тал өөр хүмүүсээр гүйцэтгүүлж байгаад шилжүүлж өгсөн тул тэдгээр төмрийг “*******” ХХК-иас түрээслэж байсныг мэдээгүй.

 

            Би, нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн тулаас төмрийн үнэ 8,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, яагаад гэвэл захиалагч буюу нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан ажилчид маань хоол, хүнсгүй болж, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд материалын зардал дутаж байсан тул 400 ширхэг тулгуур төмрийг бусдад худалдаж, ажилтнуудынхаа цалин хөлсийг олгосон.

 

Нэхэмжлэлд дурьдсан “*******” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлөх 37,680,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396,350.00 төгрөг надад хамаагүй, намайг барилгын ажлыг эхлэхээс өмнө 400 ширхэг тулаас төмрийг нэхэмжлэгч тал ашиглаж байсан бөгөөд миний хүсэлтээр компанийн хувиар түрээсийн гэрээ байгуулах болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч пк ххк-иас хариуцагч Дд холбогдуулан 46,076,350.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

   Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 8,000,000.00 төгрөгийг “хүлээлгэн өгсөн тулаас төмрийг хариуцагч бусдад худалдан борлуулснаас гарсан зардал” гэж, 38,076,350.00 төгрөгийг “дээрх үйлдлийн улмаас түрээслүүлэгчид түрээсийн гэрээнд зааснаас хэтэрсэн хугацааны төлбөр төлснөөс учирсан хохирол” хэмээн тус тус тодорхойлсныг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, 8,000,000.00 төгрөгөөс бусад шаардлагаас татгалзсан.    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч пк ххк болон хариуцагч Д нар 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь ******* сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, тухайн ажлыг 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар тохирсон боловч талууд ажил гүйцэтгэх хугацааг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна /х.х-ийн 74-77-р хуудас/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч пк ххк нь 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 400 ширхэг тулаас төмрийг 30 сарын хугацаатай, 1 ширхэг төмрийг 1 өдрийн 100 төгрөг, сарын 1,200,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байна /х.х-ийн 78-80-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар эдгээр тулгуур төмрийг хариуцагч Д гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ ашиглахаар хүлээн авсан ба тэдгээрийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1, түүнчлэн зохигчдын тайлбараар захиалагч буюу нэхэмжлэгч нь тус гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тулгуур төмрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.

 

Гэтэл ажил гүйцэтгэгч буюу хариуцагч Д нь хүлээн авсан тулгуур төмрийг ажилчдынхаа цалин хөлс олгохоор бусдад худалдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, ******* тоот эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа яллагдагчаар байцаагдсан мэдүүлгээр тогтоогдож байгаа ба тэрээр 400 ширхэг тулгуур төмрийн үнэ 8,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн /х.х-ийн 41, 42-р хуудас/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 351.1.3.-д “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Тодруулбал, захиалагч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэхэд ажил гүйцэтгэгчид хэрэгцээтэй материал, багаж хэрэгсэл болон бусад зүйлийг түүнд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд хэрэв уг эд зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүнд шингээгүй буюу салгаж болохооргүй эд зүйл болоогүй, аль эсхүл ашиглагдаж дуусаагүй бол тухайн илүү гарсан материал, багаж, тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч нь буцаан өгөх үүрэгтэй.

 

Хэдийгээр талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан боловч хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй хэмээн тайлбарласан ба зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэдгээрийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байтал хариуцагч Д нь 400 ширхэг тулгуур төмрийг буцаан хүлээлгэн өгөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч пк ххк нь бусдаас 400 ширхэг тулгуур төмрийг 8,000,000.00 төгрөгөөр худалдан авч, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр түрээслүүлэгч “*******” ХХК-нд өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 51-р хуудас/.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч нь эмнэлгийн өргөтгөлийг барьж гүйцэтгэхдээ захиалагчаас өгсөн тулгуур төмрийг гэрээ цуцлагдсан байхад тийнхүү тоо ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс улбаалан захиалагч тал бусад этгээдээс ижил төрлийн зүйлийг худалдан авахад 8,000,000.00 төгрөгийн зардал гарсан байх тул хариуцагч нь тус хохирлыг төлөх нь зүйтэй юм.

 

Харин шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан болоод зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч пк ххк-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 37,680,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 396,350.00 төгрөгийг хариуцагч Д хариуцах үүрэг хүлээхгүй гэж дүгнэв.

 

Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/06001 тоот шийдвэрээр талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг үндэслэн түрээслэгч пк ххк-иас түрээслүүлэгч *******” ХХК-нд түрээсийн төлбөр 37,680,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396,350.00 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /х.х-ийн 22, 23-р хуудас/.

 

Тус шийдвэрт дурьдснаар түрээсийн гэрээний дагуу түрээслэгч буюу нэхэмжлэгчийг 400 ширхэг тулгуур төмрийг 972 хоног буюу 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ашигласан хэмээн үзэж, нийт 37,680,000.00 төгрөг олгохоор шийдвэрлэсэн ба гэрээний зүйл болох тулгуур төмрийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, хүлээн авах, түрээсийн төлбөрийг төлөх үүрэг нь гагцхүү гэрээ байгуулсан этгээдүүдийн хооронд үүссэн эрх, үүргээр тодорхойлогдоно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д “гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, пк ххк нь түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан тулгуур төмрийн бүрэн бүтэн болоод хугацаандаа буцаан өгөх үүргийг түрээслүүлэгч “*******” ХХК-ийн өмнө хариуцах бөгөөд хэрэв ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн төмрийг ашиглаж байсан хариуцагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл бусад шалтгаанаар буцаан өгөөгүйтэй холбоотой үүсэн гарах хариуцлагыг түрээслэгч өөрөө хүлээх ба шүүхийн шийдвэрээр 37,680,000.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч Дгийн үйлдэл шууд шалтгаант холбоотой биш байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000.00 төгрөгийг хангаж, үлдэх 38,076,350.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Дгээс 8,000,000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч пк ххк-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,076,350.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,331.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  142,950.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                Д.ГАНБОЛД

 

                                                                                        Л.ЭНХЖАРГАЛ