Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Отгонжаргалд холбогдох эрүүгийн 1814003600288 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Шинэхэн овогт Бадамжунайн Отгонжаргал / ЖЮ84061514/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-1-31 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 797000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед манай гэрийнхэн 2 гадагшаа гарчихаад өдрийн 14 цагийн үед гэртээ буцаж ирэхэд байшингийн ар талын цонхыг онгойлоод хулгай орж доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэр шөндөө цагдаагийн ажилтан Мөнх-Учрал манайхаас эд зүйл хулгайлсан хүний олсон гээд миний эд зүйлүүдийг бүгдийг нь буцааж өгсөн. Бүгд бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би алдагдсан зүйлүүдээ бүгдийг буцааж авсан. Гэхдээ эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 35000 төгрөг, цонхоо шиллүүлэхэд 60000 төгрөг тус тус зарцуулсан болохоор одоо буруутай этгээдээс 95000 төгрөг нэхэмжлэх болно. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /

Гэрч О.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үед санагдаж байна. Би захруу явчихаад өдөр гэртээ дөнгөж орж ирээд байж байтал Цагдаагийн алба хаагч манайд орж ирээд Б.Отгонжаргалыг айлаас эд зүйл хулгайлсан гэж хэлсэн. Тэгээд Б.Отгонжаргал нь амбаараас нэг цүнхтэй юм аваад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 29- 30 /

Шүүгдэгч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед гэрээсэээ гараад гудамжныхаа захад байдаг дэлгүүр орж 1 шил архи аваад дэлгүүрээс гараад зүс таньдаг нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзсан. Тэгээд бид хоёр Баянхонгор аймгийн оготонотой булгийн наад талд байх паркийн хашаан дотор орж нөгөө архиа хувааж уугаад 13 цагийн үед салсан. Би тухайн үед нилээн согтсон байсан бөгөөд гэрлүүгээ явах гээд амьчуулын гол талаар тойрч явхад урд нүүрний гудамжны нилээн захруугаа нэг ногоон өнгийн хаалгатай хашаа байсан хаалгыг нь татсан чинь онгойхоор нь орсон. Хашаанд 1 давхар байшин эзэнгүй байхаар нь байшингийн ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхны салхивчны шилийг тоосгоны хагархайгаар хагалж ороод эд зүйл авсан. Одоо санахад эрэгтэй эмэгтэй хүний цааны арьсан гутал, хүүхдийн пүүз, эмэгтэй болон хүүхдийн 3 ширхэг савхин куртик, хүүхдийн эвлүүлдэг тоглоом зэрэг зүйлүүдийг тэнд байсан хар өнгийн цахилгаантай цүнхэнд хийж аваад хагалж орсон цонхоороо буцаж гараад хашааны хаалгаар гарч тэндээсээ шууд гэртээ авчирч амбаарт хийчихээд унтаад өгсөн. Тэгтэл тэр өдрийнхөө 16-17 цагийн үед цагдаагийн ажилтан ирээд намайг айлаас авсан зүйлээ гаргаад ир гэхээр нь би амбаарт байсан цүнхтэй зүйлүүдийг авч Цагдаагийн газарт ирж өгсөн. Би айлаас авсан эд зүйлээ зарж үрээгүй. Бүрэн бүтэн тоогоор нь Цагдаагийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Хагарсан цонхны хохирлыг барагдуулаагүй. Одоо удахгүй төлж хохиролгүй болгох болно... гэх мэдүүлэг / хх-ийн 52-56 /

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №101 дугаар “

... эд зүйлсийг 797000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-40/,

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №273 дугаар “... вакум цонх 45000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 43-44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-15/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / ххийн 16-20/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Отгонжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 57/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59/, 3 эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 76/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 79-80/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-1-31 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 797000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Батбаярын ... байшингийн ар талын цонхыг онгойлоод хулгай орж доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан,…эд зүйлүүдийг бүгдийг нь буцааж өгсөн бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 23-25/ гэрч О.Ариунзулын ... Б.Отгонжаргал нь амбаараас нэг цүнхтэй юм аваад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 / шүүгдэгч Б.Отгонжаргалын ... ногоон өнгийн хаалгатай хашаа байсан хаалгыг нь татсан чинь онгойхоор нь орсон. эзэнгүй байхаар нь байшингийн ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхны салхивчны шилийг тоосгоны хагархайгаар хагалж ороод эд зүйл авсан, тэндээсээ шууд гэртээ авчирч амбаарт хийчихээд унтаад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 52-56 / Энх нахиа ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №101 дугаар “... эд зүйлсийг 797000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-40/, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №273 дугаар “...вакум цонх 45000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 43-44/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-1-31 тоотод оршин суух иргэн Б.Батбаярын хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 797000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Уг гэмт хэргийн хохирогч Б.Батбаярын хулгайд алдсан эд зүйлийг 797000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.Отгонжаргал нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

4 Шүүгдэгч Б.Отгонжаргал нь хохирогч Б.Батбаярт хулгайлсан эд зүйлийг буцааж өгч / хх-ийн39-40/, бэлнээр 95000 төгрөг өгч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Батбаяр нь нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Отгонжаргалыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Б.Отгонжаргалын эзэмшлийн “...LG маркийн гар утас.” –ыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг Б.Отгонжаргалд буцаан олгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шинэхэн овогт Бадамжунайн Отгонжаргалыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалыг /1/ нэг жил /1/ нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалд /1/ нэг жил /1/ нэг сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалын эзэмшлийн “...LG маркийн гар утас.” –ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг Б.Отгонжаргалд буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 05- ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Отгонжаргалд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА