Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00020

 

   

2021 01 13 001/ХТ2021/00020

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1279 дүгээр магадлалтай,

 *******ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдох,

2018 оны 02 дугаар сарын 27-ноос 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, цалингийн нэмэгдэл, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжид нийт 44 899 580 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие******* ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2016.09.02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан.

Тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00637 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 12 440 489 төгрөгийг ЭХХТ-өөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 1477 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01468 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч одоо хүртэл хэрэгжээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрийн хүсэлтээ албан бичгээр 2, өөрийн биеэр 3 удаа очиж уулзсан, утсаар 2 удаа ярьсан боловч өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүй. Иймд 2018.02.27-ноос 2019.02.28 өдрийг дуусталх хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахаар нэхэмжилж байна.

Үүнд: Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-а-д Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажсанаар 1 сарын дундаж цалин 4 051 465 төгрөг байгаа ч Дээд шүүхийн шийдвэрийн дагуу тооцлоо. Цалинг ажлын 261 хоногоор тооцвол 1 өдрийн цалин 95 880.70 төгрөг /2 061 436 : 21.2 = 95 880.70/ ба 2018 оны 2 сарын цалин 95 880. 70 төгрөг, 3 сарын цалин 2 013 495, 4 сарын цалин 2 013 495, 5 сарын цалин 2 205 256, 6 сарын цалин 2 013 495, 7 сарын цалин 2 109 376, 8 сарын цалин 2 205 256, 9 сарын цалин 1 917 614, 10 сарын цалин 2 205 256, 11 сарын цалин 2 109 376, 12 сарын цалин 2 013 495, 2019 оны 01 сарын цалин 2 205 256, 2019 оны 02 сарын цалин 1 917.614, нийт 25 024 863 төгрөг нэхэмжилж байна.

Байгууллагын хамтын хэлэлцээрт зааснаар 120 хоногоос дээш ажилласан нөхцөлд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 13 дахь сарын цалин олгодог журамтай ба 2015 оны 11 сарын 03-ны өдрийн тус төвийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4-т Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд 1 удаа урамшуулал олгоно гэж, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, улирлын, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэж зааснаар 2018 оны албан тушаалын цалин 2 061 436 төгрөгийг 1 жилд 5 сараар тооцон 10 307 180 төгрөг нэхэмжилнэ. Би улсад 36.7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан ба ээлжийн амралтын цалинг холбогдох хуулийн дагуу тооцоход 2016 оны 6, 7, 8 сард 12 145 997 төгрөг : 3 = 4 048 665.67 төгрөг 1 сарын дундаж 21.2 = 1 өдрийн дундаж цалин 186 774 80 төгрөг амралтын 31 хоног = 5 790 019 төгрөг нэхэмжилнэ.

Цалин тус бүр 10 хувиар нэмэгдсэн тул цалин 2 061 436 төгрөгийн 10 хувь 206 143 төгрөгийг 2017 оны 9 сараас 2019 оны 3 сар хүртэл хугацааны 3 607 513 төгрөг, нотариатын зардал 50 000 төгрөг гаргуулна.

2018.02.27-ноос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт нөхөн хийлгүүлнэ гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь захирлын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн Б/8 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 8 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

******* нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүй цалин нэмж авах талаар нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч анх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэлийг хангасан. Иймд нэхэмжлэгч үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үүрийнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 шатны шүүх нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо шагнал болон ээлжийн амралтын олговрыг сар бүр олгох цалин хөлсөнд хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1 122 000 төгрөг үүнээс цалинг тооцохдоо үндсэн цалин 21.5 сар, ажлын дундаж хоногт хуваан 1 өдрийн цалинг 52 186 төгрөгөөр тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэсэн.

Тус төвийн ҮЭХ-той байгуулсан Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4-т жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 сар хүртэлх сарын дундаж цалинтай тооцож олгоно гэж заасан. Үндсэн цалин 1 122 000 төгрөг дээр ээлжийн амралт, урамшуулал ороод 25 024 863 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үндсэн цалин дээр хоол унааны мөнгө нэмэгдээд нийт 2 075 100 төгрөг болно. Ажиллаж байсан бол үр дүн, ээлжийн амралт, цалингийн 10 хувь нэмэгдэл орно гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан******* ТӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд нийт 37 685 914 /гучин долоон сая зургаан зуун наян таван мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан, Чинсэтгэлтийнхэн овогтой Хужингийн Алтангэрэлд /РД:МЮ64062370/ олгож, шаардлагаас үлдэх 6 845 716 төгрөгийг хэрэгсэхгүй болгож.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 346 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1279 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 37 685 914 гэснийг 25 024 863 гэж, 6 845 716 гэснийг 19 506 767 гэж, 3 дахь заалтын 346 380 гэснийг 283 084 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд 4 зүйл бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дугаартай шийдвэрээр зөвхөн 4 дүгээр нэхэмжлэл, нотариатын хөлсийг шийдэж, бусад нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 1279 дугаар магадлалаар иргэн миний хохирч байгаа эрхийг улам хохироосон шийдвэр гаргасан учир уг шийдвэрийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлээс 6 845 716 төгрөг хасч шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхийн магадлалаар 19 506 767 төгрөг хасч, нэхэмжлэлийн тодорхой хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч миний хүсэлтийн шаардлагыг хангаагүйгээр барахгүй ихээхэн хохироож шийдсэн нь хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэн гомдолтой байна.

******* миний бие******* ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны I дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Гэтэл 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд******* ТӨААТҮГ-ын захирлын 2016.09.02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Хан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ 2017/00637 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дүгээр сарын 28-ны 1477 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01468 дугаар тогтоолоор миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрийн хүсэлтээ албан бичгээр гурав, өөрийн биеэр гурван удаа очиж уулзсан, утсаар найман удаа ярьсан боловч хүлээж бай, ажлын асуудлыг шийдвэрлээд дуудна, бүтцийн өөрчлөлт хийж байж шийднэ гэгчлэн ажилд эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүй олон шалтаг шалтгаан хэлэх зэргээр цаг хугацаа хожиж өдий хүрсэн.******* ТӨААТҮГ-ийн Гүйцэтгэх захирлууд гурван удаа өөрчлөгдөж, солигдсон нь асуудлыг шийдэхэд ихээхэн нөлөөлсөн бодит үнэн. Нэхэмжлэгч миний зүгээс шалтгаалсан зүйл байхгүй.

Иймд 2018.02.27-оос 2019.02.28 өдрийг дуусталх хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, үр дүнгийн урамшууллыг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахаар 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтын дагуу нэхэмжилж байна.

Үүнд: 1. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-а-дАжилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдэн баталгаажсан байдаг. Үүнийг тооцоогоор харуулбал: /2 075 100 + 4 667 597 + 5 411 700 = 12 154 397 : 3 = 4 051 465/ нэг сарын дундаж цалин 4 051 465 төгрөг болж хууль ёсны нотлох баримтаар нотлогдож байгаа хэдий ч анхан болон дээд шүүхийн шүүгч нар нотлох баримтыг үгүйсгэж нэхэмжлэгч иргэн намайг хохироосон шийдвэр гаргасан.

Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдэж баталгаажсан цалингаас хамгийн бага дүнтэй цалинг сугалан авч шийдвэрлэсэн шүүгчдийн нотлох баримтыг үгүйсгэсэн нь асуудалд хэт нэг талыг барьж хандсан гэж үзэж байна.

Иймд дээд шүүхийн шүүгчдийн шийдвэрийн дагуу нотлох баримтаас хамгийн бага дүнтэй цалингаар тооцож 2 061 436 : 21.2 = 95 880.70 /нэг өдрийн цалин/төгрөгөөр тооцлоо.

Мөн 2018.02.27-оос 2019.02.28-ны өдрөөс шүүх хурал хуралдах өдрийг дуусталх ажлын хоног 261 х 95 880.70 = 25 024 төгрөгийн цалингийн тооцоо гарч байна.

Цалинг доорх тооцоогоор харуулбал: Дээд шүүхийн шийдвэрийн дагуу дараах тооцоолол хийсний дагуу миний нэг өдрийн цалин 95 880.70 төгрөг бөгөөд 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг ажлын хоногоор тооцвол 261 хоног х 95 880.70 = 25 024 863 төгрөгийг нэхэмжилж байна. 1. Цалингийн тооцоолол:

- 2018 оны 2 дугаар сарын цалин ажлын 1 хоног * 95 880.70 = 95 880 70 төгрөг.

- 2018 оны 3 дугаар сарын цалин ажлын 21 хоног * 95 880.70= 2.013 495 төгрөг.

- 2018 оны 4 дүгээр сарын цалин ажлын 21 хоног * 95 880.70 = 2 013 495 төгрөг.

- 2018 оны 5 дугаар сарын цалин ажлын 23 хоног * 95 880.70 = 2 205 256 төгрөг.

- 2018 оны 6 дугаар сарын цалин ажлын 21 хоног * 95 880.70 = 2.013 495 төгрөг.

- 2018 оны 7 дугаар сарын цалин ажлын 22 хоног * 95 880.70 = 2109 376 төгрөг.

- 2018 оны 8 дугаар сарын цалин ажлын 23хоног * 95 880.70 = 2 205 256 төгрөг.

- 2018 оны 9 дүгээр сарын цалин ажлын 20 хоног * 95 880.70 = 1 917 614 төгрөг.

- 2018 оны 10 дугаар сарын цалин ажлын 23 хоног * 95 880.70= 2 205 256 төгрөг.

- 2018 оны 11 дүгээр сарын цалин ажлын 22 хоног * 95 880.70 = 2 109 376 төгрөг.

- 2018 оны 12 дугаар сарын цалин ажлын 21 хоног * 95 880.70 = 2 013 495 төгрөг.

- 2019 оны 1 дүгээр сарын цалин ажлын 23 хоног * 95 880.70 = 2 205 256 төгрөг.

- 2019 оны 2 дугаар сарын цалин ажлын 20 хоног * 95 880.70 = 1 917 614 төгрөг.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3, 3.1, 3.2 3.3, 3.4 дэх заалтын дагуу тус байгууллагын хамтын хэлэлцээрт зааснаар 120 хоногоос дээш сар ажилласан нөхцөлд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 13 дахь сарын цалин олгодог журамтай бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн******* ТӨААТҮГ-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4 дүгээр заалтад Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 (тав) хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд нэг удаа урамшуулал олгоно, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд Сар, Улирлын, Жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэсэн заалтуудын дагуу 2018 оны албан тушаалын цалин 2 061 436 төгрөг, 1 жилд 5 сараар тооцоход 2 061 436 * 5 = 10 307 180 төгрөг нэхэмжилж байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь заалтын дагуу ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралтын олговор авах ёстой. Би улсад 36.7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2018 оны ээлжийн амралтаа ажлын 31 хоногоор тооцон бодуулж ажлын 31 хоног * 186 775 = 5 790 025 төгрөг гаргуулж авахаар нэхэмжилж байна.

Ээлжийн амралтын цалинг холбогдох хуулийн дагуу тооцож бодоход 5 790 019 төгрөг болж байна. Үүнд:

- 2016 оны 06,07,08 сард 12 145 997 төгрөг : 3 = 4 048 665.67 төгрөг нэг сарын дундаж цалин : 21.2 = 1 өдрийн дундаж цалин 190 974.80 төгрөг х 330 ажиллавал зохих = нийт цалин 63.021.682.55 төгрөг болж байна.

- Ээлжийн амралтыг 63 021 682.55 олговол зохих цалингаас 1 386 000 хоолны нэмэгдэл = 61 635 682.55 нийт цалин / жилийн 330 хоног ажиллавал зохих хоног = 186 774.80 өдрийн цалин х 31 амрах хоног = 5 790 019 төгрөгийн амралтын цалин гарч байна.

4. 2018.02.27-оос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгүүлэх.

5. Байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул тэмдэгтийн хураамж 367 950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

Олгогдоогүй байгаа 25 024 863 төгрөгийн цалинг нэхэмжилж байна.

Нэхэмжилж буй цалин, үндсэн цалин, нэмэгдэл хөлс, цалингийн нэмэгдэл, шагнал, үр дүн, урамшуулал, ээлжийн амралтын олговор, тэмдэгтийн хураамжийн дүнг нэгтгэвэл:

- 2018.02.27-оос 2019.02.28-ны өдрийг дуусталх хугацааны цалин 25 024 863 төгрөг,

- 2018 оны үр дүн, урамшуулал 10 307 180 төгрөг,

- 2018 оны ээлжийн амралтын олговор 5 542 074 төгрөг,

- 2017 он, 2018 оны цалингийн нэмэгдэл 3 607 513 төгрөг,

- Улсын тэмдэгтийн хураамж 367 950 төгрөг,

- Нотариатын хөлс 50 000 төгрөг, нийт 44 899 580 төгрөгийг ажил олгогч******* ТӨААТҮГ-аас нэхэмжилж байна.

Дээрх нэхэмжлэлийг гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, ХНХЯ-ны сайдын 2005 оны /55-р тушаал/ тушаалаар батлагдсан журамд заасан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-а-д Ажилтанд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, урьд нь гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн шийдвэрийн хүрээнд, холбогдох хууль, тогтоомж, бусад нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан болно.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 1279 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25 024 863 гэснийг, мөн хэсгийн 1 дэх заалтын 19 506 767 гэснийг тус тус хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, ХНХЯ-ны сайдын 2005 оны 55-р тушаалын 7-а-д заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1., 55.2. 55.3 дахь заалтуудын дагуу шийдвэрлэж, зөрчигдсөн эрх ашгийг хамгаалан, нэхэмжлэлд дурдсан 44 899 580 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч ******* нь******* ТӨААТҮГ-т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 27-ноос 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, цалингийн нэмэгдэл, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжид нийт 44 899 580 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 37 685 914 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 25 024 863 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 *******ийг******* ТӨААТҮГ-т Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхад нь Төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00637 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож олгохоор шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 Улмаар нэхэмжлэгч нь ажил олгогч ажилд эгүүлэн томилоогүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, олговрыг хугацаанд нь олгоогүйн алданги, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, нотариатын зардалд 99 363 318 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаартай шийдвэрээр 2017 оны 03 дугаар сарын 22-ноос 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, нотариатын зардалд нийт 32 097 137 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлалаар хариуцагчаас 44 952 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/01383 тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 29 148 319 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон боловч ажил олгогч өнөөдрийг хүртэл ажил олгоогүй үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...ажилтантай урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах талаар удаа дараа уулзаж, зөвлөлдсөний үндсэн дээр тохиролцож чадалгүй өнөөдрийг хүрч байна, ******* нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй, өмнөх ажил, албан тушаалтай нь адил чанарын ажлын байр санал болгоод байхад татгалзаад байгаа нь санаатайгаар их хэмжээний цалин олговор олох гэсэн ашиг сонирхол байна гэж үзэж байна... гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй, зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал, үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүхийн алдааг засаагүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүйтэй холбоотой байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүйд хэн буруутай болох, зохигч сайн дураар биелүүлээгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ажилтанд удаа дараа өмнө ажиллаж байсан ажлын байр, албан тушаалтай нь адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгож байхад тохиролцоогүй, энэ хугацаанд байгууллагын удирдлагууд солигдож, бүтцийн өөрчлөлт хийгдсэн талаар мэдүүлсэн байхад энэ талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй, шүүх энэ талаар талуудаас тодруулж асуугаагүй, зохигч мэтгэлцээгүй байна.

 Нэхэмжлэгч *******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00637 дугаартай шийдвэрт бичигдсэнээр ...Эрчим хүчний хөгжлийн төв ААТҮГ-ын захирлын 2015.01.27-ны өдрийн Б/8 дугаар Ажилд томилох тухай тушаалаар *******ийг гадаад улсад суралцаж байгаа Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Сүхбаатарын ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон... гэж, ажил олгогчоос ажилтантай 2015.01.12-ны өдрөөс 2016.1.12-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-7, 37/

 Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, хэрэгт ямар нэг баримт авагдаагүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1279 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Алтангэрэээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД