Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/33

 

 2019          04            24                                         2019/ДШМ/33

 

В.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Шүүгдэгч: В.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Энхтуяа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч В.Бт холбогдох, эрүүгийн 1820001680018 дугаартай, 1 хавтас, 118 хуудас бүхий хэргийг шүүгдэгч В.Бын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ......... суманд 19.... оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, ...... гудамжны ..... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, Боржигон овогт В-ийн Б /РД:МХ.......11/-т холбогдуулан  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагдаагийн ....... тоотод оршин суух Ш.О-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт В-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хэсэгт зааснаар шүүгдэгч В-гийн Б-ыг 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч В.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний биеийн байдал нуруу бөөр, чих, хамар, толгой, яс янгинах, үе мөч минь өвддөг,  миний бие дийлэхгүй тул энэ байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж, тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн эрүүл мэндийн талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас өмгөөлөгчийн зүгээс нэмж хэлэх санал хүсэлт байхгүй. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг 2/1-ээр тооцож оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл, оногдуулсан ял, дэглэм зэргийг хүнддээгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр шүүгдэгч маань эрүүл мэндийн байдал муу гэж байгаа боловч нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Зөвхөн хувийн байдлын талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагдаагийн 2-24 тоотод оршин суух Ш.Огийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлж 754654 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь гэрч, хохирогч болон шүүдэгч нарын мэдүүлэг болон эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Учир нь: Хэргийг шүүгдэгч В.Бын давж заалдсан гомдолд үндэслэн, түүний гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч В.Б нь 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагдаагийн 2-24 тоотод оршин суух Ш.Огийнхан гэрийнхээ хаалгыг түгжилгүй унтаж байх үед гэрт нь орж телевизорын өмнө унтраагаад тавьсан байсан 754.650 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.О /хх-26/ гэрч Г.Баттулга /хх 27-28/, Л.Болортуяа /хх 29-30/ нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон ба шүүгдэгч В.Б нь уг гэмт хэргийг үйлдсэнээ сэжигтэн, яллагдагчаар /хх 39-40, 96/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ тус тус хүлээн мэдүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

            Хэргийг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба хохирогчийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй гэсэн бол шүүгдэгчийн зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч В.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон.

            Шүүгдэгч В.Б нь хүмүүсийг унтаж амарсан шөнийн цагаар бусдын гэрт нууцаар орж, Ш.Огийн өмчлөлийн 754.650 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжүүдэд нийцсэн байх ба  анхан шатны шүүхээс түүний хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлж 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон тул “Шударга ёсны зарчим”-д нийцсэн ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн долдугаар бүлгийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авах” журам нь зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх зохицуулалттай ба шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хүртэл хорих ялтай, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд хэргийн ангилалд хамаарах тул түүнийг хэрэглэх боломжгүй юм.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчимд нийцсэн, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж өгөх буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч В.Бт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч В.Батаяр нь 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС