Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2015/1412 |
Огноо | 2015-08-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/1412
2015 оны 8 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2015/1412 | Улаанбаатар хот |
Д.П*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, өмгөөлөгч Б.Д******* нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.П*******гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудитор, Завхан аймгийн Аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2012 онд төрийн албанымэргэшлийн шалгалтанд тэнцэж, улмаар 2013 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Аудитын газарт шинжээчээр ажилд орсон. 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот Завхан аймгийн ерөнхий аудиторын тушаалаар аудитын байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Завхан аймгийн ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалаар аймгийн аудитын газрын 14 ажилтныг ажлаас чөлөөлсөн атлаа Улсын ерөнхий аудиторын мэдэлд шилжүүлж байгаа нь тушаалын утга санаа ойлгомжгүй, хоёрдмол утгыг агуулсан хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан ба уг тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар тушаалд иргэн Д.П******* намайг ажлаас чөлөөлсөн, эсхүл өөр ажлын байранд шилжүүлсэн тухай зүйл огт байдаггүй бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлххугацаанд ажил хөдөлмөр хийх боломжийг ажил олгогчийн зүгээс олгохгүй байгааг миний бие ажлаас халагдсантай адилтган үзэж байна. Иймд Улсын Ерөнхий Аудиторын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.П******* намайг Завхан аймгийн аудитын газрын шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П******* 2013 онд Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн туслах ажилтнаар томилогдсон. Дараа нь шинжээчийн орон тоон дээр ажиллах болсон. Төрийн Аудитын тухай хуульд өөрчлөлт орсон үндэслэлээр 2014 оны 01 тоот тушаалаар Д.П*******г ажлаас нь чөлөөлж, мөн өдөр Ерөнхий аудитор 4 ажилтныг томилоогүй үлдээсэн байдаг. Энэ талаар Д.П******* даргатайгаа уулзаж тодруулсны дараа 3 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Аудитын газрын дарга 01 тоот тушаал гаргаж Д.П*******г ажлаас нь чөлөөлдөг. Ингээд Д.П******* Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргахад Завхан аймгийн Аудитын газрын даргын тушаалыг илт хууль бус акт гэж үзсэн. Ингээд шүүхэд хандсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Иймд Монгол Улсын Ерөнхий Аудиторын Д.П*******г ажилд томилсон, эсвэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлс гаргуулах, Завхан аймгийн Тэргүүлэх аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.П*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээнзөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий Аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П******* нь тус байгууллагад 2013 оны 1 дүгээр сард туслах ажилтнаар орж 2014 оны 3 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Тус Аудитын газар нь 2013 онд Сангийн яамнаас 11 хүний тоогоор төсөв нь батлагдаж ирсэн бөгөөд орон нутгийн төсвөөс зохицуулалт хийж хэмнэгдсэн цалингийн төсвөөс нэмэлт санхүүжилт хуваарилж, 2013 онд 4 хүн нэмж ажилд аван 15 ажилтны орон тоотойгоор ажиллаж байсан ба 2014 оны төсвийг Сангийн яамнаас мөн 11 хүний орон тоогоор хянаж Улсын Их Хурлаар батлагдсан байна. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд Сангийн яам хуулийн дагуу Үндэсний аудитын газрын харъяа болсон аймгийн Аудитын газрын төсвийг орон нутгийн төсвөөс үндэсний аудитын газрын төсөвт шилжүүлэхэд батлагдсан 11 орон тоогоор ажиллах төсөв шилжсэн. Иймд батлагдсан төсөв орон тооны хязгаарт багтаан 15 аас 4 хүнийг ажилласан жил мэргэжлийн түвшинг харгалзан ажлаас чөлөөлсөн болно. Д.П******* нь бусад хүмүүсээс хамгийн бага хугацаа буюу улсад болон төрд мэргэжлээрээ 1 жил ажилласан туслах ажилтан байсан тул чөлөөлөгдсөн. Д.П*******г ажлаас чөлөөлөхөд жирэмсэн байсан талаар ямар нэг санал гомдол гаргаагүй бөгөөд эмчийн албан ёсны актаар ажлаас чөлөө авч эмчлүүлж байгаагүй болно. Завхан аймгийн ерөнхий аудитор Д.П*******г ажлаас чөлөөлсөн асуудал дээр эсрэг талаас маргахгүй байна гэж ойлголоо. Харин томилоогүйд нь маргаж байгаа юм байна. Аймгийн аудитын газрын ажилтнууд Улсын ерөнхий аудитороос томилогддог, чиг үүрэг бүхий орон нутгийн нэгж болж хувирсан. Улсын ерөнхий аудитор 60 тоот тушаалаараа Завхан аймгийн ерөнхий аудитор Болдбаатарыг томилсон байгаа. Уг тушаалын 3-т ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхийг олгосон. Эдгээр тушаалууд бол Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч байнгын ажлын байранд томилогдсон гэж байна. Завхан аймгийн ерөнхий аудитор Д.П*******г аудитын багт туслах ажилтнаар анх ажилд авсан. Тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг үндэслэсэн байгаа. Энэ нь нэг жил хүртэл хугацаагаар туршилтаар авч ажиллуулж болно гэсэн заалт байгаа. Мөн Д.П******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, түр томилогдсон байдаг. Тухайн ажилдаа батлагдсан бүтцийн дагуу хүмүүсээ томилсон. Завхан аймгийн хувьд 10-12 ажилтны орон тоог баталсан байгаа. Шинжээч дээр 2 хүн байхаар заасан. Д.П******* 1 жил ажилласан, бүх ажлын үзүүлэлтээрээ бусад ажилтнуудаас бага байдаг. Үүнийг харахад хууль тогтоомж огт зөрчөөгүй. УИХ-ын байнгын хороо орон тоо, төсвийг баталж хүргүүлсэн. Завхан аймгийн Аудитын газар хаалтын блансаа хийгээд шинээр байгуулагдсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчөөгүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан чухал шаардлагатай гэсэн шаардлагыг хангаагүй. 2013 оны үр дүнгийн гэрээг дүгнээд 2-т орсон байдаг. Үр дүнгийн гэрээнд даргын үсэг байхгүй, үр дүнгийн гэрээний 2.1, 2.4-д заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, 4.3-т заасан англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлсэн байдал нь харагдахгүй байна. Давуу тал дээр ажлын туршлагагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Завхан аймгийн Аудитын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн аудитынтухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан аймгууд дахь Аудитын газар болон Ерөнхий аудиторын эрх, үүрэг, зохион байгуулалт нь хуучин хэвээр ажиллах эрх зүйн орчин байхгүй болсон тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 60 тоот тушаалыг үндэслэн, аймгийн Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 01 тоот тушаалаар тус байгууллагад ажиллаж байсан бүх ажилтнуудыг чөлөөлж, Үндэсний аудитын газрын мэдэлд шилжүүлсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар тушаалаар тус аймгийн Аудитын газрын холбогдох албан тушаалд 2014 оны төсөвт багтаан, ажилласан жил, мэргэжлийн түвшинг харгалзан 9 хүнийг буцаан томилж, 4 ажилтныг томилоогүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн хэвээр үлдээсэн болно. Иймд ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын хувьд ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдахад ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр шаардлагатай болсон бөгөөд тэдний эрх ашгийг харгалзан, Аймгийн тэргүүлэх аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тушаалыг гаргасан бөгөөд Д.П*******гийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал биш болно. Энэ тушаалыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу хүчингүй болгосон гэв.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Улсын Ерөнхий Аудиторын Д.П*******г Завхан аймгийн Аудитын газрын шинжээчийн ажилд томилж, чөлөөлөх шийдвэр гаргаагүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.П*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 1 жил, 1 сар, 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэххэмжээний олговрыг Үндэсний аудитын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т зааснаар нэхэмжлэгчийн Завхан аймгийн Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.П*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Завхан аймгийн Аудитын газар нь 2013 онд Сангийн яамнаас 11 хүний орон тоотойгооор төсөв нь батлагдаж ирсэн бөгөөд орон нутгийн төсвөөс зохицуулалт хийж хэмнэгдсэн цалингийн төсвөөс нэмэлт санхүүжилт хуваарилж 2013 онд 4 хүн нэмж ажилд аван 15 ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаа явуулсан юм. 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд Үндэсний аудитын газрын төсөвт шилжүүлэхэд батлагдсан 11 орон тоогоор ажиллах төсөв шилжсэн болно. Аймгийн Аудитын газар батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан төрийн байгууллага тэр дундаа төрийн хяналтын байгууллагад ажилласан жил, мэргэжлийн түвшинг харгалзан 15 ажилтнаас 4 хүнийг ажлаас чөлөөлсөн юм. Д.П******* нь Завхан аймгийн Аудитын газарт 2013 оны 1 дүгээр сард туслах ажилтнаар анх ажилд орсон бөгөөд бусад хүмүүсээс хамгийн бага хугацаа буюу улсад болон төрд мэргэжлээрээ 1 жил ажилласан туслах ажилтан байсан тул Сангийн яамнаас батлагдсан төсөв, Монгол Улсын Ерөнхий Аудиторын тушаалаар баталсан орон тооны хязгаарыг /орон тоо цөөрүүлсэн/ тус тус үндэслэн 2014 оны 3 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Монгол Улсын Ерөнхий Аудитор бүрэн эрхийнхээ зарим хэсгийг Тэргүүлэх аудиторт шилжүүлж болно гэх хуулийн зохицуулалт байгаа тул Д.П******* болон бусад ажилтныг ажлаас чөлөөлсөн процесс нь хуулийн дагуу явагдсан болно. Д.П*******г Гүйцэтгэлийн аудитын багт шинжээчээр томилсон гэх 2013 оны 6 дугаар 25-ны өдрийн 65 дугаар тушаалыг Завхан аймгийн Аудитын газрын Тэргүүлэх аудитор гаргаагүй болно. Шүүхийн үнэлсэн энэхүү нотлох баримт нь хуурамч баримт юм. Хариуцагчийн зүгээс дээрх тушаалыг хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэн Завхан аймгийн Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан болно. Ийнхүү анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуурамч нотлох баримтыг үнэлэн, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт иш татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэхтэй холбоотой зохицуулалтыг зөрчсөн асуудал боллоо. Монгол Улсын Ерөнхий аудитор эрхийнхээ хүрээнд Завхан аймгийн аудитын газрын холбогдох албан тушаалтнуудыг ажилд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан .. Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэх заалтыг үндэслэл болгосон юм. Д.П******* дээрх шаардлагыг хангаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харж болно. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн ч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн аудитын газруудыг Үндэсний аудитын газрын харъяа болгон өөрчлөн байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар тушаалаар аймгийн аудитын газрын чиг үүрэг, бүтэц, орон тоог баталсан.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тушаалаар Завхан аймгийн Тэргүүлэх аудиторыг томилж, түүнд тус аймгийн Аудитын газрын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, дахин томилох ажилтнуудыг сонгон шалгаруулж саналаа ирүүлэх үүрэг өгсөний дагуу Завхан аймгийн Ерөнхий Аудиторын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай 01 дүгээр тушаал гарч Завхан аймгийн Аудитын газарт ажиллаж байсан бүх хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, Үндэсний аудитын газрын мэдэлд шилжүүлжээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар тушаалаар Завхан аймгийн Аудитын газрын холбогдох албан тушаалд ажилтнуудыг дахин томилохдоо урьд ажиллаж байсан 15 хүнээс 11 хүнийг томилсон байх ба нэхэмжлэгч Д.П*******г ажилд эгүүлэн томилоогүй байна.
Нэхэмжлэгч Д.П******* шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Монгол Улсын Ерөнхий Аудиторын Д.П*******г ажилд томилсон, эсвэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, цалин хөлс гаргуулах-ыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Завхан аймгийн Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.П*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий Аудиторын Д.П*******г ажилд томилсон, эсвэл ажлаасчөлөөлсөн тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, цалин хөлс гаргуулах-ыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан ба энэ зохицуулалтыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгох ёстой гэж ойлгоно.
Гэтэл Завхан аймгийн Аудитын газрын дарга ажлын хэсэг томилж тус газар шинжээчээр ажиллаж байсан албан хаагчдыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан шалгаруулалт явуулалгүйгээр Д.П*******г дахин томилуулах санал хүргүүлээгүй байхад үүнийг нягталж шалгалгүйгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар тушаал гарч, уг тушаалаар Д.П*******г ажилд томилоогүй эс үйлдэхүй дээрхи хуулийг зөрчсөн үндэслэл болно.
Түүнчлэн, хариуцагчийн зүгээс Д.П*******г төрийн жинхэнэ албан хаагч биш, тангараг өргөөгүй, Завхан аймгийн аудитын газарт 2013 оны 1 сараас хойш 1 жил ажилласан туслах ажилтан байсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.П*******г Завхан аймгийн Ерөнхий аудиторын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тушаалаар Гүйцэтгэлийн аудитын багт туслах ажилтанаар, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаар тушаалаар Гүйцэтгэлийн аудитын багт шинжээчээр томилж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тушаалаар шинжээчийн ажлаас чөлөөлсөн байх ба түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд шинжээч гэж тодорхойлсон байгаад дүгнэлт хийвэл тэрээр төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд тангараг өргөөгүй асуудалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
Хэдийгээр хариуцагч талаас Д.П*******г анх ажилд томилсон Завхан аймгийн Ерөнхий аудиторын2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тушаалыг хуурамч гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ч энэ нь баримтаар нотлогдоогүй, дээрхи тушаалаас хойш гарсан тушаалууд нэхэмжлэгчийг Завхан аймгийн Аудитын газарт шинжээчээр ажиллаж байсныг нотолж байх тул гомдлыг хүлээж авах үндэсгүй.
Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан бөгөөд ажилтны тоог цөөрүүлсэн-нь дээрхи нөхцөл байдалд хамаарахгүй тул ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Д.П******* Завхан аймгийн Ерөнхий Аудиторын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай 01 дүгээр тушаал гарах үед жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх ба түүнийг жирэмсэн байгааг ажил олгогч мэдсэн эсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй.
Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг шийдвэртээ баримтлаагүй байх тул нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
Харин шүүх Завхан аймгийн Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Д.П*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь дээрхи тушаалаа Завхан аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудиторын 2014 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 28 дугаар тушаалаар хүчингүй болгосон байх тул уг захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзнэ.
Зүй нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэх үндэслэлд хамааруулж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.
Тус шүүхэд хариуцагч Үндэсний Аудитын Газраас шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасан байх ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 гэсний дараа 100 дугаар зүйлийн 100.1 гэж нэмж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Завхан аймгийн Ерөнхий аудиторын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.П*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авхаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН