| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03912/И |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.А –ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М Д ХХК -д холбогдох,
Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.А нь М Д ХХК-тай 2016 оны 08 сарын 08-ны өдөр №1600012216 тоот “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”, №16211108102801 тоот “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г тус тус байгуулж, өөрийн эзэмшлийн, 11-69 УНҮ улсын дугаартай, лексус ар экс маркийн автомашинаа даатгуулсан. “Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ээр даатгалын хураамжид 374.464 төгрөг, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-ээр даатгалын хураамжинд 85.536 төгрөг буюу 2 гэрээний даатгалын хураамжинд нийт 460.000 төгрөгийг 12 сард хуваан төлөхөөр даатгагчтай тохиролцсон юм.
Ингэж хуваан төлөхдөө М Д ХХК нь Хаан банкин дахь миний 5447034854 тоот данснаас cap бүр 38.337 төгрөгийн татан авалт хийхээр тохиролцсон. Харин би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эда гүрэн ХХК-иас 8.000.000 төгрөг авах зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч компанийн нэр дээр өөрийн автомашинаа түр хугацаагаар шилжүүлэхээр болсон.
Ийнхүү шилжүүлэхдээ М Д ХХК-тай өмнө нь байгуулсан №16211108102801 тоот “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-ээ цуцалж, Эда гүрэн ХХК-ийн нэр дээр №16215100631832 тоот “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г байгуулан даатгалын хураамжинд 71.280 төгрөгийг төлсөн.
Гэтэл би 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр, баруун талын шинэ засмал замд өөрийн эзэмшлийн дээрх автомашинаараа замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдон, өөрөө хүнд гэмтэж, автомашинд маань их хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн билээ. Миний бие гэрээнд заасан үүргийнхээ дагуу даатгагч М Д ХХК-д ослын талаар албан ёсоор 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нөхөн төлбөр авах хүсэлтээ холбогдох баримтын хамт өгсөн.
Даатгуулагч А.А би даатгалын тохиолдол бий болсон өдөр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар М Д ХХК-д даатгалын хураамжинд 249.640 төгрөгийг төлсөн байх ёстойгоос 256.009 төгрөг төлсөн байсан. Өөрөөр хэлбэл би даатгалын хураамж төлөх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байсан.
Намайг нөхөн төлбөр авах хүсэлтээ өгсний дараа М Д ХХК-ийн нөхөн төлбөрийн ажилтан нь “автомашинд чинь худалдан авах сэлбэгийг манай компани өөрсдөө хямд үнээр захиалан авч өгнө, нөхөн төлбөр чинь удахгүй олгогдоно” гэж байснаа 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 171/1087 тоот албан бичгээрээ “нөхөн төлбөр олгохоос татгалзсан” гэсэн хариуг надад өгсөн. Уг хариуг миний бие эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан юм.
Санхүүгийн Зохицуулах Хороо миний гаргасан гомдлыг шалгаад, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М Д ХХК-д “даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч надад олгох” үүрэг өгсөн юм. Үүний дараа М Д ХХК нь миний нэхэмжилсэн даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг бууруулж олгох буюу “тохиролцох” санал тавьсныг миний бие хүлээн зөвшөөрөөгүй. Би 2014 оноос эхлэн М Д ХХК-ийн жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал зэргийг сонгож, 6 удаагийн гэрээ байгуулж байсан удаан хугацааны харилцагч нь байхад гэнэтийн зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон үед нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж намайг хохироож байгаад маш их гомдолтой байна.
Тиймээс би №1600012216 тоот “Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заагдсан “Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхийнхээ дагуу М Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрөө нэхэмжилж байна.
Даатгуулагч би анх “Бэст Эстимэйт” ХХК-аар автомашиныхаа эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгэх үед автомашинд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 12.410.000 төгрөг болохыг тогтоож байсан ч би энэхүү үнэлгээг хийлгэснээс хойш автомашинаа засварлуулах болон бусад зардалд нийт 23.317.600 төгрөгийг зарцуулснаас, автомашины сэлбэг худалдан авах, автомашинаа засварлуулахад нийт 19.239.000 төгрөг, автомашины эвдрэлийн оношилгоо хийлгэхэд 35.000 төгрөг, хохирлын үнэлгээ тогтоолгох үнэлгээний ажлын хөлсөнд 374.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 2.939.600 төгрөг, автомашиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу, Улаанбаатар хот дотор засварын газарт хүргэсэн ачилт, тээвэрлэлтийн төлбөрт 730.000 төгрөгийг тус тус зарцуулсан болно.
Гэсэн ч би М Д ХХК-ийн “Классик” гэсэн даатгалын төрлийг сонгон даатгуулсан тул замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, хохирлын хэмжээний дээд үнэлгээ 20.000.000 төгрөг, суудлын хамгаалалт буюу эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гаргасан зардлын дээд үнэлгээ нь 1.000.000 төгрөгөөр нөхөн төлбөр авахаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр тохиролцсон тул даатгалын нөхөн төлбөрт нийт 21.000.000 төгрөгийг даатгагчаас нэхэмжилж байгаа. Мөн дээрх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Даатгагч гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнө” гэж тохиролцсны дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны алдангид 10.500.000 төгрөгийг даатгагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Иймд хариуцагч М Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 21.000.000 төгрөг, түүний алдангид 10.500.000 төгрөг, нийт 31.500.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ Даатгуулагч А.А нь Эда гүрэн ХХК-ийн өмчлөлийн 11-69 УНҮ улсын дугаартай Лексус Ар Экс 400Н маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын баруун талд байрлах шинэ засмал замд хөдөлгөөнд оролцож байхдаа осол гарган тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 16.338.616 төгрөгийг гаргуулах нөхөн төлбөрийн хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргаж байсан.
М Д ХХК нь иргэн А.А тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулж, 374.464 төгрөгийн даатгалын хураамжийг 12 сарын хугацаанд хувааж даатгуулагч нь сар бүрийн 25-ны өдөр М Д ХХК-д төлж байхаар харилцан тохиролцсон даатгалын хураамжаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 5447034854 тоот данснаас сар бүрийн 25-ны өдөр даатгагчийн 5038034859 тоот данс руу шилжүүлж байх зөвшөөрөл, төлбөрийн даалгавар /Иргэний хуулийн 445.3/-ыг банкинд өгсөн, үүний дагуу манай дансанд даатгалын хураамж шилжин орж ирдэг байсан. Гэвч 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр буюу нөхөн төлбөрийн хүсэлт гаргах үед даатгуулагч нь 2016 оны 9 cap, 2017 оны 4, 6 сарын даатгалын хураамжийг төлөөгүй байдалтай байсан. Даатгагчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 25- ны өдөр утсаар холбогдож, хураамжаа төлөхийг сануулсан боловч “Боломжтой болохоороо мөнгө байршуулна, одоогоор хил дээр байна” гэсэн хариуг өгч байсан боловч даатгуулагч хураамжаа нөхөж төлөөгүй.
Даатгуулагчдаас төлсөн даатгалын хураамжаар даатгалын нөөц сан бүрдүүлдэг бөгөөд энэхүү нөөц сангаас даатгуулагчдад нөхөн төлбөрийг олгодог. Даатгуулагч даатгалын хураамжийг нэг дор төлөх бололцоогүй ч гэсэн тодорхой хугацаанд хуваан төлөх нөхцлийг санал болгож, нөөц санд оролцсоноор, санхүүгийн эрсдэлээ даван туулах боломжийг олгодог.
Гэвч даатгалын хураамж төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа даатгуулагчид нөхөн төлбөр олгож, бусад даатгуулагчдаас давуу байдал үүсгэх боломжгүй юм. Тийм ч учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 болон Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгуулагч нь даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй” гэж заасан байдаг. Иймд иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дах заалтыг үндэслэн даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 17/1087 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн шийдвэрийг даатгуулагч А.А д мэдэгдсэн болно.
Даатгагчийн нөхөн төлбөрийн татгалзал нь хуульд заасан үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М Д ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын 9, 4 дүгээр сарын хураамжийг төлөөгүй тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Сонголт” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Лексус RX маркийн УНҮ 11-69 улсын дугаартай авто машиныг 20.000.000 /хорин сая/ төгрөгийн сонголт даатгалын багцад даатгаж, даатгалын гэрээний хураамжид 374.464 төгрөгийг 12 сарын хугацаанд нэг сард 31.205 төгрөгийг төлөхөөр тохиролцон, мөн өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээний хураамжид 85.536 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Лексус RX маркийн УНҮ 1169 улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа онхолдсон болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 21-26 дахь тал/
Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр М Д ХХК-ийн ажилтан Учралд даатгалын тохиолдол гарсан талаар мэдэгдсэн үйл баримтад талууд маргаагүй болно.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А.А нь 2016 оны 9 болон 2017 оны 4 дүгээр сарын даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цуцалж, уг гэрээг Эда гүрэн ХХК-ийн нэр дээр шинэчлэн байгуулж, гэрээний хураамж 71.280 төгрөгийг бүрэн төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.
А.А нь хариуцагч Мандал ХХК нь даатгалын хураамжийг сар бүр төлөхдөө 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний төлбөрийн хамт 2016.08.08-ны өдөр 38.333 төгрөг, 2016.10.26-ны өдөр 38.333 төгрөг, 2016.11.25-ны өдөр 38.333 төгрөг, 2016.12.26-ны өдөр 38.333 төгрөг, 2017.01.25-ны өдөр 38.333 төгрөг, 2017.02.25-ны өдөр 38.333 төгрөг, 2017.03.25-ны өдөр 38.333 төгрөг, 2017.05.25-ны өдөр 38.333 төгрөг, нийт 306.664 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн /-аар тогтоогдож байх бөгөөд уг даатгалын хураамж нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хураамж сар бүрийн 7.128 төгрөгийн хамт, нийт 57.024 төгрөгийг илүү төлсөн байна.
Нэхэмжлэгчийн илүү төлсөн 57.024 төгрөгийг 2016 оны 9 болон 4 дүгээр саруудын даатгалын төлбөр 62.410 төгрөг (62.410-57.024=5.386)-т тооцож үзэхэд 5.386 төгрөгийг даатгалын хураамжийг төлөөгүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Сонголт” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.10-т зааснаар даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийн дүнгээс 5.386 төгрөгийг суутгах боломжтой юм.
Талуудын хооронд байгуулсан “Сонголт” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.2-т зааснаар даатгалын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж гэрээг цуцлах мэдэгдлийг даатгуулагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн албан ёсны хаягаар хүргүүлээгүй, мөн гэрээ цуцлагдсан гэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.” гэж заажээ.
Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь огт төлөөгүй болохыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь даатгалын төлбөрийг хугацаанд төлж байсан үйл баримтад хамаарахгүй.
Хариуцагч М Д ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/2776 дугаар албан бичигт “...даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөөгүй дээрхи нөхцөл байдал нь Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т даатгалын хураамжийг төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон ... гэж заасан нөхцөлд хамааруулан үзэх үндэслэлгүй, ...М Д ХХК нь даатгуулагч А.А д олгогдох даатгалын нөхөн төлбөрөөс даатгалын гэрээний 4.10-т заасны дагуу даатгалын хураамжийн үлдэгдлийг суутгасан нөхөн төлбөрийг олгож” гэж дурджээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431-д, талуудын хооронд байгуулсан “Сонголт” тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1.3. е-д зааснаар даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хэрэв даатгалын нөхөн төлбөр олгох байсан бол зөв дүн нь Бэст эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 12.410.000 төгрөг, суудлын хамгаалалтын зардал 1.000.000 төгрөг, үнэлгээний зардалд 100.000 төгрөг, нийт 13.510.000 төгрөг зөв үнийн дүн” гэж тайлбараас үзэхэд Бэст эстимэйт ХХК-ийн хохирлын 12.410.000 төгрөгийн үнэлгээтэй маргаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь автомашин засварлахад нийт 19.239.000 төгрөг зарцуулсан гэж зарлагын баримт, үнэлгээний хуудас /хх-ийн 29-33 дахь тал/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн боловч Бэст эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд дурдсан үнэлгээнээс зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгийг илүү зардал гаргаж, засан сайжруулсан мөнгийг хариуцагч төлөх үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 20.000.000 төгрөг, хохирол үнэлгээний зардал 100.000 төгрөг, суудлын хамгаалалт 1.000.000 төгрөг” гэж даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээг тохиролцсон байна.
Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл 12.410.000 / Бэст эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээ/ төгрөг, суудлын хамгаалалт 1.000.000 төгрөг, хохирол үнэлгээний зардал 100.000 төгрөг, нийт 13.510.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.6-д “...Даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног дутамт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги даатгуулагчид төлнө” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “М Д ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хандсан бөгөөд гэрээний 6.5-д заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөн тул 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн алданги шаардсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5-д даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээн авснаас хойш 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий хугацаа хэтэрсэн өдрөөс буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.
Хариуцагч нь А.Алтанхундагыг гэрээнд заасан шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээлгэн өгөөгүй гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх гэрээн заасанд шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээлгэн өгсөн гэж үзэв.
Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 13.510.000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцоход нийт 138 хоног буюу 9.321.900 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 6.755.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Эда гүрэн ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1/200 тоот “Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-г байгуулж, Лексус RX маркийн УНҮ 1169 улсын дугаартай авто машиныг Эда гүрэн ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр барьцааг чөлөөлж, А.Алтанхундагын нэр дээр бүртгэх тухай хүсэлтийг Эда гүрэн ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр А.Алтанчимэгт уг автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх, нэг шилжүүлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон байна.
Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахад уг автомашин хэний өмчлөлд байх нь шаардах эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч М Д ХХК-иас 20.265.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.235.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М Д ХХК-иас 20.265.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.235.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Д ХХК-иас 259.275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР