Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/298

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч:В.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж *******т холбогдох эрүүгийн 1814006420323 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаал

Монгол улсын иргэн, , ******* овогт *******ын *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *******гийн гэрт *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...Би *******ийг гэрээс дагуулж гараад түлхэж унагаагаад баруун хөлөөрөө өшиглөсөн. ******* газар унаад үлдсэн би гэрлүүгээ яваад орсон. Өглөө нь босоод уруулыг нь цохиод шүдийг нь унагааснаа мэдсэн. *******ийг өшиглөж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 53-55 /

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн үед сумын төвд байдаг Сүхдоржийнд орсон. Тэндээс гараад Их баян дэлгүүрт очиж Ерөөл нэртэй 0.5 литрийн архи аваад *******гийнд гэрт очиж *******, ******* нартай уусан. Мөн ******* 1 шил 0.75 литрийн Их монгол нэртэй архи гаргасныг мөн уусан. Архи ууж байгаад ******* намайг гадагш гаръя гээд бид хамт гарсан. Тэр гэрээс гарангуутаа намайг цохисон. Би газар унаад босоход миний дээд уруулаас цус гарсан...: гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ..2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед *******, Баатархүү, Эрээнээ нарын хамт 2 шил архий хувааж уусан. 16 цагийн үед би нилээн согтсон болохоор гэртээ хариад шууд унтсан. *******ийг хэн цохисоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* бид хоёр манайд хоёр шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд ******* гэртээ харилаа гээд яьсан. Би удаагүй *******гийнд очиход гэрт нь дээлтэй хүн цус болчихсон хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 684 дугаар

1. *******ийн биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд шарх, язрал, зүүн доод зовхи, дээд уруулд зулгаралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 14-15 / зэрэг нотлох баримтууд тус тус болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 49-50/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22-26/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 27/ шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018.11.11-ний өдрийн 330 тоот тодорхойлолт / ххийн 56/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 61/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О. ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт *******гийн гэрт *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ...Би *******ийг гэрээс дагуулж гараад түлхэж унагаагаад баруун хөлөөрөө өшиглөсөн, өглөө уруулыг нь цохиод шүдийг нь унагааснаа мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 53-55 / хохирогч *******ийг ... гэрээс гарангуутаа ******* намайг цохисон. Би газар унаад босоход миний дээд уруулаас цус гарсан...: гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/, гэрч *******гийн ... би нилээн согтсон болохоор гэртээ хариад шууд унтсан. *******ийг хэн цохисоныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч *******ын ...би *******гийнд очиход гэрт нь дээлтэй хүн цус болчихсон хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 684 дугаар “... *******ийн биед атрхи доргилт, баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд шарх, язрал, зүүн доод зовхи, дээд уруулд зулгаралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 14-15 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа эмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч 4 *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 61/ , болон шүүхээс оногдуулах торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн *******ын эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөр төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар 5 шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА