Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2018/00036/и |
Дугаар | 369 |
Огноо | 2018-02-09 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 369
2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2018/00369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,616,325.60 төгрөг, алданги 9,808,162.80 төгрөг, нийт 29,424,488.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар ороцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ф” ХХК нь 2014 оны 01 сараас 2016 оны 09 сарын хооронд ажиллагсаддаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 19,616,325.60 төгрөгийн өр хуримтлуулан үүсгэсэн байна.
Тус компанид нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хугацаанд нь төлөх тухай удаа дараа анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.
Иймд “Ф” ХХК нь тус компанид ажиллаж байгаа даатгуулагчдын эрх ашгийг удаа дараа хохироож, тэтгэвэр тэтгэмж тогтоох олгоход хүндрэлтэй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 19,616,325.60 төгрөг, түүнд ногдох алданги 9,808,162.80 төгрөг, нийт 29,424,488.40 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ф” ХХК-иас төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 19,616,325.60 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 9,808,162.80 төгрөг, нийт 29,424,488.40 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Э.Дөлгөөн нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.
Хариуцагч “Ф” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай.
“Ф” ХХК буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг хүлээнэ.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах эрхтэй ба 9,808,162.80 төгрөгийн алданги ногдуулсан нь “Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүнд ногдуулсан алдангийг төлөхийг удаа дараа шаардаж, уулзалт хийн тэмдэглэл хөтөлж байсан үйл баримт хэрэгт авагдсан улсын байцаагчийн албан шаардлага /2015.03.04-ны өдрийн №87/0304, 2015.06.19-ний өдрийн №331/06/, захирал Э.Дөлгөөнтэй хийсэн “Уулзалтын тэмдэглэл” /2015.06.19, 2015.11.05, 2017.11.22-ны өдрүүдийн/, мэдэгдэл /2015.09.28-ны өдрийн №273/0928, 2016.10.27-ны өдрийн №344/1027/ зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн “Ф” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны товыг хариуцагч “Ф” ХХК-ийн захирал Э.Дөлгөөн мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: