Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө Э Ж  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т Т  ХХК -д холбогдох,

 

9.342.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, хариуцагчийн төлөөлөгч Н.Түмэнхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ө Э Ж   ХХК, Т Т   ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 004 дугаартай “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан.

Гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 150, 200, 250 маркийн нийт 135 м.куб бүхий 21,644,000 төгрөгийн бетон зуурмагийг Т Т   ХХК-нд нийлүүлсэн.

Энэхүү төлбөрөөс Т Т   ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6,500,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-нд 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 20-нд 8,416,000 төгрөг, нийт 15,416,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 6,228,000 төгрөгийн төлбөрийг одоог хүртэл манай компанид төлөөгүй ба төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй байна.

Гэрээний 2.3, 5.1-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алдангийг нэмж төлнө гэж заасны 6,228,000 төгрөгийн төлбөрийн алданги 3,114,000 төгрөг болж байна.

Иймд Т Т   ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэлтийн болон зуурмаг шахагч машины ажлын хөлсний төлбөрт 6,228,000 төгрөг, алданги 3,114,000 төгрөг, нийт 9,342,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх бетон зуурмаг өөр үйлдвэрээс авах гэж байсан. Гэтэл Ө Э Ж  ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ширнэн найзын хувиар манай үйлдвэрээс аваач, манайх нийлүүлье гэсэн.

Ингэхдээ манайх үнийн хувьд уян хатан байна, төлбөр тооцооны хувьд манайх шүүх, цагдаа гээд асуудал үүсгээд байхгүй, манайх тодорхой хугацаанд хүлээцтэй хандана гэж ярьсны үндсэн дээр эднийхээс бетон зуурмаг авах шийдвэр гаргаж байсан. Өөрсдөө ав гэчихээд одоо алданги нэхээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна”

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ө Э Ж  ХХК нь хариуцагч Т Т  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т Т  ХХК нь үндсэн төлбөр 6.228.000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин алдангийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 150, 250, 350 маркийн 600 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, Т Т  ХХК нь 92.050.000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу нийт 24.644.000 төгрөгийг бетон зуурмаг худалдан авсан ба 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 6.500.000 төгрөг, 2016 оны 4 сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 8.416.000 төгрөг, нийт 15.416.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд одоо 6.228.000 төгрөгийн үндэгдэлтэй байгаа үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, талуудын хоорондын гэрээний 5.1-д “Нийлүүлсэн зуурмагийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө” гэж заажээ.

 

Хариуцагч нь худалдан авсан бетон зуурмагийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч нь гэрээний үүргийн ихэнхий хэсгийг хугацаанд нь биелүүлсэн, гэрээний үүрэг зөрчигдсөн болохыг мэдсэн атлаа нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй алдангийн хэмжээг ихэсгэсэн гэх үйл баримтыг харгалзан үзэж алдангийг 1.557.000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Т Т  ХХК-иас 7.785.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө Э Ж  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.557.000 төгрөгт тооцогтох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Т Т  ХХК-иас 7.785.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө Э Ж  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.557.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Т  ХХК-иас 139.510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө Э Ж  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР