| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03348/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2018-01-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г Н И ОУТББ -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А М ХХК
Хариуцагч: Б.Н нарт холбогдох
А М ХХК нь Г Н И ОУТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлийг тараасан арга, хэлбэрээр буцаан няцаалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа, Д.Булгамаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билэгсайхан, хариуцагч А М ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал, хариуцагч Б.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Д.Одсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. 2017 оны 3 сард “Мүүн-ээс дутахгүй чимээгүй аюул” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн. Үүнд:
“Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан энэ хүүхдүүдэд Солонгос дахь “Гүүд Нэйборс интернэйшнэл” Олон улсын төрийн бус байгууллагын төв оффисоос хүүхэд бүрт cap бүр дунджаар 55 ам.доллар ирдэг бол зөвхөн Солонгосоос жилд ойролцоогоор 4 000 000 доллар босдог аж. Үүний 1,6 сая төгрөг нь Монгол дахь төлөөлөгчийн газар орж ирдэг талаар эх сурвалж мэдээлж байна. Үлдсэн нь энэ байгууллагын үйл ажиллагааны зардал, ашиг болж үлддэг бололтой юм. Монгол хүүхдүүд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог бол тэдний мөнгийг бэлтгэх гол объект нь гэр хороолол болж өгдөг юм байна.”
“Гэхдээ Солонгосын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд “Гүүд Нэйборс”-ыг “Энэ бол шашны байгууллага” гэж тодотгодог аж.”
Мөн “Гүүд Нэйборс Монгол” ТББ шиг хүүхдээр бизнес хийж байгаа газрууд
2. 2017 оны 3 сард “Монгол хүүхдээр дам гуйланчлал хийлгэснээс ялгаагүй биш үү” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн:
“Гүүд нэйборс Монгол” ТББ-ыг “хүүхдээр гуйлга гуйлгаж байна,“хүүхдийн болон гэр бүлиин нууцад хууль бусаар халдаж байна”,
3. 2017 оны 4 сард “Хүүхдүүдээр бизнес хийж байгаа “Гүүд нэйборс”-ын ойрын болон алсын зорилго нь юу юм бэ?” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн:
“Мянга мянган Монгол хүүхдийн хувийн нууцыг бүртгэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулж, дам гуйлга гуйлган орлого ашиг олж байгаа “Гүүд Нэйборс Монгол” ТББ”
“Гүүд Нэйборс Монгол” ТББ-ын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэртэй мөнгө босгох санхүүгийн пирамид хэлбэртэй арга хэмжээнд”
4. 2017 оны 4 сарын 17-ны өдөр “Гүүд нэйборс Монгол” ТББ ажилчдаа дарамталж байна” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн.
“Гэр хорооллын эмзэг бүлгийн айлуудаар ажилтнаа явуулж, ямар нэг байгууллага, хэвлэл мэдээлэлд ярилцлага, сурвалжлага өгвөл хүүхдүүдэд чинь дэмжлэг үзүүлэхгүй гэсэн үгийг хэлүүлэхээр тохиролцсон”,
“Тус байгууллага 2005 оноос хойш мянга мянган Монгол хүүхдийн өөрийнх нь болон ар гэрийнх нь амьжиргааны түвшин аав, ээжийнх нь мэдээллийг авч, түүнд яг одоо хувцас хэрэгтэй, хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд туслах ёстой” хэмээн тодотгоод, гаднаас дэмжлэг авч, хүүхдүүдээр ашиг орлого олж ирсэн юм”,
“Гүүд Нэйборс Монгол” гэсэн нэртэй ТББ Улаанбаатарт суурьшин олон мянган хүүхдүүдийн баримтыг дам худалдан мөнгө босгон ажиллаж байна”
Өдөр тутмын сонинд “Монгол хүүхдүүдийн нэрийг барьж, Монгол Улсын нэрийг бузарлаж, гадаад орнуудаас гуйлга гуйдаг. “Гүүд нэйборс Монгол” хэмээх ТББ-ыг яаралтай хөөж гаргая” нэртэй нийтлэл.
Updown.mn вэбсайт нь дээрх нийтлэлүүдээ удаа дараа Facebook.com, Twitter.com вэбсайтуудаар цацсан, мөн manan.mn, paparazzi.mn, zasgiinmedee.mn вэбсайтууд нь дээрх нийтлэлүүдийг дамжуулан түгээсэн байна.
Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааныг үндэслэн ”Up media” ХХК нь өөрийн харьяа updown.mn вэбсайт, твиттэр хуудсаар дамжуулан “Гүүд нэйборс интернэйшнл” ОУ ТББ-ын үйл ажиллагааны талаар бодит байдалд нийцэхгүй худал хуурмаг, гүтгэсэн мэдээллийг удаа дараа тараасны улмаас “Гүүд нэйборс интернэйшнл” ОУ ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, “Up Media” ХХК-д “Гүүд нэйборс интернэйшнл” ОУ-ын ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан арга, хэлбэрээр буцаан няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.
Г.Норовсүрэнд холбогдуулж гарсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ хүн Гүүд нэйборс ТББ-ын Хүүхдийг ивээн тэтгэх хөтөлбөртэй холбоотой ажлыг хариуцан 2008-2012 оны хооронд ажиллаж байсан. Мөн Сайн хөрш цэцэрлэгийн эрхлэгчээр хэсэг хугацаанд ажиллаж байсан.
Ажлаас халагдсан асуудлаараа шүүхийн 3 шатны 6 удаагийн шийдвэр гарсан байдаг. Үүнээсээ хойш манай байгууллагыг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаа, Ерөнхийлөгчийн Тамгын газар, 1111 гэсэн утас гээд хандаж болох бүх газарт хандаж гомдол гаргадаг. Ингэхдээ тусгай зөвшөөрөл сунгагдах эсэхийг Гадаадын Иргэн Харъяатын газар дээр шийдэх хугацаа дөхөөд ирэхээр гомдол гаргадаг. Тэгэхдээ Гүүд нэйборс ОУ ТББ нь Монгол хүүхдүүдээр бизнес хийж байгаа юм, 35 долларыг санхүүжилт болгож хүүхэд болгон дээр авдаг, үүнийгээ зарцуулдаггүй, ашиг хүртдэг гээд А М ХХК-ийн сайт дээр гарсан нийтлэлийн агуулгатай адилхан агуулгатай гомдол гаргадаг.
Мөн Г.Норовсүрэн ажлаас гарахдаа өөрийнхөө хариуцаж байсан “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөртэй холбоотой баримт материалыг хүлээлгэж өгөөгүй, аваад явсан байдаг. Тэр материалууд вэб сайт дээр ил болж гарч ирсэн.
Энэ утгаараа бид нар тус сайтын мэдээллийн эх сурвалж нь Г.Норовсүрэн юм гэж үзэж байгаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгонжаргалыг сэтгүүлчийн хувьд сайн сэтгүүлч гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ нийтлэл дээр хариуцлагагүй нийтлэл гаргасан гэж харж байгаа. Наад захын энгийн баримтууд зөрж байна. Энэ талаар хэлэхээр өгч байгаа хариултууд нь маш хариуцлагагүй байдаг. Ийм хариуцлагагүй 4 удаагийн нийтлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Ашиг хүртэгч гэдэг бол тухайн хөтөлбөрт хамрагдсаныхаа дагуу тухайн хүүхдийн ирээдүйд, амьдралд, гэр бүлд нь эерэг нөлөө үзүүлж байгааг хэлж байгаа юм.
Орлого нэмэгдүүлэх хөтөлбөр нь тухайн гэр бүл нь боловсролтой, амьдрах боломжтой айл ийм хөтөлбөрт хүүхдээ хамруулахгүй. Гэр хорооллын, амьдралын түвшин доогуур, эцэг, эх нь боловсролгүй, ажилгүй хүмүүс энэ хөтөлбөрт хамрагддаг. Энэ хөтөлбөр нь тухайн хүүхдийн эцэг эхэд богино хэмжээний мэргэжлийн боловсрол олгох сургалтад хамруулаад, тэгээд хооронд нь хоршоо болгоод, үүгээр нь орлогыг нь нэмэгдүүлдэг. Тухайн өрх орлоготой болсноор хүүхэд ашиг хүртдэг.
Манай санхүүгийн үйл ажиллагааг 4 удаагийн аудитын тайлангаар хянадаг. Үүнд: дотоодын аудит, толгой компанийн аудит, ОУБ-ын аудит гээд ордог.
Үүнээс харах хэрэгтэй. Ашиг гэдэг бол манайх гадаадаас 35 доллар оруулаад, 45 доллар болгож байгаа бол энэ ашиг, эсвэл 35 доллар оруулж ирээд, хүүхэддээ 5 долларыг нь зарцуулаад, үлдсэнийг нь авсан бол энэ ашиг.
Манайхыг Хүүхдийн эрхийг хамгаалах хууль холбогдох хууль тогтоомжийг зөрчдөг, хүүхдээр гуйланчилдаг, санхүүгийн пирамид босгодог мэтээр бичиж байгаа юм. Ийм зүйл ерөөсөө байхгүй. Манай байгууллагыг 2 жил тутамд Гадаад иргэд харъяатын газар шалгаж байна. Г.Норовсүрэнгийн хүсэлтээр Авилгатай тэмцэх газар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс гээд бүхий л байгууллага шалгаж байгаа. Тэр болгон дээр нь зөрчилгүй гээд зөвшөөрлийг нь олгоод явж байгаа.
Манай байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байгаа. Манайх ДЗОУБ-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг гэж байгаа. ДЗОУБ манай байгууллагатай адилхан хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөртөө 85.000 хүүхэд хамруулсан.
Манайх яах гэж санамж бичиг хийсэн гэхээр хамрагдаж байгаа хүүхдүүдээ давхацуулахгүйгээр ямар хүүхдээ хамруулах вэ гэдгийг харилцан тохиролцож байж, үйл ажиллагаа явуулна шүү гэдгийг тохиролцож байгаа санамж бичиг.
Хуулийн талаас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Хариуцагч талаас ашиг олдог гэдэгтээ холбоотой ядаж нэг нотлох баримт байна уу гэхэд гуйвуулсан тайлбар өгч байна. Бид нар нотолж чадахгүй байна гэж үзэж байна.
Манай байгууллага Монгол улсад төрийн болон ТББ-тай сургалт, хөтөлбөрийн хүрээнд хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаа явуулахын тулд их хэмжээний зардал гардаг. Энэ зардлыг бид нар хандивлагч нараас аваад, буцаагаад тайлагнадаг.
Гэтэл маш их зардал гаргаад, үр дүн гаргасан байсан энэ хамтын ажиллагаануудыг нурааж байна.
Тийм учраас Д.Отгонжаргал сэтгүүлч энэ хариуцлагагүй нийтлэлдээ залруулга хийгээд, уучлал гуйгаач гэж шаардаж байгаа юм.
Г.Норовсүрэн ажлаас чөлөөлөгдсөн. Яагаад гэхээр хариуцаж байсан цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад, цаашид цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахгүй болсон учир тухайн цэцэрлэгт ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн.
Г.Норовсүрэнг судлахад, энэ хүн мэргэжлийн дипломгүй, дээд, боловсролгүй, цаашлаад байгууллагын мөнгийг хувьдаа завшсан үйлдэл илэрсэн учир энэ зөрчил дээр нь хариуцлага тооцоод, энэ нь 3 шатны шүүхээр яваад, хэвээр үлдээж, ажлаас чөлөөлөгдсөн.
Үүнээс болоод манай байгууллагатай холбоотой бүхий л мэдээллийг тараах үйл ажиллагааг хийж ирсэн.
Дотооддоо хэрэглэдэг мэдээлэл гээд тусдаа байна. Гэтэл Д.Отгонжаргал манай дотооддоо хэрэглэдэг мэдээллийг аваад нийтлэл бичээд байгаа юм. Энэ мэдээллийг манайд ажилладаг хүнээс авсан.
Мөн тухайлан мэргэшсэн ТББ-ууд руу слайд бэлдээд, тараана гэдэг нь зориуд санаатайгаар энэ байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаая гэсэн зорилго бүхий болох нь тодорхой харагдаж байгаа учраас Г.Норовсүрэн энэ хэрэгт хариуцагчаар орж байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А М ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 3 дугаар сард иргэд манай сайтад хандсан. Шашны үйл ажиллагаатай төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний мөрөөр эрэн сурвалжлах ажил хийсэн.
Нэхэмжлэгч нь манай сайтад нийтлэгдсэн “МҮҮН”-ээс дутахгүй чимээгүй аюул цуврал нийтлэлийн дагуу Монгол Улсын Иргэний хуулийн 27.6 болон 21.2, 511.2-д заасныг үндэслэн шүүхэд гомдол гаргажээ. Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.
Энэхүү нийтлэл нь эрэн сурвалжлах ажлын хүрээнд бүтсэн бөгөөд нийтлэлд дурдагдсан баримтууд Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын материал дээр үндэслэгдсэн болно.
Манай нийтлэлд Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь мянга мянган хүүхдийн хувийн нууцыг бүртгэж, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулан гуйлга гуйлгаж, ашиг олж байгаа тухай дурдагдсан. Харин Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь огт бизнесийн ашиг олдоггүй этгээд гэжээ.
1. Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар нь 2006 оноос эхлэн Монгол Улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Гэвч тус байгууллага 2010 оноос эхлэн “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөр гэсэн нэртэй арга хэмжээ бүхий төсөл хэрэгжүүлж, олон мянган хүүхдийг хамруулж, тэдний ар гэрийн байдлыг судлан санхүүжилт босгож эхэлсэн байдаг. Энэ төсөлд дандаа гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүд хамрагдсан байна. Үүнийгээ Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар нь нэхэмжлэлд дурдсан “Хүүхэд ивээн тэтгэх" хөтөлбөрт ойролцоогоор 7800 гаруй хүүхэд хамрагдаж байгаа гэсэн үгээрээ нотолж байна.
Тус байгууллага нь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрөөр нэг хүүхдэд 1 сард 35 ам.долларын хандивыг ивээн тэтгэгч нараас авдаг. Ивээн тэтгэгчид нэг хүүхдэд нэг сард 35 ам.доллар өгдөг болохыг Гүүд Нэйборсын төв байгууллагын интернэт дэх http://www.aoodneiQhbors.org вэб хуудас бүхий хаягийн https://www.Qoodneiahbors.us/support pay/reqular/step1.gn линк дэх энэхүү мэдээлэл нотолж байгаа юм.
Нийтлэлд дурдагдсан “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд Солонгос дахь төвөөс сар бүр дунджаар 273.000 ам. доллар босдог. Үүний 1.6 сая нь Монгол дахь төлөөлөгчийн газар ирдэг. Үлдсэн нь ашиг болж үлддэг” гэсэн гомдлын тухайд.
Монгол Улсын 7.800 хүүхэд 12 сард тус бүр 35 ам.доллар авдаг гэж үзэх юм бол Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газар нь жилд 3 сая 276 мянган ам.долларыг ивээн тэтгэгч нэртэй хүмүүсээсээ цуглуулан авдаг байна. (12 сар х 35 ам.доллар = 420 ам.доллар), (420 ам.доллар х 7800 хүүхэд = 3 276 000 ам.доллар)
Гэвч энэ мөнгө 100 хувь Монголд орж ирэхгүй, 100 хувь хүүхдэд зарцуулагддаггүй. Хүүхдэд нэг жилд витамин, дэвтэр харандаа, 30.000 төгрөг гэх мэт зүйл өгдөг байна.
Гүүд Нэйборс Олон улсын байгууллагын солонгос хэл дээр ажилладаг www.m.qoodneiahbors.kr албан ёсны вэб сайтын http://m.qoodneiahbors.kr/mobile/campaian/campaianview.qn?cmpnS0a=474839O&brdPaqeNo=1 энэхүү линкэд 2017 оны дөрөвдүгээр сард Монгол хүүхдүүдийн мэдээлэл олноороо байсан. Гэвч тэнд байсан дээрх Монгол хүүхдүүдийн гэрэл зургийг бид нийтлэлдээ ашиглаагүй. Учир нь хүүхдүүдийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандсан. Хэн нэгэн нь хүүхдүүдийг шоглох вий, сэтгэл зүйд нь хүндээр нөлөөлөх вий гэдгээс болгоомжилсон. Гэвч манай сайтад нийтлэгдсэн мэдээллийн дараа аравдугаар сарын эхээр www.т.goodneighbors.kr сайт руу орж үзэхэд Монгол хүүхдүүдийн мэдээлэл байхгүй болсон байв.
2. Нэхэмжлэлд Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь огт бизнесийн ашиг олдоггүй этгээд гэж өөрийгөө тодорхойлсон байгаа. Гэвч тус байгууллага ашиг олдог гэдгээ өөрийн www.qoodneiqhbors.orq.mn сайтад мэдээлсэн
Жилийн тайлангаа тэмдэглэсэн bttps://drive.qooqle.com/file/d/QBpfz4 WdmCFb01wMm1xcmF0YUV4QTBSQXNraG 9RZIdtUGJV/view энэхүү линк дээрх мэдээллээр нотолж байгаа юм.
3. Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газарт олгосон Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлд Гүүд Нэйборс Монголд зөвхөн “КOIСА”-тай хамтран ундны ус, эрүүл мэнд, боловсрол, мэргэжил сургалт зэрэг нөхөн сэргээх ажиллагааг чанартай явуулах, НҮБ-аас гаргаж буй хамтын хөтөлбөр болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах”-ыг зөвшөөрсөн байгаа.
Гэтэл тус байгууллага нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу зөвхөн өөрт хамааралтай чиглэлийн үйл ажиллагааг явуулдаггүй. Харин эсрэгээр зорилгын бус үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж байна.
Мөн тус байгууллага Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэртэй арга хэмжээ хэрэгжүүлдэг бөгөөд ингэхдээ хүүхдүүдийн хувийн мэдээллийг ашигладаг талаар нийтлэлд дурдагдсан. Харин гомдол гаргагч нь хүүхдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авдаггүй. Төрийн байгууллага болон оршин суугаа газрын хороо, эцэг эх, асран хамгаалагчаас авдаг гэж байна.
Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр гэгчээ хэрэгжүүлэхдээ тухайн хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаан дээр үндэслэж авдаггүй. Өөрсдөө Нийслэлийн гэр хорооллоор очиж хорооны ажилтнуудаас мэдээлэл гаргуулж авдаг.
Хүүхдийн мэдээлэл, ер нь Монгол Улсын иргэний мэдээллийг бусдад дамжуулахыг Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон байдаг боловч тэд авдаг. Ингэхдээ айл өрхийн хаяг төдийгүй, амьжиргааны түвшин, регистрийн дугаар, утасны дугаар, сарын орлого, гэр бүлийн гишүүдийг тодорхойлсон нарийн мэдээллийг авч бүртгэлжүүлдэг.
Мөн төсөлдөө хүүхдүүдийг нэг хорооноос олноор нь хамруулах, мөн сургууль дээр нь очиж бүртгэдэг зэрэг хялбар үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүгд нь тухайн байгууллагыг зөвхөн зорилтот бүлэг рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг харуулж байна.
Нийтлэлд Монголд үйл ажиллагаа явуулдаг харийн шашны байгууллагын тухай хальт дурдагдсан. Харин Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь шашны үйл ажиллагаа эрхэлдэггүй гэсэн байна.
Updown.mn сайт нь нийтлэлдээ Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрыг шашины үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэмээн тэмдэглээгүй. Нийтлэл МҮҮН-ийн шашинаас ч дутахааргүй анхаарал татах, зорилгоо монгол хүүхдийг дэмжиж туслах хэмээн тодорхойлсон гадны ТББ Монгол хүүхдүүдийн мэдээллээр мөнгө олж байгаа нь хууль бус юм. Ийм үйл ажиллагаа явуулдаг газар нь МҮҮН-ий шашинаас дутахгүй сөрөг нөлөөтэй гэсэн сэрэмжлүүлэг санаанаас бүтсэн. Мөн гадны шашины байгууллагууд санхүүжилтээ Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газартай ижил төстэйгөөр босгодог хэмээн жишин харьцуулсан байгаа.
Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь манай сайтыг тус байгууллагад ажиллаж байсан Б.Н гэх эмэгтэйгээс материал авч, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн хүрээнд цугларсан хүүхдүүд болон тэдний ар гэрийн мэдээллийг бусдад задруулсан гэжээ.
Бид мэдээллээ эрэн сурвалжлах замаар олж авсан. Нийтлэлд дурдсан мэдээллийг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд, тэдний ар гэр, зарим хүүхдийн ангийн багш, хорооны ажилтан, тус байгууллагад ажиллаж байсан бүх хүмүүс мэддэг.
Бид нийтлэлдээ Улаанбаатар хотын ЧД-ийн 19 дүгээр хороо, дээд ам 5-85 тоотод оршин суугч иргэн Нямсүрэнгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх Гүүд Нэйборс Монгол ТББ нь Updown.mn мэдээллийн сайтыг өөрийн нийтлэлээ өдөр тутмын сонин болон manan.mn, paparazzi.mn, zasgiinmedee.mn сайтад дамжуулан түгээсэн хэмээн гомдол мэдүүлжээ. Үүнд
Манай сайт бусад мэдээ мэдээллийн сонин болон сайт, телевизийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, мэдээ мэдээллээ тараан түгээхийг уриалдаггүй болно. Хэрвээ ийм ижил утгатай нийтлэл мэдээлэл нэр дурдагдсан сонин сайтаар гарсан бол тус сонин сайтын редакциуд уг мэдээллийг ямар замаар олж авч, хэвлэн нийтэлсэн болохоо өөрсдөө тус тусдаа тайлбарлах нь зөв байх.
Тэдний шүүхэд ирүүлсэн тайлбар нь тус газруудыг манай редакцитай холбогдсон эсэх, биднээс мэдээ мэдээллийг түгээх санал хүлээн авсан эсэх, манай сайт нийтлэлээ бусдыг санаатайгаар гутаах зорилгоор хийсэн үү, нийгэмд сэрэмжлүүлэг болгох зорилготой хийсэн үү гэдгийг бүрэн нотлох болно гэж үзэж байна.
Нэхэмжлэлийг Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газар нь Иргэний 27.6 болон 21. 2 мөн 511.2-ийг үндэслэн гаргасан байна.
Updown.mn сайт энэхүү нийтлэлээрээ Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа вэ, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагааг олон иргэд мэдээсэй. Мөнгө угаахтай ижил төстэй үйл ажиллагааны золиос нь Монгол Улсын ирээдүйн иргэд биш байгаасай. Төсөлд хамрагдсан хүүхдүүдийг ямар нэгэн аймшигтай аюул угтаж байх вий.
Нийгмийн эмзэг бүлгийн эдгээр хүүхдүүдийг насанд хүрэх үед гадны байгууллагаас асран тэжээсний төлбөр, өөр ямар нэгэн барьцаа нэхэх, байж болзошгүй хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болж мэдэх аюул занал угтаж байх вий. Ээж аавууд аа, албан тушаалтнууд аа! үүнийг олж хараач ээ гэсэн асуудлыг хөндөн, сэрэмжлүүлж бичсэн болно.
Мөн нийгэмд түгэн дэлгэрч байгаа хууль зөрчсөн үйлдлийг ил болгохыг зорьсон. Нийгмийн эмзэг бүлгийнхэн, гэр бүл, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд хүүхдүүдээ хамгаалах сэдэл төрүүлэх зорилготой, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэхийг зорьсон болно.
Тийм учраас Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн газрын нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 27.6.Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан болон тус хуулийн 21.2, 511.2-д заасан гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм” гэв.
Хариуцагч Б.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2005 онд Гүүд нэйборс гээд ОУ байгууллага Г.Норовсүрэнгийн санаачилгаар “Сайн хөрш” гэсэн цэцэрлэгийг Монголд оруулж ирсэн байдаг. 2005 оноос эхлээд тус цэцэрлэгийн эрхлэгчээр Г.Норовсүрэн ажилласан. БНСУ-аас зөвхөн багш ажилчдын цалин, хүүхдүүдийн хоолны мөнгийг төслийн шугамаар өгнө гэж энэ байгууллагын үйл ажиллагаа анх эхэлсэн байдаг.
Олон улсын тусламжийн байгууллага, Койха-тай хамтран ундны ус, эрүүл мэнд болон боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нөхөн сэргээх ажиллагааг чанартай явуулах, НҮБ-аас гаргаж өгөх хамтын хөтөлбөр болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах зорилготой гэсэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа тэлсэн.
Ингэж ажиллаж байх явцад Г.Норовсүрэн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд зөрчил гарч ирсэн. Үйл ажиллагааны чиглэлээсээ хазайсан байдал зэрэгт нь Г.Норовсүрэн гомдолтой явж байсан. Үйл ажиллагааны чиглэлээсээ хазайж байгаа талаар хэлж байсан.
Энэ маргаанаас болж ажлаас халсан талаарх маргаанаа нэхэмжлэгч байгууллага, Г.Норовсүрэн нар шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Г.Норовсүрэнгийн зүгээс тус мэдээллийг тараагаагүй. Тийм учраас хариуцагчаар татах нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан тухайн байгууллагын нэр хүндийг гутаасан, гуйвуулсан мэдээ баримтыг тараасан гэж байгаа юм.
Гэтэл өмгөөлөгчийн ярьж байгаагаар гэм хор учирч болзошгүй, урьдчилан сэргийлэх маягаар ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь харагдаад байна.
Бодит байдлыг гуйвуулсан гэж байна. Гэтэл энэ байдал нь тогтоогдсонгүй. Гүүд нэйборс гээд энэ ТББ ядуу иргэд, хүүхдүүдийг маань ашиглаж, мөнгө босгож байгаа нь үнэн гэдгээ өөрсдөө хэлээд байна. Яагаад гэхээр санхүүгийн эх үүсвэр нь хандив, тусламж байдаг юм гэж байна.
Бид ард иргэдээ сонор сэрэмжтэй бай, иргэн бүр улс орноо хөгжүүлэхэд оролцоотой бай гэдэг шаардлагыг тавьсан байгаа тэрийгээ ч хуульчилсан байна. Энэ хүүхдүүдийн зургийг аваад тавьж байгаа нь гуйлга гуйлгаж байна гэсэн үг.
Тэгээд иргэний нэрийг хуулиар хамгаалсан. Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
Саяхан мэдээлэл харахад 7 хүртэлх насны хүүхдийн мэдээлэл байна. Энэ хүүхдүүд өөрсдөө эрх зүйн чадамжгүй субъект. Тийм учраас заавал эцэг эхийнх нь зөвшөөрлийг авах ёстой.
Гэтэл хүүхдүүдийн эцэг, эхээс зөвшөөрөл авсан эсэх талаар баримт байхгүй.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гадаад улсын байгууллага, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хориглоно гэж заасан байна.
Энэ байгууллагын тусгай зөвшөөрөл дээр ундны ус, эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулна, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана гэсэн байна. Түүнээс хүүхдийг ивээн тэтгэх, хөтөлбөр төсөл гэсэн зүйл байхгүй байна.
Энэ байдлыг сэрэмжлүүлсэн байдлаар бичсэнийг буруутгахгүй.
ДЗОУБ-тай адилхан үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Миний бие 3 жил ДЗОУБ-д тусгай төслийг нь хариуцаж байсан. Яаж мөнгө босгодог, гадаад болон Монгол ажилчдын цалин газар тэнгэр шиг ялгаатай байдаг, далд хэлбэрээр шашин сурталчилдаг нь харагддаг байсан.
Тэгэхээр энэ байдлыг сэтгүүлч сэрэмжлүүлэг байдлаар бичсэн нь буруутай гэж үзэхгүй байна.
Хөгжилтэй орны ядуу ч бай, баян ч бай эцэг эх хүүхдийнхээ зургийг бусад орны сайтууд дээр тавиад мөнгө гуйлгахыг зөвшөөрдөггүй. Үүнийг бид нар таслан зогсоох хэрэгтэй. Хандив мөнгө босгох олон арга байгаа. Гуйлга гуйдаг сэтгэхүйгээсээ гарах хэрэгтэй.
Сэтгүүлчдэд уран сайхны хэтрүүлэг хийх, хурц үг хэллэг хэрэглэх, уншигчдынхаа анхаарлыг татах гээд олон арга байдаг. Үүнийг манай сэтгүүлч ашигласан байх. Гүүд нэйборс ТББ манай хуулийг хүндэтгэж, өөрсдийнхөө хуулийг ч бусдаар хүндэтгүүлэх хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г Н И ОУТББ нь хариуцагч А М ХХК, Б.Н нарт холбогдуулан Г Н И ОУТББ-ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан арга, хэлбэрээр буцаан няцаалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А М ХХК нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн арга хэрэгслээр олж авсан мэдээлэл тул бодит үнэнд тулгуурлан сэрэмжлүүлэг болгож нийтэлсэн гэж, хариуцагч Б.Н нь мэдээлэл тараагаагүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ад медиа ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Н д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг. Хариуцагч Ад медиа ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2017 оны 3 сард “Мүүн-ээс дутахгүй чимээгүй аюул” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагдсан энэ хүүхдүүдэд Солонгос дахь “Гүүд Нэйборс интернэйшнэл” Олон улсын төрийн бус байгууллагын төв оффисоос хүүхэд бүрт cap бүр дунджаар 55 ам.доллар ирдэг бол зөвхөн Солонгосоос жилд ойролцоогоор дөрвөн сая доллар босдог аж. Үүний 1,6 сая төгрөг нь Монгол дахь төлөөлөгчийн газар орж ирдэг талаар эх сурвалж мэдээлж байна. Үлдсэн нь энэ байгууллагын үйл ажиллагааны зардал, ашиг болж үлддэг бололтой юм. Монгол хүүхдүүд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог бол тэдний мөнгийг бэлтгэх гол объект нь гэр хороолол болж өгдөг юм байна. Гэхдээ Солонгосын хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд “Гүүд Нэйборс”-ыг “Энэ бол шашны байгууллага” гэж тодотгодог аж, Мөн “Гүүд Нэйборс Монгол” ТББ шиг хүүхдээр бизнес хийж байгаа газрууд гэх хэсгээр,
2017 оны 3 сард “Монгол хүүхдээр дам гуйланчлал хийлгэснээс ялгаагүй биш үү” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн. “Гүүд нэйборс Монгол” ТББ-ыг “хүүхдээр гуйлга гуйлгаж байна, хүүхдийн болон гэр бүлиин нууцад хууль бусаар халдаж байна”,
2017 оны 4 сард “Хүүхдүүдээр бизнес хийж байгаа “Гүүд нэйборс”-ын ойрын болон алсын зорилго нь юу юм бэ?” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн. “Мянга мянган Монгол хүүхдийн хувийн нууцыг бүртгэж, эмзэг бүлгийн хүүхдүүдийн гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулж, дам гуйлга гуйлган орлого ашиг олж байгаа “Гүүд Нэйборс Монгол” ТББ, Гүүд Нэйборс Монгол” ТББ-ын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэртэй мөнгө босгох санхүүгийн пирамид хэлбэртэй арга хэмжээнд”,
2017 оны 4 сарын 17-ны өдөр “Гүүд нэйборс Монгол” ТББ ажилчдаа дарамталж байна” нийтлэлээр дараах байдлаар гүтгэсэн. “гэр хорооллын эмзэг бүлгийн айлуудаар ажилтнаа явуулж, ямар нэг байгууллага, хэвлэл мэдээлэлд ярилцлага, сурвалжлага өгвөл хүүхдүүдэд чинь дэмжлэг үзүүлэхгүй гэсэн үгийг хэлүүлэхээр тохиролцсон. Тус байгууллага 2005 оноос хойш мянга мянган Монгол хүүхдийн өөрийнх нь болон ар гэрийнх нь амьжиргааны түвшин аав, ээжийнх нь мэдээллийг авч, түүнд яг одоо хувцас хэрэгтэй, хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд туслах ёстой” хэмээн тодотгоод, гаднаас дэмжлэг авч, хүүхдүүдээр ашиг орлого олж ирсэн юм, Гүүд Нэйборс Монгол” гэсэн нэртэй ТББ Улаанбаатарт суурьшин олон мянган хүүхдүүдийн баримтыг дам худалдан мөнгө босгон ажиллаж байна, Өдөр тутмын сонинд “Монгол хүүхдүүдийн нэрийг барьж, Монгол Улсын нэрийг бузарлаж, гадаад орнуудаас гуйлга гуйдаг. “Гүүд нэйборс Монгол” хэмээх ТББ-ыг яаралтай хөөж гаргая” нэртэй нийтлэлээр “Гүүд нэйборс Монгол” хэмээх ТББ-ын жил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан бөгөөд Updown.mn вэб сайт нь дээрх нийтлэлүүдээ удаа дараа Facebook.com, Twitter.com, мөн manan.mn, paparazzi.mn, zasgiinmedee.mn вэб сайтууд нь дээрх нийтлэлүүдийг дамжуулан тараасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагч А М ХХК нь өөрийн эрхлэн ажиллуулдаг www.updown.mn цахим хуудаст:
1. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Мүүн-ээс дутахгүй чимээгүй аюул” нийтлэлд “...Монгол хүүхдүүдээр хууль бус бизнес хийж байгаа, МҮҮН-ээс дутахгүй чимээгүй аюулын тухай хөндөж байна., ...Солонгос дахь Г Н И ОУТББ-ын төв оффиссоос хүүхэд бүрт сар бүр дунджаар 55 ам доллар ирдэг бол зөвхөн Солонгосоос жил бүр 4 сая доллар босдог аж. Үүний 1,6 сая нь Монгол дахь төлөөлөгчийн газар ирдэг талаар эх сурвалж мэдээлж байна. Үлдсэн хэсэг нь энэ байгууллагын үйл ажиллагааны зардал, ашиг болж үлддэг бололтой юм. Монгол хүүхдүүд тус байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог бол тэдний мөнгийг бэлдэх гол объект нь гэр хороолол болж өгдөг юм байна., ... Үүнээс гадна шашны зөвшөөрөлгүй ч шашинтай төстэй үйл ажиллагаа явуулдаг газрууд мөн Гүүд нэйборс Монгол ТББ шиг хүүхдээр бизнес хийж байгаа газрууд олон бий.” гэх агуулга бүхий нийтлэл,
2. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол хүүхдээр дам гуйланчлал хийлгэснээс ялгаагүй биш үү” нийтлэлд “...Өөрийнх нь хүүхэд “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөр гээч юмны золиос болж байгааг өнгөрсөн хугацаанд цөөнгүй эцэг, эх анзаарсан аж., ...Миний хүүхэд энэ төсөлд хамрагдсанаар жилд 60-70 мянган төгрөгийн тусламж авдаг. Гэтэл сайт дээр нь нэг хүүхэд сарын 35 ам доллар олдог байна. 2012 онд тэрэлжийн Баянхадны амралтад 500 хүүхдийн зугаалга зохион байгуулж, өдрийн хоол гээд гашилсан будаатай хуурга өгч, олон хүүхэд хордсон., ...Гүүд Нэйборс Монгол ТББ Монгол Улсад мөрдөгдөж буй олон хууль тогтоомжийг зөрчиж байна.” гэх агуулга бүхий нийтлэл,
3. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Хүүхдүүдээр бизнес хийж байгаа “Гүүд нэйборс”-ын ойрын болон алсын зорилго нь юу юм бэ?” нийтлэлд “...энд хашилтад хийсэн архидалт зэрэг гэдэг үг анхаарал татаж байгаа. Гэхдээ Гүүд нэйборс Монгол ТББ өөрсдийнх нь санхүүжилтийн эх үүсвэр болоод байгаа хүүхдүүдийн эцэг эхийг арай архидуулдаггүй байлгүй гэдэгт найдаж байна., ... Нарийвчилсан эдгээр төлөвлөгөөний дагуу Гүүд нэйборс Монгол ТББ-ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэртэй мөнгө босгох санхүүгийн пирамид хэлбэртэй арга хэмжээнд албан бус тоогоор 9000 хүүхэд хамрагдсан мэдээ байгаа. Гүүд нэйборс Монгол ТББ яагаад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үгээр халхавчлан хүүхдээр бизнес хийгээд байна вэ” гэх агуулга бүхий нийтлэл,
4. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Гүүд нэйборс Монгол” ТББ ажилчдаа дарамталж байна” нийтлэл гэх нэр бүхий нийтлэлийн тус тус нийтэлсэн болох нь зохигчдын тайлбар, www.updown.mn вэб сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл /нэгдүгээр хх-ийн 247-250, хоёрдугаар хавтаст хэргийн 1-23 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 –д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх гэсэн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг баримтлах, өөрт байгаа эх сурвалжид тулгуурлан нийтлэл бичих үүрэгтэй бөгөөд ямар эх сурвалжид үндэслэсэн нь тодорхойгүй байх тул бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасныг эх сурвалжаас үндэслэн мэдээ нийтэлсэн гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...эрэн сурвалжлах сэтгүүлзүйн аргаар баримтыг олж авсан, 8 хүүхэдтэй уулзсан бөгөөд сэрэмжлүүлэг нийтлэл” гэж шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан боловч уг үйл баримтыг баримтаар тогтоогдохгүй байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заасан ба А М ХХК нь “updown.mn” вэб сайтад нийтэлсэн зүйлийн төлөө хариуцлага хүлээнэ.
Хариуцагч А М ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг “updown.mn” вэб сайтад нийтэлсэн 4 нийтлэл нь бүхэлдээ нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар нэхэмжлэгч Г Н И ОУТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Хариуцагч Б.Н д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч нь “Б.Н нь А М ХХК-ийн эрхлэн ажиллуулдаг “updown.mn” вэб сайтад нийтэлсэн 4 нийтлэлийн мэдээллийн эх сурвалж бөгөөд мэдээллийн үнэн зөвийг шалгахгүйгээр Гадаадын иргэн харьяатын газар, Засгийн газрын 1111 төв, болон холбогдох бусад төрийн байгууллагад санаатайгаар худал мэдээлэл өгч, цахим захиаг явуулсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
Хариуцагч А М ХХК-ийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Н гээс ямар нэг мэдээлэл аваагүй” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх Б.Н д холбогдох ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг тараасан арга, хэлбэрээр буцаан няцаалт хийлгэх тухай Гүүд нэйборс интеонэшнл ОУТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А М ХХК-иас 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Н И ОУТББ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР
шүүгчид д.нямбазар
Б.түмэнцэцэг