Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2017/03939/И |
Дугаар | 363 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С –ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б –д холбогдох
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулан, 77.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б тэй холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, Д.Б эд шилжүүлсэн нийт 77.900.000 төгрөгийг гаргуулах, мэргэжлийн байгууллагаар худалдаж авсан эд зүйлээ үнэлүүлсэн үнэлгээний тайлангийн төлбөр 400.000 төгрөг, нийт 77.900.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсгийг өөрчилж 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Б.С , Д.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахаар тодруулж оролцож байна. 2017 оны 11 сарын 9-ний өдөр Д.Б тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж тоглоомын газрын байгаа эд хогшлуудыг 77.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ хийсэн. Б.С 77.500.000 төгрөгийг Д.Б эд шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Д.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.
Мөн Иргэний хуулийн 43.1-т заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Энэ нь компьютерын гарал үүслийн бичиггүй хаанаас худалдаж авсан нь тодорхойгүй. Анх худалдаж авахдаа 70 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслүүдийн хамт толгой компьютертой нь худалдаж авсан. 1 компьютерийг 900 гаруй мянган төгрөгөөр авсан гэж танилцуулсан. Гарал үүслийн гэрчилгээ, компьютерийн дагалдах бичиг баримтуудыг өгнө, компьютер ландаас худалдаж авсан гэрээ байгаа энэ гэрээгээр нотлогдоно та нарыг хуурахгүй гэж хэлсэн. Гэрээг өгөөгүй, компьютерын гарал үүслийн бичиг баримт, паспортуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Д.Б ээс гаргаж өгсөн гэрээ хавтаст хэрэгт байгаа. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сү-Хүннү гэдэг газраас 70 ширхэг компьютерийг сервер буюу толгой компьютерийн хамт худалдаж авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс бид нар тийм үнэтэй компьютер биш гэдгийг олж мэдсэн.
Б.С , Д.Б нарын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Утсаа авдаггүй, ирж уулздаггүй, хариу өгдөггүй, гомдлын шаардлагад гарын үсэг зурдаггүй. Энэ тоглоомын газар бүртгэлийн гэрчилгээтэй холбоотой. Хэрэв шилжүүлэх боломжгүй хэцүү гэсэн бол худалдаж авахгүй байсан. Гэрчилгээгүй бол тоглоомын газрыг худалдаж авах, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Д.Б тоглоомын газрыг худалдахаар тохиролцож байх үедээ гэрчилгээг шилжүүлж өгнө гэж амлалт авч хуульчилсан энэ үүргийг биелүүлээгүй. Гэрчилгээний хамт галын аюулгүй байдлын дүгнэлт, эрүүл ахуй ажлын байрны дүгнэлт, Цагдаагийн байгууллагын саналыг шилжүүлж өгөх ёстой байсан.
Мөн худалдагч нь Иргэний хуулийн 243.2-т заасан үүргийг биелүүлээгүй. Дандаа худлаа мэдээлэл өгсөн үнэтэй худалдаж авсан, орлого 400-аас 450-ийн хооронд байдаг бүх бичиг баримт байгаа өгнө гэх мэтээр худлаа мэдээлэл өгсөн. Компьютер ландаас 2016 оны 12 дугаар сард худалдаж авсан нэг компьютерийг 980.000 төгрөгөөр авсан гэж хэлсэн гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээ ирэхэд Сү-Хүннү гэх газраас худалдаж авсан нь илэрсэн. Компьютерийг толгой компьютерийн хамт тухайн Сү-Хүннү компаниас 45.340.000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдсон. Бид нар энэ компьтерийн элэгдлийг хасаад худалдах ёстой байсан тэгтэл хасаагүй. Анх худалдаж авсан үнээс 2.130.000 төгрөгөөр илүү үнэ хэлж худалдсан байна. Мэргэжлийн үнэлгээний газраар компьютерийг үнэлүүлэхэд дагалдах хэрэгслийн хамт 35.865.580 төгрөгөөр үнэлэж толгой кмпьютерийг 3.200.000-аар нийт 39.695.000-аар үнэлсэн. Үнэлгээний талаар хариуцагч маргадаггүй. Үндсэн хөрөнгийн элэгдэл хоргодолыг тооцоход баримтлах хугацаа нь Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 94-т зааснаар элэгдэл тооцох хувь нь 25 хувь байсан үүнээс үзвэл 25 хувийн хорогдол хасах ёстой байсан. Тоглоомын газар хуульд зөвшөөрөгдсөн цаг нь өдөр бүрийн 10-23 цаг хүртэл ажиллах ёстой байдаг. Нийт 13 цаг ажиллах ёстой байтал чаддаггүй. Шүүхээс хийсэн тэмдэглэлийг хархад зарим өдөр 48 цаг, 24, 36 цаг гэх мэтээр ажилласан харагддаг.Энэ үзлэгээр олж буй орлого нь 400-450 мянга биш гэдэг нь нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үзлэгтэй холбоотойгоор тайлбар хэлье. Өдрийн 450.000-аас буудаггүй. 6, 7 сард оруулсан хөрөнгийн 50-60 хувийг бариад авчихна гэсэн учир үүнд итгэж худалдаж авсан. Үзлэгээр тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 549.000 орсон байдаг. Энэ хоорондын хугацаа нийт 68 цаг байсан. 400.000 төгрөг огт байхгүй. Хамгийн бага нь 136.000, 137.000 байна. 450 төгрөгийн орлого ордоггүй. Мэдээллийг худлаа хэлж итгүүлэн өндөр үнэтэй зарсан нь харагдаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-т зааснаар худалдах худалдах авах гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлж 77.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Худалдагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Тиймээс Иргэний хуулийн 225-д зааснаар худалдан авагч тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч тал хэлэхдээ гэрээг интернетээс татаад харилцан тохиролцсон гэсэн. Мөн би таньдаг хүнтэй, чиний нэр дээр шилжүүлэхэд асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл дараа нь шилжүүлэх гэхэд нь боломжгүй гэж хэлсэн. Цаашдаа нэмэлт хугацаа өгөөд ч биелэгдэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гарал үүсэл нь компьютер ланд-аас авсан. Хуягаа гэж хүн байгаа өөрөө компьютер ландийн 101-т мөн 3 давхарт лангуутай. Компьютер ланд-аас авч байсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гарал үүслийн бичиг гэж компьютерт байдаггүй.
Анх Б.С тай гэрээ хийхдээ интернетээс татаж авч хоорондоо тохиролцож оруулсан байгаа. Тоног төхөөрөмж, бараа материалын бичиг гэж байхгүй. Худалдаж авсан газарт тодорхой байгаа. Шаардлагатай тохиолдол тухайн газраас авч болно. Б.С анх ирхэд нь судлаад үз боломжийн байна уу үгүй юу гэж хэлсэн. Өөрсдөө хэлэхдээ танайхыг юм уу Багшийн дээд дээр тоглоомын газар болгох боломжтой нэг газар байна аль нэгийг нь авна гэж байсан. Тэгэхэд нь би компьютер ландуудаар яваад үнийг нь судлаад үз бүх тоног төхөөрөмжүүдийг худалдаж аваад үйл ажиллагаа явуулахад хэдэн төгрөг шаардлагатай вэ судлаарай гэж хэлсэн. Өөрөө хангалттай судалгаа хийж байж над дээр ирсэн. Маргааш нь өөрөө ирсэн. Би анх интернэтэд 89.000.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Б.С нэг хүнтэй ирээд хямдруулах боломжтой юу гэхэд нь 85 саяар зарна гэж хэлсэн.Тэр хоёр 75 сая төгрөг бэлэн байна 75-д авъя гэхэд нь тэр боломжгүй 80 саяд өгч болно гэсэн. Тэгээд ярилцаж байгаад 77.500.000-аар өгсөн. Өдрийн орлогоны хувьд би хэлэхдээ писи тоглоомын газар, канон, принтер, гоймон, ундаа, түргэн хоол зэргийг зарах юм бол илүү ашигтай. Тэгвэл 400-аас буухгүй миний орлого ийм байсан гэж хэлсэн. Тараах материалыг би өөрөө бэлддэг байсан. 10 хүн ирж тоглох юм бол нэг нь үнэгүй, 3 цаг тоглох юм бол 1 цаг үнэгүй гэх мэт бонус зарласан байсан учир маш их хүмүүсийг татаж чадаж байсан. Б.С худалдаж авсны дараагаар бүх бонусыг хассан байсан.
Гэрээнд компьютерийн доголдолтой бол доголдлыг арилгана гэж заасны дагуу 5 компьютер, маус, чихэвчнүүд нь асуудалтай байсан би Хятадаас сэлбэг захиалж, янзалдаг хүнийг дуудаж авч ирээд асуудалтай байсан компьютер болон мауснуудыг янзлахад 3 өдөр шаардагдсан. Тэр 3 өдөр намайг ажиллаж байхад бүх бонусууд, гадаа байсан самбаруудыг авсан байсан. Хорооны Засаг дарга сүүлд надтай таарахдаа тавьсан самбаруудаа аваачээ газар уначихсан, хүмүүс гишглээд явж байна, дүүргийн үзэмжид муугаар нөлөөлж байна гэсэн. 00-руу нь ороход маш бохир, үнэр нь аймшигтай, компьютер дээр суух гэтэл тоостой ямар ч цэвэрлэгээ хийгээгүй цэвэрлэгч авахгүй байсан. Орлого багаслаа гэж надад гомдлоод байгаа энэ чинь бизнес, бизнес явуулахын тулд цэвэр цэмцгэр үйлчилгээтэй байж орлоготой байна.
Гэтэл хүмүүстэй аятайхан харилцахгүй, үйлчилгээгээ хийхгүй, цэвэрхэн биш байсан. Гэрчилгээг шилжүүлээгүй гэх асуудлыг худлаа ярьж байна гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээнд гэрчилгээг хавсаргасан. Бид 2 хамт байж байгаад 1, 1 хувийг авсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд очиход хамаатан болон цусан төрлийн холбоогүй бол гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Б.С д би үүнийг шилжүүлэх боломжгүй юм байна нэгэнт би чамд шилжүүлж өгнө гэж хэлсэн учир би тусалъя гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь аваад 11 сарын 09-ний өдөр гэрээг хийж 11 сарын 10-ны өдөр мэргэжлийн хяналтын газар өргөдлөө бичиж өгсөн. Эзэмшигч Д.Б нь Б.С болж өөрчлөгдөж байгаа тул дахин дүгнэлт гаргаж, газар дээр очиж танилцаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Харилцаа холбооны газраас гэрчилгээ гаргахдаа 3 материал хэрэгтэй байдаг. Үүнд Мэргэжлийн хяналтын дүгнэлт, Цагдаагийн газрын тодорхойлолт, галын дүгнэлт хэрэгтэй байдаг. Хорооныхоо Цагдаагийн газраас тодорхойлолт авах гэтэл цахим тоглоомын газрын журамд өөрчлөлт гарсан хуучин бланк дээр бичих боломжгүй шинэ бланк дээр бичээд дүүрэг рүү шилжүүлж, дүүргээс Нийслэл рүү шилждэг гээд хугацаа удсан. Тэр үеэр Б.С шүүхэд хандсан. Надад хандаагүй, итгэмжлэл авах гэж залгахад Б.С утсаа аваагүй. Над руу залгасан гэдэг нь худлаа би залгасан боловч холбогдож чадаагүй” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрээ хүчин төгөлдөр. Иргэний хуулийн 252.2-т зааснаар худалдсан эд хөрөнгийг доголдлын талаар ойлгоно. Гэрээ хийхдээ интернэтээс татаж авч гэрчилгээг шилжүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшил дээр гэрээ хийсэн. Үүний дараа Д.Б нь мэдээлэл харилцаа холбооны газар шилжүүлэх гэтэл төрөл садангийн холбоогүй бол шилжүүлэх боломжгүй, шинээр хөөцөлдөж гэрчилгээ авах боломжтой гэсний дагуу Б.С д тухайн нөхцөл байдлыг хэлсэн. Чамаас бичиг баримтыг чинь аваад чиний өмнөөс бичиг баримтуудыг хөөцөлдөөд явъя гэхэд хүлээн зөвшөөрч иргэний үнэмлэхээ өгсөн байдаг. Мэргэжлийн хяналт албан бичгээ өгсөн. Хорооны цагдаатай уулзахад цахим тоглоомын газрын журамд өөрчлөлт орсон, тэрний дагуу бланк нь гараагүй байгаа, гарах юм бол надаар бичиг хийлгээд шат шатны байгууллагад хандаад яв гэх тайлбар өгсний дагуу Б.С д хэлсэн.
Тиймээс миний үйлчлүүлэгч гэрээний үүргээ биелүүлэх гэж явж байсан. Иргэний хуулийн 220-т зааснаар Б.С гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой байсан” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.С хариуцагч Д.Б эд холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулан, 77.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг анхны шаардлага буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 77.500.000 төгрөг, үнэлгээний зардалд 400.000 төгрөг гаргуулах тухай гэж тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага буюу хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь компьютер тоглоомын газрын “Core i3 2nd generation 361 Ghz cpu, 8 gb ram, Gefore GTX 650 GPU бүхий процессор /70 ширхэг/, AOC 24 inch Led дэлгэц /70 ширхэг/, Steel series Rival 100 mouse /70 ширхэг/, Steel series V2 чихэвч /70 ширхэг/, Steel series QcK+ pad /70 ширхэг/, Gaming team T19 чихэвч /20 ширхэг/, Backlight keyboard /70 ширхэг/, нэг хүний буйдан 60 ширхэг, тайзны Gaming сандал 10 ширхэг, Тоглоомын ширээ 8 ширхэг, Server computer /intelR XeonR e3-1230 V5 8CPUs, 32 gb ram, SSD 480 gb 1 ширхэг, 240 gb 2 ширхэг, 120 gb 2 ширхэг, Acer 17 inch дэлгэц, dell keyboard, Dell mouse/, Ханын LED гэрэл /8 ширхэг/, Ханын чимэглэл /sticker/ 10 ширхэг, Дотор хуванцар хогийн сав /2 ширхэг/, Гадны төмөр хогийн сав /1 ширхэг/, Switch /Cisco/ /4 ширхэг/, Manage switch /1 ширхэг/, тог баригч 2 ширхэг, Lan утас /3 боодол/” гэх эд хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч Б.С нь 77.500.000 төгрөг төлөх үүргийг хүлээж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг компьютер тоглоомын газрын эд хөрөнгө нь хэний өмчлөлийн хөрөнгө болох нь тодорхойгүй, мөн өдрийн орлого 400.000 төгрөгөөс буурахгүй гэж тайлбарлаж атал өдөрт 150.000-220.000 төгрөгийн орлого олж байгаа нь үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 2,2-т заасан гэрээний салшгүй хэсэг болох цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.Б нь гэрээгээр тохирсон тоо, чанар бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, мөн уг шилжүүлсэн эд хөрөнгө нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэж гуравдагч этгээд шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдов.
Түүнчлэн компьютер, түүний дагалдах хэрэгсэл нь эрхийн бичгээр баталгааждаггүй бөгөөд хариуцагч Д.Б нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Сүү хүнгий” ХХК-иас худалдан авсан болох нь Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 45-46 дахь тал/-ээр нотлогдож байна.
Ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулж тохиолдолд үйл ажиллагааны эрсдэлийг аж ахуй эрхлэгч өөрөө хариуцах бөгөөд нэг сарын орлогын хэмжээ нэмэгдэх, буурах нь зах зээлийн эрэлт, маркетинг, менежмент, ажиллах цагийн хуваарь гэх зэрэг олох хүчин зүйлээс шалтгаална.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй ба дээрхи хуулийн зохицуулалт нь зөвхөн эд хөрөнгийн талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх үүргийг хуульчилсан.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би өдөрт 400.000 буухгүй, миний орлого ийм байсан гэж хэлсэн” гэж тайлбарт үндэслэн өдөрт 400.000 төгрөгөөс орлого буурахгүй гэж ойлгох боломжгүй ба аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчээс шууд хамааралтай тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “гэрээний салшгүй хэсэг болох цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч Д.Б нь гэрээнд заасны дагуу бүртгэлийн гэрчилгээг Б.С гийн нэр дээр гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасан болох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд “Бүртгэлийн гэрчилгээ гаргах хугацаа өгөлгүй шүүхэд хандсан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж заасан ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд бүртгэлийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээгүй нь үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь 70 ширхэг компьютер, 1 серверийг “Сүү хүнгий” ХХК-иас 45.340.000 төгрөгөөр худалдан авсан, түүнчлэн “Итгэлт-эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 48.124.779 төгрөгөөр үнэлэгдсэн байхад хэт өндөр үнээр худалдсан гэж тайлбарлаж байна.
Гэрч Т.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Үнийн талаар судалж үзсэн” гэж, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Зөвхөн компьютер эд хогшлын үнэ бус харин дотоод засал, интерээр бүгд тогтоомын газарт зориулсан тэр үнэлгээг тооцоогүй” гэх тайбараас үзэхэд талууд сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний үнийг тохиролцсон бөгөөд хөрөнгө үнэлгээний тайлангаар гэрээний үнийг тодорхойлохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Д.Б эд холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 77.500.000 төгрөг, үнэлгээний зардалд 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.-д зааснаар хариуцагч Д.Б эд холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 77.500.000 төгрөг, үнэлгээний зардалд 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР