Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2514

 

 

О.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02078 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "А ББСБ" ХХК-д холбогдох

 

15 хувийн хувьцаанд ногдох ашиг 28 479 928 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 26 159 000 төгрөг, нийт 54 638 928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "А ББСБ" ХХК-ийг үүсгэн байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 164 дүгээр тогтоолоор зээл, гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалаар дүрмийн сангийн хэмжээг 1 тэрбум төгрөгт хүргэсэн. БНХАУ-ын иргэн У Жиан Гуо /Wu Jian Guo/ нь манай компанид 10 тэрбумын хөрөнгө оруулалт авч өгнө. Хөрөнгө оруулалт авахын тулд компанийн ихэнх хувийг эзэмшдэг байх шаардлагатай гэж итгүүлсэн. Ингээд би "А ББСБ" ХХК-ийн 1 бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8500 ширхэг нийт 850 сая төгрөгийн энгийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр түүнд шилжүүлж, дүрмийн сангийн бүтэц, хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өорчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Би компанийн 15 хувийг эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар ажиллаж байсан. Компанийн зүгээс cap бүр нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сая төгрөгөөс бодон 2016 оны 7 cap хүртэл төлж, 8 сараас миний нийгмийн даатгалыг төлөхөө зогсоосон. Бидний дунд эд хөрөнгийн болон бусад таарамжгүй харилцаа үүссэн бөгөөд намайг компанид ажиллуулахгүй байгаа болно. "Дундманхайдай аудит" ХХК-д хүсэлт гарган 2015 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн. Тус аудитын дүгнэлтээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болгосон орлогын болон мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн тайлан нь Санхүүгийн тайлагнал болон НББОУС, НББ-ийн хуулийн дагуу үнэн зөв бодитой илэрхийлэгдсэн болохыг тогтоосон. Компаний тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж зохицуулсан. 2015 онд "А ББСБ" ХХК нь 189 866 190 төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл О.Э нь өөрийн эзэмшиж буй 15 хувьд ногдох 28 479 928 төгрөгийн ногдол ашгийг авах эрхтэй гэж үзэж байна.

О.Э-г байгууллагын анхан шатны санхүүгийн баримтууд дээр цалин авч байсан гэж гарын үсгийг нь хуурамчаар зурсан байсан. Үүнийгээ хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн хэдий ч цалин хүлээн авсан гэх баримтууд дээрх гарын үсэг нь О.Э-н гарын үсэг биш болохыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 005 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно. О.Э нь 2015 оны 9 дүгээр сард гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 1 000 000 төгрөгийн цалин авсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 100 000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 83 000 төгрөгийг хасаад гарт олгох цалин 817 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нээс зээлийн хорооны даргаар томилогдон сард 3 000 000 төгрөгийн цалин авахаар болсон. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд cap бүр 3 000 000 төгрөгнөөс нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн. Нийт 10 сард ногдох 30 000 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 1 920 000 төгрөг, хүн амын орлогын албан татвар 2 738 000 төгрөгийг хасаад гарт олгох цалин 25 342 000 төгрөг нийт 26 159 000 төгрөгийн цалинг тус тус авах ёстой. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 2016 оны 7 дугаар сард ногдох цалинг авах шаардлагыг хэвээр үлдээж, бусад хэсгээс нь татгалзаж байгаа болно. "А ББСБ" ХХК-иас 15 хувийн хувьцаанд ногдох ашиг 28 479 928 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх гарт олгох цалин 26 159 000 төгрөг, нийт 54 638 928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Э нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "А ББСБ" ХХК-ийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөн С.Дашпүрэвийг томилох тухай өргөдлийг хуулийн этгээдийн Улсын бүртгэлд гарган өгч компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан. О.Э нь манай компанийн 15 хувийн хувьцааг эзэмшигч тул түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж байсан. О.Эрдэнэ нь компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэдэг бөгөөд компанийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн удирдлагаар хэрэгждэг бөгөөд Еренхий захирал гэсэн нэр томьёог хэрэглэдэггүй. О.Э нь "А ББСБ" ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 38 тоот хараат бус "Дунд манхайдай аудит" ХХК-ийн аудиторын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 189 866 160 төгрөгийн ашигтай ажилласан гэж өөрт ноогдох 15 хувь буюу 28 479 924 төгрөг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй. Тэр Компанийн санхүүгийн анхан шатны бүх баримтуудыг эх хувиар нь авч явсан ба аудит хийлгэх ямар ч боломжгүй нөхцөл үүссэн. О.Э нь 2015 оны 10 сараас компанид ажиллаагүй бөгөөд манай компани ямар нэг байдлаар "Дунд манхайдай аудит" ХХК-д хандаагүй, ийм тайлан гаргуулаагүй, шүүхэд гаргаж өгсөн баримтаас уг тайланг анх удаа харсан. Манай компанийн зээлдэгч н.Ганчимэгээс шүүхийн шийдвэрээр авах ёстой 35 сая төгрөг, "Пирамид орд" ХХК-с шүүхийн шийдвэрээр авах ёстой 624 сая төгрөгийг хуурамч бичиг баримт үйлдэн хувьдаа авсан асуудал нь шалгагдаж байгаа гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ногдол ашигт 28 479 928 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан цалин, олговорт 26 159 000 төгрөг буюу нийт 54 638 928 төгрөгийг хариуцагч "А ББСБ" ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч О.Э-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, багалгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийи хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан  төлсөн  488 500 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 431 145 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."Дунд манхайдай Аудит" ХХК-д хандсан төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээс өөр зүйлгүй. Гэрээ байгуулахгүйгээр манай компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр, ямар ч санхүүгийн баримт, ажлын баримтгүйгээр дүгнэлтээ баримтжуулах, ажлын баримттад үндэслэн дүгнэлт хийх гэсэн хуулийн анхан шатны шаардлага хангахгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байдаг. Ямар баримтад үндэслээд ашигтай ажилласан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт нь хүчин төгөлдөр гэдгээ нотолж чадаагүй. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог.

Нэхэмжлэгч "А ББСБ" ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч О.Э нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийгөө зээлийн хорооны даргаар томилж цалингаа 3 000 000 төгрөг гэж тогтоон уг шийдвэртээ зөвхөн өөрөө гарын үсэг зурсан байдаг. О.Э нь зээлийн хорооны даргаар огт ажиллаж байгаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч н.Өлзийханд нь О.Э-н өөрийн гарын үсэг бүхий хүчингүй шийдвэрт үндэслэн цалинг бодож түүнээсээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг бөгөөд О.Э-н цалингийн хүснэгтэд түүний гарын үсэг биш болох нь тогтоогдсон байдаг. О.Э бодит байдалд манай компанид огт ажиллаагүй. "А ББСБ" ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй БНХАУ-ын иргэн Wu Jianguo нь 85 хувийн хувьцааг, О.Э нь 15 хувийн хувьцаа эзэмшдэг бөгөөд шийдвэрт хувьцаа эзэмшигч нар хамтын гарын үсгээр хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл 3 000 000 төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт О.Э л гарын үсэг зурсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага гэсэн нэг хувьцаа эзэмшигчийн гарын үсэгтэй шийдвэр гарсан. У Жиан Гуо-хувьцаа эзэмшигчийн гарын үсэг зурагдаагүй нотлох баримт байгааг судлан үзсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг баталж шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хуулийн заалтыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн цалингийн тайланг гаргаж байх үед ажиллаж байсан нягтлан бодогч н.Өлзийхандыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргаж шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, гэрчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх маргаан бүхий нөхцөл байдлыг үл ойшоож нотлогдоогүй үндэслэлгүй баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч О.Эрдэнэ хариуцагч “А ББСБ” ХХК-иас 15 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг 28 479 928 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх цалин 26 159 000 төгрөг, нийт 54 638 928 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч “А ББСБ” ХХК-ийн 15 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. Хэргийн 9-15 дугаар талд “А ББСБ” ХХК-ийн дүрэм авагдсан бөгөөд уг дүрмийн 8.7.5-д “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн ашиг хуваарилах асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх”-ээр, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.13-т “хувьцаа эзэмшигч нь жилд нэгээс доошгүй удаа ашиг хүртэх эрхтэй, ингэхдээ орлого олсон мөнгөн тэмдэгтээр, компанид эзэмшиж буй хувь хэмжээгээр ногдол ашиг хүртэх, хэрэв алдагдалтай ажилласан бол ногдол ашиг хуваарилахгүй” гэж заан компанийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах асуудлаар нарийвчлан тодорхойлжээ.

 

Компаний тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Хэргийн 7-8 дугаар тал дахь талд авагдсан тус компанийн үүсгэн байгуулах гэрээ болон хэргийн 9-15 дугаар тал дахь талд авагдсан компанийн дүрмээс үзвэл “А ББСБ” ХХК-ийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба тус компани 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцааны 15 хувийг О.Э, 85 хувийг Хятад улсын иргэн У Жион Гуа нар эзэмшдэг байна.

 

Хариуцагч компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулахгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд тус компанийн дүрэмд тухайлан заасан дээрх үндэслэлээр ногдол ашиг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хэргийн 21-23 дугаар талд “Дунд манхайтай аудит” ХХК-ийн тайлан, хэргийн 24 дүгээр талд Өнөөдөр сонины 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаарт “А ББСБ” ХХК-ийн санхүүд “Дунд манхайтай аудит” ХХК-ийн хийсэн аудитын тайланг хураангуйлж өдөр тутмын сонинд мэдээлсэн хуулбар баримт авагдсан байна.

 

Уг аудитын тайланг хураангуйлсан хэлбэрээр өдөр тутмын сонинд мэдээлсэн баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжтой.

 

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн тайлан бусад шаардлагатай бичиг баримт материалаа аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа шалгуулж баталгаажуулна гэж заасны дагуу хариуцагч компанийн зүгээс санхүүгийн үйл ажиллагаа явуулсан талаар “Дунд манхайтай аудит” ХХК-иар шалгуулан баталгаажуулсан байна. Уг аудитын байгууллагын тайланг хууль зөрчиж хийгдсэн, эсхүл уг аудитын тайлан үндэслэлгүй гарсан, хуурамч байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч компанийн цэвэр ашгийг 189 866 190 төгрөг гэж тодорхойлсон “Дунд манхайтай аудит” ХХК-ийн аудитын тайланг үндэслэж нэхэмжлэгчийн 15 хувийн хувьцаанд ногдох ашиг болох 28 479 928 төгрөг гэж үзэн “А ББСБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч О.Э хариуцагч “А ББСБ” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сард чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, харин нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсан гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч О.Э-н цалин хөлс авах эрхээ зөрчигдсөнийг 2015 оны 10 дугаар сард мэдсэн гэж үзэх үндэслэлтэй тул үүнээс хойш 1 жилийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хугацаа сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид хариуцагч байгуулагаас 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх цалин 26 159 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсныг залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч гэрчээр н.Өлзийхандыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хүсэлтээс нэхэмжлэгч татгалзсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.13, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг баримтлан хариуцагч “А ББСБ” ХХК-иас 15 хувийн хувьцаанд ногдох ашиг 28 479 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс үлдэх 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх цалин 26 159 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, “3” дахь заалтыг “2” гэж, “4” дэх заалтыг “3” гэж дугаарлан, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “431 145” гэснийг “300 349” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ