Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/34

 

 

 

 

      

 

   2019          04            24                                         2019/ДШМ/34

Н.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,           

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Эт холбогдох эрүүгийн 1919000480038 дугаартай, 1 хавтас, 102 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн ........ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ......... сумын 6 дугаар баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сэнгэ овогт Н-ын Э /РД:ЕЗ8..........718/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар  багт үйл ажиллагаа явуулдаг Виктори баарны гадаа иргэн М.Оийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сэнгэ овогт Насантогтохын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “...ялтан торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан нь торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоох нь шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр ялыг биелүүлэх боломж олгож буй шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Гэтэл шүүхээс энэ зохицуулалтыг ялын зорилгод нь нийцэхгүй байдлаар буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Н.Эийг торгуулийн ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Эөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжээр торгох ялыг оногдуулж, торгуулийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгуулийг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан байдаг тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Учир нь: Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1 дүгээр зүйлд заасан “торгох ял биелүүлэх хугацаа”-г буруу  тогтоож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадаа М.Оийг түлхэж унагаасны улмаас түүний баруун гарын шуу ясны цууралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч М.О /хх-5, 27-29/, гэрч М.М /хх-5, 31-32/, Д.Ц /хх-8, 33-34/, М.Б /хх-7, 37-38/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн 02/049 дугаар дүгнэлт /хх 46-47/, баарны гаднах камерын бичлэг зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Н.Э нь сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай мөрдөн шалгах болон прокурорын шатанд танилцуулахад хохирогч М.О гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бол шүүгдэгч Н.Э нь хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн  гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийг түлхэх явцад хохирогч газар унахдаа түүний баруун гарын шуу яс цуурч гэмтсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүгдэгч Н.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бий болсон ба шүүх шүүгдэгчид тус зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээний түвшинд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгосон нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн  хэр хэмжээнд нь тохирсон, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Н.Эд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчимд нийцсэн, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1 дүгээр зүйлд “ялтан торгох ялыг шүүх хугацаа заагаагүй бол 90 хоногийн хугацаанд,  хэсэгчлэн  төлөхөөр хугацаа тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасанд нийцээгүй байна.

Тодруулбал эдгээр хуулиудад зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сараас 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж болох боломжийг шүүгдэгчид олгох  эрх хэмжээ шүүхэд байхад шүүх хуульд зааснаас богино буюу 1 сарын хугацааг  тогтоож өгсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан гэх нөхцөл бий болсон байх тул энэ үндэслэлээр бичсэн прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэв.

Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 сарын...” гэснийг “... 3 сарын...” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг хангасугай.             

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС