Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2015/0036

 

С.Оы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 520 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Оы нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хяналтын албаны даргаар ажиллаж байсан. 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/203 тоот тушаалын "нэг дэх" хэсэгт Нийгмийн даатгалын төв байгууллагын зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан өөрийнх нь хүсэлтийг харгалзан Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны дарга С.Оыг 2013 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн Сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсугай" гэж хууль зөрчин миний албан тушаалыг бууруулсанд дараахь үндэслэлээр маш их гомдолтой байна. Үүнд: 1. Миний эрхэлж байсан Хяналтын албаны дарга албан тушаалын ангилал нь ахлах түшмэл, зэрэглэл нь ТЗ-9, Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтэн албан тушаалын ангилал нь дэс түшмэл, зэрэглэл нь ТЗ-7 гэж Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан атал намайг үндэслэлгүйгээр захиргааны санаачилгаар тушаал бууруулсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно. 23.1.1-т албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн 23.1.2-т үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж тодорхой хуульчилсан.

... Иймд би шүүхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 тоот тушаалын "Нэг" дэх хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн С. О намайг байгууллагын бүтцийн өөрчлөлт хийхийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүй албан тушаалд томилон ажиллуулах тухай шүүхийн үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна. С.О би тус шүүхэд хандаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 тоот тушаалын "Нэг" дэх хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн С. О намайг уг тушаалаар өөрчлөлт хийхийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүй албан тушаалд томилон ажиллуулах тухай шүүхийн үнэн шийдвэр гаргаж өгөхийг хүсч 2014 оны 7 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны Б/203 тоот тушаалаар миний эрхэлж байсан албан тушаалын цалинг ТЗ-9-5 ангилалаар буюу цалинг бууруулахгүй олгож байсан.

Гэвч миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан илэрхий хууль бус 2013 оны 5 дугаар сарын 02-ний өдрийн Б/203 тоот захиргааны актынхаа үргэлжлэл болгож, уг захиргааны акттай холбоотой хөдөлмөрийн маргаан танай шүүхэд хянагдаж байх үед буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.О надад урьдчилан мэдэгдэхгүй нууцаар Б/218 тоот тушаал гарган С. О миний цалинг ТЗ-7-5 болгон бууруулсан байна. Би энэ тухай 2014 оны 10 дугаар сарын 20-ныөдрийн 16 цаг 30 минутын үед цалин дутуу дансанд орж ирсний дараа нягтлан бодогч Ц.Нээс асууж мэдсэн.

2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн шийдвэрээр ТЗ-9-5 зэрэглэл, шатлалын үндсэн цалин 864211 төгрөг, ТЗ-7-5 зэрэглэл, шатлалын үндсэн цалин 733863 төгрөг болсон өөрөөр хэлбэл зөвхөн 1 сард л гэхэд миний цалингийн зэрэглэл, шатлалын үндсэн цалин 130348 төгрөгөөр, бусад нэмэгдэл 45551.80 төгрөгөөр буурч, нийт 175899.80 төгрөгөөр буурч байгаа юм.

Иймд би шүүхэд дараах нэмэлт нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд; С.О миний цалинг бууруулсан тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын илэрхий хууль бус 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/218 тоот тушаалын С.О надад хамаарах хэсгийг хүчингүй болгож, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш С.О надад дутуу олгогдож буй цалингийн зөрүүг, хугацаандаа олгоогүй цалингийн алдангийн хамт олгуулж өгнө үү ... гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "С.О би одоо Нийгмийн даатгалын ерөнхий газарт хяналтын албаны даргаар ТЗ-9-5 ангилал, зэрэглэл /зэрэг дэв/, цалинтай ажиллаж байгаа. Цаашид төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд миний одоо эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, цалингбууруулахгүйгээр сургалт эрхэлсэн албан тушаалд томилон ажиллуулсан нөхцөлд уг шийдвэрийг зөвшөөрөх болно... гэж гаргасан өөрийнх нь өргөдөл, хүсэлтийг нь харгалзан газрын дарга Ц.УТамгын газрын дарга Р.Н нар хүлээн авч уулзан, харилцан тохиролцсоноор Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийнСургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон.

Тус газар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Нийгмийн даатгалын төв байгууллагын орон тоо, албан тушаал /ажлын байр/-ын жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/390 тоот тушаалаар батлагдсан орон тоогоор ажиллаж байгаа бөгөөд Хяналт шалгалтын газар нь Хяналт шинжилгээ, үнэлгээний газар болон өөрчлөгдөж дарга, орлогч дарга тус бүр нэг, 20 байцаагчийн орон тоогоор батлагдсан. Хяналтын алба бүтцийн өөрчлөлтөд орсон тул С.Оы орон тоо хасагдсан юм. Газрын даргын 2013 оны Б/203 тоот тушаалын "хоёр" дахь хэсэгт "С.Од цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдлийг урьд тогтоосноор, хоол унааны нэмэгдлийг зохих журмын дагуу тус тус тооцож олгох"-оор зааж шийдвэр гаргасан.

С.О нэхэмжлэлдээ " Миний эрхэлж байсан Хяналтын албаны дарга албан тушаалын ангилал нь ахлах түшмэл, зэрэглэл нь ТЗ-9, Засгийн газрын агентлагийн ахлах мэргэжилтэн албан тушаалын ангилал нь дэс түшмэл, зэрэглэл нь ТЗ-7 гэж батлагдсан атал миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын агентлагийн хэлтсийн дарга албан тушаалын ангилал нь ахлах түшмэл, зэрэглэл нь ТЗ-9, ахлах мэргэжилтэн албан тушаалын ангилал нь ахлах түшмэл, зэрэглэл нь ТЗ-7 байхаар батлагдсан. Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан цалингийн сүлжээний шатлал, зэрэглэлээр /хэлтсийн дарга/ ТЗ-9-5-аар үндсэн цалин 751488 төгрөг, ТЗ-7-5-аар үндсэн цалинг 638142 төгрөг байхаар баталсан. С.Оы урьдах албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тул одоогийн албан тушаалын цалингаар цалинжих ёстой боловч өнөөг хүртэл цалинг бууруулаагүй болно.

С.Од өөрийн өргөдөл хүсэлтээ гарга гэсэн дарамт шахалтыг удирдлагын зүгээс үзүүлээгүй, харилцан зөвшилцөж, өөр албан тушаалд томилсон болно.

... Цаашид С.О Төрийн албан хаагчийн ёс зүй, нийгмийн хэв журмыг сахих, Төрийн байгууллага (ажилтан)-ны хэвийн ажиллагаанд саад учруулахгүй байх шаардлагатай.

Иймд С.Оы гаргасан нэхэмжлэлийн дагуу холбогдох нотлох баримт, бодит байдлыг хянан үзэж, үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 520 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-тзаасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нэг дэх хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлт хийхийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүй албан тушаалд С.Оыг томилохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан НДЕГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/218 тоот Цалин, цалингийн нэмэгдэл шинэчлэн батлах тухай тушаалын С.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацааны дутуу олгогдсон цалин хөлсний зөрүүг зохих хууль, журмын дагуу тооцон нэхэмжлэгчид олгохыг Нийгмийн даатгалын ерөнхийгазарт даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хугацаандаа олгоогүй цалингийн алдангийг олгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...1. Анхан шатны шүүх харьяаллын бус гомдлыг хүлээн авч буруу шийдвэрлэж хууль зөрчив. Нэхэмжлэгч нь ЗХХШ тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх тухай журмын 3 дахь заалтын 4-ийн Б-д зааснаар төрийн албаны салбар зөвлөлөөр шийдвэрлүүлэх байсанд анхан шатны шүүх анхааралгүй алдаа гаргав.

2. Хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа хэд хэдэн удаа гаргалаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн албан хаагч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих эрхтэй. С.О ч энэ эрхээ эдэлж, өөрөө хүсэлт гарган сургалт хариуцсан мэргэжилтэн болсон. Түүнд өмнө хашиж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу цалин, нэмэгдлийг олгосон нь Б/203 дугаар тушаалын хоёрдугаар заалтаас тодорхой харагдана. Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, С.Оыг бусдын шахалт нөлөөллөөр хүсэлтээ гаргасан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Ийнхүү 520 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул ЗХХШ тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь заалтын дагуу хүчингүй болгон хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан талаараа шийдвэрт тусгаагүй байх тул холбогдох өөрчлөлт орууллаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Анхан шатны шүүх С.Оы нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөл шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй гэжээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь С.Оы гомдлыг хүлээн авч хянан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хариу өгсөн бөгөөд ууг Б/203 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны Б/218 дугаар тушаалаар С.Оы цалин хөлсийг бууруулан тогтоосон, өөрөөр хэлбэл хариуцагч нь Б/203 дугаар тушаалаа хүчин төгөлдөр гэж үзэж бууруулсан албан туушаалын цалинг тогтоосон байх тул Б/218 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай С.Оы нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, хоорондоо хамааралтай тушаалуудыг хамт шийдвэрлэх боломжтой гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасныг зөрчөөгүй байна.

Гомдолд ... Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүй өөр албан тушаалд шилжих эрхийг эдлүүлсэн нь Б/203 дугаар тушаалаас тодорхой харагдана гэтэл шүүх С.Оыг хүчээр хүсэлт гаргуулсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн гэжээ.

С.О нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газүрын даргад ... миний эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалинг бууруулахгүйгээр сургалт эрхэлсэн албан тушаалд томилон ажиллуулсан нөхцөлд уг шийдвэрийг зөвшөөрөх болно... гэсэн хүсэлтийг захиргааны байгууллага хуулийн дагуу биелүүлэх боломжгүй юм. Учир нь байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөн үед хангагдах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан тохиолдолд тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, өөрөөр хэлбэл ангилал, зэрэглэл, цалин буурахгүйгээр тухайн албан тушаалд ажиллах, харин мөн зүйлийн 27.2.4-т орон тоо цөөрсөн тохиолдолд зөвхөн цалин бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилогдох нөхцлийг тус тус заажээ. Төрийн захиргааны албан хаагч нь байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөн үед жинхэнэ албан хаагчийн аль баталгаагаар хангуулах талаар саналаа гаргах боломжтой боловч захиргааны байгууллага уг саналыг Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг өөрчилснийг үндэслэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын төв байгууллагын орон тоо, албан тушаал/ ажлын байр/-ын жагсаалтыг шинэчлэн батлахдаа С.Оы ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын нийт орон тоо хасагдаагүй ихэссэн, түүний дотор орлогч /дэд/ дарга буюу С.Оы ажиллаж байсан Хяналтын албаны даргын ангилал, зэрэглэлтэй адил албан тушаалын орон тоог баталжээ.

С.Оы ажиллаж байсан Хяналтын албаны даргын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолт захиргааны байгууллагад байхгүйгээс анхан шатны шүүх тухайн албаны чиг үүргийг шинээр батлагдсан Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дэд даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй харьцуулан үнэлж, Хяналт албаны даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах эрхтэй бөгөөд Хяналтын албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг С.Од гаргаж өгөөгүй ажлын байрны тодорхойлолт байхгүй гэх үндэслэлээр албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд нийгмийн даатгалын ерөнхий газар нь С.Оы хүсэлтийг хүлээн авч юуны түрүүнд ажиллаж байсан орон тоо нь хасагдсан эсэхэд дүгнэлт өгч, чиг үүрэг, төрийн албаны ангилал, зэрэглэл нь хэвээр хадгалагдсан албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу үргэлжүүлэн ажиллуулах боломжтой байжээ. Харин чиг үүрэг нь хэвээр хадгалагдаагүй бол Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу өөр албан тушаалд томилуулах тухай саналыг харгалзахаар байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь С.Оы дээрх хүсэлт, саналыг авч өмнө ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэхийг анхааралгүй, Б/203 дугаар тушаалаар өөр албан тушаалд томилж, улмаар Б/218 дугаар тушаалаар цалин хөлсийг буруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг зөрчсөн байх тул уг тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Оыг зохих албан тушаалд томилохыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин маргаан бүхий захиргааны акт Б/203, Б/218 дугаар тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах-тай огт хамааралгүй, төрийн байгууллагын орон тоо, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан гарсан тушаалууд байх тул уг заалтыг хэрэглэх шаардлагагүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд энэ талаар шийдвэрт заагаагүй байх тул өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 23.1.1, 23.1.2, гэснийг хасч, 5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оы олгогдоогүй байгаа цалин 2012-2014 онд ажлын үр дүнгээр тооцон олгосон, шагнал урамшууллыг тооцон алдангийн хамт гаргуулах, ажлын байрны тодорхойлолт гаргуулах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуулийн 14.1.2-т заасан эрхээ эдлэх шүүхийн шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. гэсэн заалтыг нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ