Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Ж.Чимиддорж,

Хохирогч С.Мягмарсүрэн, Шүүгдэгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005270306 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Буурал овогт Баясгалангийн Алтанцэцэг, / Регистрийн дугаар: ВГ90072807 /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-24-21 тоот хашааны үүднээс иргэн С.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Самсунг эсб маркийн гар утсыг 2018 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн С.Мягмарсүрэнд 190000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд С.Мягмарсүрэнгийн гар утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна. Би Мягмарсүрэнд утасны үнэ 190000 төгрөгийг төлж хохиролгүй болгож өгнө... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие 2018 оны 7 дугаар сарын 12- ний өдөр А.Чинзоригийн машинд А.Чинзоригоос гадна танихгүй эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Бид нар дэлгүүрээс нэг шил 0,75-тай архи 2 ширхэг 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад аймгийн төвөөс гүүрээр гарч Бумбатын тоосгоны үйлдвэрийн хажууд очиж архи пивоо хувааж уусан. Миний хувьд архи уухгүй гээд пиво уусан. Ингэж байхдаа хамт ирсэн эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй нь танилцсан эрэгтэйг нь Эрдэнэ-очир, эмэгтэйг нь Алтанцэцэг гэж байсан бөгөөд энэ үед манай найз над руу дахин дахин залгаад ярьж миний утасны цэнэг дууссан. Би нөгөө хэдээс утсаараа нэг яриулчих гэхэд жолооч Чинзориг утсаа дэлгүүрт барьцаанд тавьсан байхгүй гээд нөгөө Эрдэнэ-очир гэх залуу болохоор миний утас нэгж байхгүй гээд тэр эмэгтэйгээс асуусан чинь бас нэгж байхгүй харин чи миний утсанд симээ хийгээд ярьчих гэхэд нь би өөрийнхөө сим картыг тэр Алтанцэцэгийн утсанд хийж утсаар ярьж байсан чинь Алтанцэцэг нь утсаа авъя гээд байхаар нь буцааж өгөөд өөрийнхөө утсыг унтарсан учир цүнхнийхээ дотор талын уутанд хийгээд цахилгааныг нь татсан байсан. Ингээд байж байтал орой болж нөгөө хэд тэнд хонох юм яриад байхаар нь би энд юу гэж хонодог юм гэр орон луугаа явна гээд явах болж аймгийн төвд 21-22 цагийн үед орж ирээд А.Чинзоригийн гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхэд Алтанцэцэг өөрийнхөө гар утсаар яриад гараад явсан. Би өөрийнхөө гар утсыг асаагаад үзье гэж бодоод гар утсаа цүнхнээсээ гаргаад сим гаргадаг, хатгадаг зүүг нь хайгаад байж байтал Алтанцэцэг нь найз нь онгойлгоод өгье гээд миний гараас миний гар утсыг аваад машинаас буугаад зугтаасан. Тэгэхэд нь би Алтанцэцэг миний гар утсыг аваад зугтаачихлаа гэхэд надтай хамт Эрдэнэ-очир Алтанцэцэгийн араас гүйгээд гудамжны үзүүрт ирэхэд байхгүй байсан. Тэгээд буцаад машин дээр ирэхэд А.Чинзориг нь би гэрийг нь мэднэ машинаа эрүүл жолоочид бариулаад гэрт нь очъё гээд А.Чинзориг нэг дүүгээ дуудаж машинаа бариулаад Алтанцэцэгийн гэрт очиход Арван мянгатад гэртээ байсан бөгөөд өөрийнхөө гар утсыг цэнэглээд сууж байсан. Тэгээд би гар утсаа авъя гэхэд Алтанцэцэг нь би аваагүй гэхэд хажуугаас А.Чинзориг болон Эрдэнэ-очир нар нь чи аваад зугтаасан биз дээ хүний утас гаргаж өгөөч бид нар харсан гэж хэлсэн боловч би аваагүй гээд байсан. Тэгээд чи утас өгөөч гээд өгөхгүй болохоор нь цагдаад дуудлага өгч цагдаа дээр ирж Алтанцэцэг бид 2-г эрүүлжүүлэхэд хийсэн. Намайг эрүүлжүүлэхэд хийдэг нь би Алтанцэцэгийг утас өгөхгүй болохоор нь өшиглөсөн чинь намайг хүн зодсон байна гээд хийсэн. Ингээд эрүүлжүүлэхэд байхад Алтанцэцэг нь найз банди руугаа хүний утас гуйж яриад наагуур чинь гайтай утас нь байгаа биз дээ гэхэд найз банди нь байх цаанаас нь байгаа байлгүй гэж яриад байсан. Ингээд маргааш нь эрүүлжүүлэхээс гарахад надад утас байхгүй гээд гаргаж өгөөгүй юм. мэдүүлэг / хх-ийн 29-33/, .

.. Цогтоо намайг амбаар дотор байсан гэж бодоод байх шиг байна би машиндаа юм хийж байсан. Одоо надад гомдол алга, эмчилгээний зардал мөнгө барагдуулж өгвөл боллоо. Цогтоо барагдуулж өгнө гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: Б.Алтанцэцэг надад учирсан хохирлыг нөхөн төлсөн учир надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй гэв.

5. Гэрч Д.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад Хөх толгойн голд явж байхад найз А.Чинзоригтой тааралдсан. Чинзориг нь өөрийнхөө цагаан өнгийн суудлын жижиг машинтай явж байсан бөгөөд уулзаад намайг гол гарч ганц хоёр юм ууя гэсэн. Би тэгье гэхэд А.Чинзориг нь нэг хүүхэн лүү утсаар яриад Хөх толгойн голд хүрээд ир гээд нэг хүүхэн ирсэн. Тэр хүүхнийг би таньдаггүй байсан бөгөөд сүүлд нь танилцахад өөрийгөө Алтанцэцэг гэж байсан. Ингээд дараа нь бас нэг танихгүй хүүхэн аваад дэлгүүр орж нэг шил 0,75 архи, 2,5 литрийн 2 ширхэг пиво гэсэн зүйлийг А.Чинзориг өөрийнхөө гар утсыг барьцаанд тавьж авсан. Ингээд бид нар 4-лээ болж Чинзоригийн машинтай аймгаас гүүрээр гарч Бумбатын тоосгоны үйлдвэрийн урд талд байх гол дээр ирж архи пиво уусан. Ингэж байхад сүүлд машинд суусан Мягмарсүрэн гэж хүүхэн утсаа өгөөч утсаар яриад өгье гэхэд нь би нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Алтанцэцэгээс асууж байх шиг байснаа Алтанцэцэгийн гар утсанд өөрийнхөө сим картыг хийгээд хүнтэй яриад байсан. Тэгээд орой болж аймгийн төвд харанхуй болсон байхад орж ирээд Чинзоригийн гэрийн үүдэнд байж байхад машинд арын суудалд Алтанцэцэг, Мягмарсүрэн нар нь сууж байгаад Алтанцэцэг нь Мягмарсүрэнгийн гар утсыг авч байгаа харагдсан яг юу гэж хэлээд авсныг мэдэхгүй би бодохдоо утсаар яриадахъя гээд авсан байх гэж бодож байна. Тэгээд намайг харж байхад Алтанцэцэг нь Мягмарсүрэнгийн цагаан өнгийн ухаалаг гар утсыг нь аваад машинаас буугаад зугтаад явсан. Энэ үед Мягмарсүрэн нь миний утсыг аваад зугтаачихлаа гэж хэлээд машинаас буухад нь би бас бууж Мягмарсүрэнтэй Алтанцэцэгийн араас нь гүйхэд гүйцээгүй, гудамж тойроод алга болсон учир машин дээрээ буцаж ирсэн. Тэгээд Чинзориг Алтанцэцэгийн гэрийг нь мэднэ гэсэн тул гэрт нь бид 2 очиход Алтанцэцэг нь гэртээ байсан бөгөөд Мягмарсүрэн гар утас аваад ир гэхэд Алтанцэцэг нь аваагүй гээд худлаа ухаан алдаж унаад байсан. ..гэх мэдүүлэг / хх-ийн 40-43 /

6. Гэрч А.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэ-Очир, Алтанцэцэг, Мягмарсүрэн бид нар машинд архи уусан. Тэгтэл Алтанцэцэг машинаас буугаад гүйсэн. Араас нь Мягмарсүрэн миний утсыг аваад явчихлаа гээд гүйсэн Эрдэнэ-очир бас машинаас бууж араас нь гүйсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Эрдэнэ-очир, Мягмарсүрэн нар нь араас нь хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлж ирээд надаас гэрийг нь мэдэх үү гэхэд нь би мэднэ гээд гэр лүү нь очиж уулзахад Алтанцэцэг нь гэртээ байсан бөгөөд Мягмарсүрэн гар утас аваад ир гэхэд Алтанцэцэг нь аваагүй гээд байсан. Тэгэхэд Мягмарсүрэн цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд цагдаа тэр 2-ыг хоёулыг нь эрүүлжүүлсэн. Миний хувьд Алтанцэцэг нь Мягмарсүрэнгийн гар утсыг аваад зугтаахыг нь хараагүй. Харин Эрдэнэочир арагшаа харсан сууж байсан болохоор харсан гэсэн. Мягмарсүрэн нь цагаан өнгийн самсүнг эсб маркийн ухаалаг мэдрэгчтэй дэлгэцтэй шинэ гар утастай байсан. Надад хэлэхдээ уг гар утсыг аваад удаагүй байгаа гэж байсан миний хувьд уг гар утсыг нь харахад үнэхээр шинэ гар утас байсан юм. Мягмарсүрэн Алтанцэцэгийн гар утсыг авч ярьдаг нь өөрийнх нь гар утасны цэнэг дууссан гээд авч ярьж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 /

7. Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн:

1. Samsungi S-6 маркийн гар утас нэг ширхэг 190.000 төгрөг гэх шинжээчийндүгнэлт /хх-ийн 23-25 / болон хавтаст хэргийн 90 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Алтанцэцэгийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Алтанцэцэг, хохирогч С.Мягмарсүрэн нарын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн гаргасан дүгнэлтдээ: Хохирол нөхөн төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр доод хэмжээгээр тэнсэж өгөх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны орой Баянхонгораймгийн Баянхонгор сумын 7.24.21 тоот хашааны гаднаас иргэн С.Мягмарсүрэнгийн Самсунг S-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж бусдад 190000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, гэрч А.Чинзориг, Д.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээний 159 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Алтанцэцэг нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Алтанцэцэгийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Б.Алтанцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Алтанцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мягмарсүрэн нь хохирлоо нөхөн төлүүлсэн, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Алтанцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Баясгалангийн Алтанцэцэгийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Буурал овогт Баясгалангийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Б.Алтанцэцэгт зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтанцэцэг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Б.Алтанцэцэг нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйл зааснаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Алтанцэцэг нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Алтанцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ