Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 3050

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/03050

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * байр * тоотод оршин суух Б овогт Ц Эгийн /РД:********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 13-р хороо Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох,

 хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах,

 ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Э миний бие нь 2013 оны 05 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн орлогын тасагт орон тооны бус байцаагчаар ажиллаж эхэлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3-т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны *** тоот захирамжаар баталсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай журмыг мөрдлөг болгоно гэж заасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны *** тоот захирамжаар баталсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч, Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай журмын 2.1-д Татварын Ерөнхий газрын даргын тогтоосон хязгаарт багтаан дүүргийн татварын хэлтэст ажиллуулах ТУБ болон ОТБ байцаагчдын орон тоо, цалин, урамшил, нэмэгдэл, хоол унааны зардлын санг баталж, татварын хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн ТУБ болон ОТБ байцаагчдыг Засаг даргын захирамжаар томилж чөлөөлнө гэжээ.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга нь орон тооны бус байцаагчийг ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэгт энэхүү гэрээг 2016 оны 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн 2017 оны 05-р сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар байгуулав гэж тодорхой заасан байтал хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

Мөн Ц.Э миний бие нь байнгын ажлын байранд үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн заасан ажлын байранд 4 жил хөдөлмөрлөсөн, өөрөөр хэлбэл тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч болон түүний төлөөлөгчийн удирдлагын дор, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс тодорхой хугацаа зааж байгуулсан нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл гэсэн нөхцөл нь хүчин төгөлдөр бус юм.

Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан “хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, cap, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ.

Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1,-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээ байгуулах үүрэгтэй болно.

Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэсэн байдаг.

Ц.Э надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтанд хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэж заасан ч хугацаатай байгуулах үндэслэл, шаардлагаа тодорхойлоогүй болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалтад зааснаар Ц.Э надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хууль тогтоомжоос дордуулсан гэж үзэж байна. Иймд Ц.Э надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь холбогдох хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах, Ц.Э намайг ажил олгогчийн санаачлагаар ажпаас буруу халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-нийг өдрийг хүртэлхи цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уянга, Б.Баттогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын даргын бүрэн эрхийг Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.9-д “үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах” эрхтэй гэж хуульчлан тогтоосон байдаг.

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг нийслэл, дүүргийн татварын газар хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам”-аар тухайн дүүргийн татварын хэлтсийн даргад ОТББ-г томилох, чөлөөлөх эрх олгосон.

Мөн хуулийн 23 дүгээр зүйл 23.1-д "... доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална” гэж заасан. Иймд татварын алба нь босоо удирдлагатай, татварын хэлтэс нь ТЕГ-ын харъяа байгууллага учир холбогдох хууль тогтоомж, Татварын ерөнхий газрын даргын баталсан журам, дүрэмд захирагдан ажилладаг.

Хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 90 дугаар тушаалаар тус хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллуулахаар Ц.Эг томилон харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Тус хэлтэст одоогоор 66 орон тооны бус байцаагч, Нийслэлийн татварын газар 9 дүүрэг, 21 аймагт ОТББ дээрх хууль эрх зүйн зохицуулалтын дагуу хэлтсийн даргын тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. ОТББ нартай Хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаагаар байгуулдаг бөгөөд гэрээний хугацаа дуусахад мөн хугацаагаар ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан үзэж сунгахаар тусгагдсан болно.

Ц.Эгийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 12-нд дууссан тул хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийг үндэслэн цаашид ажиллуулах шаардлагагүй хэмээн үзэж гэрээг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч нь татварын хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн татварын улсын байцаагч болон орон тооны бус байцаагчийг Засаг даргын захирамжаар томилж чөлөөлнө гэжээ. Тэгвэл Ц.Эг ажилд авсан хэлтсийн даргын тушаал хүчингүй, өнөөдөр татварын албанд ажиллаж байгаа бүх ОТББ хууль бусаар ажиллаж байгаа болж байна.

Иймд Ц.Э нь татварын хэлтсийг хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн үйлдэл болж харагдаж байх тул шүүх жинхэнэ хариуцагчийг тодорхойлох шаардлагатай байна.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс нь орон тооны бус байцаагчийн цалин хөлс үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зохицуулалтайн хувьд Засаг дарга төсөвт холбоотой асуудлаар оролцоно.

Хөдөлмөрийн гэрээг шинэчилсэнтэй холбоотой 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр ажил олгогч болон ажилтантай харилцан тохиролцон 2016.11.13-наас 2017.05.13-ны өдрийг хүртэл хугацаагаар шинэчлэн байгуулсан нь 13-ны өдрөөс өмнө гэрээний хугацаа дуусах үндэслэл болж байна. Ажил олгогч 13-ны өдрийг дуустал гэж гэрээ байгуулаагүй учир гэрээний хугацаа зөрчсөн гэх үндэслэл байхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтанд “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна" гэж заасан.

Тус хэлтсээс Ц.Этэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт 8 удаа хугацаатай гэрээ байгуулахад зөвшөөрсөн төдийгүй ямар нэгэн байдлаар энэ асуудлаар гомдол гаргаж байгаагүй тул үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                         

 

ҮНДЭСЛЭХ нь: 

                                                                         

Нэхэмжлэгч Ц.Э нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан  Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах,

 ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин 2,072,000 төгрөг  гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу  Ц.Э нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын   2017 оны 05 дугаар  сарын 12-ний өдрийн Б/50 тоот  “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаалд гомдлоо 2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэв.

 

            Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн 90 тоот “ажилд томилон цалин тогтоох тухай” тушаалаар Ц.Эийг 6 сарын дадлагажих хугацаатайгаар Татвар хураалтын тасагт орон тооны бус байцаагчаар томилж, 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр **** тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж хугацаа сунгагдан хөдөлмөрийн харилцаа үргэлжлэн, 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Орлогын тасагт орон тооны бус байцаагчаар хэвийн нөхцөлөөр сарын үндсэн цалин 500,784 төгрөг, зэрэглэл ТҮ-6-2, хоол, унаа өдрийн 4400 төгрөг байхаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан хоёр тал гарын үсэг зуржээ.

           

Нэхэмжлэгч талаас 2017.03.13-ны огноо бүхий Татварын хэлтэс орлогын тасагт орон тооны бус байцаагч ажил албан тушаалд ажиллахаар хариуцагч талтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн болно.

 

Уг хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “энэхүү гэрээг 2016 оны 11-р сарын 13-ны өдрөөс 2017 оны 05-р сарын 13-ний өдрийг хүртэл 6 сар хугацаатай” гэж хугацаа зааж, гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч нь энэ гэрээг няцаах өөр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба татгалзлалын үндэслэлээ нотлоогүй байна.

 

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг нийслэл, дүүргийн татварын газар хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам”-аар тухайн дүүргийн татварын хэлтсийн даргад орон тооны бус байцаагчийг томилох, чөлөөлөх эрх олгожээ.

 

Мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2-т “...хэлтсийн даргын тушаалаар орон тооны байцаагч ажиллуулж болно. Хэлтсийн даргын тушаалаар орон тооны байцаагчийг томилох, чөлөөлөх, түр чөлөөлөх, сэлгэн ажиллуулах, албан үүргийг хавсран гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгч Ц.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, уг хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч 2017.05.12-ний өдрийн огноотой “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаалаа гаргасан нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол уг гэрээний харилцаа нь заасан хугацаа болсноор дуусгавар болох учиртай гэвч гэрээний хугацаа 2017.05.13-ний өдөр дуусах атал 2017.05.12-ний өдрөөр дуусгавар болгохоор тушаалдаа заасан байна.

 

Ажил олгогчийн 2017.05.12-ний өдрийн “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн гэж шүүх үзлээ.

 

Ажилтан Ц.Э нь төрийн үйлчилгээний ажилтан учир ТҮ-6-2  буюу 518,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хариуцагч маргаагүй болно.

 

Иймд Ц.Эг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүртэлхи 4 сарын цалин 2,072,000 төгрөгийг /518,000*4= 2,072,000/ гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь Ц.Э би байнгын ажлын байранд үүрэг гүйцэтгэдэг гэх боловч түүнийгээ нотлоогүй. Зохигчдын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажил олгогч зүй бусаар давуу байдлаа ашигласан, дан ганц талын хүсэл зориг давамгайлсан гэж үзэх боломжгүй, зохигчид харилцан тохиролцон хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан хөдөлмөрийн харилцаа үргэлжилсээр байжээ.

 

Хариуцагч нар нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ц.Эг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн орон тооны бус байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2,072,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгосугай.

 

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 48,102 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

           5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

        

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ