Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И ББСБ ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д

Хариуцагч: У нарт холбогдох,

 

120,660,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А, нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Д, У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 120,660,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаасаа нэмэгдүүлсэн хүү болох 3,960,000.00 төгрөгөөс татгалзаж, нийт 116,700,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

“Инэл финанс” банк бус санхүүгийн байгууллага нь иргэн Д, У нартай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ0828/1 тоот зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 66,000,000.00 төгрөгийг бизнесийн зориулалтаар, сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Бид, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар БГ/0828/1 тоот барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч Г.Уранбайгалийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, Хүннүгийн гудамж, 603 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 110.42 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай 4 өрөө байрыг барьцаалсан бөгөөд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийцүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Хариуцагч Д, У нар зээлийн гэрээ байгуулснаас хойш 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3,300,000.00 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 30,000,000.00 төгрөг, нийт 48,300,000.00 төгрөгийг төлсөн.

 

Гэвч үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, манай байгууллагыг хохироож байна. Иймд, бидний зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 66,000,000.00 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 50,700,000.00 төгрөг, нийт 117,700,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

 

Хэрэв хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас хариуцагч Д, У нарт холбогдуулан 120,660,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэх тухай 101/ШЗ2017/21511 тоот захирамж гаргаж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Дт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч Уд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардуулж, тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна /х.х-ийн 30-36-р хуудас/.

 

Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч нарт тов хүрээгүй гэсэн үндэслэлээр хойшлуулсан бол 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч нарыг дахин албадан ирүүлэх тухай 101/ШЗ2018/01814 тоот захирамж гаргажээ /х.х-ийн 62, 63, 69, 70-р хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, аль эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Гэтэл хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч И ББСБ ХХК болон хариуцагч Д, У  нар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 66,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 7-10-р хуудас/.

 

Мөн талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Г.Уранбайгалийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, Хүннүгийн гудамж, 603 дугаар байрны 26 тоот хаягт байрлах 110.42 метр квадрат талбайтай, Ү-2204052938 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 4 өрөө байрыг барьцаалсан байна /х.х-ийн 11-14-р хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д  “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч И ББСБ ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид эрх бүхий этгээдээс банк бус санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд бусдад зээл олгохыг зөвшөөрсөн байна /х.х-ийн 15-17-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдүүлэгчээс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний зүйл болох 66,000,000.00 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчдад хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нар энэ талаар маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу тайлбар, татгалзлаа өгөөгүй /х.х-ийн 18-р хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч И ББСБ ХХК болон хариуцагч Д, У нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний дагуу зээлдүүлэгч тал гэрээний зүйл болох нийт 66,000,000.00 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх бөгөөд хариуцагчид уг гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн  242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаас гадна 242.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсний дагуу хариуцагчид тухайн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нарын хэн альнаас эсхүл тэдгээрээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ ёсоор зээлдэгчид нийт 66,000,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд сарын 5 хувийн хүүтэй ашиглаж, сар бүрийн 20-ны өдөр зээлийн хүү /66,000,000x5%=3,300,000/ төгрөгийг төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна /х.х-ийн 10-р хуудас/.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчид өнгөрсөн хугацаанд 48,300,000.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал зээлийн хүүнд суутган авсан нь тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллын дагуу төлнө” гэж заасантай нийцэж байгаагаас гадна хариуцагчид Иргэний хуулийн  216 дугаар зүйлийн 216.4.-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу үндсэн зээлээс төлж байсан гэж маргаагүй /х.х-ийн 19-22-р хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ ийнхүү тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагчид 66,000,000.00 төгрөгийн зээлийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хариуцагчдаас үндсэн зээл, зээлийн хүү болон гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас хариуцагч Д, У нараас үндсэн зээлийн үлдэгдэл 66,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 50,700,000.00 төгрөг гаргуулахыг хүсчээ.

  

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасны дагуу талууд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тохирсон байх тул хариуцагч нар тухайн гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5.-д зааснаар талууд зээлийн хүүгийн хувь хэмжээг сарын 5 хувь байхаар тохирсон байх бөгөөд гэрээнд заасны дагуу хүүг тооцвол. Үүнд:

 

  • 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 26 сарын хугацаанд үндсэн зээл 66,000,000x5%=3,300,000 төгрөг /сарын/. 3,300,000x26 /сар/=85,800,000 төгрөг.

 

  • Үүнээс хариуцагчдын төлсөн 48,300,000.00 төгрөгийг хасвал төлөгдөөгүй зээлийн хүү 37,500,000.00 төгрөг /85,800,000-48,300,000=37,500,000/.

 

Тодруулбал, хариуцагчид үндсэн зээл 66,000,000.00 төгрөг болон түүнийг ашигласан буюу хэтрүүлсэн хугацааны хүүгийн төлбөр 37,500,000.00 төгрөг, нийт 103,500,000.00 төгрөг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн хүү болох 13,200,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6, 4 дүгээр зүйлийн 4.8.-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан /төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцох/-тай нийцэхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа уг хүү болох 3,960,000.00 төгрөгөөс татгалзсан болно.

 

Иймд, хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 66,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 37,500,000.00 төгрөг, нийт 103,500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-иас хариуцагч Д, У нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Г.Уранбайгалийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, аль эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагчид үгүйсгэж, энэ талаар маргаагүй /х.х-ийн 50-53, 56-р хуудас/.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдан гэж тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй юм.     

        

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчдаас үндсэн зээл 66,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 37,500,000.00 төгрөг, нийт 103,500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д, У нараас үндсэн зээл 66,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 37,500,000.00 төгрөг, нийт 103,500,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол /13311/, Хүннүгийн гудамж, 603 дугаар байрны 26 тоот хаят байрлах 110.42 метр квадрат талбайтай, Ү-2204052938 тоот улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 831,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 675,450.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР