Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2019/01835/И |
Дугаар | 001/ХТ2021/00051 |
Огноо | 2021-01-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2021/00051
2021 01 19 001/ХТ2021/00051
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01700 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1441 дүгээр магадлалтай,
*******ы нэхэмжлэлтэй,
Ш.Эрдэнэбатад холбогдох,
Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 34 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015.01.15-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж, 2 өрөө байрыг нь барьцаалж, 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн юм. Тэрээр 2016.01.15-ны өдөр хүртэл зөвхөн хүүгээ төлж байгаад зээлээ дахин 1 жилийн хугацаатайгаар сунгасан юм. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүгээ төлөөгүй болно. 2017.10.18-ны өдөр дахин тэрээр тооцоо нийлж, 34 800 000 төгрөгийг төлнө гэж 1 жилийн хугацаа авсан ч энэ хугацаандаа мөнгөө төлөлгүй хууран мэхэлж, олон жил хохирсон. Иймд хариуцагч*******аас миний авах 34 800 000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 000 төгрөгийн хамт гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* миний бие ******* гэдэг хүнтэй 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь надад зээлэх мөнгө гарахгүй байна гээд 20 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй болно. Харин н.Алтангадас гэдэг хүн миний Хас банкны зээлийн дансанд 12 500 000 төгрөгийг шилжүүлж зээл хааж байсан болно. Түүнчлэн н.Алтангадас нь хариуцагч Хаан банкны миний дансанд 7 450 000 төгрөгийг надтай цуг байхдаа шилжүүлж өгөөд хүүгээ урьдчилж авна гээд мөн өдөр нь бэлнээр 5 000 000 төгрөгийг надаас авсан. Гэтэл нэхэмжлэгч нь н.Алтангадас гэдэг хүний өгсөн мөнгө миний мөнгө байсан гэж надаас нэхсээр байгаад 13 800 000 төгрөгийг авсан. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгчээс огт мөнгө хүлээн авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар*******аас нийт 34 750 000 төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 332 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 331 700 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 50 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1441 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 332 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас мөнгө шаардаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх эсэх, нэхэмжлэгч *******аас хариуцагчид мөнгө шилжигдсэн эсэх, нэхэмжлэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байгаа болно.Хариуцагч******* зээл чөлөөлөх байнгын үйл ажиллагаа эрхэлдэг гэх гэрч Л.Алтангадасын тавьсан зарын дагуу банкны зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх зорилгоор хандаж, Л.Алтангадас хариуцагчийн Хас банкны зээлийн дансанд 12 500 000 төгрөг, Хаан банкны 5006493979 тоот дансанд 7 450 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд хариуцагч******* зээл чөлөөлсний шимтгэл гэж 5 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийн хүү гэж 12 000 000 төгрөгийг төлсөн болно.Харин нэхэмжлэгч Л.Энхтайвантай байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хариуцагч******* миний эзэмшил ашиглалтад огт шилжүүлж өгөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө олгосон талаар санхүүгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 34 750 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч миний өмгөөлөгчтэй оролцох эрхийг минь зөрчиж өмгөөлөгчийн хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэн хууль зүйн туслалцаа авах боломж огт олгоогүйд гомдолтой байгаа болно.Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 1441 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ад холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 34 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн агуулга заажээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр зээлдүүлэгч ******* нь зээлдэгч*******ад 20 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх, зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5%-ийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна.
Гэрээний дагуу зээлдүүлэгч нь Л.Алтангэрэлээр дамжуулж, 20 000 000 төгрөгийг зээлдэгчид өгсөн, гэрээний хугацаа дуусч, хугацаа сунгагдсан, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан боловч зээл төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүүнд 14 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан, хариуцагч зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээ хэрэгжээгүй, *******аас зээлийн мөнгийг аваагүй, Л.Алтангадас гэх хүнээс мөнгө авсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар зохигч Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн, гэрээний хугацаа дуусахад зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилээр сунгасан, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тооцоо нийлэх, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, зээлдэгч******* нь үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүүнд 14 800 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-гээр төлбөр төлөх хугацааг 1 жилээр сунгаж, дээрх 34 800 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн, зээлдэгч үүргээ биелүүлээгүй гэж зээлдүүлэгч 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.
Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдэгч зээлийг хүлээн авсан боловч гэрээгээр тохирсон үүргийг биелүүлээгүй болох нь нотлогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.
Гэрч Л.Алтангадасын ...Хаан банкны өөрийн данснаас*******ад 19 950 000 төгрөгийг өгсөн, үүний 12 500 000 төгрөгийг Хас банкинд хариуцагчийн зээлийн төлбөрт шилжүүлж, бэлнээр 7 450 000 төгрөгийг өгсөн, энэ мөнгө *******ы мөнгө байсан... гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар хариуцагч нь зээлийн төлбөрийг *******д төлөхөө хүлээн зөвшөөрч, төлж байсан нь нотлогдсон байх тул ...зээлдүүлэгч *******аас зээлийн мөнгийг аваагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийхээр товлосон бөгөөд энэ талаар хариуцагчид 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн,******* нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Т.Одонтуяад итгэмжлэл олгосныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг хүртэл хойшлуулжээ.
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс өмгөөлөгчийн оролцох хурал давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, өмгөөлөгч Л.Батжаргалын хүсэлтийг ирүүлснийг шүүх хэлэлцээд хүсэлт баримтаар нотлогдоогүй гэж үзсэн байна.
Хүсэлтэд хавсаргасан баримтад буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч Л.Батжаргал оролцох талаар тусгагдаагүй, тухайн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.Батжаргал оролцож байгааг нотлоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д нийцжээ.
Эрх зүйн туслалцаа авах тухай хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан буюу өмгөөлөгч авах хариуцагчийн эрхийг шүүх хангаснаас гадна өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй нь шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй байх тул ...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчиж, эрх зүйн туслалцаа авах боломж олгоогүй... гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1441 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД