Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/35

 

2019          04            24                                          2019/ДШМ/35

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                              

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Хохирогч: Б.М,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн 1919000350039 дугаартай, 1 хавтас, 132 хуудас бүхий хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19....... оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ....... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, ......., Дорноговь аймгийн ......... сумын 3 дугаар багт оршин суух, урьд  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд 105 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлэгдэлтэй, Их хонгор овогт Ц-ийн Б /РД:ЕВ........2/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ......... гэх газарт байрлах Ц.Б-гийн гэрт боорцог хайрч байсан тогтоотой тосыг өшиглөсний улмаас хохирогч Б.М-гийн биеийг түлж, түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их хонгор овогт Ц-н Бд холбогдох эрүүгийн 1919000350039 дугаартай хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.03.15-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй, мөн хуулийн 17.5 дугаар зүйл, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шүүгчийн захирамж гаргахдаа захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...хорих ялын доод хэмжээ найман жил...” буюу хорих ялын санкцтай хэргүүдэд баримтлах журам болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй улмаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт нэрлэж заагдсан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэж, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудыг хангасан байх шаардлагатай гэж дүгнэн “Захирамжлах нь” хэсгийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгож “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах” заалтыг тусгаж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ц.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэрэг бөгөөд уг хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна гэж заагдсан бөгөөд хуулийн агуулгаас харахад гэм буруутай нь тогтоогдвол шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэхээр хуульчилж өгсөн байхад хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хорих ялын санкцтай тодорхой хэргүүдийг шийдвэрлэх мөн хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэх талаар тусдаа хоёр өөр журмаар зохицуулсан байхад уг хоёр журмыг хольж улмаар хуулийн 17 дугаар бүлэг буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй гэж хориглосон 33 дугаар бүлэг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа болох 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг захирамжлан хольж ажиллагаа явуулахаар шийдвэр гаргасан нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа яллагдагч гэсэн хүн шүүгдэгч гэсэн хуулийн нэр томъёогоор нэрлэгдэж шүүхийн хэлэлцүүлэг явуулсан атлаа уг шийдвэр хүчинтэй байхад эргэж яллагдагчид холбогдох асуудлыг хэлэлцсэн мэтээр хууль зөрчин шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа явагдах ажиллагаа болох эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжлүүлэн явуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа болох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэхэд хамаарагдахгүй нөхцөл байдлыг дурдаж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6  дахь хэсэгт хамаатуулан шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан асуудалд хамаарагдахгүй асуудлын талаар дүгнэлт хийн хуулийг илтэд буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.Б нь 2019.01.03-ны өдрийн 16 цагийн орчим Дорноговь аймгийн Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ....... гэх газарт байрлах Ц.Б-ийн гэрт боорцог хайрч байсан тогтоотой тосыг өшиглөсний улмаас хохирогч Б.М-гийн биеийг түлж, түүний эрх чалаанд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэх бүрэн боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. Шүүх хуралдаан засварласны дараа төлөөлөгч Сайннямбуу над руу утсаар яриад би таны өмнөөс гарын үсэг зурсан та яагаад би зурсан гэж хэлээгүй юм бэ гэж хэлсэн. Биеийн байдлын хувьд гэвэл гомдолтой байна. Сая 70 хувиар групп тогтоосон байгаа. Хэргийн материалтай танилцсан. Шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй, энэ талаар мэдээгүй. Би шинжээчид биеэ үзүүлээгүй, эмнэлэгт хэвтэж байсан. Миний зүүн тал түлэгдсэн, одоо ч гэсэн эдгээгүй байгаа. Таталдаад унтаж чадахгүй, өдөр нь заавал хүн түшиж явна, ганцаараа явж чадахгүй байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангахгүй байна гэж үзээд гурван үндэслэлээр хэргийг буцаасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална гэж заасан учраас анхан шатны шүүхийг энэ заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар хийсэн шинжээчийн дүгнэлтийг хохирогч Мд танилцуулаагүй. М гээд бичсэн асуудал яригддаг. Энэ талаараа хохирогч өөрөө тайлбарлах байх. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг танилцуулах, улмаар оролцогчоос шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх боломжтой гээд эдгээр эрхүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд танилцаагүй, эдгээр эрхүүд нь зөрчигдсөн гэж үзэхээр байгаа юм. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ төрүүлэхээр харагддаг. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэргийн түлэгдэлт гэж үзээд эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан. Хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй, хөнгөн зэргийн гэмтэл гээд үзчихсэн. Биеийн 1% гэж юуг хэлэх юм бэ. Тухайн хүний алганы хэмжээтэйг хэлнэ гэж байгаа. Мг үзсэн эмчийн тэмдэглэлийг картаас харахад биеийн 20%-ийн хэмжээтэй тэнцэх хэмжээний түлэгдэлтийг хамарсан түлэгдэлт байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа энэ хүн маань хөдөлмөрийн чадвараа 70% алдсан гэж 6 сарын хугацаагаар групп тогтоолгосон байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэрэг, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гээд гарчихсан. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй. 4 долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой гэдэг маань үгүйсгэгдээд явж байгаа. Нэгэнт шинжээчийн дүгнэлт танилцуулах, түүнд холбоотой гомдол гаргах зэрэг эрх зөрчигдсөн. Үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангаагүй байх буюу хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон баримт болох шинжээчийн №02/0125 дугаар дүгнэлтийг түүнд танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, хохирогчоос энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилт, зарчимд нийцээгүй байна.

Хэдийгээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” хэрэгт хамаарч байх боловч дээр дурдсан хохирогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй юм.

 Түүнчлэн  “хохирогчийн эрх”-ийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх ноцтой зөрчлийг засуулахаар хэргийг прокурорт буцаах нь “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлэх төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг үндэслэлтэй, үнэн зөв тогтоох  ач холбогдолтой болно. 

Мөн хохирогч түлэгдэлтийн улмаас биед нь өвдөлт, зовиур өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болон хөдөлгөөн хязгаарлагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал буюу эргэлзээтэй нөхцөл байдал бий болж болзошгүй учир прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцнэ.  

Тиймээс ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан байх ба энэ талаар шүүгчээс захирамждаа үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/102 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА