Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Оюунгэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

           Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,

            Иргэдийн төлөөлөгч Д.Цэцэгсүрэн,

           Улсын яллагч С.Цэрэндорж,

            Иргэний нэхэмжлэгч Х.Хүрэлхуяг,

            Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан,

            Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жунай овогт Чимиддоржийн Эрхэмбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201525012885 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 3-1634 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жунай овогт Чимиддоржийн Эрхэмбаяр /РД:УС73022311/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Чимиддоржийн Эрхэмбаяр нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1634 тоотод оршин суух гэртээ Ж.Мөрөндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн далны дээд хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Мөрөндэлгэр утсаар яриад манайд ирэх гэж байгаагаа хэлсэн. Учир нь Хишигчулуунтай эвлэрэх талаар ярих гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэд нар манай гэрт ирээд хоол унд идээд хоорондоо эвлэрэх тухай ярилцаж байснаа эвлэрэхээ болиод гэрээс гараад явсан. Удалгүй Мөрөндэлгэр эргээд 3 шил архи бариад нөгөө хүмүүстэйгээ хамт ирсэн. Тэгээд мах чанасан байсныг идээд тодорхой хэмжээгээр бүгд архи уусан. Би ч бага зэрэг архи уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Хишигчулуун, Бямбадорж, Галсанжамц нар манайхаас явах болсон. Тэгээд би гэрээсээ гаргаж өгсөн. Мөрөндэлгэр манайд машинаа тавьсан байсан тул манай гэрт хонохоор үлдсэн. Тэгээд намайг бие засаад иртэл Мөрөндэлгэр хашаан дотор байхдаа Хишигчулуунд агсам тавина, дахиж архи ууя гэхээр нь би гэртээ оруулах гээд ярилцаж байтал хүзүүнээс татаад уруулнаас хазсан. Тэгээд намайг орилоод байхад тавихгүй байснаа хоёулаа газар унахад миний уруулны тасархайг амандаа аваад үлдсэн. Тэгээд би гэртээ ороод цусаа угаагаад сууж байтал араас орж ирээд ус уухдаа асгаад байхаар нь би цагдаа дуудаж өгөхөөр болоод цагдаа дуудсан. Тэгтэл та нар цагдаа дуудахаараа яадаг юм гээд миний өвчтэй уруул руу түлхээд байхаар нь би “хүний уруул хаздаг хэн бэ чи” гээд хохирогчийн дал руу нь хутгаар хатгасан.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ар гэрийн байдал, бага насны 2 хүүхэдтэйг минь харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Оногдуулсан ялаа эдэлж гараад цаашид амьдралаа авч явахад нас бага үлдэж байгааг минь мөн харгалзан үзнэ үү гэв.

 

Хохирогч Ж.Мөрөндэлгэр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  

...Би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гутал засварын салон ажиллуулдаг юм, Салон ажиллуулахын хажуугаар давхар  орлого олох зорилгоор хөдөө орон нутгаар явж явуулын гутал засвар, түлхүүр, хувилах үйлчилгээ, цахилгаан бараа засварын үйлчилгээ үзүүлдэг юм. Ингээд хөдөө орон нутгаар явж байхдаа багаар үйл ажиллагаа явуулах их ашигтай гэж үзээд баг бүрдүүлсэн юм. Уг багт алт мөнгөний дархан, гэр ахуйн цахилгаан бараа засвар, гар утас засвар, гоо сайханч, үсчин гэх зэрэг баг бүрдүүлсэн. Энэ багаа би “Тусчин” баг гэж нэрлээд Аж үйлдвэрийн яамнаас зөвшөөрлийн бичиг авсан. Энэ багт Отгонцэцэг үсчинээр орж явах болсон. Ингээд хөдөөгүүр үйл ажиллагаа явуулж байгаад 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирээд хэсэг амарсан. Тэгээд ахин хөдөө явахаар бэлтгэж байтал багийн гишүүд надтай яриад гарахаас чинь өмнө Эрхэмбаярынд цуглаад дараагийн үйл ажиллагааны талаар яръя гээд Эрхэмбаярынд уулзацгаасан. Ингээд ажил төрлөө ярилцаад сууж байхад Эрхэмбаяр архи уух санаачлага гаргасан. Тэгээд бид нар архи уухгүй гээд гарцгаасан. Тэгээд 3 шил 0,75 литрийн архи аваад очсон. Тэр архийг бүгд хувааж ууцгаагаад тарцгаах болсон. Тарахын өмнө ахин 1 шил архи авсан байсныгаа ихэнх нь согтоод ууж баралгүй гарсан. Эрхэмбаяр намайг явуулахгүй гээд бид хоёр хашааных нь гадна маргалдаж байгаад л салхинд цохиулаад уусан архиндаа согтоод тасарсан байсан. Тэгээд цааш юу болсныг би санахгүй байна, нэг мэдэхэд намайг Эрхэмбаяр чирээд оруулж байсан, тэгээд гэнэт би сулраад унасан, босч чадахгүй байснаа бүдэг бадаг санаж байна, ахин сэрэхэд Цэргийн Госпитал дээр оёдол тавиулаад байж байсан. Миний биед учирсан гэмтлийг Эрхэмбаяр хутгаар хатгаж учруулсан, гомдол саналгүй, /1хх-14-16х/ гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Х.Хүрэлхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өмнөх шүүх хуралдаан дээр хавтаст хэрэгтэй танилцсан. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжилсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. Миний хүүхэд болох хохирогчийн ар гэрийн байдал нь их хохирч байгаа. Эхний ээлжинд хохирогчийн эмчилгээнд зарцуулах гэж шүүгдэгчээс хашаа байшин, унаж байсан машиныг нь авсан нь үнэн. Шүүгдэгчээс өгсөн гэх 5.900.000 төгрөгийн талаар сайн мэдэхгүй байна. Цаашид хохирогч байнгын хэвтрийн байдалтай, байнгын хүний асаргаанд орж байгаа юм. Одоогоор группийн мөнгө гэж улсаас 128.000 төгрөг авч байгаа. Тэгэхээр би хохирогчийг амжиргааны баталгаажих төвшингийн доод хэмжээний орлоготой болоосой гэж хүсч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд маш их судалгаа хийж, хамгийн хямдаар бодоход Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд 50.000.000-60.000.000 төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр цаашид гарах зардлын тал хувийг шүүгдэгчийн зүгээс эхэлж гаргаж өгөөд дараа нь тал хувийг нь төлж болох байх гэж бодож байна гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Нэхэмжилсэн нэхэмжлэлдээ шүүгдэгчээс хашаа байшин, машиныг нь авсан. Шүүгдэгчийн зүгээс өгсөн гэх 5.900.000 төгрөгнөөс бэлнээр 1.600.000 төгрөг авсан. Эм тарианд их мөнгө өгөөгүй. Би өөрөө хохирогчийг эмнэлэгт сахиж байсан. Би хохирогч болсон нөхрөө Солонгос улс руу эмчилгээнд явуулах гэж шүүгдэгчээс хашаа байшинг нь авсан. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд өдөрт 40.000-50.000 төгрөгийн зардал гарч байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд нийт 10.000.000 төгрөг гарсан. Өмнө нь гаргаж өгсөн баримтаараа шүүгдэгчээс нэхэмжлэлээ шаардаж байна. Одоогоор хохирогчид хийгдэж байгаа эмчилгээний баримтыг гаргаж өгөөгүй байна. Солонгос улсад 50.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх судалгаа гаргасан байгаа. Хохирогч одоогоор ажил хийх чадваргүй болсон. Өмнө нь хохирогч нөхөр маань сард 2.000.0000 төгрөгийн зээлийг банкинд төлдөг байсан. Манай гэр бүл сарын 600.000-700.000 төгрөгийн орлого олдог байсан. Шүүгдэгчийн зүгээс эм тарианд хэдэн төгрөг, ямар эм авч өгч байсан талаар нарийн тооцоо гаргаж бодоогүй гэв. 

           

Гэрч Т.Нямлхагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 11 дүгээр сарын 17-ны оройхон байх цагийг нь сайн санахгүй байна. Би дүү Эрхэмбаярын гэрт сууж  байхад гаднаас 3 залуу, 1 эмэгтэй орж ирсэн. Дүү Отгонцэцэг хоол хийгээд тэд нар хоол идээд гарцгаасан. Гарснаасаа хойш удалгүй хүргэн Эрхэмбаяр луу утасдаад байсан. Тэгснээ удалгүй архи аваад орж ирсэн. Миний жаахан дургүй хүрээд би тэднийг орхиод гэртээ орсон. Орой 22-оос 23 цагийн үед явцгаалаа гээд бүгд гараад явсан. Би гэртээ л байж байсан. Гэхдээ хашаан дотор хүмүүс дуугараад байхаар нь гараад хартал нөгөө Мөрөндэлгэр гэх залуу манай хүргэн Эрхэмбаярыг ахиад нэг шил архи ууя гээд байж байсан. Хүргэн маань тухайн үед нэг их айхтар согтсон зүйл надад ажиглагдаагүй “Одоо болоо биз дээ, гэрлүүгээ яваач” гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Тэгээд байж байтал гадаа дуу чангараад хүн хашгирах дуулдсан. Тэгэхээр нь би гараад шууд гэрт нь гүйгээд орсон, миний хойноос хүргэн Эрхэмбаяр гэртээ гүйгээд ороод ирсэн, араас нь Мөрөндэлгэр гэх нөгөө залуу бас дагаад ороод ирсэн, Мөрөндэлгэр ус ууя гэхээр нь би аяга авч өгсөн, тэгтэл канистартай ус тонгойлгоод гэрээр нэг ус асгаад байсан, хүргэн дүү Эрхэмбаярыг хартал уруул нь хазагдсан юмуу нэг хэсэг газарт өм авчихсан байсан, тэр Мөнхдэлгэр гэх залуу Эрхэмбаярыг хэл амаар доромжлоод дээрэлхээд мангасдаж аваад байсан, би хүний уруул хазчихсан байна шүү дээ гэж хэлээд цагдаа дуудахаар гадагшаа гарсан. Би цагдаа дуудахад цагдаа нар хаягаа нарийн хэл гэсэн, би хаягаа сайн хэлж өгч чадахгүй учраас гудамжинд хүлээж байя гээд цагдаа нарыг тосоод хамт гэртээ дагуулж ирсэн. Цагдаа аваад Эрхэмбаярын гэрт ороод иртэл нөгөө Мөрөндэлгэр гэх залуу газарт доошоо хараад хэвтэж байсан. Цагдаа ирээд түргэн дууд гээд түргэний эмч ирээд хутгалсан газрыг нь үзээд БХХСАХНЭ-т хүргэнэ гээд аваад  явсан. Би эмнэлэг рүү хамт явсан. Би Мөрөндэлгэрээс эхнэрийнх нь дугаарыг аваад эхнэр рүү нь залгаад утсаа авахгүй байсан. Маргааш нь охиных нь утас гээд нэг утас олж яриад хэл хүргэсэн /1хх-19-20х/ гэжээ.

 

Гэрч Т.Отгонцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...Мөрөндэлгэр гаднаас Галсанжамц, Хишигсүрэн, Бямбаа нарын хамт ирсэн, Мөрөндэлгэр нь надтай хамт хөдөөгүүр явж ажил хийдэг байсан, ...хоол цай хийж өгөөд хоол цай идээд ажил төрлөө ярьчихаад явлаа гээд гараад явцгаасан, тэгээд нэг их удалгүй нөгөө 4 чинь 3 шил архи барьчихсан  буцаад ороод ирсэн, 0,75 л хэмжээтэй 3 шил архи байсан. Тэр архийг манай нөхөртэй нийлээд тавуулаа уусан. Нөхөр маань 3 хундага архийг ёс юм гээд уусан. Уусан архиндаа нилээн согтоод ирсэн архи ч дууссан. Ахин нэг шил архи авчирсан юм уу, хаанаас гараад ирснийг би мэдээгүй, ямар ч байсан 4 дэх шил архи гараад ирсэн байсан. Бид тэд нарыг та нар өглөө эрт явах юм чинь эртхэн харьж амарцгаахгүй юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр архийг уугаагүй байхад бүгдээрээ явлаа гээд гарцгаасан. Мөрөндэлгэр ч бас гарсан. Мөрөндэлгэр манай хашаанд машинаа оруулчихсан байсан. Гэр дотор байхдаа Мөрөндэлгэр манай нөхөр рүү агсраад байсан. Гадаа гарсны дараа Мөрөндэлгэр бас хашаан дотор манай нөхрийг архиар шахаад, томроод л байсан. Би гэрээсээ чагнаад л байсан. Тэгтэл гаднаас манай нөхөр хашгираад л гүйгээд ороод ирсэн. Хартал амнаас нь цус гарчихсан байдалтай ороод ирсэн. Тэгтэл Мөрөндэлгэр араас нь гэрт орж ирээд чи хэнтэй нь уугаад, хэнтэй нь уудаггүй юм гээд заамдаж аваад, түлхэж унагаагаад агсраад байсан. Нөхөр маань энэ явдлыг тэвчээд л байсан. Энэ үед манай нөхөр гэнэт уурлаад хүний гэрт ирчихээд, эхнэр хүүхдийн дэргэд хүнийг ингэж доромжлоод байхдаа яахав дээ, хүний уруул хаздаг хэн бэ гэж уурлаад ширээн дээр байсан хутгыг бариад авах шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд Мөрөндэлгэр газарт хэвтээд өгсөн. Би яав гээд хартал нуруунд нь манай нөхөр Ч.Эрхэмбаяр хутгаар хатгачихсан байсан. Доошоо хараад хэвтээд өгөхөөр нь би очоод хартал куртка нь урагдчихсан байхаар нь хутгаараа хатгачихлаа гэж бодсон. Уг нь энэ явдал болохоос өмнө би цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирэх хооронд нөхрийн тэвчээр алдагдсан байна лээ. Болсон асуудалд маш их харамсаж байна. Мөрөндэлгэр сахиуртай байгаа. Бидний зүгээс ч гэсэн сахиж, эмчилгээнд зарцуулсан эм тариаг авч өгсөн. Хагалгаанд хэрэглээрэй гээд 1.800.000 төгрөг өгсөн байгаа. Тэрнээс гадна дэргэдээс нь холдолгүй байнга сахиж байгаа /1хх-22х/ гэжээ.

Гэрч Х.Оюунболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  Тэр өдөр жолооч цагдаагийн ахлах ахлагч Ж.Хадбаатарын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад 23:25 цагт Сүлд-10 станцаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1634 тоотод 2 согтуу хүн зодолдоод байна гэсэн дуудлагыг өгсөн. Дуудлагыг хүлээн аваад очиж шалгахад Ж.Мөрөндэлгэр гэх залуу байшингийн гал тогооны өрөөнд гадуур хувцастайгаа шалан дээр хажуу тийшээ харсан байдалтай хэвтээд хажууд нь уг айлын гэрийн эзэгтэй Отгонцэцэг гэх эмэгтэй мөрийг нь түшээд хажуу тийшээ харуулсан байдалтай явган сууж байсан. Хутгалсан гэх Эрхэмбаяр гэх залуу нь гал тогооны үүдэнд шалан дээр, уруулнаас нь цус гарсан байдалтай, дотуур өмдтэй, согтуу сууж байсан. Хутгалуулсан гэх Мөрөндэлгэр нь дээшээ харж хэвтэх гээд байна гээд эхнэр нь түшээд хажуу тийш харуулаад байж байсан. Би шархыг нь харах гээд доош нь харуулж хэвтүүлээд харахад далны орчимд шарх үүсэж цус гарч байсан. Тийм учраас хэцэн дээр байсан нүүр гарын алчуурыг эвхээд шархан дээр нь тавьж Отгонцэцэгээр бариулсан. Тэгэхэд Ж.Мөрөндэлгэр гэх залуу өөрийнхөө хөлийг мэдрэхгүй байна, эргэж харж болохгүй байна гэж байсан. Тэгээд 103-ын түргэн тусламж руу гэрийнхнээр нь утасдуулж ахин лавлахад дуудлага авсан, машин гарсан гэж хэлсэн. Тэгээд 103-ын эмч ирж үзэх хугацаанд хутгалсан хутгыг хайхад ойр орчимд олдохгүй байсан учраас гэрийнхэн нь шургаалганд хийчихсэн гэсний дагуу түр хураан авах тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Энэ хүнийг хэн хутгалсан юм бэ гэж асуухад Эрхэмбаяр нь би хутгалсан, миний уруулнаас хазахаар нь хутгалсан гэж хэлж байсан. Тэгээд Эрхэмбаярыг гаргаад машинд суулгаад цагдаа жолоочоор харгалзуулаад би буцаж ороод түргэний эмчийг иртэл хүлээгээд хүлээлгэн өгсөн. Түргэний эмч авч явах шаардлагатай гээд носилка дээр тавиад аваад явсан. Хутгалсан гэх Эрхэмбаярыг хутганых нь хамтаар жижүүрийн шуурхай албанд хүлээлгэн өгсөн. Би дуудлаганд очоод тэнд байсан хүмүүсийн нэрийг бичиж авсан байсан. Ж.Мөрөндэлгэр, Ц.Эрхэмбаяр нар нилээн согтолттой байсан /1хх-29-30х/ гэжээ.

Гэрч Л.Галсанжамц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Явуулын ахуйн үйлчилгээний “Тусчин” нэртэй баг байдаг юм. Тэр багийн ахлагч нь Ж.Мөрөндэлгэр юм. Би энэ “Тусчин” багт 2014 оны 04 дүгээр сараас засварчнаар ажиллах болсон. Тэгээд Ж.Мөрөндэлгэртэй танилцсан. Ч.Эрхэмбаярын эхнэр нь болох Отгонцэцэг нь “Тусчин” багт үсчин хийдэг учраас Ч.Эрхэмбаяртай танилууд болсон юм. Ж.Мөрөндэлгэр нь 2 жил баг ахлаад явж байгаа. Зан аашийн хувьд миний бодож байгаагаар элдэв янзын хурц ааш гаргаад байдаггүй, юманд жаахан яаруу хандах гээд байдаг талтай. Тэр яаруу хандах ааш нь нэг суманд цөөн хоногоор үйлчилгээ явуулдагтай холбоотой байж магадгүй юм. Архи дарс нэг их уугаад байхгүй, баг ахлаад явна, өөрөө машинаа жолоодоод явдаг юм. Хааяа амралтын үеэр архи уухаараа хүнтэй сөргөх үг хэлэх хандлага гаргах гээд байдаг талтай хүн байгаа юм. Архи уусан үедээ хүнтэй амархан муудалцах гээд байдаг хүн юм уу гэж би дүгнэдэг юм. Ч.Эрхэмбаярын хувьд бол хамт архи дарс ууж байгаагүй, зүгээр танилын хүрээнд л бие биенээ мэддэг юм. Зан аашийн хувьд дүгнэн хэлж чадахгүй. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хишгээ над руу залгаад Тусчин багийнхан уулзая гэж байна гэхээр нь би хамгийн түрүүнд Хишгээтэй уулзаад Хишгээ бид 2 замаараа Бямбадоржийг аваад Сансарын дугуй засвар дээр Ж.Мөрөндэлгэртэй уулзсан. Мөрөндэлгэр дугуйгаа янзлуулаад байж байсан. Тэгээд бид нийлж аваад Эрхэмбаярын гэрт 17-оос 18 цагийн үед очсон байх гэж санаж байна. Бид Эрхэмбаярын гэрт бөөнөөрөө цуглаад хоол идээд, ажил хэргээ яриад тарцгаасан. Хишгээ, Бямбадорж бид нар салаад явж байхад Мөрөндэлгэр утасдаад өнөөдөр гарах оройтчихлоо, ганцаараа болохоор эвгүй юм, буцаад хүрээд ирээч гэхээр нь бид буцаад явж байхад Мөрөндэлгэр дэлгүүрийн гадаа зогсож байхаар нь уулзаад дэлгүүр ороод дэлгүүрээс 3 шил 0,75л хэмжээтэй архи аваад Эрхэмбаярын гэрт орсон. Тэгээд бөөнөөрөө сууж байгаад 3 шил архи уугаад, хоол унд хийж идэцгээсэн. Сүүлийн архи нь арай дуусаагүй байсан байх. Автобус зогсох дөхчихлөө гээд Хишгээ, Бямбадорж бид нар түрүүлээд явсан. Мөрөндэлгэр машин тэрэг энд байгаа юм чинь эндээ амраад өглөө явна гээд үлдсэн. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна /1хх-35-36х/ гэжээ.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16852 тоот дүгнэлтэд:

1. Ч.Мөрөндэлгэрийн биед зүүн далны дээд хэсгийн шарх, сээрний 1-2 дугаар нугалмын түвшингийн нугасны тасрал, доод мөчдийн саажил, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.              

 3. Дээрх гэмтэл нь хэрэг учралын болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.3 Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 10-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 60% алдагдуулна /1хх-42х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Ч.Эрхэмбаярыг сэжигтэн, яллагдагчаар татаж  байцаасан тэмдэглэл /1хх-56-66х/, хохирогч Ч.Мөрөндэлгэр /1хх-14-16х/, гэрч Т.Нямлхагва /1хх-19-20х/, Т.Отгонцэцэг /1хх-21-22х/, Х.Оюунболд /1хх-29-30х/, Л.Галсанжамц /1хх-35-36х/, иргэний нэхэмжлэгч Х.Хүрэлхуяг /1хх-27-28х/, Б.Өлзийсайхан /1хх-30-31х/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 16852 дугаартай дүгнэлт /1хх-41-42х/, хохирлын баримтууд /1хх-119-137, 182-187,189, 190-202, 221-222, х/, Ч.Эрхэмбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-69х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-70х/,  Ж.Мөрөндэлгэрийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-218-220, 225-229/, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай баримт /хх-224х/, Ч.Эрхэмбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх71-74, 91-93, 242-248х/, фото зураг /1хх-75х/, эд зүйл хурааж авсан тэмдэглэл /1хх-12х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 95-96х, 2хх-ийн 33-35х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь согтууруугаар  2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 3-1634 тоот өөрийн гэртээ уруул хазлаа гэх шалтгаанаар хохирогч Ж.Мөрөндэлгэрийг хутгалж, биед зүүн далны дээд хэсгийн шарх, сээрний 1-2 дугаар нугалмын түвшингийн нугасны тасрал, доод мөчдийн саажил бүхий хүнд гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Хохирогч Ч.Мөрөндэлгэр нь эмчилгээний зардалд баримтаар нотлогдсон 4.866.044 төгрөг, Toyota prius-11 маркийн 39-45 УНҮ улсын дугаартай суудлын  автомашин, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 1634 тоотод байрлалтай  481 метр квадрат газар, хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 30.000.000 төгрөгт тус тус тооцож  авсан, одоогоор гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй боловч  дахин эмчлүүлэх шаардлагатай гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн бөгөөд Ж.Мөрөндэлгэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгахад яллагдагч Ж.Мөрөндэлгэр нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй бөгөөд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жунай овогт Чимиддоржийн Эрхэмбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ч.Эрхэмбаярт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Эрхэмбаярт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Эрхэмбаяр нь урьд  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Мөрөндэлгэрт эмчилгээний зардалд 4.866.044 төгрөг, Toyota prius-11 маркийн 39-45 УНҮ улсын дугаартай суудлын  автомашин, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 1634 тоотод байрлалттай 481 метр квадрат талбайтай газар, 5,5х7,5 хэмжээтэй өвлийн байшин, 6х6 хэмжээтэй 2 автомашины багтаамжтай граж, нүүрсний амбаар, эд зүйл хадгалдаг амбаар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 30.000.000 төгрөгт тооцож өгсөн болохыг дурдсугай.

5. Хохирогч Ч.Мөрөндэлгэр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10,5 см урттай шаргал эрээн өнгийн иштэй, ажлын хэсэг нь 16,5 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Эрхэмбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн,  цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Эрхэмбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ОДОНТУУЛ

               

                                ШҮҮГЧИД                       С.ОЮУНГЭРЭЛ 

                                                          

                                                                               С.ӨСӨХБАЯР