Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 3231

 

 

 

      

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/03231

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * хороо, “С” компаний байранд байрлах “С” ХХК-ний /РД:*****/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо,* хороолол * тоотод оршин суух Д овогт Б Ү /РД:**********/-д холбогдох,

 

 зээлийн гэрээний үүрэгт 36,600,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох БЗД-ийн * хороо * хороолол * тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний  хэргийг  хянан  хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Б.Ү өөрийн эцэг Д.Банкийн хамт 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 24,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийнхээ 20,000,000 төгрөгт нэг сарын 2 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор БЗД-ийн * хороо * хороолол * тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг бөгөөд барьцаалсан хэлбэр нь тухайн үеийн С ХХК-ний захирал А.С өөрийнхөө нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр оруулсан байдаг.

А.С нь 2016 оны 12 сард зуурдаар нас барсан ба компаний удирдлага Г.Э-д шилжсэн.

 

Энэ зээлийг авсанаас хойш Д.Банк, Б.Ү нар нь нэг ч төгрөг компанид төлөөгүй. Зээлийг Д.Банк, Б.Ү нар нь зээлийг хамтарч авсан боловч зээлийн барьцааны байранд Ү амьдарч байгаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Б.Үг хариуцагчаар татаж байгаа болно.

 

Иймд Б.Үгээс үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 12,200,000 төгрөг, нийт 36,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын барьцааны зүйл болох БЗД-ийн * хороо, * хороолол * тоот 2 өрөө үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. хын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ний захирал А.С бид хоёр хамтран амьдарч байхдаа хоёр талаасаа мөнгө гаргаж энэ байрыг авч хамтран эзэмшихээр гэрчилгээ авсан.

Б.Ү А.С нарын дундаас охин  С.а 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Талийгаач 2012 оны 08-р сарын 29-нд 20,000,000 төгрөгийг гаргахдаа хуурамчаар зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулаагүй тухайн мөнгийг байр авахад хэрэглэсэн БЗД-ийн * хороо * хороолол * тоот нэг өрөө байрандаа хамт амьдарч байсан.

 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар бид хоёрын дундын өмч одоо А.С нас барсан болохоор Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нь охин С.а юм.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Үгээс зээлийн гэрээний үүрэгт 36,600,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох БЗД-ийн * хороо * хороолол * тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Хариуцагч Б.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний дундаас гарсан охин С.а өвлөх эрхтэй бөгөөд талийгаачийн эхнэр Г.Э нь “С” ХХК-ний захирлаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“С” ХХК-нь нэг гишүүнтэй захирал А.С нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь №1-01/002531 дугаартай нас барсаны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд “С” ХХК-ний захирлаар /эхнэр/ Г.Э 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр бүртгэгдсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компаний захирлаар Г.Эыг бүртгэсэн Улсын бүртгэлийн ажиллагаа хууль зөрчсөн гэж маргасан боловч захиргааны хэргийн шүүхэд хандаагүй гэж тайлбарласан энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.С, Г.Э нар нь 1989 оны 06 дугаар сарын 10-ний өдөр гэр бүл болсон, нэхэмжлэгч Б.Ү талийгаач А.С нар нь хамтын амьдралтай байсан нь  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 1013 дугаар магадлалаар тогтоогдох бөгөөд  тэдний дундаас охин С.а нь 2015 оны 08 дугаар сарын 17-ний өдөр төрсөн байна.

 

 

“С” ХХК-ний захирал А.С, иргэн Д.Банк, Б.Ү нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 24,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 20,000,000 төгрөгийг 2%-ийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,1% алданги төлөх үүрэгтэйгээр зээлийн гэрээ байгуулан зохигчид гарын үсэг зурж, компаний тамга дарж баталгаажуулжээ.

 

Зээлийн гэрээнд Д.Банк, Б.Ү нар нь гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагчаар Б.Үг татсан байна.

 

Зээлдэгчид 2012 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь “С”ХХК-ний кассын зарлагын ордероор нотлогдох бөгөөд хариуцагч маргаагүй болно.

 

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нар нь төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Б.Үгээс үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 12,200,000 төгрөг, нийт 36,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Учир нь Баянзүрх дүүргийн * хороо * хороолол * тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар үйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Үгээс 36,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С”ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 341,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Б.Үгээс 340,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ