Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 3435

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/03435

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн * хороо * гудамж * тоотод оршин суух Х овогт Б Э /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг Алтан –Өлгийн *** гудамжинд байрлах Баянзүрх дүүргийн *** хороо,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Тамгын газарт холбогдох гэрээний үүрэгт 5,940,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Эд холбогдох 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн гэрээг цуцлах Баянзүрх дүүргийн *** хорооны сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Д.С,хариуцагч Баянзүрх дүүргийн *** хорооны Засаг дарга Д.Э, Баянзүрх дүүргийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Б.Э нь *** хорооны Засаг дарга Д.Этай амаар тохиролцон хашаа болон байрны хаягийг хийж өгөхөөр тохиролцон эдний хүснэгтээр гаргаж өгсөн хаягийн жагсаалтын дагуу 1492 ширхэг хаягийг хийж 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Засаг дарга Д.Э зохион байгуулагч Тэгшжаргал нарт хүлээлгэн өгч 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрөө бичгээр гэрээ байгуулан нэг хаягийг 5000 төгрөгөөр тооцон 1492 ширхэг хаягны төлбөр 7,460,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ний дотор төлөхөөр тохиролцон бичгээр гэрээ байгуулсан.

Бид нар гэрээний үүргээ биелүүлж , бонусанд нь гудамжны 40 ширхэг хаяг, байрны 20 ширхэг хаягийг үнэ төлбөргүй хийж өгсөн. Энэ хаягийн нөхөртэйгээ цуг хийсэн төрийн байгууллага байж маш хариуцлагагүй бид нар удаа дараа мөнгөө нэхэж цувуулж нийт 1,520,000 төгрөг авсан.

Хэсгийн ахлагч нарын хүснэгтээр хүлээлгэн өгсөн төлбөр 2,070,000 төгрөгнөөс 11 хэсгийн ахлагч нарын ажлын хөлс нэг хүний 50,000 тооцон 550,000 төгрөгийг суутган авч бид 1,520,000 төгрөг авсан. Хариуцагч 1492 ширхэг хаягнаас 1422 ширхэгийг авсан гэж байгаа тул 1422 тооцоход татгалзах зүйлгүй.

Баянзүрх дүүргийн *** хороо нь Баянзүрх дүүргийн Тамгын газарт харьяалалтай тэндээс төсөв нь батлагддаг учраас хамтран хариуцагчаар татсан.

Иймд хариуцагч нараас хашааны хаягны төлбөр 5,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч БЗД-ийн *** хорооны Засаг дарга Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ажил гүйцэтгэх гэрээний зүйлд нийт 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцон нийт 7,460,000 төгрөгийг 2015.07.10-ны өдөр хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 11 хэсгийн ахлагчаар номерын тайлан бичүүлж тооцоог гарган ажиллаж байна.

Гэрээнд заасны дагуу 1492 ширхэгийг хүлээлгэн өгнө гэсэн боловч 1422 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Б.Э үүнийг зөвшөөрсөн. Нэхэмжлэгчид 2,350,000 төгрөг төлсөн, одоо 431ширхэг номер 2-3 давхардсан, 521 ширхэг номер зээлээр буюу гар дээр байгаа.

Нэхэмжлэгч 50,000 төгрөгөөр бодон 11 хэсгийн ахлагч нарт 550,000 төгрөг өгсөн гэх боловч 11 хэсгийн ахлагчдаас хэн нь ч гэрээ хийж уг мөнгийг аваагүй гэдгээ хавсралт тайландаа тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч БЗД-ийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай БЗД-ийн Тамгын газар нь энэ хэргийн хариуцагч биш.

            БЗД-ийн *** хорооны Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэсгийн ахлагч нараас мөнгийг хүлээн авсан гэж нэхэмжлэлдээ бичжээ. Манай Тамгын газартай гэрээ байгуулаагүй атлаа төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Харин зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Төсвийн тухай хуульд зааснаар сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлах бөгөөд БЗД-ийн Тамгын газрын төсөвт энэ зардал тусгагдаагүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            БЗД-ийн *** хорооны Засаг дарга Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус дүүргийн *** хороо нь иргэн Б.Этай 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцон, 7,460,000 төгрөгийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх иргэдэд гадна орчин буюу салхи шороо шуурганд тэсвэртэй, шөнө гэрлийн тусгалд ойж гэрэлтэх хаягийг тараах нөгөө талаас 1492 ширхэг хаяг хийх үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан.

            Б.Э нь 1492 ширхэг хаяг хийнэ гэсэн боловч хүлээн авахад 1422 ширхэг байсан үүнийгээ Б.Э хүлээн зөвшөөрсөн. Үүнээс тооцоо хийсэн 470 ширхэг давхардсан буюу шаардлага хангаагүй 431 ширхэг хаяг авчирч өгснийг хэсгийн ахлагч нараар хаяг тараалгах үедээ мэдсэн. Мэдмэгцээ нэхэмжлэгчид хэлж, гэрээг цуцлах тухайгаа мэдэгдсэн.

Тухайн хаягийг худалдан авч байгаа иргэд нь гэрээ байгуулах эрх бүхий этгээд юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг заасан байх бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна гэж заасан. БЗД-ийн *** хорооны Засаг даргатай байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээг цуцлаж өгнө үү гэв.

 

            Б.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: БЗД-ийн *** хорооны 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн матералаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Мөн хуулийн 343.2-т зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Ажил гүйцэтгэгч Б.Э нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хийсэн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэв.

           

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Баянзүрх дүүргийн *** хороо, Баянзүрх дүүргийн Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,940,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Эд холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай БЗД-ийн *** хороо сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн *** хороо нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй 431 ширхэг хаяг нь 2-3 давхардаж гарсан, 1492 ширхэг хаяг гэсэн боловч бид 1422 хаяг хүлээн авсан гэж маргасан.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газар нь манайх энэ хэргийн хариуцагч байх боломжгүй учир нь нэхэмжлэгч Б.Э бидний хооронд ямар нэгэн гэрээний болон гэрээний бус харилцаа үүсээгүй гэж маргасан.

 

 Б.Э нь БЗД-ийн *** хорооны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийн хамт хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч Б.Э хариуцагч БЗД-ийн *** хорооны Засаг дарга нарын хооронд 2015 оны 05 сард 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцон амаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 22-хорооны Засаг дарга Б.Э зохион байгуулагч Ц.Тэгшжаргал нарт хаалганы хаягийг хүлээлгэн өгч бичгээр гэрээ байгуулан төлбөр болох 7,460,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохирч нэхэмжлэгч Б.Э *** хорооны Засаг дарга Б.Э гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулжээ. /х.х-ийн 69/

 

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн *** хороо, нэхэмжлэгч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн матералаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 343.2-т “ ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заажээ.

 

Дээрхи тохиролцооны дагуу хариуцагч БЗД-ийн *** хороо нь “Баянзүрх дүүргийн * хороо гэр хороолол дундах гудамжны хаягжилт” нэрээр нийт 10 хэсгийн 71 гудамжны 1559 хашаа 26 байрны жагсаалтыг хүснэгтээр гарган өгсөнөө хариуцагч зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь уг жагсаалтын дагуу хаягийг хийсэн гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна./х.х-ийн 281-284/

           

            Хариуцагч Баянзүрх дүүргийн *** хороо нь нэхэмжлэгч Б.Эд 2,350,000 төгрөг төлсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хавтас хэрэгт авагдсан хэсгийн байцаагч нарын мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар 2,070,000 төгрөг хүлээн авснаас 11 хэсгийн ахлагч нарын ажлын хөлс 550,000 төгрөгийг суутгаж авсан гэж тайлбарласан нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг 2,070,000 төгрөг хүлээн авсан гэж үзэв.

 

Хавтас хэргийн 70-80 хуудсанд авагдсан баримтаас үзэхэд 1-р хэсгийн ахлагч Д.Алтанцэцэгээс 150,000 төгрөг, Алтан-Өлгийн 2-р хэсгийн ахлагч Аминаагаас 65,000 төгрөг, Алтан-Өлгийн 3-р хэсгийн ахлагч Оюунчимэгээс 185,000 төгрөг, Баруун алтан-өлгийн 1-р хэсгийн ахлагч Пүрэвсүрэнгээс 505,000 төгрөг, Баруун алтан-өлгийн 2-р хэсгийн ахлагч Нямсүрэнгээс 155,000 төгрөг, Баруун алтан-өлгийн 3-р хэсгийн ахлагч Пагмаас 260,000 төгрөг, Зүүн алтан-өлгий 1-р хэсгийн ахлагч Мөнгөнзулаас 10,000 төгрөг, Зүүн алтан-өлгий 2-р хэсгийн ахлагч Золжаргалаас 100,000 төгрөг, Өлгийн 1-р хэсгийн ахлагч Чимгээгээс 120,000 төгрөг, Өлгийн 2-р хэсгийн ахлагч Батсүрэнгээс 375,000 төгрөг, Өлгийн 3-р хэсгийн ахлагч Оюунжаргалаас 140,000 төгрөг, нийт 2,070,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э нь хүлээн авчээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-нд “үйлдвэрлэлийн доголдолтой хаягийг гүйцэтгэгч сольж өгөх үүрэгтэй” гэж заасан атал хариуцагч   Баянзүрх дүүргийн *** хороо нь 431 ширхэг хаяг нь 2-3 давхардсан гэж тайлбарласан ч гэрээнд заасны дагуу солиулах үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзалын үндэслэлээ нотлоогүй байна.

 

Хариуцагч *** хорооны Засаг дарга Б.Э нь 1422 ширхэг хаяг хүлээн авсан гэж маргасныг нэхэмжлэгч нь 1422 ширхэгээр тооцоход татгалзах зүйлгүй, бид бонусанд нь гудамжны 40 ширхэг хаяг, байрны 20 ширхэг хаягийг үнэ төлбөргүй хийж өгсөн гэж шүүх хуралдааны шатанд тайлбарласан тул шүүх 1422 ширхэг хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгрөөр тооцлоо.

 

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн *** хорооноос 5,040,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

            Баянзүрх дүүргийн *** хороо нь 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

БЗД-ийн *** хороо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно гэжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”-г хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх боломжгүй учир нь Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд *** хороог хаягжуулахаар шинээр санаачлан хийсэн ажил гэж тайлбарласан бөгөөд ажлын тайландаа тусгасан байна.

 

Харин Баянзүрх дүүргийн Тамгын газар болон нэхэмжлэгч Б.Э нарын хооронд гэрээний болон гэрээний бус харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч гэж үзэх боломжгүй тул хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн *** хорооноос 5,040,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Эд холбогдуулан Баянзүрх дүүргийн *** хорооны 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр  үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн *** хорооноос 95,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай. 

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ