| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/4143/и |
| Дугаар | 3458 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 3458
| 2017 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/03458 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг * хороо Бурхантын * гудамж * тоотод оршин суух Т овогт Г О /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Да хүрээ зах Авто плаза төвийн *** байрлах “М” ХХК-нд /РД:******/ холбогдох
ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт төлсөн 27,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.З болон “М” ХХК-ний хооронд 2014 оны 10 дугаар сарын *-ний өдөр байгуулагдсан. Уг гэрээний төлбөр 54,000,000 төгрөг бөгөөд гэрээ байгуулахад 24,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын *-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр 07-ний өдөр 500,000 төгрөг, нийт 27,300,000 төгрөгийг гэрээний дагуу гүйцэтгэгч М ХХК-д төлсөн.
З.З нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан түүний хууль ёсны өв залгамжлагч эхнэр Г.О нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр “М” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын *-ний өдөр байгуулсан 01 тоот ажлын байр захиалан бариулах гэрээний шаардах эрх, төлбөр гаргуулах эрх, гэрээнээс татгалзах эрхийг өвлөн авсан болно.
Хариуцагч тал өөрийн нэр дээр нэхэмжлэгчийн захиалсан 18 метр кв үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр гэрчилгээ авсныг хавтас хэрэгт өгснөөр мэдсэн.
Иймд “Ажлын байр захиалан бариулах гэрээ”-ний дагуу төлсөн 27,300,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.З болон “М” ХХК-ний хооронд 2014 оны 10 дугаар сарын *-ний өдөр байгуулагдсан. Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн * хорооны нутагт “Д” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт *-1-* тоотод 18мкв ажлын байрыг барьж хүлээлгэн өгсөн.
З.Згийн эхнэр Г.Оийн нэхэмжлэлтэй хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх саналтай байна. Гэрээний дагуу 54,000,000 төгрөг төлөх ёстой, гэрчилгээ манай компаний нэр дээр гарсан байгаа одоо Г.Оийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Онь хариуцагч “М” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт төлсөн 27,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “М” ХХК-нь нэхэмжлэгч Г.От “Д” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт *-1-* тоотод 18 мкв ажлын байрыг өгч эвлэрэх санал тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
З.З болон “М” ХХК-ний хооронд 2014 оны 10 дугаар сарын *-ний өдөр “Ажлын байр захиалан бариулах гэрээ” байгуулагджээ.
Иргэн З.З нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
З.Згийн эхнэр Г.Онь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр “М” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын *-ний өдөр байгуулсан 01 тоот “Ажлын байр захиалан бариулах гэрээ”-ний шаардах эрх, төлбөр гаргуулах эрх, гэрээнээс татгалзах эрхийг өвлөн авч, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болжээ.
Иргэн З.З “М” ХХК-ний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн матералаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 343.2-т “ ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” мөн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан “Ажлын байр захиалан бариулах гэрээ”-гээр “Д” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарын *-1-* тоотод байрлах 18 мкв ажлын байрыг нийт 54,000,000 төгрөгийг захиалагч нь гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан өдөр 24,500,000 төгрөг хариуцагч “М” ХХК-ний захирал М.Золбоотод, 2014 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 1,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын *-ний өдөр 500,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр 500,000 төгрөг, нийт 27,300,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь мөнгө хүлээн авсанд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.Оийн /захиалагч З.З/ захиалсан Баян зүрх дүүрэг * хороо Шархадны гудамж * байр 1давхарын * тоот хаягт байршилтай18 мкв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 98%-ийн гүйцэтгэлтэйгээр хариуцагч “М” ХХК-нь улсын бүртгэлд бүртгүүлэн 000461549 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан гэрчилгээгээр нотлогдож байна.
Иймд хариуцагч “М” ХХК-аас 27,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас 27,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 294,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ