| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0282/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/291 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч Б.Чулуунхүү, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар Б.Чулуунхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004933243 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй Аяа овогт Баттогоогийн Чулуунхүү / Регистрийн дугаар МА94113091 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Чулуунхүү нь Баянхонгор аймгийн Жинст сумын 5 дугаар багийн нутагт оршин суух иргэн Ж.Гаваарэгзэнгийн хүн байнга амьдрах зориулалтай гэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө манай урд талын хашаанд байдаг иргэн Ж.Гаваарэгзэнгийн эзэнгүй байсныг гэрийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгон орж гэрийн хойморт зурагтын хажуу талд өлгөөтэй байсан мөнгөн хазаарыг авсан. Тухайн манай ээж Солонгос улс руу явчихсан, Улаанбаатар хотод байдаг найз охин дээрээ очих гэхээд мөнгө төгрөг байхгүй байсан болохоор уг хазаарыг зарж мөнгө болгоод Улаанбаатар руу найз охины руугаа явъя гэж бодоод уг хазаарыг хулгайлсан юм. Тэгээд уг хазаарыг зарж борлуулъя гэж бодож байсан боловч шоронд орох байх гэж айгаад хазаарыг авснаас 2-3 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны үед Ж.Гаваарэгзэнд буцааж өгсөн. 2017 оны 09 дүгээр сард Ж.Гаваарэгзэнгийн эхнэр нь Улаанбаатар хот руу мэргэжил дээшлүүлэх сургалтад явсан байсан бөгөөд түүний дараа 2017 оны 10 дугаар сарын 07- 08-ны үед Ж.Гаваарэгзэн Улаанбаатар хот руу явсан болохоор тэдний гэр эзэнгүй байсан. Цоож нь эвдрээгүй зүгээр доошоо мултарчихсан. Тэгээд буцаж гарахдаа буцаагаад цоожоор нь цоожилсон. Тухайн үед би арматурын жижиг төмрөөр цоожийг хөшсөн. Төмрийг тэр үед хаячихсан. Хаана байгаагүй нь одоо мэдэхгүй. өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 82-84/,
2. Шүүгдэгч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Ж.Гаваарэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот явах ажил болоод явсан юм. Тэгээд Улаанбаатар хотод 10 хоноод буцаад Жинст суманд ирээд ирсэн өдрөө айлд хоноод маргааш өглөө нь гэртээ очоод түгжээтэй гэр онгойлгоод орж галаа түлэх гээд гаднаас түлш оруулах гээд явж байхдаа хазаар ер нь байсан байгаа гэж бодоод түлшээ аваад гэртээ ороод хазаараа харт хазаар байхгүй байсан. Тэгээд далд байсан 2 ширхэг мөнгөн аягаа үзсэнд мөн аяганууд байсан. Манай гэрийн хаалганы цоожийг юмаар цохиж онгойлгон ороод гарах дарж түгжээд явсан юм шиг байна лээ. Ямар нэгэн ул мөр гэх зүйл мэдэгдээгүй. Миний хазаар нь хуучин цагийн буюу манай аав эдэлж хэрэглэж байг бөгөөд өвөөгөөс өв дамжин ирсэн битүү мөнгөн тоноглолтой 5 ширхэг зузаан тогоруутай дотор талын оруулга нь хар савхиар хийсэн, хар төмөр нь амгайт байгаа. Зураг нь миний гар утсан дээр байсан утас майн эвдэрсэн сэргээх боломжтой. Миний хазаар манай гэрийн хойморт буюу бурхны хажууд унинд зүйлттэй чөдрийн хамт гогцоолдож өлгөсөн байсан юм. Зөндөө хүн байгаа ах дүү хамаатан садан найз нөхөд гэх зэрэг. Миний алдсан хазаарыг мөнгөн эдлэл эмээл хазаар зардаг үзээд шинэ цагийн Халтар манан хөөрөг 1 ширхэг , мөнгөн тоноглолтой 2 ташуураар сольж болно гэж байсан. Харин үнийн хувьд 4,000,000, 4,300,000 төгрөгт үнэлэгдэнэ. Надад нэмж ярих зүйл байхгүй. . /- 41-44/, ... цагдаад мэдэгдсэний маргааш орой нь би Чулуунхүүгийнхтэй хамт нэхашаанд байх Чулуунхүүгийн хүргэн ахынд нь ороод ганц хоёр пиво уугаад байж байтал Чулуунхүү гаднаас халамцуу орж ирээд надад би чамайг баярлуулах юм хэлнээ гэж хэлээд хоёулаа гаръя гэж хэлсэн тэгээд би дагаж гартал Чулуунхүү би танайх руу ар талын хашаагаар чинь даваад ортол шар үстэй цэнхэр дээлтэй залуу мотоциклоо асаагаад зугтсан тэгээд араас нь дуудтал ууттай юм унагаасан тэгэхээр нь би очоод үзэхэд ууттай хазаар байсан тэгээд би гэртээ авч ирээд хямгадсан гэж хэлсэн би чамд одоо гаргаж өгье гэсэн тэгэхээр нь би эцэг өвгөдөөс үлдсэн юм байгаа юм баярлалаа гээд өнөө шөнөдөө танайд хоног гэж хэлээд маргааш авсан. Өндөр талаа баруун тал гэж ярьдаг миний мэдэхээр баруун хажуу талын айл буюу хамар хашааны айл жижиг модон хаалгатай манай хоёр дундуураа заагласан хамар хашаа татаагүй. Одоо гомдол санал байхгүй алдсан юмаа олсон өөр нэмж ярих зүйл байхгүй /- 46-47/
4. Гэрч Д.Энхдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 10 сарын 21-ны өдөр орой 21 цагийн үед соёлын төвд бүжгэн дээр байж байгаад 23 цаг 20 минутын орчим гэр лүүгээ явсан тэгээд гэртээ хариад амрах гээд хэвтэж байтал буюу 23 цаг 40 минутын үед манай хажуу айл болох Ж.Гаваарэгзэнгийнд хүн түжигнээд байх шиг чимээ гараад байсан тухайн үед би Гаваарэгзэн ирж байгаа юм байх гэж бодсон бөгөөд удалгүй манай энхэр болох Ганболор гэрт ирээд амарсан. Тэгээд маргааш өглөө нь би эхнэр болох Ганболорт урьд шөнө хажуу айлд хүн ирсэн бололтой түжигнээд байсан ирсэн юм байхдаа гэж ярилцаад Оюун багш буюу манай хажуу айл болох Ж.Гаваарэгзэнгийн хадам ээж дээр нь очоод Гаваарэгзэн ирсэн юм уу гэхэд ирээгүй гэсэн бөгөөд би түүнд шөнө тэдний гэрт хүн түжигнээд байсан гэж хэлсэн. Тэр за гэсэн. Намайг гэртээ амарч байхад манай эхнэр соёлын төвд бүжгэн дээр байсан. Би хаяа нэг ордог тэр болгон ороод байдаггүй. Би Гаваарэгзэнгийнд тийм хазаар хараагүй сайн мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн48-50/,
5. Гэрч С.Батдалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 10 сарын 08-аас 09-нийг шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сум руу орох ажилтай Баацагаан сумын иргэн болох Түвшинжаргал гэдэг хүнтэй хамт явж байгаад замдаа Жинст сумаар дайрсан тухайн үед 21 цаг өнгөрч байсан бөгөөд Түвшинжаргалыг нэг хүн таараад дуудсан буюу тэр хүнийг Гаваарэгзэн гэдэг гэсэн. Түвшинжаргалыг таньдаг гээд Түвшинжаргал бид нар дэлгүүрээс нэг шил архи аваад тэдний гэрт очоод нөгөө авсан архиа хувааж уусан бөгөөд тухайн үед Гаваарэгзэн гэх залуутай хамт явсан залуу нь өөрийгөө Чулуунхүү гэж танилцуулсан. Бид нар тэднийд архи ууж ярилцаж суусан тэгээд нөгөө архи ууж дуусахад Түвшинжаргал жаахан амарч байгаад явах уу гэсэнд Гаваарэгзэн гэдэг залуу манай найзтай хамт явчих гэсэн бөгөөд би түүний найз нь буюу Чулуунхүүтэй хамт Богд сум руу шөнө 03 цагийн үед явсан. Тэгээд буцаад Жинст суманд ирэхэд 05 цаг өнгөрч байсан ба би Түвшинжаргалыг явах уу гэсэнд тэр жаахан унтаж байгаад явна гэсэн. Тэгээд би түүний хажуугаар буюу орон дээр нь гараад унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь босоод Гаваарэгзэн бид хоёрт нэг савтай пиво авч өгсөн нөгөө пиво бид нар ууж дуусаад Баянхонгор аймаг руу Түвшийжаргал бид хоёр 10 цаг болж байхад буцсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 51-53/,
6.Гэрч Ч.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би Гадагш гарч ажил хийж байгаад 2017 оны 11 сарын 01-нд Монгол улсад ирээд байж байтал манай охин болох Б.Долгорсүрэн миний гар утас руу залгаад Чулуунхүү буюу манай дунд хүүг хэрэг хийчхээд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчхоод байна гэсэн. Тэгээд би тэр өдөртөө Дархан аймаг руу ээжийнх руугаа явсан бөгөөд манай ээжийн бие нь ядруу байсан юм. Тэгээд Дархан очоод 2 хоноод байж байтал Чулуунхүү буюу манай хүүхэд над руу залгаад би Улаанбаатар хотод ирээд байж байна гэсэн Харин би түүнээс чи хэзээ ирсэн юм бэ гэхэд тэр надад өчигдөр ирлээ та хаана байгаа юм бэ гээд байсан бөгөөд том хүү болох Тулгаад дүүгээ аваад ир би өөрөө аваад очъё гэсэнд Тулгаа тэс оройдоо Дарханд аваад ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 11 сарын 04-ний өдрийн- орой 20 цагийн үед би Чулуунхүүгийн хамт Улаанбаатарт ирээд тэр шөнөдөө хотод хоноод маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад би Драгон буюу тээврийн бирж дээр очоод Баянхонгор аймаг руу явах хоёр хүний билет аваад буцаад ирээд за хоёулаа орой 18 цагийн автобусаар Баянхонгор аймаг явна гэсэнд Чулуунхүү дурамжхан байхаар нь гадагш гаргахгүй байлгаж байгаад тухайн үед би 00 бие засах гээд орсон хойгуур нөгөө авсан байсан автобусны билет мөн цахим үнэмлэхээ аваад гараад явсан байсан тухайн түүний ах нь буюу манай том хүү болох Тулгаа гадагш гараад барьж аваад хэд зохиод авсан Драгоны хамгаалагч хийдэг гэх хоёр хүн ирээд нүүрийг нь угаалгах гээд салгаад 00-ын өрөөнд дагуулаад орсон манай хүү болох Тулгаа яваад өгсөн би шалыг нь арчаад үлдсэн юм. Харин тэр үеэр Чулуунхүү зугтаад алга болсон. Тэгээд тэр оройдоо хүлээгээд ирээгүй буюу би автобусны билет би байсан бөгөөд оройн 18 цагаас Баянхонгор аймаг руу явсан юм. гэх мэдүүлэг. / хх-ийн 55-57/,
8. Гэрч Н.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2018 оны 03 сарын сүүлээр дүү Баатарсүрэнтэйгээ таксинд явж байгаад ЕсөнЭрдэнэ захын хажуу талын Шаргалжуут бөөний төвийн хажуу талаас нэг залуу суугаад надаас мөнгөн эдлэл авдаг хүн байна уу гэж асуусан тэгээд би таньдаг алт мөнгө авдаг ах руу ярихад тэр ах алт мөнгө авахгүй байгаа гээд өөр нэг хүний дугаар өгсөн тэр хүн руу нь би ярьсан чинь би гэртээ байна одоо зах руу явлаа доод зах дээр хүрээд ир гэсэн тэгээд заасан газар нь очиход нөгөө таксинд сууж явсан залуу энд таньдаг хүн явж байна уулзаадахъя гээд манай машинаас буугаад алга болсон тэгэхээр нь би мөнгөн эдлэл авна гэсэн дарханы залуутай /уулзаад сая энд нэг хүн байсан ирээд таксинаас буугаад алга болчихлоо гэхэд наадах чинь сая манай дарханы газрыг ухсан хүн байна гээд цагдаа дуудаад цагдаа нартай манай дүү Баатарсүрэн бид хоёр шөнийн 02 цаг хүртэл хайгаад олдоогүй тэгээд харих гээд явж байтал 2 хүн товчоон дээр хоол идээдэхье гээд манай машинд суугаад хүргүүлсэн тэгсэн тэнд очиход гуанзанд нь нөгөө мөнгөн эдлэл зарна гээд байсан залуу хоол идээд сууж байхаар нь цуг хайж байсан цагдаа руугаа яриад тэгээд түүнийг цагдаад барьж өгсөн. Гартаа нэг мөнгөн эдлэл барьсан байсан яг юу гэдгийг мэдэхгүй надад үзүүлээд энэ мөнгийг зарах гэсэн юм гэж хэлж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/
12. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний оронтооны бус комиссын 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 1. Мөнгөн толгойтой 5-н ширхэг товруутай мөнгөн хазаар нэг ширхэг 900.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 100 урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 27-33 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан 34-38 дугаар хуудсанд авагдсан гар утас битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа харин хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Чулуунхүү нь 2017 оны 11 дугаар сарын 18-29-ний хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 900000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Гаваа-рэгзэн, Д.Энхдалай, С.Батдалай, Н.Оюун нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Чулуунхүүг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Б.Чулуунхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих доод хэмжээг оногдуулж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Чулуунхүүд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинэ чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Чулуунхүүгийн энэ хэргийн учир 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс цагдан хоригдсон хорин нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Харин зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх зүйтэй гэж үзлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Чулуунхүүгийн эзэмшлийн SKY маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Чулуунхүүд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аяа овогт Баттогоогийн Чулуунхүүг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Аяа овогт Баттогоогийн Чулуунхүүг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар ялтан Б.Чулуунхүүд нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Б.Чулуунхүүд нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.Чулуунхүүгийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг / 21 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Чулуунхүү нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Чулуунхүүгийн эзэмшлийн SKY маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Чулуунхүүд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Б.Чулуунхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чулуунхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ