Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 329

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г ХХК ,

 

Хариуцагч: М ХХК  нарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 6,886,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,  хариуцагч Г ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч М ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, С.О, иргэдийн төлөөлөгч Ү.Янжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК  -ийн бараа материалын даатгалын 140000511 тоот гэрээт даатгуулагч “С” ХК, бараа материалын даатгалын 1410000440 гэрээт даатгуулагч Л.А , бараа материалын даатгалын 1410000226 гэрээт даатгуулагч “Ө******* ******* *******” ХХК нар Барс 2 худалдааны төвийн павилоныг түрээслэн ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байх үед 2014 оны 5 сарын 10-ны өдөр Барс 2 худалдааны төвд Г ХХК  -ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас гал гарч С ХК , Л.А , “Ө******* ******* *******” ХХК нарын худалдаалж байсан эд хөрөнгөд хохирол учирсан. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулж С ХК -д 4,000,000 төгрөг, Л.А д 900,000 төгөрг, “Ө******* ******* *******” ХХК-д 1,986,150 төгрөг олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7, даатгалын гэрээний 5.4-т заасны дагуу шаардах эрхтэй. Хариуцлага хүлээх тал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 502.1-д барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтэд гал гаргасан зүйлийн өмчлөгч болох Г ХХК   болон тодорхой хэмжээгээр байцаагч нарын албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй улмаас нөлөөлсөн гэж дурдсан М ХХК  -ийг хариуцагчаар оролцуулсан. Г ХХК   нь шингэрүүлсэн хийн түлш буюу карбон, бутан зэрэг энгийн нүүрсхүчлийн нэгдлээс бүрдэх шатамхай буюу галын тэсрэх аюултай хортой шингэрүүлсэн шатдаг хийн түлш худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн үйл ажиллагааны хэсэгт тусгагдсан байдаг. Хоёр шинжээчийн дүгнэлтэд гал гарсан үндсэн шалтгааныг тогтоосон нөхцөл байдал нь адилхан буюу асаалттай лааны дэргэд хийн холболт хийснаас гал авалцсан гэсэн. Сүүлийн дүгнэлтэд М ХХК   нь албан шаардлагыг биелүүлээгүйгээс гал гарахад нөлөөлсөн байна гэж нэмэгдсэн байсан. Манайх зөвхөн Г ХХК  -д ажил олгогчийн хувиар нэхэмжилж байгаа биш аюултай шатамхай хий борлуулдаг өмчлөгчийнх нь хувьд шаардаж байгаа. Иймд хариуцагч нараас манай олгосон нөхөн төлбөр 6,886,150 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь  Г ХХК  -ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь шинжээчийн 387/1312 тоот дүгнэлтийг гаргаж өгч, энэ дүгнэлтээр хариуцагч нарыг буруутай гэдэг 387/1312 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан байдаг. Тухайн үед хариуцагчаар оролцож байсан этгээдүүд энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зарим нэг зүйлүүд нь тодорхойгүй байна гэж үзээд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хариуцагч Г ХХК  -ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдгийг тогтоогоогүй. Тус дүгнэлтийн 4 дүгээр асуултын хариултад “Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас удаа дараалан шалгалт явуулж ******* худапдааны төвийн захиргаанд өгсөн боловч заасан хугацаанд алдаа дутагдлаа бүрэн засахгүй үйл ажиллагаа явуулсаар байсан нь гал гарах нехцөл бүрдсэн байх үндэстэй байна” гэж тодорхой дүгнэсэн. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр ******* худалдааны төвийн захиргааны буруутай үйл ажиллагаа байна гэдгийг тогтоосон байдаг. Тиймээс нэхэмжлэгч нь ******* худалдааны төвөөс гэм хорын хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй. Мөн тухайн гал гарсан шалтгаан нь н.Б  гэж хүний буруутай үйл ажиллагаа байна, н.Б  нь Г ХХК  -тай ямар нэг холбоогүй гэдгийг дурдсан. Иймд шүүх н.Б ийн өмнөөс Г ХХК  -ийг буруутай гэж үзэх нь зохимжгүй байна.  Нэхэмжлэгчийн тайлбар, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг агуулгаар нь авч үзвэл хэрвээ хөдөлмөрийн гэрээтэй, тухайн ажилтан ажиллаж байгаа тохиолдолд өмнөөс нь хариуцлага хүлээлгэх холбоотой асуудлыг ажил олгогч хариуцах хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 498.1-д ажилтан буруутай гэж үзвэл ажил олгогчид хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий. Энэ агуулгын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгосон. Хэрвээ Иргэний хуулийн 498.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бол зайлшгүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл гэм хор учруулсан гэж байгаа н.Б  гэх этгээд нь Г ХХК  -д хөдөлмөрийн гэрээгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Хөдөлмөрийн гэрээ байгаа эсэх талаар шүүхээс ажиллагаа явуулж Г ХХК  -аас нотлох баримт гаргуулсан. Энэ компанийн ажилтан биш гэдэг нь нийгмийн даатгал болон холбогдох албан бичгүүдээр нотлогдоно. Иймд гэм хор учруулсны хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Хэрвээ мөнгө нэхэмжлэхтэй холбоотой асуудал байгаа бол н.Б аас нэхэмжлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээний дагуу төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлсэн. Буруутай гэдэг нь тогтоогдохгүй байхад үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө бусдаас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Үүний дагуу Г ХХК   нь хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Мөн хуулийн 502.3-д зааснаар өмчлөгч буруугүй буюу хариуцлага хүлээлгэхээргүй байдал нь 502.1-д зааснаар өмчлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий шинжээчийн дүгнэлтүүдэд М ХХК  -ийг нэлээдгүй олон удаа зөрчил арилгуулах шаардлага тавьсан байна. Үүнтэй холбоотой зүйл дээр буруутай үйл ажиллагаа байна гэж хариуцагчаар татсан гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлагад хариу тайлбар өгөхөөс илүүтэй хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн этгээд рүү давшсан байдлаар Г ХХК  -ийг буруутгаж тайлбар өгч байна. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтэд албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэгдсэн. Үүгээр хариуцагч М ХХК  -ийн буруутай үйл ажиллагаа байна гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М ХХК  -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дэлгэрцэцэг, С.Оюунчимэг нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК   нь даатгалын гэрээний дагуу тус компанийн ******* худалдааны төвд гарсан галын улмаас даатгуулагч Сүү ХК, Л. А, Ө******* ******* ******* ХХК зэрэг газруудад нөхөн төлбөр олгосны дагуу хохирол нэхэмжилсэн хэргийн хохирлыг тус компани хариуцах эрх зүйн үндэслэлгүй.Манай компанийг хариуцагчаар татсан нь  Г ХХК  -ийн хариу тайлбарыг үндэслэсэн. Г ХХК   нь хариу тайлбартаа зөвхөн манайд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна, М ХХК   буруутай гэж дүгнэсэн гэсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагад анхнаасаа манай компанид холбогдуулж хариуцагчаар татаагүй байсан. 2014 оны 05 дугаар сарыы 10-ны өдөр гарсан гал түймрийн хэрэгт тухайн компанийн буруутай үйлдлээс шалтгаалсан зүйл байхгүй байна. Тухайлбал: 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Г ХХК  -ийн ажилчид гэх шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн анхан шатны мэдлэггүй хүмүүс харанхуй орчинд асаалттай лааны дэргэд хийн баллоныг холбож байгаад гал алдсан байна” гэсэн. Тухайн өдөр цахилгаангүй байсан нь тус компаниас шалтгаалаагүй. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн Баруун түгээх төвөөс урсгал засвар хийж, ******* зах орчмын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдсан байсан. Урьд өмнө Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас шалгалт явуулж, албан шаардлага, дүгнэлт зэргийг ******* худалдааны төвийн захиргаанд өгсөн боловч үйл ажиллагаа явуулсаар байсан байна гэсэн нь энэхүү газ холбосны улмаас хийн баллоны бөглөө нь мултарснаас алдагдсан хийнд гал авалцаж, гал алдсан үйлдэлтэй хамааралгүй юм. Галын шалтгаан цахилгаанаас болоогүй, хий алдсаны улмаас гал үүсвэрлэн гарсан тул хийнээс болсон. Хийн плитканы ойролцоо амархан шатах зд зүйл байрлаж байхад буюу лаа асаалттай байхад хийн баллоныг холбосон нь буруутай байна. Газ нийлүүлдэг газар нь аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэгтэй бусдад зааварчилгаа өгөх чадвартай албан хаагчидтай, үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд явуулах үндсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах нь наад захын асуудал юм. Газ холбох ямар ч боломжгүй орчинд ямар ч анхан шатны мэдлэггүй хүмүүсээр газыг холбуулж, гал түймэр гарсны дараа хариуцлагаа хүлээхгүй, өөр бусдад хариуцлага хүлээлгэж, юу ч болоогүй мэтээр ярих ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Г ХХК  -ийн тайлбарт н.Б  хариуцах ёстой, Г ХХК  -д хамаагүй гэж байна. Гэтэл Г ХХК  -ийг төлөөлөөд н.Болдбаатар, н.Б  гэж хүмүүс очсон нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хариу тайлбар, албан бичгээр нотлогдож байна. Мөн хөдөлмөрийн гэрээгүй байсан гэдэг нь өөрсдийнх нь тайлбараар нотлогдоно. 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн галын дүгнэлтэд Г ХХК   болон хэрэглэгчийн хооронд хийсэн гэрээ байхгүй. Тухайн өдөр н.Болдбаатар, Н.Б  нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй, энэ талаар анхан шатны мэдлэггүй, хамтран ажиллах гэрээгүй, ямар ч хамааралгүй этгээд байсан гэж дурдсан. Г ХХК  -ийн ажилчид шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэггүй, харанхуй орчинд асаалттай лааны дэргэд хийн баллоныг холбож байгаад гал алдсан байна гэж дүгнэсэн. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг боловч энэ дүгнэлт манайд ирээгүй, хэрэгт авагдсан байхад нь танилцсан. Баллоны хийнээс болж гал гарсан байна гэж аль аль дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд хийн баллоныг холбосонтой холбоотой гал гарч, М ХХК   нь даатгуулагчдад нөхөн төлбөр олгосон нь тус компанитай холбогдолгүй, тус тусдаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Бид гал гарсны улмаас захын барилгын дээврийг иж бүрнээр шинээр галд халдаггүй, шатдаггүй тэсвэртэй материалаар хийсэн, барилгын засварын ажлыг иж бүрнээр хийсэн, үүнтэй холбоотой түрээслэгч нар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй орлогоо алдсан зэрэг их хэмжээний хохирлыг компанид болон түрээслэгчдэд учруулсан. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

           

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК   нь хариуцагч Г ХХК  ,  М ХХК   нарт холбогдуулан гэм хорын хохирол 6,886,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт М ХХК  -ийн “******* худалдааны төвд байрлах цайны газарт гал гарсан байх бөгөөд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 387/1312 дугаартай дүгнэлтэд “...Г ХХК-ийн ажилчид гэх шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн анхан шатны мэдлэггүй хүмүүс харанхуй орчинд асаалттай лааны дэргэд хийн баллоныг холбож байгаад гал алдсан байна”, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 дугаартай Галын шинжээчийн дүгнэлтэд “...уг гал түймэр нь шингэрүүлсэн хийн түлштэй /газ/ баллоныг сольж угсрах үед ил галтай ойрхон ажилласнаас гал гарсан байх үндэстэй байна. ...тухайн цайны газар лаа асаалттай байхад Г ХХК  -ийн ажилчид /гэх/ хийн баллоныг холбох үед баллоны холболт мултарснаас хүчтэй алдагдсан хийнд ил галаас авалцаж улмаар гал түймэр гарсан байх үндэстэй. ...Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас удаа дараалан шалгалт явуулж ...үйл ажиллагааг зогсоох тухай дүгнэлт зэргийг ******* худалдааны төвийн захиргаанд өгсөн боловч заасан хугацаанд алдаа дутагдлаа бүрэн засахгүй үйл ажиллагаагаа явуулсаар байсан нь гал гарах нөхцөл бүрдсэн байх үндэстэй гэж дүгнэж байна” гэжээ. /хх-13-15, 73-75/

 

М ХХК   нь иргэн Л.А тэй 1410000440 дугаартай “Сейф, бараа материалын даатгалын гэрээ”-г 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, “Ө******* ******* *******” ХХК-тай 1410000226 дугаартай “Сейф, бараа материалын даатгалын гэрээ”-г 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, С ХК -тай 1410000511 дугаартай “Сейф, бараа материалын даатгалын гэрээ”-г 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус байгуулсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “******* худалдааны төвд байрлах цайны газарт гарсан галын ослын улмаас даатгуулагчид учирсан хохиролд даатгуулагч С ХК -д 4,000,000 төгрөг, иргэн Л.А д 900,000 төгрөг, “Ө******* ******* *******” ХХК-д 1,986,150 төгрөг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-5, 6, 48, 10, 11, 12, 45, 46, 88/

 

Нэхэмжлэгч М ХХК   нь уг галын ослын улмаас хохирсон даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулсан даатгалын нөхөн төлбөр нийт  6,886,150 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч М ХХК   нь даатгуулагчид даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г ХХК   нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ гал гарахад М ХХК  -ийн “******* худалдааны төвийн буруутай үйл ажиллагаа байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан, шинжээчийн дүгнэлтэд нэр дурдагдсан н.Б  гэх хүн нь Г ХХК  -д хамааралгүй тул хохирлоо уг иргэнээс нэхэмжлэх ёстой гэх тайлбарыг гарган маргасан.

 

Г ХХК   нь М ХХК  -ийн “******* худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан цайны газарт хийн түлштэй баллон /газ/ хүргүүлсэн, тус компанийг төлөөлж тухайн үед дадлагажигчаар ажиллаж байсан н.Б, өөрийн дүү н.Б ийн хамт очиж хийн түлштэй баллоныг газан плиткатай холбох ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь галын шинжээч нарын дүгнэлт болон хариуцагч Г ХХК  -итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд Г ХХК   нь гал гарсан шалтгааны буруутай этгээд нь хөдөлмөрийн гэрээгүй, тус компанид хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч цайны газарт Г ХХК  -аас хүргэж өгч худалдан борлуулсан хийн түлштэй холбоотой бусдад учирсан хохирлыг тус компани хариуцах үүрэгтэй.

 

М ХХК   нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 дугаартай Галын шинжээчийн дүгнэлтэд “...Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч нараас удаа дараалан шалгалт явуулж ...үйл ажиллагааг зогсоох тухай ...дүгнэлт зэргийг ******* худалдааны төвийн захиргаанд өгсөн боловч заасан хугацаанд алдаа дутагдлаа бүрэн засахгүй үйл ажиллагаагаа явуулсаар байсан нь гал гарах нөхцөл бүрдсэн байх үндэстэй...” гэж дүгнэсэн байх боловч М ХХК   галын хяналтын байцаагчийн дүгнэлт, мэдэгдэл, албан шаардлагыг биелүүлээгүйгээс 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус компанитай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан цайны газарт гал гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг асуудалд тус компанийг гэм буруутайд тооцож даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г ХХК  -аас гэм хорын хохиролд 6,886,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК  -д олгож, хариуцагч М ХХК  -д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 502 дугаар зүйлийн 502.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК  -аас гэм хорын хохиролд 6,886,150 /зургаан сая найман зуун наян зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК  -д олгож, хариуцагч М ХХК  -д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,238,4 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 26,711.6 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч М ХХК  -д буцаан олгож, хариуцагч Г ХХК  -аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 125,128.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК  -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                     Н.САРАНГҮН                                             

                                                                                                Т.ЭНХЖАРГАЛ