| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0230/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/241 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэрүүд овогт Чийн Бид холбогдох эрүүгийн 1812005640292 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын .............. газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Гэрүүд овогт Чийн Б/РД:А3....................../
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812005640292 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: * Хохирогч Б.Гын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Мөрөн багийн Хөвс гэх газар
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
байх гэртээ байж байхад Банзай хонь авна гэж ирсэн. Тэгээд байж байтал манай нөхөр Нацагдорж энэ жил төвд өвөлжинө танай доод талын хашааг авдаг юм уу гэж ярихад Банзай тэр хашаагаар яадаг юм хөдөөнөө өвөлжихгүй юу гээд жоохон маргалдаад байж байтал Банзай над руу салаавч гаргаад хэрэлдэж байснаа миний толгой руу нэг удаа цохьтол миний толгой манараад суутал миний үснээс чирэхэд нь Банзаатай хамт явж байсан залуу салгасан. Тэгээд би хажуу айлын дүү Хажигийнд ороод байж байтал хойноос орж ирээд миний хоолойг боогоод чи яасан даварсан новш вэ гэж байгаад гараад явсан. Тэгээд би цагдаа дуудах гээд байж байтал Банзаа хонио барьж авчихаад дахин орж ирээд чи яасан цагдаа дууддаг юм бэ гээд миний үснээс зулгаагаад толгой доош нь хүзүүгээр нугалж дарсан. Тэгээд хамт байсан хүмүүс салгаж байхад миний нүд рүү цохиж миний зүүн нүд хавдсан байсан. Тэгээд тухайн шөнө миний бие өвдөөд сумын эмнэлэгт ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Банзай гэх залуу манай нөхөр Нацагдоржийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Банзай манайхыг сумын төвд өвөлжинө гэхэд танайх сумын төвд өвөлжиж юугаа хийдэг юм гэж хэрэлдэж эхлээд над руу салаавч гаргаж байгаад миний толгой руу шууд гараараа цохьсон. Дараа нь бас Хажиг гэх дүүгийнд орж ирж зодсон. Банзай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед манай нөхөр Нацагдорж, Банзаатай хамт 2 танихгүй залуучууд явж байсан. Банзай намайг Хажигийнд орж зодоход нь Хажиг эхнэртэйгээ хамт байсан. Өөр хүмүүс байгаагүй. Манай гэрт Банзай намайг зодохдоо гараараа миний баруун талын шанаа хэсэгт цохиод мөн үснээс чирч зулгаасан. Хажиг гэх айлд байхад Банзай дахин орж ирээд миний хоолойг багалзуурдаж шахаж боосон. Миний зүүн талын нүд хавдчихсан байсан. Юугаар цохьсонг мэдээгүй. Миний толгой доргилттой хүзүүний зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун хөхний дээд хэсэгт хөхөрч гэмтсэн. Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
* Гэрч А.Нацагдоржийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 20 өнгөрч байхад манай төрсөн эгч Өнөрсайханы том хүү болох Ч.Б нь манайхаас хонь авах гэж ирсэн. Тэгээд манайх сумын төвд хашаа авах талаар ярьж байхад манай эхнэр Б.Гтай маргалдаад байсан. Ч.Б нь манай эхнэрийн толгой руу нэг удаа гараараа цохиод суухаар нь үснээс нь зулгаагаад чирэхээр нь салгаад болиулсан. Манай эхнэр Б.Г хажуу талын айл Хажиг буюу Буянравжихынд ороод байж байхад Ч.Б ороод Б.Гыг үснээс нь бариад авахаар нь дахин салгасан. Тэгээд байж байтал мөн дахин хэрэлдээд Ч.Б Б.Гын үснээс дахин зулгаагаад байхаар нь одоо болиоч чи гэж загнаж байгаад Ч.Бийг явуулсан. Тэгээд тухайн шөнө манай эхнэр Б.Гын бие өвдөөд сумын төвийн эмнэлэгт ирж хэвтсэн. Толгой нь доргисон, зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун хөхний дээд хэсэгт цээжиндээ хөхөрсөн байсан. Өөр бэртэл гэмтэл байгаагүй. Хүзүүгээр нь хөшиж өвдөөд байсан. Гараараа нэг удаа толгой руу нь цохьсон, 3 удаа үсдэж зулгаасан, нүд рүү нь хэзээ цохьсо.нг хараагүй. Толгойг нь сугандаа хавчуулаад хүзүүгээр нь доош нь дарчихсан байсан. Ч.Б 2 залуугийн хамт ирсэн. Тэр хоёр залууг танихгүй. Буянравжих эхнэр Лхагвабатын хамт байсан. Өөр хүн байгаагүй. Ч.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Г, Ч.Б хоёр хашаа авах талаар ярьж байгаад маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/
* Гэрч М.Ганхуягийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Мөрөн багийн төвд Банзай гэх залууд зодуулсан гээд сумын эмнэлэгт ирсэн байна гэж мэдээд очиход Б.Гын зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай баруун хөхний дээд хэсэгт улаасан байдалтай байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Газрын маргаанаас л болсон юм шиг байсан. Тухайн үед би Тариат сумын төвд байсан. Уг явдал Мөрөн багийн төвд болсон. Зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай мөн хөхний дээд хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Толгой тархи өвдөөд байна гэж байгаад 2018 дугаар сарын 14-ний өдөр сумын түргэний машинаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон. Б.Гын нөхөр Нацагдорж, түүний дүү Хажиг гэх залуу эхнэрийн хамт байсан ба Банзай 2 залуугийн хамт байсан гэж ярьж байсан. Банзай Б.Гын хадам эгч Өнөрийн хүүхэд байгаа юм. Ч.Б болон Б.Г хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар дугаар тал/
* Гэрч Б.Лхагвабатын өгсөн: “...Тухайн өдөр Ч.Б 20 цагийн үед манай хотонд ачааны машинтай танихгүй 2 залуугийн хамт ирээд Нацагдорж ахынд орсон. Тэгээд удаагүй байж байхад Нацагдорж ахын эхнэр Б.Г манайд орж ирээд Ч.Б намайг цохиод авчихлаа гээд утасаа өгөөч би цагдаа дуудна гэхээр нь би миний утас нэгжгүй гэж хэлээд байж байтал Ч.Б манайд орж ирээд Б.Г эгчтэй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд Ч.Б Б.Г эгчийн үснээс зулгаагаад татаад байхаар нь тавиач гэхэд Ч.Б тавьсан. Тэр үед Б.Г эгчийн хамарнаас цус дусалж байхад Ч.Б манайхаас гараад машинаа асаагаад явчихсан. Ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй. Намайг Ч.Б цохьчихлоо утсаар чинь ярья гэж орж ирсэн. Ч.Б удалгүй орж ирээд хэрэлдэж байгаад нэг харахад Б.Г эгчийн үснээс зулгаагаад татаж байхаар нь салгасан. Тэгээд салаад байж байхад Ч.Б болон Б.Г эгч нар их удаан хэрэлдсэн. Зодолдож цохилцсон зүйл байхгүй. Б.Г эгч хэрэлдэж байгаад Ч.Б үснээс нь зулгааж байхаар нь болиулсан. Тухайн шөнө Б.Г эгчийн толгой өвдөөд байна гээд түргэн дуудаад болохгүй байна гээд өөрсдөө хүний машин гуйжявсан. Тухайн үед архи согтууруулах ундааны хэрэглэсэн зүйл байхгүй, бүгд эрүүл байсан. Тухайн үед манайд нөхөр Буянравжих бид хоёр байж байхад Б.Г эгч орж ирээд түүний ардаас Ч.Б орж ирсэн. Өөр хүн байгаагүй. Ч.Бийн хонийг Нацагдорж болон манай нөхөр харж байсан. Ч.Б хонь авах гэж ирсэн байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/ Т
Гэрч Ч.Батцэрэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Тариатсумын төвөөсАнхаа, Ч.Б бид гурав машинаар Мөрөн багийн төв рүү Ч.Б өөрийнхөө хонь байдаг айлаас хонь авах гэж явсан. Тэгээд Нацагдорж гэдэг айлд очоод байж байтал Ч.Б руу Нацагдорж гэдэг айлын эхнэр Б.Г гэдэгхүн хэрүүл хийж дайрч байгаад гэрийн баганы дундуур Ч.Б руу нулимхад Ч.Б нэг удаа гараараа цохьсон. Тэгээд хоорондоо барьцалдаад авахаар нь салгасан. Юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна, хэрүүл хийгээд л байсан. Ч.Б нэг удаа гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохьсон, нэг удаа толгойтой үснээс нь зулгааж дарсан. Өөр зодож цохьсон асуудал байхгүй. Ямар гэмтэл бэртэл учирсан талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед Ч.Б, манай найз Анхаа гэдэг залуу, Нацагдорж гэдэг хүн Б.Г гэх эхнэрийн хамт байсан. Өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
*Яллагдагч Ч.Бийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед найз болох Батцэрэн, Анхбаяр нарын хамт Батцэрэнгийн Портер маркийн автомашинтай Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хөвч гэх газар байх ах Нацагдоржийнд хонь авах гэж сумын төвөөс очсон. Тэгээд очоод Нацагдорж ахынд ороод Нацагдорж ахтай танайх хашаа авах гэж байгаа юм уу гээд яриад сууж байтал Нацагдорж ахын эхнэр Б.Г хүний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь та нарын хашаа авах надад ямар хамаа байх вэ тэр хашаа онцгүй хашаа байгаадаа өөр хашаа сонирхох талаар ярихад Б.Г эгч над руу шүлсээрээ нулимаад над руу дайраад байхаар нь би нэг удаа шанаа руу нь гараараа цохиход уйлаад надаас зулгаагаад нүүр ам маажих гээд байхаар нь би үснээс нь зулгаагаад цааш нь түлхээд гэрээс нь гараад Буянравжих ахтай хонио барьж авсан. Тэгээд байж байтал Б.Г Буянравжих ахын эхнэр Лхагвабатыг дуудаад утсаа аваад ир би Бийг цагдаа дуудаж өгнө надад гар хүрсэн мөнгө авч сална гээд орилоод байхаар нь Буянравжих ахынд ороод цай уугаад байж байтал над руу дайраад байхаар нь би дахин үснээс нь зулгааж унагаад Буянравжих ах одоо гар гэхээр нь гэрээс нь гараад сумын төв рүү явсан. Би Б.Г эгчийг хоёр удаа үснээс нь зулгааж татсан. Нэг удаа зүүн шанаа руу нь гараараа цохьсон. Өөр зодож цохьсон зүйл байхгүй. Б.Г эгчийн шанаа нь хөхөрч толгой нь өвдөө байна гэсэн. Улаанбаатар хот орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед миний хамт очсон хоёр залуу болох Батцэрэн, Анхбаяр, Нацагдорж ах, Б.Г эгч, Буянравжих ах, Лхагвабат нар байсан өөр хүн байгаагүй. Анхбаяр гэдэг хүн одоо Улаанбаатар хотод ажил хийдэг. Нацагдорж ахтай та муу хашаа авах гээд байгаа юм бишүү гээд яриад сууж байхад Б.Г эгч хүний амьдрал чамд ямар хамаатай юм гээд над руу дайрч нулимхаар нь би нэг удаа цохиж үснээс нь зулгаасан. Хашаа авах талаар ярьж байхад л Б.Г эгч өөрөө над руу дайрч хэрүүл маргаан үүсгэсэн. Б.Г эгч бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хонь авах зорилгоор л Нацагдорж ахынд очсон. Манай хонийг Нацагдорж ах хардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 474 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Гын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, баруун хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судалсан болно. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Гын”... Банзай миний толгой руу нэг удаа цохьтол миний толгой манараад суутал миний үснээс чирэхэд нь Банзаатай хамт явж байсан залуу салгасан. Тэгээд би хажуу айлын дүү Хажигийнд ороод байж байтал хойноос орж ирээд миний хоолойг боогоод чи яасан даварсан новш вэ гэж байгаад гараад явсан. Тэгээд би цагдаа дуудах гээд байж байтал Банзаа хонио барьж авчихаад дахин орж ирээд чи яасан цагдаа дууддаг юм бэ гээд миний үснээс зулгаагаад толгой доош нь хүзүүгээр нугалж дарсан. Тэгээд хамт байсан хүмүүс салгаж байхад миний нүд рүү цохиж миний зүүн нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Нацагдоржийн“...Ч.Б нь манай эхнэрийн толгой руу нэг удаа гараараа цохиод суухаар нь үснээс нь зулгаагаад чирэхээр нь салгаад болиулсан. Манай эхнэр Б.Г хажуу талын айл Хажиг буюу Буянравжихынд ороод байж байхад Ч.Б ороод Б.Гыг үснээс нь бариад авахаар нь дахин салгасан. Тэгээд байж байтал мөн дахин хэрэлдээд Ч.Б Б.Гын үснээс зулгаагаад байхаар нь одоо болиоч чи гэж загнаж байгаад Ч.Бийг явуулсан. Тэгээд тухайн шөнө манай эхнэр Б.Гын бие өвдөөд сумын төвийн эмнэлэгт ирж хэвтсэн. Толгой нь доргисон, зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун хөхний дээд хэсэгт цээжиндээ хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ганхуягийн “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Мөрөн багийн төвд Банзай гэх залууд зодуулсан гээд сумын эмнэлэгт ирсэн байна гэж мэдээд очиход Б.Гын зүүн талын нүд хөхөрч хавдсан байдалтай баруун хөхний дээд хэсэгт улаасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лхагвабатын”... Тэгээд удаагүй байж байхад Нацагдорж ахын эхнэр Б.Г манайд орж ирээд Ч.Б намайг цохиод авчихлаа гээд утасаа өгөөч би цагдаа дуудна гэхээр нь би миний утас нэгжгүй гэж хэлээд байж байтал Ч.Б манайд орж ирээд Б.Г эгчтэй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд Ч.Б Б.Г эгчийн үснээс зулгаагаад татаад байхаар нь тавиач гэхэд Ч.Б тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батцэрэнгийн”... Тэгээд Нацагдорж гэдэг айлд очоод байж байтал Ч.Б руу Нацагдорж гэдэг айлын эхнэр Б.Г гэдэг хүн хэрүүл хийж дайрч байгаад гэрийн баганы дундуур Ч.Б руу нулимахад Ч.Б нэг удаа гараараа цохьсон. Тэгээд хоорондоо барьцалдаад авахаар нь салгасан. Юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна, хэрүүл хийгээд л байсан. Ч.Б нэг удаа гараараа зүүн шанаа руу нь цохьсон, нэг удаа толгойтой үснээс нь зулгааж дарсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 474 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ч.Бийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Б.Г нь санал хүсэлт байхгүй, гомдолгүй талаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй эвлэрсэн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Ч.Бийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Бид эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэрүүд овогт Чийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР