Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,

Хохирогч М.Бадмаа, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч Ц.Батхуяг, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батхуягт холбогдох 1814004180268 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Тосон овогт Цэрэнпунцагийн Батхуяг, / Регистрийн дугаар:ВС73090314 /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ц.Батхуяг нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 14-03 БНА улсын дугаартай тоёото креста маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны урд талын уулзвар зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт Жолооч гарцаар замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Б.Бадмааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие хохирогч М.Бадмаад учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан. Хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрийнхөө үйлдсэн хэрэгт ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Өөр надад нэмж хэлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 112-113 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батхуяг мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Багаа, Буяннэмэх нар гол дээр хоол хийх гэж намайг дуудсан. Тухайн үед Баянхонгор аймагт тог тасарсан харанхуй, харагдах орчин хязгаарлагдмал байсан. Багаа намайг давсаа мартчихсан байна гэж намайг сандруулсны улмаас хүнийг дайрч гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардлыг төлсөн, үлдэгдэл зардлыг төлөхөөр тохиролцсон байгаа гэв.

3. Хохирогч М.Бадмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би өчигдөр орой буюу 2018.07.19-ний орой 21 цаг өнгөрөөд эмнэлэгт дүүдээ хоол цай өгчхөөд уруудаад алхаж явсан. Тухайн үед би өөрийн охин Нандин-Эрдэнийн хамт явсан юм. Төрийн банкны урд уулзвараар зам хөндлөн гарч явтал гэнэт араас машин гарч ирээд мөргөчихсөн. Тар нар хийгээд ирэхээр нь хүүхдээ хажуу тийш нь түлхээд миний араас мөргөөд хамар дээр нь шидэгдээд эргээд хажуу талаараа унаад босоод ирэхэд хөлөөс нэг юм зүүгдээд наалдчихсан юм шиг харагдсан. Сайн хартал миний хөлийн яс арьсаа сэтлээд гараад ирчихсэн байсан. Би түргэн дуудаачаа гэж орилсон. ..Хүүхдийнхээ хамт туслах зам бараг гарч явтал араас ирээд мөргөсөн...Тухайн үед миний араас мөргөсөн тээврийн хэрэгслийн хамар дээр нь шидэгдээд эргээд урагшаа буюу машины урд талын газарт унахад араас торомз гишгээгүй дахин нэг удлаа мөргөж зогссон. Уусан зүйл анзаарагдаагүй ер нь бол хурдтай ирж мөргөсөн. Торомз гишгээгүй байх. Надад 3.500.000 төгрөгийн хохирол учирсан байгаа үүнийгээ нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 31-34/

Хоолны болон цайны халуун сав хагарсан байсан. Хоолны том халуун савыг 20.000 мянган төгрөгөөр, Цайны халуун савыг 10.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Цайны халуун сав 2.5 литрийн халуун сав байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Бадмаа мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 19-ний эмнэлгийн дотрын тасагт хэвтэж байсан дүүдээ хоол цай аваачиж өгөөд, охинтойгоо зам уруудаад алхаж байсан. 21 цагт эмнэлгээс гараад 21 цаг 30 минутын үед Төрийн банкны явган хүний замаар явж байгаад зам гараад дуусахад Батхуяг араас ирээд мөргөсөн. Тухайн үед охиноо зүүн гартаа хөтөлсөн, баруун талдаа хоолны халуун сав гээд, тортой зүйл барьсан явж байсан. Машинд мөргүүлээд сандраад охиноо түлхээд замын хашлага давуулсан. Тэр дор нь эмнэлэг дуудаад гэмтлийн тасагт хагалгаанд орсон. Хагалгаанд ороход шагайн хэсэг цууралттай, хөлийн урд хэсэг хугараад давхар давхар гэмтэл ослоор авсан. Эхний элжинд ил гарсан шахыг далдлах хагалгаа хийсэн. Тэгээд Улаанбаатар хотын Гэмтэл согогийн газар яаралтай явж эмчлүүл, цаашид энд эмчилгээ хийх боломжгүй гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотын Гэмтэл согогийн үндэсний төв дээр хагалгаанд орсон. Үндсэндээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20 хүртэл сар гаран эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөр, цалингийн зээлээс болоод мөнгөний асуудал байсан учир ажилдаа орсон. Анхандаа явж чадахгүй тэргэнцэртэй явдаг байсан, саянаас хоёр суга таягтай явж байгаа. Миний хохирол баримттай, баримтгүй 8000000 төгрөгийн хохирол гарсан байдаг. Баримттай 5100000 төгрөгийн хохирлыг Батхуягаас нэхэмжилсэн байгаа. Үүнээс 3000000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг Батхуяг бид хоёр ярилцаж тохироод 6 сарын хугацаатай барагдуулахаар тохирсон. Батхуяг боломжоороо хохирол барагдуулаад явж байгаа. Цаашид 3 сар болгон Гэмтэл согогийн үндэсний төвд очиж үзүүлэх, шинжилгээ өгөх, хөлийн хадаас авхуулах эмчилгээний зардал гарна. Батхуяг хохирлоо барагдуулж байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

5. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалшатанд өгсөн: … Би Өчигдөр орой ээж Бадмаагийн хамт ээжийн дүүд хоол өгөөд буцаад гэр лүүгээ алхаж явж байсан чинь төрийн банкны урд явган хүний замаар уулзвараар гараад явж байхад ямар ч гэрэлгүй машин иргэж орж ирээд ээжийг мөргөчихсөн ээж намайг түлхээд өөрөө машинд дайруулчихсан. Тэгээд би ээж рүүгээ очоод харахад манай хөлийн яс нь гарчихсан байсан. Би эмээ өвөө 2-луугаа ээжийнхээ утсаар залгаад утсаа аваагүй эгч Сэдэд рүү залгаж хэлсэн. Тэгээд эмээ өвөө Баянаа эгч, Эба ах 4 цуг ирсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

...Машин дотор 4 эсхүл 5-н хүн байсан байх би сайн мэдэхгүй байна.Үүссэн гэмтэл байхгүй шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

6. Гэрч Ж.Багабандийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Батхуяг ахтай гол хүргүүлэхээр яриад 21:30 минутын орчим гол руу явж байтал давсаа мартчихсан байхаар карт уншдаг дэлгүүр ороодохъё гээд Шар бүрд орохоор явсан. Уруудаж яваад туслах зам руу эргээд л тэр хүнийг мөргөчихсөн. Машинаас гараад тухайн хүн дээр очиж үзэхэд хөлийн шагай хэсэг нь улаан цус болчихсон. Манай найз охин Буяннэмэх цагдаагийн газрын дугаарыг асууж байсан залгасан үгүйг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

7. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тээврийн хэрэгслийн дотор суусан байрлалын хувьд хэлэх юм бол манай аав өөрөө машинаа жолоодоод урд талдаа би суусан юм. Хойно болохоор Буяннэмэх, Багабанди, Цэрэндорж тэд хэд сууцгаасан юм. Тэднийхээс хөдлөөд хоол хүнсний зүйлс авах гээд явж байсан юм. Тэгээд одоо дэлгэрэнгүй хэлэх юм бол “Титэм”-ээс “Шар бүрд” хүнсний дэлгүүр лүү явах урт засмал замын дагуу явж байсан юм /Төв зам гэх/. Төв замаар явж байгаад “Шар бүрд”-рүү эргэх туслах замаар эргэхэд хүн мөргөсөн. Тухайн үед нээх ч хурдтай явж байгаагүй байсан туслах замаар огцом эргэхэд нөгөө хүн байж таараад мөргөсөн юм... Холоос харахад хөлийн яс нь гараад ирсэн мөн цус гоожсон байсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

... Одоо тухайн үеийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 07 дугаар сарын сүүлээр байсан. Аав бид хоёр гэртээ байж байсан чинь оройн 20 цагийн үед байх Баянцагаан сумын залуу манайхтай ах, дүү төрөл садны холбоо байхгүй танил залуу аав руу утсаар залгаад дуудсан юм. Тухайн үед аймгийн хэмжээнд тог тасарсан байсан. Тэгээд бид хоёр гэрээсээ аав өөрийнхөө машинаа жолоодоод бид нар тэдний гэр болох гандангийн урд талын байрнаас Цэрэндорж, Буяннэмэх, Багабанди нарыг очиж авсан юм. Бид нар амьхандаа гол гараад хоол хийж идэх санаатай явж байсан юм. Тээврийн хэрэгслийн дотор суусан байрлалын хувьд хэлэх юм бол манай аав гөрөө машинаа жолоодоод урд талдаа би суусан юм. Хойно болохоор Буяннэмэх, Багабанди, Цэрэндорж тэд хэд сууцгаасан юм. Тэднийхээс хөдлөөд хоол хүнсний зүйлс авах гээд явж байсан юм. Тэгээд одоо дэлгэрэнгүй хэлэх юм бол “Титэм”-ээс Шар бүрд” хүнсний дэлгүүр лүү явах урт засмал замын дагуу явж байсан юм /Төв зам нь Төв замаар явж байгаад “Шар бүрд”-рүү эргэх туслах замаар эргэхэд хүн мөргөсөн. Тухайн үед нээх ч хурдтай явж байгаагүй байсан туслах замаар огцом эргээд нөгөө хүн байж таараад мөргөсөн юм. /хх-ийн 51-53/

8. Гэрч З.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гэртээ байж байгаад тоггүй байсан болохоор 21:00 цаг өнгөрөөд гол дээр очиж хоол идэхээр Батхуяг гэх ахтай гол хүргүүлэхээр яриад 21:30 минутын орчим гол руу явж байтал давсаа мартчихсан байхаар карт уншдаг дэлгүүр ороодохъё гээд Шар бүрд орохоор явсан. Уруудаж байгаад туслах зам руу эргээд л тэр хүнийг мөргөчихсөн. Машинаасаа гараад тухайн хүн дээр очиж үзэхэд хөлийн шагай хэсэг нь улаан цус болчихсон Цагдаад дуудлага өгөх гэтэл утас цэнэггүй байсан. Нэг хүний утас гуйж аваад эмнэлэгт дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

...Тээврийн хэрэгсэл дотор сууж байсан байрлалын хувьд Батхуяг ах өөрөө машинаа бариад хажууд. Банди нь суугаад ард нь би суугаад манай найз банди Багабанди, Цэрэндорж нар суугаад явж байсан... одоо дэлгэрэнгүй хэлэх юм бол “Титэм”-ээс “Шар бүрд” хүнсний дэлгүүр лүү явах урт засмал замын дагуу явж байсан юм /Төв зам гэх/. Төв замаар явж байгаад “Шар бүрд”-рүү эргэх туслах замаар эргэхэд хүн мөргөсөн юм. Жолооч хурдтай явж байгаад огцом эргэх шиг болсон. Явган алхаж байсан өөрөөр хэлбэл тэр мөргүүлсэн гэх хүмүүс болохоор “Шар бүрд”-рүү эргэх замыг хөндлөн гарч байсан юм. Түүнийг болохоор би хэдий хойно сууж байсан ч харсан юм. Жолоочийг өөрөө харж анзаарах байх гэж бодсон чинь тэгээгүй огцом эргээд тэр эгчийг мөргөчихсөн. Төв замаар уруудаад явж байхдаа л хурдтай явж байсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй байна. /Би хэлж мэдэхгүй гэх/ Төв гэрлэн дохио дээр зогсож байхдаа л Шар бүрд рүү зогсоно шүү гэж жолоочид хэлсэн байсан юм. Яг тулгаад хэлсэн зүйл байхгүй. Жолооч хурдаа тохируулаагүйгээс болж зам тээврийн осол гарсан байх гэж бодож байна. Бараг явж байсан эрчээрээ шууд эргэсэн байх хурдаа хасаагүй байх гэж бодож байна. Өнгөрөөгөөд эргээгүй яг замын дагуу эргэсэн Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

9.Гэрч А.Эрдэнэбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Намайг тус газар буюу Төрийн банкны урд уулзвар дээр очиход саарал, цагаандуу өнгөтэй Тоёота креста маркийн тээврийн хэрэгсэл байсан ба ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан өөрөөр хэлбэл Төрийн банкны чиглэл рүү урд талын хамар нь харсан байдалтай байсан юм. Тухайн үед харанхуй байсан болохоор машинд үүссэн эвдрэл болон газарт урссан цус зэрэг зүйлс харагдахгүй байсан. Хэргийн газрын ойр орчмоор болохоор хагарсан хоолны сав харагдаж байсан. Би эхнэр Баянзулаас юу болсон талаар тодруулахад эгч Бадмаа машинд мөргүүлээд хөл нь хугарсан эмнэлэг аваад явсан талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

10.Гэрч Д.Мягмарбүүвэйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тус өдрийн 20-22 цагийн хооронд байх манай ач болох Нандин-Эрдэнэ утсаар залгаад манай ээж машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Өөрсдийгөө төрийн банкны урд талын уулзвар дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хөгшинтэйгөө тийшээ яваад очсон чинь жижиг суудлын тэрэг байсан ба өнгийн хувьд нь саарал өнгөтэй байсан байх. Машины урд хэсгээр манай охин газраар хэвтэж байсан. Манай охин Бадмаагийн зүүн талын шагайн булуу яс нь гарсан нэлээн цус гоожсон байсан...Манай охин хүүхэдтэйгээ зам хөндлөн гараад замын нөгөө талд нь бараг л гарч байхад нь мөргөсөн юм шиг байна лээ. Өөрөөр хэлбэл хурдтай эргэхэд урсгал сөрөөд буюу нөгөө манай хоёрын гарч байсан хэсгээр эргээд манай охиныг мөргөсөн юм байна билээ... гэх мэдүүлэг /ххийн 60-61/

11.Гэрч Г.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 19-21 цагийн үед байх манай ач Нандин-Эрдэнэ утсаар залгаад ээж машинд мөргүүлчихлээ. Хаана бэ гэхэд Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны урд талын уулзвар дээр гэж хэлсэн. Тэгэхээр нь тийшээ хөгшинтэйгөө яваад очсон чинь жижиг суудлын тэрэг байсан ба өнгийн хувьд нь саарал өнгөтэй байсан байх. Машины урд хэсгээр манай охин газраар хэвтэж байсан. Манай охин Бадмаагийн зүүн талын хөлийн тойго нь цухуйсан, тэр хавиар нэлээн цус болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 522 дугаартай шинжээчийн: 1.М.Бадмаагийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, шагайн үе оролцсон мултрал, тархи доргилт, зүүн тохой, шуу, баруун бугалга, тохойд зулгаралт, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай гэмтэл болно. 3.Дээрх гэмтэл тухайн зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт / хх-ийн 74- 75/,

13. “Энх-Нахиа” ххк-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийндугаартай шинжээчийн: 1.Toyota Cresta авто машин нэг ширхэг 4.200.000 гэх дүгнэлт /хх-ийн 83-84/

14. “Энх-Нахиа” ххк-ийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийндугаартай шинжээчийн: 1. Хоолны халуун сав хуучин 20.000 төгрөг 2. Цайны халуун сав 1 ширхэг нь 10.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, ийн 89-90/

15. Баянхонгор аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 18/04 дугаартай техникийн шинжээчийн 1.Тоуота Сгеsta маркийн 14-03 БНА улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг ЕШ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тоормос тэнхлэг хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалт 5,5 мм/м байгаа нь стандартад заасан 5 мм/м хэмжээнээс бага зэрэг их буюу тэнхлэгийн тохиргоо алдагдсан, дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0 мм-ээс байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу элэгдэлт багатай, жолооны хүрдний сул явалт 5 градус буюу Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 10 градусаас бага, хэвийн хэмжээнд, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч нь 2,4-2,5 КН буюу их, зөрүү нь 4,0 хувь, жигд ажиллагаатай, стандартад заасан 20 хувиас бага, зүүн, баруун талын хойд дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч нь 2,0-2,1 КН буюу мөн адил их хэмжээтэй, хүчний зөрүү нь 4,76 хувь буюу 30 хувиас бага байгаа нь уг автомашины урд, хойд тэнхлэг дэх дугуйнуудын тоормос бүрэн, жигд ажиллагаатай байна. Зогсоолын тоормосны идэвхжил нь 9,0 хувь буюу Замын хөдөлгөөний дүрэмд заасан 23 хувиас бага, бүрэн ажиллагаатай байв. Хөдөлгүүрээс гарч буй утааны агаар бохирдуулах хорт хийн хэмжээ нь стандартад заасан хэмжээнээс бага буюу хөдөлгүүр хэвийн ажиллагаатай, автомашины явах анги, тулгуур эд ангиудын ажиллагааг шалгахад ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Дуут дохио, шил арчигч нь бүрэн ажиллагаатай байв. Автомашины гэрэлтүүлэх хэрэгслийг нэг бүрчлэн ажиллуулж шалгахад, зүүн урд талын оврын жижиг гэрэл. эргэх чиг заадаг гэрэл дохионоос бусад гэрэлтүүлэх хэрэгслүүд бүрэн ажиллагаатай байв. Тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МСЮ-ЗС загварын багажаар урд их гэрлийн хүчийг тодорхойлоход зөв талын холын гэрлийн хүч нь 7800 люкс буюу стандартад заасан 10000 люксээс бага 5уюу бүдэг гэрэлтүүлдэг, харин баруун талын холын гэрлийн хүч нь 10100 люкс байгаа нь хэвийн хэмжээнд байв. Харин ойрын гэрлийн тусгалыг гэрлийн багажаар хэмжилтийг тодорхойлдоггүй бөгөөд зүүн, баруун талын ойрын гэрэл нь бүрэн, тусгал сайтай байв. Жолооны хүрдний сул явалт 10 градусаас хэтрээгүй, жолоодлогын системээс тос гоожоогүй, сул хөдөлгөөн багатай байгаа нь жолоодлогын механизмд ямар нэгэн гэмтэл байхгүй. Автомашины урд, хойд тоормос бүрэн, жигд ажиллагаатай байгаа нь сууринтөхөөрөмжөөр шалгах үед хэмжилтээр нотлогдсон, тоормосны системийн битүүмж алдагдаагүй байгаа нь тоормосны ажиллагаанд ямар нэгэн гэмтэл байхгүй байв. Тоёота Сгеstа маркийн 14-03 БНА улсын дугаартай суудлын автомашины техникийн байдлыг суурин тоног төхөөрөмжөөр шалгасан хэмжилтийн үр дүн болон инженерийн ур чадварт тулгуурлан шалгасан байдлаас дүгнэхэд, уг автомашины ажлын болон зогсоолын тоормос, жолоодлогын механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагаа нь зам, тээврийн осол болох үед тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй болохыг тогтоов. Тоуота Сгеstа маркийн 14-03 БНА улсын дугаартай автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр техникийн ерөнхий байдал, хөдөлгүүр, хүч дамжуулах анги эд ангиудын ажиллагааг шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр утааны найрлага дахь хорт хийн хэмжээ, тэнхлэг тохиргоо, урд, хойд ажлын тоормос, зогсоолын тоормос, урд их гэрлийн тусгалын ажиллагааг шалгасан дүгнэлтийг бичиж хүргүүлэв. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-99 /

16. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 16-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн

1. Жолооч Ц.Батхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйд зам тавьж өгнө” гэсэн заалтыг жолооч Ц.Батхуяг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Энэ нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

2. Тухайн зам тээврийн осол нь жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гаргасан гэж үзэж байна.

3. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй болно.

4. Цагдаагийн байгууллагын нэгдсэн систем жолоочийн хайлт лавлагааг шүүхэд Цэрэнпунцаг овогтой Батхуяг нь ВС ангиллын 808432 дугаар жолоочийн эрхийн үнэмлэхтэй байна. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106/, хавтаст хэргийн 09-13 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудсанд авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, хавтаст хэргийн 25-28 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хураан авсан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 184 дугаар тогтоол, хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 09-13 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 118- 121 дүгээр хуудсанд авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт, дансны хуулга, хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримт болон хохирогчоос 12 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 7 хуудас нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгснийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Өнөөдршүүх хуралдаанд хохирогч Н.Бадмаагийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүгдэгч Батхуяг нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаа миний үйлчлүүлэгч Н.Бадмаагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.Үүнийг шүүхээс гэм буруутайд шийдвэрлэсэн. Миний үйлчлэгч хохирол төлбөрийн асуудал дээр хэлдэг. 5100000 төгрөгөөс 3000000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл 2100000 төгрөгийг бол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргуулж авахаар хоорондоо харилцан тохиролцсон байгаа учраас шийтгэх тогтоолд 2100000 төгрөгийг гаргуулж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгохоор шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн цаашид баримтаа бүрдүүлж иргэний нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Ял шийтгэл болон эрүүгийн хариуцлагын талаар миний үйлчлүүлэгч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа учраас эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх эрх хэмжээний хүрээнд харгалзан шийдвэрлэх байх гэсэн саналтай байна гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүхшүүгдэгчийн гэм буруу болох хохирлын тал дээр шүүхээс шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хохирогчид төлөх хохирлын шийдвэр гарсан байгаа.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дараах саналтай байна.

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харахад бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, мөн 1.2 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийн дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн.

Хохирлыг төлж барагдуулж байсан нөхцөл харагдаж байдаг. Хохирогчид учирсан бэртэл ясны бэртэл байсан учраас үе шаттай эмчилгээнд явах шаардлагатай, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай, хохирогчийн биеийн байдал бүрэн эргэж сэргээгүй байна. Хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцож цаашдын эмчилгээний талаар санал нэгтэй тохирсон байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал харагддаггүй. Холбогдсон хэрэг нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа.

Шүүгдэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ бүрэн ухамсарлаж, хүлээж байгаа. Хохирлоо нөхөн төлж байгаа. Цаашид гарах хохирлын төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.

Шүүгдэгчийн хувьд тодорхой орлого, эрхэлсэн ажилгүй боловч хохирогчид боломжтой хэлбэрээр хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нь тухайн хүний хүмүүжлийн байдлыг харуулж байна гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт Багийг Засаг даргын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэгт дурдсанаар нэр хүнд сайтай, ажилд идэвхтэй оролцдог гэж тодорхойлдог. Иймээс улсын яллагчийн оруулж байгаа хохир ялыг эдлүүлэхгүй, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих бүрэн боломжтой байна гэж өмгөөлөгч үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсүүлэх дүгнэлттэй байна. Тэнсэх хугацааг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах бүрэн боломжтой гэв.

Шүүгдэгч Ц.Батхуяг нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 14-03 БНА улсын дугаартай тоёото креста маркийн авто машиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган замаар зорчиж явсан иргэн М.Бадмааг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Бадмаа, гэрч Б.Нандин-Эрдэнэ, Ж.Багабанди, Б.Бат-Эрдэнэ, З.Буяннэмэх, А.Эрдэнэбал, Д.Мягмарбүүвэй Г.Намсрай нарын мэдүүлгээр болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 522, Эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 243, Техникийн шинжээчийн 18/04, Замын цагдаагийн шинжээчийн 22 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ц.Батхуягийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Батхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ялыг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Батхуягт эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж, тэнсэх болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Бадмаа нь шүүгдэгч Ц.Батхуягаас хоёр сая нэг зуун мянган / 2.100.000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр төлөхөөр тохирсон талаараа мэдүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батхуяг нь хохирогчид хоёр сая нэг зуун мянган / 2.100.000 / төгрөг төлөх болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул түүнээс хоёр сая нэг зуун мянган / 2.100.000 / төгрөг гаргуулж, хохирогч М.Бадмаад олгож 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Харин хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн уг хэрэгт шүүгдэгч Ц.Батхуягийн ВС ангиллын 808432 жолоочийн үнэмлэх, 01864040 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Батхуягийн ВС ангиллын 808432 жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд, 01864040 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ц.Батхуягт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Ц.Батхуягийн эзэмшлийн 1403 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг авто машиныг хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж хохирол нөхөн төлөгдсөн үед уг авто машиныг эзэмшигч Ц.Батхуягт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Батхуяг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тосон овогт Цэрэнпунцагийн Батхуягийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Тосон овогт Цэрэнпунцагийн Батхуягийг нэг / 01 / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Ц.Батхуягт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 4, 5, 6-д зааснаар ялтан Ц.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Ц.Батхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Ц.Батхуягаас хоёр сая нэг зуун мянган / 2.100.000 / төгрөг гаргуулж, хохирогч М.Бадмаад олгож, 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч Ц.Батхуягийн ВС ангиллын 808432 жолоочийн үнэмлэх, 01864040 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Батхуягийн ВС ангиллын 808432 жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд, 01864040 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ц.Батхуягт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч Ц.Батхуягийн эзэмшлийн 14-03 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг авто машиныг хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж хохирол нөхөн төлөгдсөн үед уг авто машиныг эзэмшигч Ц.Батхуягт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч М.Бадмаагаас цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, уг хэрэгт шүүгдэгч Ц.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.5-д зааснашүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ