| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/03142/и |
| Дугаар | 184/ШШ2017/02802 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2017/02802
| 2017 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2017/02802 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../
Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../ нарт холбогдох
4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г- нь 2016 оны 8 сард хөөрөг сонирхож яваад нутгийн зүс таних эмэгтэй Д.Б-тай “Мөнгөн завъяа” үнэт эдлэлийн дэлгүүрт тааралдаж би чамд хямдхан сайн хөөрөг олж өгнө гэж ярилцаад салсан байдаг. Тэгээд Д.Б- нь 2016 оны 10 сарын эхээр манай дүү 7.500.000 төгрөгийн үнэтэй хөөргөө ломбарданд тавиад алдах гээд байна чамайг авна гэвэл 4.500.000 төгрөгт өгнө гээд утсаар ярьж, 3 дугаар хороололд байх 1000 нэрийн барааны дэлгүүрийн өөдөөс харсан ломбард дээр манай нөхөр Ч.Т-тай уулзаад үзчих гэсэн юм. Ингээд Ч.Т-тай уулзахад намайг ломбарданд ороод “...н.Т ах явууллаа гээд уулз...” гэж хэлсэн ба би ломбарданд ороход нэг эмэгтэй ямар ч лац, ломбо, сав битүүмжлэлгүй хөөрөг гаргаж үзүүлсэн би уг хөөргийг үзчихээд гарч Ч.Т- ахад “...энэ хөөрөг толгой нь цуурсан, бөөрөндөө сэвтэй юм байна би хөөрөг сайн мэдэхгүй нутгийн улс та нарт итгэж байна...” гэхэд наадах чинь байгалийн ийм хөөрөг насан туршийн баталгаа өгнө, чи зүгээр л мөнгөө олоод ир гэх зэргээр ярихаар нь эргэж мөнгө авч ирж тус хөөргийг авсан юм. Тэр оройдоо хөөрөг мэддэг хүнд худалдаж авсан хөөрөгөө үзүүлэхэд наадах чинь байгалийн биш сэв гэсэн учир Ч.Т- луу залгаж энэ чинь сэвтэй хөөрөг байна наймаа буцая гэхэд гэртээ хүрээд ир гэсний дагуу очиж хөөргийг нь өгтөл 500.000 төгрөг тэр дор нь бэлнээр өгөөд үлдсэн 4.000.000 төгрөгийг чинь тэгж байгаад өгнө гэсэн боловч 4, 5 сар өгөхгүй зугтаад эргүү маанагаар дуудаад хүлээж бай, өгчих мөнгө алга байна гээд байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Цагдаа Иргэний хэрэг байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Чи шүүх цагдаагаар яваад авч чадвал ав, шүүх өг гэвэл би өгнө тэр мөнгө чинь юу ч биш надад байна гэх зэргээр мөнгөө өгөхгүй иргэн намайг хохироон зальт этгээд завшаад явж байх тул хариуцагч нартай байгуулсан гэрээг цуцалсан тул 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Т- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Уг нэхэмжлэлд Ч.Т- надтай Б.Г- нь хөөрөгний наймаа хийж, намайг хуурч, чанар муутай хөөрөг худалдсаны улмаас наймаа буцаж хөөрөгөө авсан боловч хөөрөгний үнэ 4.000.000 төгрөгийг өгөхгүй байна гэж бичсэн байна. Энэ нь үнэнд ч, хуульд ч нийцэхгүй байна. Ч.Т- миний бие анхнаасаа Б.Г-ыг танихгүй. Манай эхнэрийн суудаг “Мөнгөн завъяа”-гийн зүүн талын “Хөх Монгол” дэлгүүрийн лангуунаас хөөрөг асууж нэг хүн ирээд хоорондоо ярьж байгаад нэг нутаг усны хүмүүс юм байна гэж ярьсан байсан. Тэгээд утасны дугаараа үлдээгээд “...сайхан хөөрөг зарах бол би авна шүү та тийм хөөрөг байвал яриарай...” гэсэн болохоор нь эхнэр маань надад хэлсэн. Тэгэхээр нь “...миний ломбарданд байгаа хөөргийг өөрөө очоод үз таалагдвал авна биз...” гэсний дагуу зааж өгсөн ломбарданд өөрөө ганцаараа очоод хөөргийг хоёр ч удаа үзсэн байсан. Удалгүй “...ахаа таалагдаж байна би энэ хөөргийг авмаар байна...” гэж утсаар ярихаар нь “...сайн үзсэн биз дээ толгой, бөөрөндөө угийн өөрийнх нь судалтай шүү, байгалийн тийм байсан, надад ирэхдээ ч ийм байсан...” гэж хэд хэдэн удаа хэлсэн. За тийм байна таалагдаж байна 4.500.000 төгрөгөөр авна гэхээр нь “...наад ломбардны тооцоо 4.000.000 болсон байх хийчихээд хөөргөө аваад хүрээд ир...” гэсэн. Тэгээд надад үлдэгдэл 500.000 төгрөгөө өгөөд баярлаад л явсан. Түүнээс биш би маш муу, сэв, цуурхай эд зарж хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Тийм наймаа ч хийж байгаагүй. Муу, сэв, цуурхайтай хөөрөг байсан бол юу гэж тэр ломбард 3.200.000 төгрөгийн барьцаанд авч үлдэх вэ. Ломбард ч гэсэн эрсдэлээ тооцоод хөөрөгний 50 хувьд л мөнгө өгдөг. Тиймээс муу хөөрөг байгаагүй, би Б.Г- ыг ч хуурч мэхлээгүй. Наймаа хийсний оройдоо над дээр буцаж ирээд “...энэ хөөргийг лам багш маань ч, эхнэр маань ч авч болохгүй хөөрөг байна гэж хэлсэн болохоор буцаахаар боллоо...” гэхээр нь “...чи насанд хүрсэн хүн байж өөрөө тохироод л наймаа хийсэн гэж хэлээд янз бүрийн хэл аманд дургүй чи 4.000.000 төгрөгт тооцоод л ав, нэмж өгсөн 500.000 төгрөгөө чи өөрөө буцааж ав...” гээд эргүүлээд өөрт нь өгсөн. Ингээд л яваад өгсөн. Маргаашаас нь ажилд ирж хэл амаар доромжилж, элдэвээр заналхийлдэг болсон. Мөн Б.Г- нь намайг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст залилсан гэж өргөдөл өгч шалгуулсан. Цагдаа шалгаад энэ бол залилсан үйлдэл бол биш байна гээд хэргийг хаасан. Цагдаа шалгахдаа хөөргөө аваад ир гэсэн болохоор цагдаад “...энэ хөөргийг Б.Г-ад нь өгөө би ингээд аваад яваад байж болохгүй...” гэтэл мөрдөн байцаагч нь “...та учир мэдэх хүн байна зараад мөнгийг нь гаргаад өгчих...” гэхээр нь зарчих санаатай л лангуун дээр тавьсан байна. Түүнээс биш би хөөргийг буцааж авчихаад мөнгийг эргүүлэн өгөхгүй залилсан зүйл байхгүй. Иймд уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хоорондоо тохиролцож худалдаа наймаа хийсэн, бүх зүйлээ шалгаад авсан байхад залилсан гэж нэр төрд удаа дараа халдаж, доромжилж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Боржигон овгийн Батжаргалын Б.Г-аас Ч.Т-, Д.Б- бид нарт холбогдуулан 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлийг шүүхээс гардаж аваад дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Энэхүү нэхэмжлэлийг гаргасан Б.Г-ыг танихгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй надад ямар нэг холбогдолгүй тул уг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г- нь Ч.Т-, Д.Б- нарт холбогдуулан 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.
Хариуцагч Ч.Т- “...хөөрөг сэвтэй байгаагүй, ...зарчих санаатай л лангуун дээр тавьсан. Түүнээс биш би хөөргийг буцааж авчихаад мөнгийг эргүүлэн өгөхгүй залилсан зүйл байхгүй. Иймд уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Б- “...нэхэмжлэлийг гаргасан Б.Г-ыг танихгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй надад ямар нэг холбогдолгүй тул уг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.
2016 оны 10 сард хариуцагч Ч.Т-аас 4.500.000 төгрөгөөр Б.Г- хөөрөг худалдан авсан байна. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч худалдагч Ч.Т- нь өөрийн хөөргийг худалдах, худалдан авагч Б.Г- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул Б.Г- Ч.Т- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Б.Г- нь хөөрөгний үнэ болох 4.500.000 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийг ломбарданд төлж, үлдсэн 500.000 төгрөгийг Ч.Т-т төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлав. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан тул Б.Г- 4.000.000 төгрөг төлөх үүргээ Ч.Т-ын зөвшөөрсөнөөр ломбарданд төлсөн тул төлбөр төлөх үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор байна.
Худалдагч Ч.Т- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “...биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...” үүрэгтэй байх ба худалдсан хөөрөг сэвтэй байсаны улмаас худалдан авагч хөөргийг Ч.Т-т худалдан авсан өдөртөө буцаан өгч, Ч.Т- 500.000 төгрөгийг Б.Г-ад буцаан өгсөн байна. Дээрх хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” талаар тусгасан тул Б.Г- гэрээг цуцлах эрхтэй ба гэрээний үнэ болох үлдэгдэл 4.000.000 төгрөгийг шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “... нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй ба хариуцагч Ч.Т- шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...би маш муу, сэв, цуурхай эд зарж хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Тийм наймаа ч хийж байгаагүй. Муу, сэв, цуурхайтай хөөрөг байсан бол юу гэж тэр ломбард 3.200.000 төгрөгийн барьцаанд авч үлдэх вэ. Ломбард ч гэсэн эрсдэлээ тооцоод хөөрөгний 50 хувьд л мөнгө өгдөг. Тиймээс муу хөөрөг байгаагүй, би Б.Г-ыг ч хуурч мэхлээгүй...” гэж тайлбарлах боловч хөөрөг сэвгүй буюу биет байдлын доголдолгүй байсан эсэх талаар түүний татгалзал баримтаар нотлогдоогүй.
Б.Г-, Ч.Т- нарын нэхэмжлэл, хариу тайлбараас худалдах-худалдах авах гэрээг тэд байгуулсан, хөөргийг Ч.Т-т буцаан өгч, Ч.Т- гэрээний үнийн 500.000 төгрөгийг Б.Г-ад буцаан өгсөн үйл баримтаас үзэхэд Д.Б- Б.Г- нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй, Б.Г-, Ч.Т- нарын хэн хэнийх нь тайлбараар Д.Б- “...тэнд хөөрөг байна...” гэдгийг Б.Г-ад мэдээлсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 4.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Т-аас гаргуулж, Д.Б-ад холбогдох шаардлага үндэслэлгүй тул хариуцагч Д.Б-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар зохигчдод хуваарьлан хариуцуулах нь зөв байна.
2017 оны 12 сарын 06-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т 2017 оны 11 сарын 30-ны өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийн материалтай танилцах эрхтэй” мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан зохигчийн эрх үүрэгтэй хариуцагч нар, түүний төлөөлөгч танилцсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Т-аас 4.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-ад олгож, хариуцагч Д.Б-ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-аас 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ