| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/000/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/17 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/17
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан Улсын яллагч Х.Өрен Орчуулагч Ж.Ахмарал Хохирогч К.Р Хохирогчийн өмгөөлөгч Х.Тасхын Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1813003380226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Б.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Бн А, 1972 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:.... Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь хохирогч К.Рийг газрын маргааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн иргэн К.Рийг газрын маргааны улмаас үүссэн таарамжгүй харьцаанаас үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэж, түүнийг заамдан авч толгой дагз хэсгийг нь хана руу цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хохирогч К.Рийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад сумын төвд А бүст миний ах болох Х гэдэг хүнээс худалдаж авсан хашаа байшин байсан юм. Миний хашааны хажууд А гэдэг хүний дэлгүүр байсан ба уг дэлгүүрт гал түлэх үед миний хашааны дотор орж байгаад дэлгүүрт ордог хаалгатай байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед А гэдэг хүн уг хаалганы хажуугаар зам гаргаж нүүрсний амбаар барих гээд миний хашааг нурааж, хаалга гаргана гээд дайрсан юм. Тэр үед би хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарсан мөн намайг барьж авч заамдаж дэлгүүрийн хана руу намайг шахаж толгойг минь хананд цохьсон. Мөн намайг газарт унагаасан, тэр үед бид нарын хажууд байсан хүмүүс салгаж авсан ба миний толгойг дэлгүүрийн хананд цохих үед гэмтэл авсан. Тэгээд би цагдаад хандсан болно. Мөн намайг ална, чамайг мөнгө өгч худалдаж авна гээд салаавч гаргаж хэл амаар доромжилсон юм. Надад учирсан өмгөөллийн хөлс болон бусад хохирол болох 419000 төгрөгийг төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дугаар хуудас/ - Гэрч Б.Орынбасарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр 12 цагийн үед Серикбол гэдэг залуу надад ирээд би нэг хашаа барих гэж байна, надад туслах хүн байхгүй гээд ирсэн юм. Тэгээд бид нар Рийн хашаанд очсон тэр хашаанд А эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд К.Р А хоёр газраас болж хоорондоо маргалдсан, тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан Рийн хүзүүнээс жоохон цус гарсан ба тэгж байхад цагдаа нар ч ирсэн тэгээд хоёулаа маргалдаж байж байгаад хоёр тийшээ явчихсан. Уг зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон би урд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Сүүлд бодож байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр болсон байна. Мөн үүнээс 4 өдрийн өмнө би Цэнгэл суманд явж байхад надад Б.А өөрийн утсаар ярьж Б.Серик та хоёр зодооныг 6 дахь өдөр буюу амралтын өдөр болсон гэж хэл гээд ярьсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 89-90 дугаар хуудас/ - Гэрч Б.Серикийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр А гэдэг хүн К.Серик бид хоёр тохирч хашаа барихаар Рийн хашаанд очсон юм. Тэр хашаанд А эхнэртэй хамт байсан ба Р, А нар газраас болж хоорондоо маргалдсан, тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч дэлгүүрийн хажууд ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж аваад хана руу шахаж ноцолдож байсан. Тэр зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон юм. Урьд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Сүүлд бодоод байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр зодоон болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 87 дугаар хуудас/ - Гэрч Ө.Жайнаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай дэлгүүрийн нэг тал нь Рийн хашаанд залгаа байдаг юм, уг дэлгүүрт гал түлэхийн тулд Рийн хашаанд орж байгаад гал түлдэг байсан. Тэгээд миний нөхөр Р хоёр хоорондоо тохиролцоод бид нар Рийн газраас газар авч гал түлэх хүний зам гаргах гэж байхад Р ирж хэрүүл маргаан гаргаж, манай нөхөр тэр хоёр маргалдсан юм. Тэгэхэд бид явчихсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ - Гэрч С.Бахытханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр А манай хашаанд ирээд манай нөхөртэй газрын асуудлаас болж маргалдсан юм. Тэгээд нэг нэгнийгээ барьж аваад ноцолдож А хэд хэдэн удаа манай нөхрийг гараар цохиж дэлгүүрийн хаана руу шахаж заамдаж аваад толгойг нь хана руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд нэг удаа татаж газар унагаасан ба тэр үед чулуутай газарт унасан байсан, мөн чамайг ална, худалдаж авна гээд олон юм ярьж хэл амаар доромжилсон болно. Тэгээд манай нөхөр цагдаад хандсан. Уг зодоон 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед болсон, урьд өгсөн мэдүүлэгт 10 дугаар сарын 13-ны өдөр гээд буруу хэлсэн байна. Тэр өдөр би сургуульд очиж хичээл орох ёстой байсан ба очиж чадаагүй юм. Анх мэдүүлэг өгөхөд буруу хэлсэн байна, сүүлд бодож байсан чинь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дахь өдөр ажлын өдөр зодоон болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 95-96 дугаар хуудас/ - Гэрч Г.Менгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр үед Ногооннуур сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед цагдаа, жолооч Т.Шалхарбек бид хоёр Мандат гэдэг хүний ШТС-аас бензин авч байхад К.Р мотоциклтэй бидэнд ирсэн юм. Тэгээд юу болсон бэ, гэхэд Б.А гэдэг хүн миний газарт зөвшөөрөлгүй амбаар барьж, хаалга гаргана гээд хэрүүл маргаан гаргаж намайг зодсон гэсэн. Тэгээд Т.Шалхарбек бид хоёр К.Рийн хашаанд очсон ба тэнд К.Серик, Б.Серик, Б.Орынбасар нар болон Б.А, К.Рийн эхнэрүүд байсан. Тэгээд бид нар Б.Ад учир байдлыг тайлбарлаж хэлээд явчихсан. Тэд нар ч бас явчихсан, тэгээд К.Р өргөдөл гаргана гэсэн ба маргааш өдөр 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө аймаг руу явсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ - Гэрч Д.Нагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Би мотоциклээ үзүүлэхээр 2 удаа очсон. Анх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед К.Рийн гэрт мотоциклит кундактор авахаар очсон байсан ба К.Р хашаандаа явж байсан. Тэгээд би уг запасыг аваад явчихсан. ...Тэгээд Б.А сумын төвд тааралдаж надаас К.Р бид хоёр зодолдох үед чи явж байсан, тэр өдөр хэн хэн байсан билээ гэхэд би X.Е байсан гээд хэлсэн юм. Би буруу хэлсэн байна. X.Е сүүлд би К.Рийн хашаанд очих үед байсан байна, зодоон болдог өдөр X Етай тааралдаагүй юм байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/ - Гэрч Т.Есенболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие хувиараа аймаг болон Ногооннуур сумын хооронд таксинд явдаг юм. Манай сумын төвд амьдардаг мотоцикль засварладаг Кеншиликийн Р гэх залуу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бямба гаригт амралтын өдөр байсан миний "Истана" машинаар аймгийн төвд очиж эмнэлэгт үзүүлнэ, цагдаад гомдол гаргахаар явж байна гэж хэлээд Ногооннуур сумаас аймаг руу очиж барааны захад бууж үлдсэн, тэр өдөртөө надтай цуг буцаагүй, К.Р хэлэхдээ өчигдөр А гэгч намайг газрын маргааны асуудлаас болоод зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/ - Гэрч Т.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад ирээд үзүүлсэн хүний бүртгэл байгаа. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К.Р гэдэг залуу ирж надад толгойгоо үзүүлсэн юм. Яг хэдэн цагийн үед ирсэнийг санахгүй байна. Тэр өдрийн хамгийн сүүлийн хүн болж ирсэн. Надад бүртгэл нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/ - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хайратын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 478 дугаартай шинжээчийн “...Иргэн К.Рийн биед тархины доргилттой, дагзны дээд хэсэгт хавдартай, дангзны дунд хэсэгт хавдартай, хүзүү холойд урд болон зүүн хажуу талд бүхэлдээ хамаарсан олон тооны замбаарагүй байрласан цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөгүй болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээр давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хохирогч К.Рийн “...Бид хоёрын хооронд хэрүүл маргаан гарч Б.А нь намайг барьж авч заамдаж дэлгүүрийн хана руу шахаж толгойг минь хананд цохиж, газарт унгаасан, тэр үед бид нарыг хажууд байсан хүмүүс салгаж авсан ба миний толгойг дэлгүүрийн хананд цохих үед гэмтэл авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Орынбасарын “...тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан бөгөөд Рийн хүзүүнээс жоохон цус гарсан ба тэгж байхад цагдаа нар ч ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Серикийн “...Р, А хоёр газраас болж хоорондоо маргалдсан тэгж байхад нэг нэгнийгээ заамдаж барьж авч дэлгүүрийн хажууд ноцолдсон юм. Тэр үед бид нар салгаж авсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Жайнаганы “...Рийн газраас газар авч гал түлэх хүний зам гаргах гэж байхад Р ирж хэрүүл маргаан гаргаж, манай нөхөр хоёр маргалдсан юм. Тэгэгэд бид явчихсан болно” гэх мэдүүлэг, гэрч С.Бахытханы “...Тэгээд нэг удаа татаж газар унгаасан ба тэр үед чулуутай газарт унасан байсан, мөн чамайг ална, худалдаж авна гээд олон юм ярьж, хэл амаар доромжилсон болно” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Иргэн К.Рийн биед тархины доргилттой, дагзны дээд хэсэгт хавдартай, дангзны дунд хэсэгт хавдартай, хүзүү холойд урд болон зүүн хажуу талд бүхэлдээ хамаарсан олон тооны замбаараагүй байрласан цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөгүй болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзлээ. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж шүүх хуралдаанд маргаж байгаа хэдий ч шинжээч эмч К.Хайратаас авсан “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинжээчээр өгсөн “Би шинжээчийн эрх, үүрэгтэй танилцлаа, асууж, тодруулах зүйл байхгүй. Тухайн үед К.Р нь ямар ч амбулаторын карт, рентген зураг авхуулаагүй байсан ба би тогтоол үйлдэх үед техникийн алдаа гаргасан байна. Би 2018 оны 10 дугаар сарын 13- ны өдөр уг тогтоолыг хүлээн авч К.Рийн биед үзлэг хийж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 478 дугаартай тогтоолыг үйлдсэн” гэх мэдүүлэг, Шинжээч К.Хайратаас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дараах удаа шинжээчээр авсан “Шинжээч К. Хайрат би, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед хагас сайн буюу жижүүртэй өдөр албан өрөөнд сууж байхад Ногооннуур сумын иргэн К.Р нь тогтоолтой хамт ирж үзүүлсэн. Үзүүлэх үед К.Рийн биед тархины доргилттой, дагзны дээд хэсэгт хавдартай, дагзны дунд хэсэгт хавдартай, дагзны хажуу талд хавдартай, хүзүү хоолойнд урд болон зүүн хажууд талд бүхэлдээ хамаарсан олон тооны замбаарагүй байрласан цус хуралттай зөөлөн эдийн бэртэл авсан гэмтэл гарсан юм. ШША-д хагас, бүтэн сайн өдөр шинжээч эмч нар жижүүрийн хуваарийн дагуу ирсэн иргэд, нас барсан хүмүүс, шүүх химийн шинжилгээ, нас тогтоох шинжилгээ зэргийг жижүүрийн хувиартай шинжээч эмч үзлэг шинжилгээ хийдэг болно. Энэ бол хагас, бүтэн сайн өдөр шинжээч эмч хүн үзэхгүй гэж, хуулиар хориглсон заалт байхгүй. Ер нь шинжээч эмч төрийн тусгай ажилтан болохоор өдрийн 24 цагт жижүүртэй бол ШША-д ирсэн иргэдийг чирэгдэлгүй үзэж үзлэг хийх ёстой. Тархины догилтыг үзлэг хийх явцад хүүхэн харааны хэлбэр зөв биш, гэрлийн урвалт жигд бус нүдний алимны чичирхийлэл зүүн талд илэрсэн, дагзны булчингийн хөшилт 2 хуруу зэрэг аргаар тархины доргилтыг амархан тогтоож болно. Тархины доргилтыг бариач болон эмнэлгийн аргаар засаж болно. Засаж эмчилсэний дараа дахиж тархины доргилтыг тогтоох боломжгүй. Тархины доргилт эдгэрч болно аль эсвэл хүндэрч, тархины даралт болон тархины өвчин бий болох магдал өндөртэй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч Б.Аий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Аий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, түүнийг хуульд заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 1000 нэгж нь 1000000 /нэг сая/ төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба УАЗ-31514” маркийн .... БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Хохирогч К.Р нь өөрт учирсан хохирол гэж нийт 419000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба үүнд “өмгөөллийн хөлст 300000 төгрөг, бариачид үзүүлсэн 20000 төгрөг, мөн уг хэргийн улмаас аймагт ирж, буцсан зардал 99500 төгрөг” гэж нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа хангалттай гаргаж өгч чадаагүй ба хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгчээс 83500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ. Хохирогч К.Рийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож 300000 төгрөг төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч А овогт Бн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 1000 “мянга нэгж” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Аээс 83500 /наян гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч К.Р олгож, илүү нэхэмжилсэн 335500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн УАЗ-31514 маркийн 39-27 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Б.Аий иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК