Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2017/00584

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургууль /захирал Х.Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.З, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Т, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулиас 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6267650 төгрөг, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б.А миний бие 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Баяннуур сумын Ц сургуульд багшаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 тоот захирамжаар Ц сургуулийн захирлын үүрэгт ажилд түр томилон ажиллуулсан боловч, өмнөх захирал Тойлыбай нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 414 тоот шийдвэрийн үндсэн дээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 тоот захирамжаар дахин томилогдож, А миний бие ажлаас чөлөөлөгдсөн болно. Захирал Х.Т нь Б.А намайг урьд эрхэлж байсан Ц сургуулийн багшийн ажилд томилон ажиллуулаагүйгээс болж, миний бие шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 707 тоот шийдвэрээр, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2017/00023 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/000660 тоот тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэж Б.А намайг Баяннуур сумын Ц сургуульд өмнө эрхэлж байсан багшийн орон тоонд эсгүүлэн томилсон тухай шүүхийн эцсийн шийдвэр гарсан билээ. Б.А миний бие хариуцагч Баяннуур сумын Ц сургуулийн захирал Т-н буруутай үйл ажиллагааны улмаас 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарыг дуустал бүтэн нэг жил буюу 12 сар ажилгүй, цалин хөлс авч чадаагүй хохирсон болно. Б.А миний бие Баяннуур сумын Ц сургуульд багшаар ажиллаж байхад сард 618167 төгрөгийн цалинг тогтмол авдаг болох нь Санхүүгийн тодорхойлолтоор батлагдаж байна. Иймд миний 2016 оны 9 дүгээр сарын 01-ниы өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Зарим саруудын цалинг авчихсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Энэ бол нийтдээ 10 сарын цалин, хөлс байгаа. Урьд нь нэг сарын цалинг 618167 төгрөгөөр бодож нэхэмжилсэн байсан. Тийм учраас цалинг хөлсний дунджаар тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 6267650 төгрөг, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын  шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баяннуур сумын Ц сургуулийн захирал Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлд дурдсан “Багшийн ажлаас буруу халсан 2016 оны 7 дугаар сарын 01-ээс 2016 оны 7 дугаар сарын цалин хөлс болох сард 618167 төгрөг бүгд 7418004 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №Б/242 дугаар захирамжаар Баяннуур сумын Ц сургуулийн захирлын ажилд томилогдсон ба аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Х.Тг Ц сургуулийн захирлаар эгүүлэн томилж, Б.А-ийг чөлөөлөх тухай” №Б/431 дүгээр захирамжаар тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Б.А нь 2016 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэл тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул тэрээр 2016 оны 7 дугаар сарын цалин хөлс нэхэмжлэх ёсгүй юм. Нэхэмжлэгч Б.А нь тухайн үед жирэмсний болон амаржсаны амралттай байсан ба нийгмийн даатгалын сангаас өөрөөр хэлбэл улсын төсвөөс мөнгө авсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөний бүгдийг авах ёсгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний мөнгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангаас дамжуулан авсан тул дахин улсын төсвөөс давхардуулан мөнгө олгох ёсгүй. Б.А нь 2016 оны зун ээлжийн амралттай байж ээлжийн амралтын нөхөн олговрыг авсан тул давхардуулан дахин улсын төсвөөс мөнгө нэхэмжлэх ёсгүй. Б.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүний цалин хөлс болон бусад хохирлыг тус сургуулийн санхүү биш аймгийн Засаг дарга хариуцах ёстой юм. Иймд нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч анх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу 12 сарын цалинг нэхэмжилсэн байсан. Тийм учраас бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь 2016 оны 7 дугаар сард 8 хоногийн цалин авчихсан, дээр нь түүнийг залгуулаад 45 хоногийн амралтын цалингаа авчихсан. 2016 оны хуанлиар тооцож үзэхэд энэ хүн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх цалинтай буюу 21-ний өдөр амралтын хугацаа нь дуусгавар болсон. Энэ асуудлыг яагаад хүлээн зөвшөөрөөгүй гэхээр үүнийг тухайн үед нэхэмжлэлдээ тусгаагүй байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын  хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулиас 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сар дуустал  хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7418004 төгрөг гаргуулах, 2016 оны 8 дугаар сараас шүүхээс шийдвэрлэх хүртэл хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс  2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6267650 төгрөг, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын  шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болохыг хүссэн тухайн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Б.А нь Баяннуур сумын  Ц сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхад түүнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар түр томилсон байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 414 дугаар шийдвэрээр Баяннуур сумын Ц сургуулийн захирлаар Х.Т-г эгүүлэн тогтоосон байх ба уг шийдвэрийг үндэслэсэн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/431 дугаар захирамжаар түүнийг захирлын ажилд эгүүлэн томилж, түр захирлаар ажиллаж байсан Б.А-ийг захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч нэхэмжлэгч Б.А-ийг бага ангийн багшийн ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй ба ажил олгогч түүний ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа учраас нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00023 дугаартай магадлалаар Б.А-ийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосныг хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Т эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 660 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч  Б.А-ийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн бага ангийн багшийн ажилд томилсон болох нь Баяннуур сумын Ц сургуулийн захирлын 09 дугаартай тушаалаар нотлогдож байна.

Иймд ажил олгогч ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй ба нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.А-ийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баяннуур сумын Ц сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч тус сургуулийн бага ангийн багшийн ажилд томилох буюу 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг тооцвол 12 сар 4 хоног байх боловч нэхэмжлэгч Б.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс эхэлж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны хооронд ээлжийн амралттай байсан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, цалингийн цэсээр тогтоогдож байх тул 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 2017 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл 9 сар 12 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулийн санхүүгээс гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан боловч нэхэмжлэгч Б.А нь тухайн үед  Баяннуур сумын Ц сургуулийн захирлаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан байх ба 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 604 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.А-ийн 2016 оны цалин хөлсний талаарх бичилтээр  нэхэмжлэгчийн захирлаар томилогдсон 2016 оны 4 дүгээр сараас өмнөх гурван сараар тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Б.А-д 2016 оны 3 дугаар сард 714206 төгрөг, 02 дугаар сард 614604 төгрөг, 01 дүгээр сард 394660 төгрөгийн цалин олгогдсон ба дээрх гурван сарын дундаж нь 574490 төгрөг гарч байгаа бөгөөд нэг өдрийн цалин нь 26720 (574490/21,5) төгрөг байна.

Нэхэмжлэгч Б.А нь 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 6267650 төгрөг нэхэмжилж байгаа боловч түүний ажилгүй байсан хугацааны 9 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор 5491050 (574490 х 9 +26720х12) төгрөг гарч байгаа тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 776600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.А тухайн үед жирэмсэн болон амаржсаны амралттай байсан ба тодорхой хэмжээний мөнгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангаас дамжуулан авсан тул дахин улсын төсвөөс давхардуулан мөнгө олгох ёсгүй гэж маргажээ.

Гэвч хариуцагч байгууллагын төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авсан эсэх талаарх бичгийн нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгох-оор заасан ба нэхэмжлэгч Б.А-ийн Нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг хасаж тооцох тухай заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дээрх хугацаа нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байгаа болно.

Тэгээд ч нэхэмжлэгчийн жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0361818, 0360248 дугаартай хуудаснуудад ажил олгогчийн тодорхойлолт гэх хэсэгт хариуцагчийн төлөөлөгч нь гарын үсэг зурж тамга дарж бичилт хийж өгөөгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг аваагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0361818, 0360248 дугаартай хуудаснуудаар нотлогдож байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулийн санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5491050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 776600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын санхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 5491050 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 102807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5491050 /таван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянган тавин/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуулийн санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 776600 /долоон зуун далан зургаан мянга зургаан зуун/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Ц сургуульд үүрэг болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяннуур сумын Ц сургуулийн санхүүгээс 102807 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.Ж