| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/000/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/183 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/183
2018.12.14 №183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга К.Еркежан
улсын яллагч Х.Өрен
орчуулагч А.Еркегүл
шүүгдэгч К.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй
явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Х
холбогдох 1813003090216 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч К.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, У овогт Кийн
Х, 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага
боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий
аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
РД:......
Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:
Шүүгдэгч К.Х нь иргэн З.Дыг бэлчээрийн маргааны улмаас зодож биед
нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн иргэн
З.Дыг 2018 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 11 цагийн үед бэлчээрийн
маргааны улмаас зодож биед нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэн болох нь:
- Хохирогч З.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугсарын 28-ний өдөр “Есөн хоргол” гэх газар хонио хариулаад явж байхад К.Х
ирээд чи энд юу гэж хонь хариулж байгаа юм бэ гээд дайрсан. Би “чи битгий хуцаад
бай, эцгийн чинь толгой, хонио хаана хариулахыг чи заахгүй” гэхэд К.Х “би
чамайг ална шүү” гээд хонийг туусан. Тэгээд К.Х мориноос буугаад миний
мотоциклын түлхүүрийг надаас булааж авсан. Би түлхүүрийг авах гэтэл намайг
заамдаж боож миний цээж рүү гараараа хүчтэй цохисон. Гомдол саналгүй, нэхэмжлэх
зүйлгүй, хохирлоо төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
- Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Сагсумын 2 дугаар баг “Цөнхөг” гэх газраас аймгийн төвд хувийн ажлаар ирсэн ба 14
цагийн орчим З.Д миний утас руу залгаж “би хонио хариулаад явж байтал
К.Х бэлчээрийн маргаанаас болж намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би
аймгийн Цагдаад мэдэгдсэн. Би цагдаад мэдэгдсэний дараа сум очиж их эмчид
мэдэгдээд түргэний машинаар тэр өдөртөө З.Дыг сумын төвд авч ирсэн. Намайг
очиход З.Д нь гэрийн баруун хаяанд байрлах орон дээр хэвтэж байсан. Өвчүү
хэсэгт өвдөөд байна. Амьсгалахад хүндрэлтэй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст
хэргийн 53 дугаар хуудас/,
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы
2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 391 дугаартай “...1. Иргэн З.Дын биед
өвчүүний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах
тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн
хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь
хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29
дугаар хуудас /
- Шүүгдэгч К.Хийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүххэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 28-ний өдөр хонио хариулаад явж
байтал миний хойд талд З.Д малаа хариулж байсан. Тэгээд би З.Д ах руу
очоод энэ газар өвөлжөөний газар, энд малаа хариулж болохгүй гэхэд З.Д эцгийн
чинь толгой, би малаа хаана хариулахаа чамаар заалгахгүй” гэсэн. Тэр үед би морьтой
явж байсан ба З.Д ахын хонийг буцаагаад тууж явтал З.Д ах мотоциклээр ирж
сигнал дарж миний морийг үргээсэн. Миний мотоциклийн түлхүүрийг булааж авах гэж
байгаад давж унасан ба би босохдоо цээжийг нь өвдөглөж дарж боссон. Тэгээд би
мотоциклийн түлхүүрийг аваад хонио цааш нь туучихаад түлхүүрийг нь өгсөн. Тэгээд
явах гэхэд З.Д “чи намайг зодмоор байгаа юм уу” гээд зууралдаад байхаар нь цээж
рүү нь нэг удаа цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт
үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас, шүүх хуралдааны
тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй
бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар
нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч К.Хийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул
түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм
буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч К.Х нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирлыг
бүрэн төлж өгч хоорондоо сайн дураар эвлэрсэн нь хохирогчийн гаргасан хүсэлтээр
батлагдаж байх тул хохирогч З.Дад төлөх төлбөргүй гэж үзлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд
заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн
хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь
эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан
шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Х
эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн
зөвшөөрсөн, хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх
нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах
нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Х нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан
үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын
10-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, 2002 оны
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-
д зааснаар шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож
шийдвэрлэж байжээ./хх-ийн 38-40 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд оролцсон прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч
К.Х 500 нэгж бүхий 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа
боловч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл
болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага
хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан
сэргийлэх зорилгоор мөн урьд нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан нөхцөл байдал
болон бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуульд
заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,
хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан нийтэд тусдаа ажил
хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт
хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай
ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу
шүүгдэгч К.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар
тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч
К.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил
хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь
зүйтэй.
Шүүгдэгч К.Х оногдуулсан нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албанд хийлгэхээр тогтов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Х нь цагдан хоригдсон хоноггүй,
бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч К.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт
шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хадгалав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9,
36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд
заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч У овогт Кийн Хийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол
учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
К.Хийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
К.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч К.Х оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын
газрын Хот тохижуулах албанд/ хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй
болохыг тус тус дурдсугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хэргийн
хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч К.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан
авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд
заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Х
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК