Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/37

 

 

    2019           04            24                                            2019/ДШМ/37

 

Н.А-д холбогдох

                                                              эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                       

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ж.Айжуу,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.А-д холбогдох,  эрүүгийн 1919000030023 дугаартай, 1 хавтас, 123 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19........ оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, ээж, охин нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ..... дугаар баг, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бумбат овогт Н-ын А /РД:ЕЮ.......22/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.                                                                                                        

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 3 дугаар 58 айлын 47 тоот гэртээ ээж Ж.Х-гийн зүүн шанаан тус газарт нь алгадсан, 2018 оны 05 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Ж.Хг жижиг модон сандлаар зүүн шанаа, зүүн гарын ар хэсэг рүү цохьсон, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 3 дугаар 58 айлын орцонд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан ээж Ж.Хг шатны уруу түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан ээж Ж.Хг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ад аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Бумбат овогт Намжилын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүгдэгч Н.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрлийг зааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хамтад нь оногдуулж байхаар хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Н.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэхгүйгээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Ад холбогдох  2019/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Мөнхнавч прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос шүүгдэгч Аыг 2 зүйл ангиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсоныг прокуророос хүлээн зөвшөөрч, түүн дээр ямар нэгэн санал гаргаагүй. Харин шүүх Ад албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар хэрэглэхээр заасан байхад анхан шатны шүүхээс зөвхөн шийтгэх тогтоолоор тэнсэж хянан харгалзаж, эрх хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймээс Ад Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар авахуулж цаашдаа Прокурорын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавьж ажиллах нь зүйтэй байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, эрх хязгаарлах арга хэмжээг салгаж хэрэглэхгүй, энэ талаар Улсын ерөнхий прокуророос чиглөл өгсөн байгаа, үүрэг хүлээлгэх арга хэмжээг нэмж авснаар шүүгдэгчийн ялыг хүндэрч байна гэж үзэхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс шүүгдэгч Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон. Шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялыг оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч маань 60 настай эмэгтэй хүн, мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзээд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь зөв зүйтэй шийдвэр болсон. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар заавал авна гэж хуульчилсан зүйл байхгүй. Үүнийг шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Энэ заалтыг уншихаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэсэн заалт байгаа. Түүнээс биш заавал үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг давхардуулан авна гэсэн хатуу заалт биш гэж ойлгож байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншихаар энэ гэмт хэрэг маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь болдог юм байна. Тийм учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь энэ хүнд тохирох юм байна гэж үзэж энэ албадлагын арга хэмжээг сонгосон байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд шүүгдэгч Н.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 05 дугаар сард, хохирогч Ч.Хг жижиг модон сандлаар зүүн шанаа, зүүн гарын ар хэсэг рүү цохьсон, 2018-12-22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 3 дугаар 58 айлын орон сууцны орцонд хохирогч Ч.Хг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан шатны уруу түлхэж унагаан нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн 2018-12-31-ний өдрийн 02/029 дугаар “...Ч.Хгийн биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн  дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзэхэд дурдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх ба шүүгдэгч Н.Аыг, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн “гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан байх буюу хавтаст хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтийг тус тус тэдэнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогч нараас энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. 

Мөн дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Н.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь одоо 60 настай буюу өндөр насны тэтгэвэрт байдаг, мөн өндөр настай ээж болон охины хамт амьдардаг, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд дээрх эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болох бөгөөд шүүхээс ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлэх албадлагын арга хэмжээг хэрэглэж болох  учир эдгээрийг хамтад нь хэрэглээгүйг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн энэ талаар Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус туйлын тодорхой, ойлгомжтой хоёрдмол утгаггүйгээр тодорхойлсоны гадна үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зайлшгүй хамтад нь хэрэглэх агуулга тусгагдаагүй байна.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА