| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00457/И |
| Дугаар | 130/ШШ2017/00586 |
| Огноо | 2017-09-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2017/00586
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.И-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Л, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хбанкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгахыг хүсжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээл олгоод эргэн төлөгдөх хугацаа нь 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөгдөхөөр 2475139 төгрөгийг зээлийн мэдээллийн санд миний нэр дээр бүртгэгдсэн байсан. Тэгээд би энийг удаа дараа асуудал болгож тавьж байсан. Х банкны төв дээр хүртэл өргөдлөө бичээд оруулж байсан. Гэтэл надад өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Миний хувьд Х банкнаас огт зээл аваагүй. 2007 онд зээл авах байтугай Өлгийд байгаа ч үгүй. Би 2010 оноос эхлээд Улаанбаатар хотод тогтвортой суурьшиж тэнд ажил хийгээд амьдарч байгаа. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зөндөө зээл авсан. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард манай нөхөр Голомт банкнаас очиж зээл авах гээд очиход таны эхнэрийн нэр дээр муу зээл бүртгэгдсэн байна, тийм учраас танд зээл олгох боломжгүй гээд буцаасан байсан. Өнөөдрийн байдлаар ажилчдын байр баригдаж тэрэн дээр байр авах гээд материалаа оруулсан. Бид нар бол цалингаараа амьдарч байгаа хүмүүс. Барилгын ашиглалтад ороход 1 жил 6 сар үлдсэн. Тэр хүртэл бид нар цалингийн зээл аваад урьдчилгаа 20 хувийг төлөөд тэр хүртэл зээлээ төлж дуусгая гээд Голомт банкнаас дахиад зээл авах гээд очиход дахиад ийм хариу өгсөн. Хэрвээ би зээл авсан гэж бодоход одоогийн чөлөөт зах зээлийн нийгэмд манай гэрийн бүлийн хүмүүсийн нийгмийн харилцаанд орох эрхийг боогдуулж байна гэж ойлгож байна. Хэрвээ би 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээл авсан бол Х банкнаас тэрхүү зээлийн гэрээгээ гаргаж өгөхийг шаардаж байна. Сая би наашаа ирэхээс өмнө хотод байдаг Х банкны төвийн хуулийн зөвлөх Наран гэдэг хүнд хандсан. Тэгэхэд та энэ асуудлаа орон нутагтаа шийдүүлж аваарай гэсэн. Би өөрөө Х банканд 10 хэдэн жил ажиллаж байгаад явсан. 2002 онд эчнээгээр хотод сурч байгаад тэр чигээрээ шилжээд явсан. Дараа нь 3 жил гаруй Казахстан улсын Алма-ата хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Х банканд ажиллаж байх хугацаанд иргэн Ш-гаас хоёр сая төгрөгийн зээл хувиараа авч дараа нь хүүгийн хамт барагдуулсан. Уг зээлийг намайг Алмата хотод эмчилгээнд байхад миний аав болох Х.Ш бүрэн барагдуулж өгч байсан. Иргэн хоорондын маргааныг шүүх шийдвэрлэдэг болохоос биш хэн нэгний нэр дээр огт мэдэгдэхгүйгээр зээл, авлага үүсгэж кассаас бэлэн мөнгө гаргаж, иргэний гомдлыг барагдуулсан нь Х банкны хууль бус үйл ажиллагаа гэж ойлгож байна. Х банкны хуулийн зөвлөх Наран бол надад энэ асуудлаа орон нутагтаа шийдүүлж аваарай, эсвэл Монгол банканд очоорой гэсэн. Надад Монгол банканд очих ямар ч шаардлага байхгүй. Монгол банк бол анхан шатны өгсөн мэдээ, мэдээллийг засах, залруулах эрх байхгүй. Анхан шатны бүртгэл мэдээлэл хаанаас орж ирсэн бол тэр байгууллага нь хариуцна. Миний нэр дээр авлага болж бүртгэгдсэн болон программын алдаанаас болж зээлийн мэдээллийн санд орсон зээлийг хасуулах хүсэлттэй байна. Яагаад гэвэл би зээл аваагүй. Банк надаас болж хохироогүй. Миний нэр дээр 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол улсын Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зээлийн мэдээлэл“ гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаар мэдээллийг хэлнэ, уг хуулийн 4.16-д “зээлдэгч” гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийн гэж, мөн хуулийн 4.1.7-д “зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг, мөн хуулийн 4.1.8-д ”мэдээлэл нийлүүлэгч“ гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг, мөн хуулийн 4.1.13-д “зээлийн түүх” гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг хэлнэ, гэж тус тус тодорхой заасан байдаг. Төлбөр гэдэгт банкны хувьд программын алдаанаас үүссэн авлага, банкны ажилтан өөрийн хариуцлагагүй үйлдлээрээ банк болон харилцагчийг хохироосны улмаас банканд үүссэн авлага, ажилтны үйлдсэн ашиглангийн гэмт хэргийн үйлдлээс, мөн аливаа этгээдээс банкны эд хөрөнгийг эвдэх, хулгайлах, дээрэмдэх болон банкийг залилан мэхэлснээс банкийг хохироосон тус тус авлагууд төлбөр гэдэгт хамаарах бөгөөд энэ нь хуулийн утгаараа хууль болон гэрээний дагуу нэг этгээд нөгөө этгээдээс төлбөр шаардах эрх, төлөх үүрэг үүсэж байгаа тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төлбөр” гэдэг ойлголтод хамааруулж уг төлбөр бүхий авлагыг Зээлийн мэдээллийн санд зээлдүүлэгч болон банк бүртгүүлдэг болно. Тус банкны мэдээллийн санд аливаа хэлбэрээр зээл авсан эсвэл тодорхой хэмжээний төлбөртэй хүнийг бүртгэдэг болохоос биш хууль бусаар хэн нэгний гүтгэлгээр бүртгэдэг асуудал байдаггүй. Нэхэмжлэгч Ш.Л гэдэг хүн тус банканд тодорхой хэмжээний өр төлбөртэй болсны үндсэн дээр зээлийн мэдээллийн санд нэр нь бүртгэгдсэн гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Мэдээллийн санд гарч байгаа зээл бол Ш.Л-ын авсан зээл биш юм. Энэ бол өр төлбөр байсан. 2004 онд манай банканд Ш.Л-ын нэр дээр өр төлбөр бүртгэгдсэн. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөр гэдэг ойлголт бол зээлийн мэдээллийн санд зээл болж бүртгэгдэж байгаа. Тэр нь зээлийн мэдээллийн сангаас гараад ирсэн. 2007 онд яагаад гараад ирсэн бэ гэвэл 2004 онд бүртгэгдсэн өр төлбөрийг бид нар сангаас аваад хаагаад балансын гадуур шилжүүлсэн. Мэдээллийн санд өр төлбөр гэдэг зүйл байхгүй. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу төлбөр гэдэг ойлголт бол зээлийн мэдээллийн санд очоод зээл шиг харагдаж бүртгэгдсэн байдаг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Л нь 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х банкнаас зээлээр мөнгө авсан гэх мэдээллийг Зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэхэмжлэгч Ш.Л-ын тус банкнаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ямар зээл авсан эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Ш.Л тус банканд өр төлбөртэй болсныг үндэслэн зээлийн мэдээллийн санд нэр нь бүртгэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тус банканд ямар өр төлбөртэй эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй ба зээлийн мэдээллийн санд дурдсанчлан зээлийг нэхэмжлэгч аваагүй байхад хариуцагч Х банк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасныг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн буруутай байна.
Нэхэмжлэгч Ш.Л нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас ямар нэгэн зээл болон өр төлбөртэй талаарх бичгийн нотлох баримт байхгүй байхад зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгч Ш.Л-д холбогдох РД:*****, Анх олгосон зээлийн хэмжээ 2475139.00, Зээл олгосон огноо: 2007-12-27, Зээл төлөгдөх огноо: 2008-12-27, Валютын нэр: МNТ, Зээлийн өрийн үлдэгдэл: 2475139.00, Зээл олгосон банк: Х банк(05) гэсэн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулсан нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн байна.
Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Ш.Л-д холбогдох, Анх олгосон зээлийн хэмжээ 2475139.00, Зээл олгосон огноо: 2007-12-27, Зээл төлөгдөх огноо: 2008-12-27, Валютын нэр: МNТ, Зээлийн өрийн үлдэгдэл: 2475139.00, Зээл олгосон банк: Х банк (05) гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт үүрэг болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Ш.Л-д холбогдох, Анх олгосон зээлийн хэмжээ 2475139.00, Зээл олгосон огноо: 2007-12-27, Зээл төлөгдөх огноо: 2008-12-27, Валютын нэр: МNТ, Зээлийн өрийн үлдэгдэл: 2475139.00, Зээл олгосон банк: Х банк (05) гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт үүрэг болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Л-д олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж