Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/287

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814005120295 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чандмань Баянхонгор аймгийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаад *******гийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох самсунг жи-7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 310000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би 9 дүгээр сарын 1-нд хүүхдээ Чандмань-Баянхонгор цэцэрлэгт хүргэж өгөөд явж байхад Жи-7 маркийн гар утас олсон. Утсыг олох үед утас асаалттай байсан. Нэг хүн л гар утсаа хаячихсан байна гэж бодоод бариад явж байхад утас руу эзэн нь залгасан. Би утас олсон гэж хэлээд, хаана уулзахаар асуухад манайхан цахирын хашаанд авчираад өгөөрэй гэж хэлсэн. Манайхан цахирын 2 хашаанд очиход олон машин байсан ба надад машины дугаараа хэлээгүй. Тухайн үед гар утас нь унтарсан байсан болохоор эзэнд нь утсыг өгч чадаагүй. Тухайн утсыг өөрийн эзэмшил болгох санаа байгаагүй, өгөх сэтгэлтэй явж байсан. Би ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй ийм хэрэгт холбогдчихлоо гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед нөхөр бид хоёр 2 хүүхдээ дагуулаад “Чандмань Баянхонгор” цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд би хоёр хүүхдээ дагуулж орж нээлтэнд нь оролцоод цэцэрлэгээс гараад ирсэн чинь цэцэрлэгийн үүдэнд газар шаргал өнгийн резинэн Жи-7 маркийн гар утас хэвтэж байсан бөгөөд ойр хавьд хүн байхгүй байхаар нь нэг хүн утсаа хаячихсан юм байна гэж бодоод утсыг аваад явсан. Тэгтэл удаагүй нэг дуудлага ирэхэд манай нөхөр авахад нэг эрэгтэй хүн яриад наад утсыг чинь хаячихсан юм, 50000 төгрөг өгье утсаа авмаар байна гэхээр нь хаана аваачиж өгөх юм гэхэд майхан цахирын хашаанд хүрээд ир, улаан өнгийн машин байгаа гэж хэлээд тасалчихсан. Тэгтэл мөн түүний дараа дахин дуудлага ирж нэг эмэгтэй хүн “Би наад утсыг чинь хаячихлаа” гэхээр нь хаана хаясан юм гэхэд яарч сандарч явж байгаад хаана хаясанаа мэдэхгүй байна гээд утсаа салгасан. Тэгээд гэрээрээ дайрч хүүхдүүдээ буулгаад ойролцоогоор 1 цагийн дараа Майхан цахирын хашаанд очиход хашаа дүүрэн янз бүрийн машин байсан бөгөөд нөгөө олсон гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгээд нөгөө хүнрүү буцаж холбогдож чадаагүй явсан. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа би өөрөө утасгүй байсан болохоор 20000 төгрөгөөр утасны кодыг нь гаргуулаад өөрийнхөө 88466681, 88616681 дугаарын сим картнуудыг хийж барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Чандмань 15 дугаар цэцэрлэгийн нээлтэнд хүүхдээ хүргэж өгөөд очсон. Тэнд хоёр хүүхдийнхээ зургийг гар утсаараа дараад цүнхэндээ утсаа хийсэн. Тэгээд цэцэрлэг рүү орж хоёр багштай нь уулзаад эргэж гарч ирээд гэртээ хариад утсаа цүнхэндээ үзтэл байхгүй байсан. Манай нөхөр миний утас руу залгатал аваагүй, манай дүү өөрийн утснаас миний утас руу залгатал утсыг нь нэг хүн аваад энэ утсыг манай хүүхэд олсон юм шагналыг нь өгвөл өгнө гэж хэлсэн. Очоод авъя шагналыг нь өгье гэтэл хэдэн төгрөг өгөх юм гээд байсан. Би 50000 төгрөг өгве гэтэл 20 миунтын дараа хүүхдийн хичээл тарахаар өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш 12 цагийн үед дахиад ярьтал хүлээж бай гэж хэлээд тэрнээс хойш холбогдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...11 цаг 30 миунтын үед ирээд утсаа олохгүй байна, хаана тавьснаа мэдэхгүй байна гээд хайгаад байсан. Тэгээд эгчийн утас руу би залгатал нэг эрэгтэй хүн авсан наад утсыг чинь хаячихаж мөнгө өгөөд авъя гэхэд майхан цахирын хашаанд 20 миунтын дараа аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 14 цагийн орчим яриад хүүхэд аваад завгүй ойртохоороо аваачаад өгнө гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн орчим дахиад ярихад хүлээж байх уу ирж байна уу гэхэд хүлээж бай гэж хэлсэн тэгээд утас холбогдохоо байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31- 32/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...*******гийн гээгдүүлсэн гэх гар утасны зах зээлийн ханш нь 310000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 41-42 /

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт / хх-ийн 17- 3 21/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 55/ шүүгдэгч эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 56/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 57/, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 69/ эвлэгрлийн гэрээ / хх-ийн 83 /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Чандмань Баянхонгор аймгийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаад *******гийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох самсунг жи-7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 310000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн ... цэцэрлэгийн үүдэнд газар шаргал өнгийн резинэн Жи-7 маркийн гар утас хэвтэж байхаар нь аваад явсан. ...1 цагийн дараа Майхан цахирын хашаанд очиход гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан, ...20000 төгрөгөөр утасны кодыг нь гаргуулаад өөрийнхөө 88466681, 88616681 дугаарын сим картнуудыг хийж барьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 / хохирогч *******гийн ... цэцэрлэгийн нээлтэнд хүүхдийнхээ зургийг гар утсаараа дараад цүнхэндээ утсаа хийсэн, гэртээ хариад утсаа цүнхэндээ үзтэл байхгүй байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 / гэрч *******ын ... эгчийн утас руу би залгатал нэг эрэгтэй хүн авсан майхан цахирын хашаанд 20 миунтын дараа аваачаад өгье гэж хэлсэн,… тэгээд утас холбогдохоо байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...*******гийн гээгдүүлсэн гэх гар утасны зах зээлийн ханш нь 310000 төгрөг болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 41-42 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичГийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д самсунг жи-7 маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 30-31/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 5 бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА