Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00595

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Е.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Е.Х, хариуцагч Х.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.А-ээс хашаа, байшин, газрын үнээс үлдсэн 400000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Е.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх байшин худалдах гэж байхад хариуцагч Х.А эхнэрийнхээ хамт ирээд миний байшинг худалдаж авъя гэж хэлсэн. Би байшингаа 7 сая төгрөгөөр худалдана гэхэд 6 сая төгрөгөөр авъя, одоо 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн нэг сая төгрөгт эхнэрийн дүүгийн нэр дээр байгаа газрын гэрчилгээ өгөөд дараа нь таны нэр дээр шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш би хүлээгээд 4 жил өнгөрсөн. Сүүлд нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч бид хоёр эвлэрч чадаагүй. Гэхдээ би хариуцагч Х.А-ийн гэрт очиход түүний гэрт байсан гал тогооны шүүгээг 300000 төгрөгөөр үнэлж өгсөн. Тэр шүүгээг урьд нь хөрш айлын хүмүүс нь авах гэж байсан байна. Х.А тэр хүмүүст 250000 төгрөгөөр үнэлж аваарай гэж хэлж байсан байна. Х.А надад тэр шүүгээг гаргаж өгөөд манай хөрш хүмүүс авах гэж байгаа, та тэр хүмүүст зараад мөнгө болгож аваарай гэж хэлсэн. Тэгээд би хөрш айлын хүнтэй ярихад зээлээр асуусан. Би байшингаа худалдахдаа 6 сая төгрөгөөр үнэлээд 1 сая төгрөгт газар байна, та газар аваарай, тухайн газар миний эхнэрийн дүүгийн нэр дээр байгаа, түүнийг сургуулиас ирэхээр нь таны нэр дээр чинь шилжүүлж өгье гэж хэлээд Ө.А гэдэг хүний газрын гэрчилгээг өгсөн. Дараа нь Х.А-д очоод газрыг миний нэр дээр шилжүүлж өгөөрэй гэхэд дүү маань сургуулиас ирээгүй, ирэхээр нь шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч үүнээс хойш 4 жил болж байна. Саяхан 1 дүгээр сард хариуцагч Х.А Улаанбаатар хот руу явах гэж байхад би шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Х.Асхабылд хандаад бид нар хоорондоо ярилцахад Би хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг мэдэж байна. Хэрвээ надад одоо 400000 төгрөг өгсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж болно. Хариуцагч Х.А нь зун нүдний шил зараад сарын цалин өгөөд худалдагч авч ажиллуулж наймаа хийсэн. Тэр үед миний мөнгийг өгөх боломжтой байсан. Би түүнд чи хот руу явахдаа эд хогшлоо зарахын оронд эд хогшлоо гэртээ оруулж тавиад гэрээ надад сахиулаад яв, би гэрт чинь эзэн болъё гэж хэлэхэд би зээлтэй гээд зөвшөөрөөгүй. Хэрвээ надад хэдэн төгрөг нэмээд өгсөн бол би бас ойлгох байсан. Одоо 400000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд Х.А-ээс 400000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд эхнэр бид хоёр очоод Е.Х-ийн худалдах гэж байгаа байшинг үзсэн. Тэгэхэд бид нарт 6 сая төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Тэрийг харсан гэрч нар байгаа. Тухайн үед бид нартай хамт манай хадам эгч бас очсон. Тэгээд би доошоо хэдэд өгөх юм бэ, буух юм уу гэхэд 5,5 сая төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгэхэд би 5,5 сая төгрөгөөр худалдвал авъя, 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 500000 төгрөгийн оронд нь газрын гэрчилгээг өгье гэж хэлсэн. Надад хоёр газрын гэрчилгээ байсан. Нэг нь миний  өөрийн нэр дээр, нэг нь манайд хадам дүүгийн нэр дээр байсан. Энэ хоёр газрын гэрчилгээний аль нэгийг аваарай, би 5 сая төгрөг банкнаас зээл авсан, одоо 500000 төгрөгийг төлж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд Е.Х надад энэ хоёр гэрчилгээний аль нэгийг миний нэр дээр шилжүүлж өгөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш би Е.Х-ийг 2-3 жил хүлээсэн. Нэг бол өвсөнд явна, нэг бол модонд явна, нэг бол мал авчраад зарахаар явна. Би түүнээс гуйгаад 2-3 жил боллоо. Миний нэр дээр байгаа, надад эзэмшихээр олгосон газрын гэрчилгээний хугацаа дуусаж байгаа учраас өөрийнхөө баазад худалдсан. Тэрийг өвөл худалдсан бөгөөд Е.Х зун надаас газрыг асуусан. Тэгэхэд би 100000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Гэхдээ газар олж өг гэвэл олж өгч болно, газар 200000-300000 төгрөгөөр олдох юм байна гэж хэлсэн. Нэхэмжлэгч надад байшингаа зарахдаа худлаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн байшинг пундаменттэй байшин гэж хэлсэн боловч үер буусан үед байшингийн доороос ус нэвтэрсэн. Мөн дээврээс бороо дусдаг, хана нь цуурсан. Худлаа гэвэл үүнийг очоод үзэж болно. Би заримдаа байшин нураад эхнэр хүүхдүүдийнхээ хамт тэнд үлдэх юм байна гэж айдаг. Анх 5,5 сая төгрөгөөр тохиролцсон байхад яагаад ингэж мөнгө нэмснийг ойлгохгүй байна. Хадам эгч, эхнэр бид гурав очоод байшинг харж үзэж авсан. Тэгэхэд 1000 м.кв газарт Н гэдэг дүүгийн гэр бас байгаа, дундаас нь хувааж өгнө, мөн махны амбаар барьж  өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл хэлсэн зүйлээ хийгээгүй. Би итгээд авсан байсан. Тэр хашаанд жорлон байхгүй байсан бөгөөд би тэрийг арай гэж өөр хүнээр ухуулж авсан. Би өр зээлтэй. Одоо Хас банканд 3 сая төгрөгийн зээлтэй. Энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөх боломжтой байсан боловч би тэрийг аваад ирэхээ мартсан байна. Урьд нь надад Фит маркийн машин байсан. Тэр машин дотор бид нарыг ярилцаж сууж байсныг харсан олон гэрч нар байгаа. Анх байшинг худалдаж авахдаа эхнэр бид хоёр залуу, гэнэн байсан учир нэхэмжлэгч Е.Х-д итгээд ямар нэгэн баримт авалгүйгээр 5 сая төгрөгийг тоолж өгсөн байна. 1 сая төгрөг биш 500000 төгрөг үлдсэн байсан. Надаас авсан шүүгээний зургийг Е.Х хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. 4 тасалгаатай шүүгээ байсан ба анх М-гийн дэлгүүрт 1,1 сая төгрөгөөр худалдаалагдаж байсан. Би өөрөө 1 сая төгрөгөөр худалдаж авсан. Би үүнийг өөрөө гаргаж өгөөгүй. Би явах гэж байхад Е.Х ирээд танайхаас нэг юм авч үлдье гэж аваад үлдсэн. Тухайн үед би эхнэртээ ч хэлээгүй байсан. Дараа нь эхнэр маань мэдчихээд намайг загнасан. Нэхэмжлэгч Е.Х намайг байнга дарамталдаг. Түлээ, түнш бэлдэж байхад манай гэрийн гадаа ирээд би чамд байшингаа хямдхан зарсан гээд байнга дарамталдаг. Тэгэхэд би та тэгвэл байшингаа буцааж ав, би мөнгөө буцааж аваад өр зээлээс салъя гэж хэлж байсан. Би одоо жүжиглэж байгаа юм биш. Шүүхээс тухайн байшинг нь буцааж өгүүлэхийг хүсэж байна. Тэгвэл би нуруундаа эмчилгээ хийлгэнэ. Би одоо нурууны суулттай. Энэ нь таксинд удаан явсан, хөл даарснаас болсон, сар болгон курс эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Гэхдээ одоохондоо надад эмчилгээ хийлгэх боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын  хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е.Х нь хариуцагч Х.А-ээс хашаа, байшин, газрын үнээс үлдсэн 700000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Х.А-ээс 400000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, зохигчдын хооронд хашаа, байшин болон газрын хамт худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч, хариуцагч нар мараагүй ба харин худалдах худалдан авах гэрээний үнийн талаар маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Гэтэл хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Е.Х надад эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж амбаараа барьж хашааг дундаас хувааж өгөөгүй тул хашаа байшин, газраа буцааж өгч мөнгөө буцааж авахыг хүсжээ.

Гэвч хариуцагч Х.А нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Мөн зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байхаар заасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч Х.А хашаа байшингийн өмчлөх эрхийг 2015 оны 10 дугаар сард шилжүүлэн авсан болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо. Хариуцагч  Х.А нь худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гарсан зардлаа нөхөн төлүүлэх, гэрээ цуцлах тухай шаардлага гаргах эрх нь 2016 оны 3 дугаар сард дууссан байх ба тэр хугацаандаа хариуцагч Х.А нь тус шүүхэд Е.Х-тэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Түүнчлэн  хариуцагч Х.А нь худалдаж авсан хашаа байшингийн доголдлын талаар эд хөрөнгө хүлээж авах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан байх ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.1.2 дахь хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгөө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх учраас дээрх шаардлага гаргах эрхээ хуульд зааснаар алдсан байна.

Улмаар хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Е.Х-ээс хашаа байшинг газрын хамт 5500000 төгрөгөөр худалдаж авч, 5000000 /таван сая/ төгрөгийг бэлэн өгч үлдсэн мөнгөнд гал тогооны тавилгыг өгсөн тул тооцоо дууссан гэж, нэхэмжлэгч Е.Х нь би 6000000 /зургаан сая/ төгрөгөөр худалдаж 5000000 /таван/ сая төгрөгийг бэлэн авч үлдсэн 1000000 /нэг/ сая төгрөгт надад гал тогооны тавилгыг 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр үнэлж өгсөн тул одоо үлдсэн мөнгөө авах ёстой гэж хоорондоо маргажээ.

Хариуцагч Х.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа уг хашаа байшин, газрыг  5000000 /таван/ сая төгрөгөөр, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:... 5500000 /таван сая таван зуун/ мянган төгрөгөөр худалдаж авсан гэж янз бүрээр мэдүүлж байгаа боловч үүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Е.Х-эд Ө.А гэдэг хүний Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг “Хөх хад”-ын нутаг дэвсгэрт 031302366 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв газрын Г-0213002035 дугаартай  гэрчилгээг хашаа байшингийн үнээс үлдсэн өр төлбөрийн оронд барьцаалж уг газрыг  нэхэмжлэгчийн нэр дээр буулгаж өгөх гэхэд Ө.А нь Казахстан улсад байгаад боломжгүй болсон нь хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан: ...дүү маань Казахстан улсад сурч байгаа 2017 оны 8 дугаар сард ирэх байх тэр үед газрыг Е.Х-ийн нэр дээр буулгаж өгье гэж гаргасан санал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хэрэв хариуцагч Х.А нь нэхэмжлэгчид хашаа байшингийн үнээс төлбөр тооцоогүй бол нэхэмжлэгчид хадам дүү Ө.А-ын газар эзэмших гэрчилгээ барьцаалуулж мөн тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд тухайн газрыг Ө.А нь Казахстан улсаас ирэхээр нь нэхэмжлэгчийн нэр дээр буулгаж өгөх тухай санал гаргаж мөн төлбөр тооцоогүй байсан бол гал тогооны тавилгыг 300000 /гурван зуун мянган/ төгрөгт үнэлж нэхэмжлэгчид олгохгүй байсан ба үүнээс дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгчид хашаа байшингийн үнээс 1000000 төгрөгийн тооцоотой болох нь тогтоогдлоо.

Хариуцагч Х.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...гал тогооны тавилга нь одоогийн зах зээлийн ханшаар 1150000 төгрөг би дөрвөн жилийн өмнө 1000000 төгрөгөөр худалдаж авсныг нэхэмжлэгч уг тавилгыг нэг сая төгрөгөөр үнэлж аваагүй 300000 төгрөгөөр үнэлж авсанд би гомдолтой байна гэж байгаа боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Е.Х-эд хашаа байшин, газрын үнээс үлдсэн мөнгөний оронд 300000 төгрөгт үнэлж өгсөн болох нь зохигч нарын мэдүүлгээр нотлогдлоо.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.А нь нэхэмжлэгчид хашаа байшингийн үнээс 1000000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Е.Х нь шүүх хуралдаанд хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа 400000 төгрөг болгож багасгаж байгаа тухай тайлбар гаргасан тул хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлагаа багасгасан хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээ болох 400000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 12650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Е.Х нь хариуцагчид худалдсан 500 м.кв газраас А гэдэг хүнээс худалдаж авч, өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгүйгээр А-ийн нэрээс хариуцагч Х.А-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа ба уг газарт Е.Х нь байшин барьж Х.А-т худалдсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Шеурши узынмылтых  овогт Х.А-аас хашаа байшингийн үнээс үлдсэн 400000 / дөрвөн зуун мянган / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е.Х-д олгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-ээс 12650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Х-эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.Ж