| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00487/И |
| Дугаар | 130/ШШ2017/00618 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2017/00618
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Д-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн ХГ/дарга Б.С/-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 29-ний хүртэлх хугацааны 9 сар 2 хоногийн нөхөн олговор болох 4910132 төгрөгийг аймгийн ХГ-аас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д намайг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 тоот шийдвэрээр тус ХХҮ-ний газрын Захиргаа хяналтын хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, мөн өдөр хүртэлх цалин хөлс нөхөн олговрыг гаргуулан олгосон билээ. Энэ шийдвэр нь 2017 оны 6 сарын 29-ний өдөр УДШүүхийн хяналтын журмаар хэлэлцэгдэж анхан шатны шийдвэр хэвээр нь батлагдаж хүчин төгөлдөр болсон болно. Миний сарын цалинг анхан шатны шүүх 540033 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан билээ. Захиргааны хэргийн шүүх 2017 оны 01 сарын 27-ны хүртэлх цалинг гаргуулан олгосон болохоор мөн өдрөөс шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх өөрөөр хэлбэл ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 29-ний хүртэлх хугацааны 9 сар 2 хоногийн нөхөн олговор болох 4910132 төгрөгийг аймгийн ХГ-аас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д-ыг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 007 тоот шийдвэрээр тус аймгийн ХГ-ын Захиргааны хяналтын хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, тус маргаан бүхий орон тоонд томилохгүй байгаа тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг мөн өдөр хүртэл гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх тухайн гомдлыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар хариуцагч байгууллага Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааг хүчин төгөлдөр шүүхийн тогтоосон учир нэхэмжлэгч Б.Д тус шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлж, Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн эцсийн тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 5 сар 2 хоногийн нөхөн олговор болох 2750000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 4 сарын цалинг нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаан тодорхой бус хугацаагаар хойшлогдсон учраас бид нар нэг сарын хугацаа болох байх гээд улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Өрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 2160132 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4910132 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад төлж барагдуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргуулж өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн хувьд энэ мөнгийг төлөх боломжгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Нэгэнт Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан байгаа учраас энэ тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргасан гэж байгаа боловч шүүхийн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийн энэ хэрэгт хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч ХГ-ын дарга Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаартай шийдвэр болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолыг хүлээж авсан. 2. Шүүхийн шийдвэрийг хүлээн аваад тус шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан байна. Тус шүүх болон давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн захирамж гарсан. 3.Дээрх Захиргаануудыг дахин хянаж хүсэлтийг хүлээн авч гомдлыг хангаж өгөн үү?- гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд одоогоор хяналтын шатны шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хэргийг сэргээж өгөх тухай эцэслэн хариу гаргаагүй байна. 4.Тус анхан шатны шүүх нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.Д-ны цалин, нөхөн олговор нэхсэн нэхэмжлэлтэй шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүх хурлын үед сонсож мэдсэн байгаа. Иймд Б.Д-ны болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнд хүлээн зөвшөөрсөн хариу өгч чадахгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч С.А миний бие хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Д-ны ажилд нь эгүүлэн тогтоох асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтан ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй. Энэхүү маргаанд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд оролцож байгаа бөгөөд намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байгууллагын үзэл бодол, гаргасан тайлбарыг дэмжээд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоно. Тэгэхээр үүнийг нэхэмжлэгч тал зөв ойлгох хэрэгтэй. Б.Д-ны асуудал дээр Улсын Дээд шүүхэд шийдэгдэх гэж байгаа хүсэлт явж байгаа. Өөрөөр хэлбэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан. Энэ нэхэмжлэлийг уг хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэдэг талаар хариуцагч тайлбараа гаргасан. Үүнийг хариуцагч байгууллага шүүх хуралдаанд хэлж өгөхийг хүссэн. Хариуцагчийн хувьд энэ мөнгийг төлж өгөх боломжгүй гэж тайлбар гаргасан. Тийм учраас хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтгаж үзэхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Баян-Өлгий аймгийн ХГ-аас 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос 6 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2750000 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2017 оны 6 дугаар сарын 29-нээс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2160132 төгрөг бүгд 4910132 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Х хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгож, ... Баян-Өлгий аймгийн ХГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах ... тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тус шүүхийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д-ыг Баян-Өлгий аймгийн ХГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэснийг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаснаар 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 268 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч Б.Д-ыг ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн ХГ-ын дарга нь тус газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилоогүй байгаа хэдий боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар урьд авч байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо нэхэмжлэх эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 540033 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговрыг шийдвэр гарах өдрийг оролцуулж 1582422 төгрөг олгож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговроо 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос эхэлж нэхэмжилсэн боловч дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн өдрийг оролцуулж шийдвэрлэсэн байх тул 2017 оны 01 дүгээр сарын 28-наас энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг оролцуулж, 8 сар 12 хоногт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4910132 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 8 сар 12 хоногт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4621677 (540033 х 8 сар + ( 540038 / 21.5 х 12 хоног) төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн ХГ-ын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 288455 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч анх шүүхэд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 2750000 төгрөг нэхэмжилсэн ба үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 58950 төгрөг төлөх ёстойгоос 50 төгрөг мөн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн хэмжээ болох 2160132 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 49512 төгрөг төлөх ёстойгоос 488 төгрөгийг тус тус илүү төлсөн байх ба улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн бүгд 538 (50+488) төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 4621677 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 88897 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4621677 /дөрвөн сая зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан долоон/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн ХГ-ын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 288455 /хоёр зуун наян найман мянга дөрвөн зуун тавин таван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ны 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн ХГ-ын даргад үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 538 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулж мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн ХГ-ын санхүүгээс 88897 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж