| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0283/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/284 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Шүүгдэгч С.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Ариунаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005450305 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Урьд ял шийтгэлгүй, Гавж дондог овогт Сономбалжирын Ариунаа / Регистрийн дугаар: ВЭ76042608 /,
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч С.Ариунаа нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-6-19 тоотод оршин суух А.Хоролсүрэн нь 2017 онд 04 дүгээр сард нас барсан боловч 2018 оны 09 сар хүртэл иргэний бүртгэлээс хасалт хийлгэлгүйгээр талийгаач А.Хоролсүрэнгийн тэтгэвэр, тэтгэмжийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хууль бусаар авч улсад 4720837 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Талийгаач ээж А.Хоролсүрэн нь 2012 онд тархиндаа цус харавч 5 жил хэвтэрт байсан бөгөөд би асардаг байсан юм. 2017. оны 04 дүгээр сарын 28- ний өдөр талийгаач ээж А.Хоролсүрэн дахин тархиндаа цус харавч гэртээ нас барсан тухайн үедээ ажил явдлыг хийж гүйцэтгэсэн тухайн үедээ нас барсан' талаар ямар нэгэн төрийн байгууллага албан тушаалтанд; мэдэгдээгүй бай.ж байгаад 2017 оны 08 дугаар сарын дундуур Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Талийгаач ээж А.Хоролсүрэнгийн нас барсан талаар иргэний бүртгэл мэдээллээс хасалт хийлгээгүй юм яагаад гэвэл талийгаач ээж А.Хоролсүрэн. нь .2016 оны 09 дүгээр сард тэтгэврийн зээл авсан мөн хэвтэрт байнгын эм тариа эмчилгээнд нэлээн мөнгө шаардлагатай болж зээл авсан байсан учир тэтгэврийн зээл, тэтгэмжийг зогсоогүй талийгаач ээж А.Хоролсүрэнг нас барснаас хойш байнгын асаргаа шаардлагатай ахмадын тэтгэмжийг 2 сар 120.000 төгрөг, насны хишиг 2 сар 160.000 төгрөг, байнгын асаргаанд байдаг иргэнийг асарсны тэтгэмж.6 сарын 384.000 төгрөгийг авсан мөн 2017 оны 05 сараас хойш 2018 оны .03 сар хүртэл талийгаач ээжийн тэтгэврийн зөрүү нэмэгдлийг авч байсан. Манай ээж олон жил хэвтэрт байсан эм тариа эмчилгээ гэх мэтээр нэлээн мөнгөний зарлага гарч .зээлтэй болсон мөн талийгаач / ээж А.Хоролсүрэн нь 2016 оны 09 дүгээр сард тэтгэврийн зээл авсан байсан учир зээл нь бага боловч дарагдаж байг гэж бодож иргэний бүртгэл мэдээллээс хасалт, хийлгүй өдий хүрсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ариунаа мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
4. Иргэний нэхэмжлэгч Д.Сангидуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...С.Ариунаагийн ийм гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй манай байгууллагын зүгээс иргэний бүртгэл мэдээллээс хасалт хийгдэж ирээгүй учраас манай байгууллага мэдэх боломжгүй байсан бөгөөд, улсад буюу нийгмийн халамжийн санд насны хишиг 240.000 төгрөг, Байнгын асаргаа шаардлагатай ахмадын тэтгэмжийн 120.000 төгрөг, Байнгын асаргаанд байдаг иргэнийг асарсны тэтгэмжийн 384.000 төгрөг нийт 744.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул энэ Хэмжээний мөнгийг манай байгууллагын зүгээс С.Ариунаагаас нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн24-25/
5. Гэрч Ж.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2009 оноос хойш Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн засаг даргаар ажиллаж байна. Манай багийн 06 дугаар гудамжны 21 тоотод оршин суух Аюушийн Хоролсүрэн гэгч нь 2016 оны намар нас барсан байсан бөгөөд тэрнээс хойш иргэний бүртгэлээс хасалт хийлгээгүй өдий хүрч байгаа учир би цагдаагийн байгууллагад энэ талаар тодруулж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан юм. Би 2017 оны 12 сарын 20-дийн үеэр би талийгаач Хоролсүрэнгийн охин болох Ариунаа гэх хүнтэй утсаар холбоо бариад танай ээж Хоролсүрэн нь нас барсан биз дээ иргэний бүртгэлээс хасалт хийлгэхгүй юм уу гэж асуухад ээж амьд байгаа Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа гээд утсаа тасалсан энэ талаар би өрхийн эмч Э.Гүнжинлхам эмчээс тодруулахад 2016 онд өвчний улмаас нас барсан бөгөөд манай өрхийн эмнэлэг дээр хасалт хийж дээд нэгдсэн эмнэлэг рүү мэдэгдсэн талаар хэлж байсан учраас уг хүн нас барсан гэсэн. Мөн энэ талаар Баянхонгор сумын улсын бүртгэгчээс энэ талаар асуутал ар гэрийн хүмүүс нь нас барсан гэж хасалт хийлгээгүй бол бид нар эндээс хасах боломжгүй гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/ ... Би цаг хугацааг нь андуурсан байна талийгаач А.Хоролсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан үнэн юм байна лээ би андуурсан байна 2017 оны. 04 дүгээр сарын 28-нь өдөр нас барж өрхийн эмнэлэгт 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр бүртгүүлсэн байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн30-31/
6. Гэрч Э.Гүнжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир.7 дугаар багийн 06 дугаар гудамжны 21 тоотод оршин сууж байсан Аюушийн Хоролсүрэн нь2017 оны 04 дүгээр сарын дундуур гэртээ тархины цус харвалтын улмаас нас барсан бөгөөд манайд ар гэрээс нь албан ёсоор нас барсан гэж ирээгүй хүмүүс нас барсан талаар хэлэх үед 2017 оны 05 дугаар сарын.01-ны өдрөөр бүртгэж авч Эрүүл мэндийн газарт нас барсан талаарх мэдээллийг өгсөн юм. Манай өрхийн эмнэлгээс А.Хоролсүрэнгийн охин Ариунаад иргэний бүртгэлээс хасалтаа хийлгүүлээч манайхаас нас барсан тухайн гэрчилгээ ав гэж удаа хэлсэн боловч авалгүй Улаанбаатар хот руу явсан байсан. А.Хоролсүрэн нь ямар нэгэн гаднын нөлөөтэй нас бараагүй. А.Хоролсүрэн нь өмнө 2 удаа тархинд цус харавч зүүн талдаа саажилтай байсан бөгөөд даралт нь байнгын өсөж 200-210 хүртэл ихэсдэг байсан. Би нас барахаас өмнө 1 сарын өмнө очиж үзэхэд нэлээн хүндэрсэн хүн танихаа больсон их хөгшрөлт явагдаж зөнөсөн байсан бөгөөд уг А.Хоролсүрэнг охин нь болох Ариунаа маш сайн асардаг байсан юм. Манай өрхийн эмнэлэгт 2001 оноос хойш артерийн даралт ихсэх өвчний улмаас хяналтад орж 2011 оноос хойш хэвтэрт орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
...Би талийгаач А.Хоролсүрэнг яг хэдний өдөр нас барсан эсэхийг мэдэхгүй байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын дундуур нас барсан талаар' мэдэж байсан сүүлд Ариунаатай уулзахад 2017, оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан талаар мэдсэн манай өрхийн эмнэлэг 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр нас барсан талаар бүртгэж авсан. гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ болон хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Ариунаагийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шалгах хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ариунаа нь төрсөн ээж А.Хоролсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр өвчний учир нас барсан байхад түүнийг иргэний бүртгэл мэдээлэлд хасалт хийлгэлгүйгээр 2017 оны 05 дугаар сарын 01-с хойш 2017 оны 10 дугаар сар хүртэл Нийгмийн халамжийн сангаас насны хишиг тэтгэмж хоёр зуун дөчин мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай ахмадын тэтгэмж нэг зуун хорин мянган төгрөг, байнгын асаргаанд байдаг иргэнийг асарсны тэтгэмж гурван зуун наян дөрвөн мянган төгрөг нийт долоон зуун дөчин дөрвөн мянган төгрөг, мөн 2017 оны 06 сараас 2018 оны 04 сар хүртэл А.Хоролсүрэнгийн тэтгэвэр гурван сая есөн зуун далан зургаан мянга найман зуун гучин долоон төгрөг нийт дөрвөн сая долоон зуун хорин мянга найман зуун гучин долоон төгрөгийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг хууль бусаар авсан үйл баримт болсон нь иргэний нэхэмжлэгч Б.Азжаргал, Т.Сангидулам нарын мэдүүлэг гэрч Ж.Дэлгэрмаа, Э.Гүнжинлхам, Ц.Баттөр, Г.Наваанрэнцэн, нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 547 дугаартай албан бичиг болон түүний хавсралт, Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 768 дугаартай албан бичиг болон түүний хавсралт2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл, 3167332 дугаартай нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.Ариунааг хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч С.Ариунаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Ариунаад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд С.Ариунаа нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд нийт дөрвөн сая долоон зуун хорин мянга найман зуун гучин долоон төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт амаар болон бичгээр илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ариунаагаас долоон зуун дөчин дөрвөн мянган төгрөг гаргуулж нийгмийн халамжийн санд, гурван сая есөн зуун далан зургаан мянга найман зуун гучин долоон төгрөг гаргуулж тэтгэврийн санд төлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч С.Ариунаагийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч С.Ариунаагийн эзэмшлийн самсунг гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч С.Ариунаад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ариунаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар итгэмжлэл, болон 3167332 дугаартай нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг эд мөрийн баримтуудыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгоН
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гавж дондог овогт Сономбалжирын Ариунааг хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гавж дондог овогт Сономбалжирын Ариунааг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан С.Ариунаад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг журамлан ялтан С.Ариунаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн
5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар С.Ариунаагаас долоон зуун дөчин дөрвөн мянган / 744000 / төгрөг гаргуулж, Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн санд, гурван сая есөн зуун далан зургаан мянга найман зуун гучин долоон / 3976837 / төгрөг гаргуулж Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд тус тус олгуулж, уг хохирлыг нэг / 01 / жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар ялтан С.Ариунаад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял ногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдаж шүүгдэгч С.Ариунаа энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар итгэмжлэл, 3167332 дугаартай нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтрийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг эд мөрийн баримтуудыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Ариунаагийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Ариунаад буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч С.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ариунаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ