Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2019/00462/И |
Дугаар | 001/ХТ2021/00036 |
Огноо | 2021-01-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2021/00036
П.Оын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01265 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1287 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: П.Оа
Хариуцагч: С.Гь
88,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Гийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч С.Гь, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: С.Гьтай 2014 онд танилцсан, тэрээр надад ЖДҮ сангаас 1 тэрбум төгрөгийн зээл авна, бараг бүтсэн байгаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр төлбөрөө барагдуулах юм бол зээл гарна. Тэр болтол мөнгө зээлүүлээч гэж удаа дараа гуйдаг байсан. Нэг тэрбум төгрөгийн зээл бүтэхээр 10сая төгрөг шагнал болгож өгнө, 150сая төгрөгийг 0,7%-н хүүтэй зээлдүүлнэ гэсэн. Ингээд би түүнд итгээд найзуудаасаа болон мөнгө зээлдэг хувь хүнээс 10% хүүтэй зээл, банк болон банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эд хөрөнгийг тавиад мөнгө зээлж өгсөн. Зээлийг буцааж төлөх болох үед С.Гь “... мөнгө байхгүй байна.. аргалаад төлчих зээл гарахаар бүгдийг нь төлнө..” гэсэн. Ингээд мөнгө бүтнэ гэж бодоод түүнд 2014-04-22-ны өдөр 1,5сая төгрөг, 2014-06-09-ний өдөр 5сая төгрөг, 2014-09-04-ний өдөр 1,920,000 төгрөг, 2014-09-10-ны өдөр 3сая төгрөг, 2014-09-15-ны өдөр 8сая төгрөг, 2014-09-26-ны өдөр 8сая төгрөг, 2014-09-31-ний өдөр 2,5сая төгрөг, 2014-10-03-ны өдөр 2сая төгрөг, 2014-12-17-ны өдөр 3,7сая төгрөг, 2014-12-24-ний өдөр 7сая төгрөг, 2015-01-07-ны өдөр 5сая төгрөг, 2015-02-04-ний өдөр 7,7сая төгрөг, 2015-03-31-ний өдөр 4,940,000 төгрөг, 2018-06-13-ны өдөр 700,000 төгрөг нийт 60,980,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Мөн орон сууцны урьдчилгаа төлбөр 27сая төгрөгийг С.Гийн дансанд 2014-10-06-ны өдөр шилжүүлсэн. Энэ мөнгийг буцааж аваагүй байгаа. С.Гь нь 2015-04-24-ний өдөр над руу утсаар яриад надад 600,000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь шилжүүлсэн. Иймд С.Гиас зээл 61,580,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 27,000,000 төгрөг нийт 88,580,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч буцааж 16,340,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч тайлбартаа:П.Оаас миний дансанд 23,120,000 төгрөг, орон сууцны урьдчилгаанд 27сая төгрөг нийт 50,120,000 төгрөг шилжсэн нь үнэн. Гэхдээ эдгээр авсан мөнгөнүүдийг нэхэмжлэгчид өөрт нь болон түүний өмнөөс зээл, татвар, хураамж байдлаар буцааж төлсөн. Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшлийн банкны дансанд 2014-10-07-ны өдөр 10,100,000 төгрөг, 2014-09-22-ны өдөр 2сая төгрөг, 2014-10-24-ний өдөр 50,000 төгрөг, 2014-12-18-ны өдөр 2,4сая төгрөг, 2014-12-26, 28-ны өдөр тус бүр 290,000 төгрөг, 2015-04-28-ны өдөр 170,000 төгрөг, 2015-05-01-ний өдөр 980,000 төгрөг, 215,000 төгрөг, 800,000 төгрөг, 2015-05-05-ны өдөр 300,000 төгрөг, 2015-05-21-ний өдөр 80,000 төгрөг, 2015- 04-27-ны өдөр 60,000 төгрөг, 2015-05-21-ний өдөр 80,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Марико ББСБ-д нэхэмжлэгчийн өмнөөс 2014-11-16-ны өдөр 310,000 төгрөг, 2014-10-15-ны өдөр 620,000 төгрөг, 2014-09-15-ны өдөр 540,000 төгрөг, 2014-11-18-ны өдөр 130,000 төгрөгийн зээлийг тус тус төлсөн. 2014-12-26-ны өдөр 5сая төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс Б.Баасандоржид бэлнээр өгсөн. Мөн П.Оын өмнөөс Төрийнбанкинд 2015-01-08-ны өдөр 360,000 төгрөг, 2015-01-26-ны өдөр 200,000 төгрөг, 2015-02-05-ны өдөр 120,000 төгрөгийн зээл төлсөн. Орон сууцны урьдчилгаанд авсан 27сая төгрөгийн хувьд миний бие Ариг банкны зээл чөлөөлүүлсэн гэрээтэй холбоотой Баасандоржид 2014-12-26-ны өдөр нийт 18сая төгрөг өгсөн ба 2014-01-16-ны өдөр нэхэмжлэгчид өөрт нь 5сая төгрөг, 2017-01-11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 11,463,475 төгрөг тус тус өгсөн тул орон сууцны урьдчилгаанд тооцож авсан мөнгийг буцаан өгсөн гэж үзнэ. Миний бие нэхэмжлэгчид зөвхөн дансаар 38,595,000 төгрөгийг шилжүүлж, 34сая төгрөгийг өмнөөс нь зээл төлсөн байна. Харин 2018-06-13-ны өдөр зээлсэн 700,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нь төлсөн, үлдэх хэсгийг төлөөгүй. Иймд нэхэмжлэлээс 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусдыг нь татгалзаж байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 184/ШШ2019/01265 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Гиас 31,380,000 төгрөг гаргуулж П.Оад олгох, нэхэмжлэлээс 57,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 774,450 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 173,600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, С.Гиас 314,850 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1287 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч С.Гь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: П.Оа бид хоёрын шийдвэрт дурьдагдсан данснаас гадна хэрэгт авагдсан С.Гь миний Голомт банкны данс, мөн төлбөрийн баримтууд, гэрээгээр П.Оын бусдад төлөх өр төлбөрийг төлсөн баримтууд байгаа. Дээрх баримтуудаас шинжлэн судлахад С.Гь би нийт 83,058,475 төгрөгийг төлсөн нь нотлогдож байгаа. Иймд шүүхээс нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 4,380,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Шүүхээс С.Гийн өмчлөлийн гурван өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 27 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож, мөн дээрх орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй нь баримтаар тогтоогдсон гэж дүгнэн 27сая төгрөгийг эргүүлэн төлөх нь зөв гэж шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна.Учир нь П.Оа болон С.Гь бидний хооронд 2014-10-09-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд П.Оа Хасбанкны орон сууц худалдан авах зээлээр дээрх орон сууцыг авсан бөгөөд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Иймд дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ биелэгдсэн бөгөөд өмчлөх эрх шилжсэнээр Хасбанк П.Оа нарын хооронд орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулагдан дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөрийг надад шилжүүлсэн болно. Хэдийгээр гэрээ цуцлах хүсэлт илгээгдсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөөгүй бөгөөд П.Оа нь өөрийн зээлийн төлбөрт Хас банкинд шилжүүлэн өгсөн байна.. Дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээ болон Хас банктай холбоотой П.Оын орон сууц худалдан авах зээл, орон сууцны өмчлөл, эргэн төлөлт гээд хэргийг хуульд заасны дагуу үнэн бодит шударгаар шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэн шүүхийн журмаар дээрх нотлох баримтуудыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэрэгт хамааралгүй гэж үзсэн бөгөөд захирамжинд гомдол гаргах эрхгүйгээр нотлох баримт гаргах хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэж байсан нь хэрэгт авагдсан байгаа болно. Иймээс шүүхээс дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй гэж дүгнэх нь ямарч үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийг хэргийг үйл баримтыг нотлож чадаагүй гэж дүгнэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн, учир нь дээрх нотлох баримтуудыг би өөрөө гаргаж өгөх ямарч боломжгүй учир дээрх нотлох баримтуудыг шүүхээр гаргуулахаар хүсэлт гаргахад хэрэгт хамааралгүй гэж шүүхээс хүсэлтийг хангаагүй байж шийдвэр гаргахдаа хас банк, орон сууц, орон сууцны урьдчилгаа төлбөр, өмчлөлд шилжсэн шилжээгүй гэх зэргээр дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.. хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь .... хувь хүний нууцтай холбоотой .... тэдгээрийн өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасны дагуу дээрх орон сууцтай холбоотой нотлох баримтыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Энэхүү нотлох баримтаар дээрх орон сууц П.Оын өмчлөлд бүрэн шилжсэн болохыг нотлох гол баримтыг шүүх бүрдүүлж өгсөнгүй ээ. Иймд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа шүүх шударга хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргах, хэргийн оролцогчид эрх тэгш байх зарчмыг үгүйсгэн зөвхөн нэг талын хүсэл сонирхолыг ханган хэргийн хэрэгт хамааралтай нотлох баримт хангалттай бүрдээгүй хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хуульд заасны дагуу шүүх ..Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн дүгнээгүй гэх үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
П.Оа 2019-01-30-ны өдөр шүүхэд хандаж, С.Гиас 88,580,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “... хариуцагчид нийт 61,580,000 төгрөг зээлүүлсэн...орон сууцны урьдчилгаа төлбөр гэж 27сая төгрөгийг шилжүүлэн өгсөн...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, 500,000 төгрөг төлөх үлдсэн байгаа гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 31,380,000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэгч зээлийн төлбөрт нийт 61,580,000 төгрөг шаардаж үндэслэлээ тайлбарлахдаа “... 2014 онд 1,5сая төгрөг, 5сая төгрөг, 1,920,000 төгрөг, 3сая төгрөг, 8сая төгрөг, 8сая төгрөг, 2,5сая төгрөг, 2сая төгрөг, 3,7сая төгрөг, 7сая төгрөг, 2015 онд 5сая төгрөг, 7,7сая төгрөг, 4,940,000 төгрөг, 600,000 төгрөг, 2018 оны 700,000 төгрөг өгсөн ...” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч нь буцааж төлөх үүрэг хүлээж нэхэмжлэгчээс мөнгө авсан нь тогтоогдсон байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.
Нэхэмжлэгч нь нийт 20,720,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн, хариуцагч буцааж 16,340,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул анхан шатны шүүх 61,580,000 төгрөгийн шаардлагаас 4,380,000 төгрөгийг хангасан нь үндэслэл бүхий байна.
2. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн 27,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан бөгөөд “...гэрээ цуцлагдсан боловч мөнгөө буцааж аваагүй..” гэжээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч авсан 27,000,000 төгрөгөө П.Оад төлсөн нь тогтоогдоогүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 221, 205 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.
3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь Хас банк, Хаан банк, Баянгол дүүргийн прокурорын газар, Автотээврийн газраас баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан, шүүх заримыг нь хангаж /хх156-158/ 2019-05-01-ний өдөр 184/ШЗ2018/04987 дугаартай захирамжаар холбогдох баримтуудыг гаргуулж, хэрэгт хавсаргажээ.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй болно.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр,магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/01265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1287 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 314,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.УНДРАХ