Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 49

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Энхбат түүний өмгөөлөгч Ч.Содончимэг нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Чонос овогт Баяндэлгэрийн Энхбатад холбогдох 201625011106 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-887 тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 38-76 тоотод түр оршин сууж буй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Чонос овогт Баяндэлгэрийн Энхбатад /РД: УУ90062956/,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр)

Яллагдагч Б.Энхбат нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны автобусны буудал дээр иргэн Б.Даваасүрэнгийн халааснаас Samsung galaxy A-5 маркийн гар утсыг хулгайлан авч 550000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Офицеруудын ордоны автобусны буудал дээр зогсож байхдаа хүний халааснаас гар утсыг нь хулгайлсан. Дараа нь цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхэд хэрэг шилжсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээжийн маань хөлөнд яс ургасан тул хүүхдийг маань асран халамжлах боломжгүй байгаа юм. Надад баривчлахаас өөр ял оногдуулж өгнө үү гэв.

        

Хохирогч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордны автобусны буудал дээр 2 номерын тролейбусанд суух гэж байх үедээ куртикны зүүн талын халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би тролейбусан дотор миний хажууд зогсож байсан охиноос гар утсыг нь гуйж аваад утас руугаа залгахад холбогдохгүй байсан. Би 13 дугаар хороолол дээр тролейбуснаас буугаад явсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Хоёр хоногийн дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр манай найзын гар утас руу цагдаагаас яриад энэ хүнийг таних уу? саяхан гар утсаа алдсан уу? гэж асуусан гэсэн.Тэгээд манай найз миний дугаарыг өгсөн. Цагдаагаас надтай холбогдоод би маргааш өдөр нь ирж өргөдөл бичиж өгсөн. Миний утас Samsung Galaxy A5 маркийн цагаан өнгийн корпустай 2 сим ордог шинэ гар утас байсан. Би 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Next  төвөөс 600000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 600000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй. Миний утсыг олж өгсөн цагдаагийн ажилтан нарт баярлалаа /хх-18х/ гэжээ.

 

Гэрч Х.Тэмүүжин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны автобусны буудал дээр албан үүргээ гүйцэтгэж байх үед автобусанд суух гэж байсан иргэн Б.Даваасүрэнгийн халааснаас Б.Энхбат хулгай хийж байсан тэгээд яваад очтол Samsung A5 маркийн гар утсыг хулгайлан авсан байсан. Тэгээд би Б.Энхбатыг ажил дээр авч ирэн тайлбар аван хүлээлгэн өгсөн. Би 2015 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт томилогдож ажилласан. Б.Энхбат нь 2012 оноос манай хэлтсийн сэжигтний бүртгэлд авагдсан этгээд байсан юм /хх-19х/ гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Энхбатыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-27-30/, хохирогч Б.Даваасүрэн /хх-18х/, гэрч Х.Тэмүүжин нарын мэдүүлэгүүд /хх-19х/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-14х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15х/, эд зүйлийн үнэлгээ /хх-16х/, Б.Энхбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-33х/,  мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-44-45х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь  2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны автобусны буудал дээр иргэн Б.Даваасүрэнгийн халааснаас Samsung galaxy A-5 маркийн гар утсыг хулгайлан авч 550000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлсийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Энхбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэрэг  хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Баяндэлгэрийн Энхбатыг бусдын эд хөрөнгийг  хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Энхбатыг 160 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбат нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар  зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, сольдог журамтайг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        

 

ДАРГАЛАГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ