| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0264/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/264 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч :В.Дэлгэрмаа,
Гэрч С.Хишигсүрэн,
Шүүгдэгч Б.Тавхай, түүний өмгөөлөгч Д. Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Тавхай нь Баянхонгор Баянлиг сумын Ихбаян 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох "Саальтын цагаан дэрс” гэх газраас 38.8 кг нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу целийн аргамжи гийг түүж, бэлтгэн, тээвэрлэж өөрийн эзэмшлийн 34-74 БНХ улсын дугаартай автомашины кабинд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б. Тавхай мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...Миний бие сэжигтэнээр тооцож байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь би цагаан гоёог түүгээгүй, малдаа явж байхад хэдэн нөхдүүд авч явсан цагаан гоёогоо хаяад зугтсан тэгэхээр нь очиж аван гэртээ аваачсан, түүнээс
би өөрөө болон бусдаар түүлгээгүй би сумын идэвхтэн байгаль хамгаалагч юм. Би цагаан гоёо олсон тухайгаа сумын ИТХ-н дарга, багийн Засаг дарга нарт цагаан гоёог 2 өдөр хадгалаад 1 өдөр хэлсэн санагдаж байна сар едрийг нь сайн санахгүй байна..."гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/
.... Тухайн өдрөө одоо санахгүй байна. Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр баг өөрийнхөө өвөлжөөнөөс ингэ тэмээг бэлчээрт гаргах гээд мотоцикльтой тууж явж байсан юм. Манай өвөлжөөг “Саалтын цагаан дэрс" гэдэг юм. Би тухайн газраас явж байхад нүүр амандаа хар өнгийн маск зүүсэн 2 хүн мотоцикльтой зугтсан юм. Тухайн мотоциклын өнгө болон улсын дугаарыг би хараагүй юм. Надаас жаахан зайтай зөрсөн юм. Тухайн үед тэр 2 цагаан гоёог хүрзээр ухаж байсан юм шиг байна лээ хүрзтэй явж байсан юм. Тэгэхээр нь би тухайн "саалтын цагаан дэрс" буюу тэр хоерын зугтсан гэх газарлуу очиход цагаан өнгийн гялгар уутанд хийсэн байсан юм. Тэгээд би гэртээ аваачаад гадаа байсан өөрийн эзэмшлийн фургон машины кабинд хийгээд маргааш сумын багийн Засаг дарга, хурлын дарга нарт хэлэхээр яваад дарга нарт очиж хэлсэн. Тэр өдрийн орой нь эхнэр утсаар залгаад “Баярмаа гэх хүн ярья" гэж байна гээд утсаар яриулсан Баярмаа надад "хүрээд ир уулзъя” гэхээр нь би "за" гэсэн утасны цаанаас юм яриад байсан гэхдээ би түүнд чиний яриаг сайн ойлгогдохгүй байна гээд салгасан. Тэгээд маргааш орой нь гэртээ байж байхад Галдан ирж намайг цагаан гоёоны хамт авч явсан. Замдаа шөнө "Овоон шанд" гэх газар шөнө Ванчигсүрэнгийн гэрт хоноод өглөө нь Баярмаатай Ванчигсүрэн бид 2 хамт очиж уулзсан. Цагаан гоёог хилэлж үзэхэд 38 кг байсан. Баярмаа надад “цагаан гоёог чиний машинаас олсон" гээд хурааж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуудас/
“... Би сум руу цагаан гоёог хүмүүс түүж яваад хаяад зугтсан тухай хэлэхээр явсан. Би тэр үед сум орох далимаараа бага шиг ямааны ноолуур авч орсон үнэн юм. Миний хувьд цагаан гоёог хадгалаагүй, мөн түүж бэлтгэж тээвэрлээгүй. Далайхүү надад ярихдаа хурлын даргатай уулз гэж хэлсэн. Хурлын дарга Түвшинзаяа “эзэн нь байхгүй бол одоо яахав дээ" гэж хэлсэн. Яг тэг ингэж шийдвэрлэ гэж хэлээгүй. Би цагаан гоёог олсныхоо маргааш өдөр нь мэдэгдсэн. Би тухайн үед хоног хугацааг ташаарч хэлсэн, би цагаан гоёог олсныхоо маргааш өдөр нь сум орж хурлын дарга Түвшинзаяа, Далайхүү нарт хэлсэн. Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, тэмдэг байхгүй. Идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллуулахаар орчны бүсийн зөвлөлийн хурлын шийдвэрээр намайг томилж, заган ойг түүлгэхгүй байх, мөн байгалиа хамгаалах гэсэн үүрэг чиглэлийг хурал дээр Түвшинзаяа дарга биечлэн егсөн юм. Би багийн дарга Далайхүүтэй 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цайны уеэр сумын захиргааны ард уулзаж хэлсэн. Уулзахаасаа өмнө түүнтэй гар утсаар ярьсан байсан. Багийн дарга "Түвшинзаяа даргад хэл" гэсний дагуу Түвшинзаяа даргатай уулзсан. Далайхүү дарга байгаль орчны асуудлыг хариуцна гэж мөн хэлсэн. Би хурлын дарга Түвшинзаяа даргатай 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдөр өдрийн унд дуусаад ажил эхэлсэн байхад өрөөнд нь орж уулзсан. Би хурлын даргатай уулзаж гоёоны тухай хэлсэн. Тэр үед Түвшинзаяа дарга "би Улаанбаатар хотруу явах ажилтай гарлаа” гэж байсан. Надаас дарга асуухдаа "эзэн нь байгаа юм уу" гэсэн. Тэгэхээр нь “эзэн нь байхгүй хаяад зугтсан" тухай хэлсэн. Тэгсэн Түвшинзаяа дарга “эзэн нь байхгүй бол одоо яахавдээ өөр дээрээ байлгаж бай” гэсэн. Би тэгж уулзсанаасаа хойш цагаан гоёог хураагаад аваад явсан тухай хурлын даргад хэлэхэд хурлын дарга "би хотод байна" гээд "за за би тэр учрыг олъё" гэж хэлээд утсаа тасалсан. Би Баярмаа гэх хүнтэй утсаар ярихдаа мэндэлсэн, тэгсэн чамтай ярих шаардлагагүй гэж хэлээд утсаа тасалсан. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цагийн үед сумын төвөөсгарах гэж байхад миний 88358806 дугаар гар утас руу залгаж ярьсан. Тухайн үед би дарга нарт хэлчихээд сумаас гарах гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуудас/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тавхай мэдүүлэхдээ: Намайг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ингээ хурааж явахад далангийн үзүүрт нүүрэндээ маск зүүсэн хоёр хүн надаас дөлөөд явчихсан. Явж байсан газар нь очиход цагаан гоёо түүгээд заримыг нь шуудайлж, заримыг нь савлаагүй үлдээсэн байсан. Малын бэлчээр сүйтгээд мал унаад үхэх юм байна гэж бодоод тухайн гоёонуудыг гэртээ авч ирээд эхнэртээ өвөлжөө бэлчээр сүйтгээд байна багийн Засаг дарга болон холбогдох хүмүүст мэдэгдье гэж хэлээд баг явах гэхэд С.Хишигсүрэн өнөөдөр бүтэн сайн өдөр гэж хэлсэн. Маргааш нь би ингээ усалчихаад хоёр настай хүүхдээ эхнэртэйгээ үлдээгээд 5 настай хүүхдээ сундлаад багийн төврүү явсан. Очиход багийн Засаг дарга сумын төв явчихлаа гэсэн. Хүүхдээ Чойдон гэдэг айлд үлдээчихээд цагаан гоёо түүж өвөлжөө бэлчээр сүйтгээд байна дарга нарт мэдэгдье гэж хэлээд хойноос нь явсан. Сумын төвд ээжийндээ очоод Далай даргын утсыг мэдэх үү гэхэд манай дүү мэднэ гээд Далай дарга руу ярихад захиргааны ард явж байна гэсэн. Би очоод мэндэлчихээд өвөлжөө бууц сүйтгээд байна. Манай тэнд нүүрэндээ маск хийсэн хоёр хүн цагаан гоёо түүж орхиод мотоцикльтой явчихлаа гэж хэлэхэд чи чинь идэвхтэн байгаль хамгаалагч биздээ, чамайг хурлын дарга чинь сонгосон биздээ хурлын даргатайгаа ярь гэж хэлсэн. Хурлын даргын утсыг мэдэх үү гэхэд мэднэ гээд надад өгсөн. Хурлын дарга руу ярихад Улаанбаатар хот явах гээд ажил дээрээ байна түргэн хүрээд ир гэсэн. Очоод хэлэхэд би хот явах гэж байна ирээд энэ асуудлыг чинь зохицуулъя, эзэн нь байгаа юмуу гэж асуухад нь байхгүй хоёр масктай хүн надаас дөлөөд зугтаагаад явчихсан гэж хэлсэн. 2016 оны 11 сард хурлын дарга намайг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилж, байгаль орчноо сайн хамгаалах үүргийг хүлээлгэсэн. Битүү маск зүүчихсэн 2 нүд нь л харагдаж байсан гэв.
3. Иргэний нэхэмжлэгч М.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бид хоёр шалгалт эргүүлээр явж байгаад Батсуурийн Тавхай гэх айлд очсон шалтгаан нь “Цагаан дэрс” гэх газарт цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэг түүгдсэн байдалтай газар ухагдаж мотоцикль явган хүний мөр гарсан байсан. Уг мотоциклийн мөрийг дагаад явахад Тавхай гэх айлын гадаа хөтөлж очсон.Тэднийд очиход эзэнгүй байсан. Уг машин дотор юмны цаагуур тавьчихсан шуудайтай цагаан гоёо байсан. Батсуурийн Тавхай гэх хүний эхнэр нь ирээд байгаль хамгаалагч бид хоёрыг “юун хүн бэ” гэж асуухаар нь бичиг баримтаа үзүүлсэн. Тэгсэн нөхөр рүүгээ залгаж яриад "чиний түүж ирсэн цагаан гоёог хүмүүс олоод үзчихлээ, өөрөө үүнийхээ учрыг олоорой" гээд байсан. Нийт 38.8 кг болж байсан...Ганболд дарга Тавхай гэх иргэнийг идэвхитэн байгаль хамгаалагчаар томилсон шийдвэр гаргаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/, ...Тавхайгийн эхнэр нөхөртэйгээ утсаар ярихаасаа өмнө “цагаан гоёог хүн болгон тууж байгаа ганцхан манайх түүчихээ юу, би мэдэхгүй, түүсэн хүнээс нь асуу, манай нөхөр сум руу ноолуур тушаахаар явсан” гэж хэлсэн.Тэгж ярьчихаад хэсэг хугацааны дараагаар нөхөртэйгээ яриад "чиний түүсэн цагаан гоёог энэ муу балай хүүхэн гаргаад ирчихсэн байна чи үүнийхээ учрыг өөрөө ол" гэж хэлсэн... Баянлиг сумын 4 дүгээр багт идэвхтэн байгаль хамгаалагчаар албан ёсоор Лувсандоржийн Буянбат, Бямбын Ганжаргал нар албан ёсоор байдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 94-96 хуудас/
4. Гэрч Б. Галдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 05 дугаар сард Өмнөговь аймаг руу явж загны суулгацыг авчирсан. Тэгэхдээ Байгалмаа, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Золбаяр, байгаль хамгаалагч Төмөрчөдөр, тусгай хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Баярмаа,байгаль хамгаалагч Ванчигсүрэн нарын хамт явсан буцахдаа Өвөрхангайн Богд сум дайраад цаашаа Баянхонгорын Богд суманд очихоор явсан. Баярмаа, Ванчигсүрэн бид гурав Баянлиг сум руугаа буцсан замаараа Ванчигсүрэнгийнд очиж загныхаа суулгацыг буулгачихаад би сум руугаа явж Баярмаа, Ванчигсүрэн нар үлдсэн. Тэд хяналт шалгалт хийнэ гэж байсан. Эргүүлээр явж байгаад Тавхай, Батсайхан нарын цагаан гоёог илрүүлсэн юм билээ. Тэгээд утсаар залгаж яриад "Тавхайг хөдөөнөөс авч ирээрээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь явж Тавхайг авчирсан. Тавхайгаас цагаан гоёог хураан авсан байсан...Тавхайгаас хураан авсан цагаан гоёог жинлэхэд 38.8 кг болж байна... Тавхайгаас "Цагаан дэрс" гэх газарт нутаглаж байсан гэрийнх нь гадаа байсан, машинаас хураан авсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/
5. Гэрч Х.Ванчигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 05 дугаар сард манай хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Баярмаагийн хамтаар хяналт шалгалт эргүүлийг хийж ажилласан. Ажиллах хугацаанд "Цагаан дэрс” гэх газарт Тавхайгийн гэрч очсон. Тэдний гэрийг чиглээд давхисан мотоциклийн мөр байсан. Гоёо түүгдсэн газарт элс нь ухагдсан явж очиход тэднийд эзэн байхгүй Баярмаа мэргэжилтэн машины наагуур, цаагуур алхаж байгаа харагдсан. Бид хоёрыг цагаан гоёог гаргачихаад байж байхад Тавхайгийн эхнэр малаасаа ирсэн... Тавхайгийн эхнэр Тавхай руу утсаар залгаж яриад "чи ирэх юмуу яах юм энэ цагаан гоёог чинь хурааж авна гээд байна, энэ асуудлаа өөрөө шийд" гэж ярьж байна гэж надад Баярмаа мэргэжилтэн ярьсан... Тавхайгийн гэрийн гадаа байрлаж байсан 34-76 БНХ улсын дугаартай фургон машинаас хураагдсан цагаан гоёо 38.8 болж байсан...нөхөртэйгээ яриад "цагаан гоёог чинь байгаль орчны байцаагч гэх хүүхэн ирж үзчихээд авч явна, хураана гээд байна яах юм, хурдан хүрч ир" гэж ярилаа гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-44,/ Тавхайгийн эхнэр Тавхай руу утсаар ярьсан гэж байсан. Би утсаар ярихад нь хажууд нь байгаагүй гэрийнхээ суурин жи-мобайлын утсаар ярьсан юм билээ. Би тэр үед гэрийнх нь гадаа байсан. Харин Баярмаа надад ярихдаа Тавхайгийн эхнэр нөхөртэйгээ яриад цагаан гоёог чинь байгаль орчны байцаагч гэх хүүхэн ирж үзчихээд авч явна, хураана гээд байна яах юм, хурдан хүрч ир гэж ярьлаа гэж байсан. "Чиний түүсэн цагаан гоёог олчихлоо гэж нөхөртэйгээ ярьж байна" гэж хэлээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуудас/
6. Гэрч Ц.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тавхайгаас хураагдсан цагаан гоёо нэгэнт түүгдсэн зах зээлд эрэлт байхгүй учир хэрэглэх боломжгүй шууд устгах арга хэмжээ авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/
7. Гэрч Б.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тавхай манай сумын идэвхтэн байгаль хамгаалагч мөн. Тавхай надад хэлэхдээ “хүмүүс цагаан гоёо түүж яваад намайг хараад хаячихаад зугтахаар нь авчихлаа яах вэ” гэхээр нь "эзгүй юм бол одоо байлгаж байхаас" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /,Тавхай нь 2017 оны 5 дугаар сарын 15-дын үеэр уулзсан. Тавхай нь уулзахдаа "Цагаан гоёог мотоцикольтой хүмүүс хаяад зугтсан, үүнийг яах уу” гэж асуусан. Тэгэхээр нь "эзнийг нь барьж чадаагүй юм чинь" гэж хэлээд орхисон. Өөр ондоо зүйл хэлээгүй. Надад ярихдаа хэзээ олсоноо яриагүй, “шуудайтай Цагаан гоёог оллоо хүмүүс нь зугтсан" гэсэн. Б. Тавхайг 2017 оны 01 дүгээр сард идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон. Идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллах журам гэж байхгүй, орчны бусийн хурлын хамтарсан шийдвэрээр баталсан. Түүнээс тусгай гаргасан журам байхгүй. Тухайн үед надад шалгалтын хүмүүс ирээд цагаан гоёог хураан авлаа барилаа гэж хэлээгүй. Харин дараа нь Улаанбаатар хотод явж байхад "манайд шалгалтын хүмүүс ирж эзгүй хойгуур шуудайтай цагаан гоёог хураагаад аваад явсан байна" гэсэн. Тэгээд яав гэхэд "намайг түүсэн гээд байна” гэсэн тэгэхээр би "юу яриад байна" гээд Баярмаа, Оюун-Эрдэнэ нартай ярьсан. Тэр хоёрт "Тавхайг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон юм, наад хүн чинь надад цагаан гоёог олсон тухайгаа ирж хэлсэн" гэхэд "танайд орчны бүс байхгүй, тийм идэвхтэн байгаль хамгаалагч байхгүй" гэхээр нь "Ганболд дарга өөрөө ирж идэвхтэн байгаль хамгаалагчийг томилсон, надад хэлэхдээ орчны бүсийнхээ зөвлөлийн гишүүдийг шинэчилж батла, дээр нь идэвхтэн байгаль хамгаалагчаар ажлынхаа төлөвлөгөөг гарга” гэж хэлээд хурлыг хуралдуулсан гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 106-108 хуудас/
8. Гэрч П.Далайхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад ярьж байсан. 2017 оны 05 дугаар сарын 27 үеэр санагдаж байна “гэрийнхээ ойролцоо тэмээ ирж байхад машинтай хүмүүс гоёо түүж байх шиг байхаар нь урдаас нь очиход хаяад зугтаачихлаа тэгэхээр нь би тэнд байсан нэг ууттай гоёог нь гэрийнхээ гадаа хаячихсан” гэж ярьсан яг хэдэн кг байсаныг нь надад хэлээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/
....Би Тавхайтай 2017 оны 05 дугаар сарын 15 үеэр уулзсан санагдаж байна. Би захиргаан дээр ажилтай захиргаар уу алхаж байхад Шинэ сумын арын авто машины зогсоолын орчим таарч уулзсан. Урьд нь надтай утсаар ярьж уулзмаар байна гэж байсан. Тавхай надад ярихдаа “гэрийнхээ ойролцоо тэмээ ирж байхад хүмүүс Цагаан гоёо түүж байх шиг байхаар нь урдаас нь очиход хаяад зугтаачихлаа тэгэхээр нь би тэнд байсан нэг ууттай гоёог нь гэрийнхээ гадаа хаячихсан" гэж ярьсан яг хэдэн кг байсаныг нь надад хэлээгүй. Тавхай “түүнийг хаана мэдэгдэх ёстой юм бэ” гэсэн Цагаан гоёоны талаар надад ойлголт байхгүй учир ингэ тэг гэж\ зөвөлгөө өгөөгүй, “хурлын даргатай уулз" гэж хэлсэн Тавхай манай багийн идэвхтэн байгаль хамгаалагч мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуудас/
9. Гэрч С.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би танина Тавхай манай нөхөр бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байна, би нөхрийнхөө эсрэг хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй...” /хх-ийн 40-41 хуудас/ ....2017 оны 5 дугаар сарын дундуур манай нөхөр мотоциклиор ингэнд явсан. Ингэнээс ирэхдээ шуудайтай цагаан гоёо авчирсан. Манай нөхөр ярихдаа “нүүрэндээ хар баг зүүсэн 2 хүн мотоцикльтой надаас зугтаахдаа цагаан гоёог хаяад зугтаалаа тэгэхээр нь аваад ирлээ” гэж байсан. Цагаан гоёог манай нөхөр гэрийнхээ гадаа байх 34-76 БНХ улсын дугаартай фургон машины кабинд хийгээд “багийн Засаг дарга, ИТХурлын дарга нарт хэлнэ" гээд маргааш нь сум руу явсан. Би бага хүүхэдтэйгээ малдаа яваад гэрлүүгээ очихоор явж байхад манай гадаа мотоцикльтой 2 хүн ирээд зогсож байсан. Би гэрийнхээ гадаа иртэл байгаль хамгаалагч Ванчигсүрэн, байгаль хамгаалагч гэх хүүхэн 2 ирчихсэн байсан. Манай машин дотор байсан цагаан гоёог гаргаад тавьчихсан танайх Цагаан гоёо түүсэн байна гээд аашлаад дайрч эхэлсэн манайх цагаан гоёо түүгээгүй гэдгийг хэлсэн. Би тэр үед нөхрийнхөө 88348806 дугаартай гар утас руу нь гэрийнхээ 98900590 дугаар луу залгаж яриад "хүмүүс ирчихсэн байна” гэхэд “наад хүмүүстэйгээ яриулаадах" гэхээр нь утсаа эмэгтэйд нь өгөхөд “би ярихгүй” гэснээ чихэн дээр утсаа барьчихаад "би энэ хүний яриаг ойлгохгүй байна” гээд гар утсыг буцааж өгсөн...Ванчигсүрэнтэй ирсэн эмэгтэй ярихдаа "танайх руу мөр хөөгөөд ирлээ, танайх цагаан гоёо түүгээд ирсэн байна" гэж дайраад байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 101-103 хуудас/
10. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Хишигсүрэн мэдүүлэхдээ: Би Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгож мэдлээ. Гэхдээ би шүүх хуралдаанд мэдүүлэг егне. 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Тавхай тэмээнд явж ирэхдээ шуудайтай гоёо авч ирсэн. Хүмүүс цагаан гоёо туугээд, бэлчээр ургамал сүйтгэж, том том нух ухаж орхисон байна, баг явж дарга нарт хэлье гээд явах гэхэд нь би өнеедер амралтын едер шүү дээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь Б.Тавхай 11 цагийн уед малаа усалчихаад 5 настай хүүхдээ аваад явсан. Би 2 настай хүүхдээ аваад малдаа явсан. Намайг малаас ирэхэд Ванчигсүрэн нэг танихгүй эмэгтэйтэй манайд ирчихсэн байсан. "Танай хун хаашаа явсан бэ" гэхэд нь "хүмүүс гоёо түүж орхиод дарга нарт мэдэгдэхээр сум явсан" гэхэд "худлаа яриад бай чи, нехрее зугтаалгасан байна олоод ир" гээд намайг хееж байснаа "машинд байгаа гоёо аваад ир" гээд гоёог гэрийн гадаа асгаад Ванчигсүрэнг "наад гоёогоо бариад зогс номхон зогсохгүй бол чамайг ажлаас чинь хална шүү" гээд байсан. Нехрее олоод ир гээд байхаар нь би нехер рүүгээ залгаж тухайн эмэгтэйг яриулах гэхэд чихэн дээрээ нэг барьснаа "би энэ хуний чинь яриаг ойлгохгүй юм байна" гээд утсаа тасалсан. "Жин байна уу" гэхээр нь би Бат-Очир гэдэг айлаас жин аваад ирэхэд "нехрийг чинь шоронд хатаана, чамайг хоёр хүүхэдтэй чинь уйлуулаад үлдээнэ. Нөхрийгөө ирэхээр Овоон шандад очиж уулзаарай" гэж хэлчихээд явсан гэв. Би нөхөртэйгөө утсаар ярихдаа чиний түүсэн цагаан гоёог олоод узчихлээ еерее учраа олоорой" гэж яриагүй гэв.
11. Гэрч Т.Ганболдын мерден байцаалтанд егсен: Би Баянлиг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Тувшинзаяатай уулзан, тусгай хамгаалалттай газрын Орчны бүсийн зөвлөлийг байгуулж, хуралдааны хийх ажлын телевлөгөөг хэлэлц гэж мэргэжил арга зүйн зөвлөгөөг 2017 оны 01 дүгээр сарын эхээр өгч байсан. Харин идэвхтэн байгаль хамгаалагчийг томил гэсэн чиглэлийг өгөөгүй. Идэвхтэн байгаль хамгаалагчийг томилох тохиолдолд сайдын тушаалаар идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах журам гэж байдаг, тэр журмаараа тусгай хамгаалалтын захиргааны дарга тушаалаар болон гэрээгээр томилж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг олгодог юм. Би Баянхонгор аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа Баянлиг сумын "Ихбаян" 4 дугээр багийн иргэн Б.Тавхайг идэвхтэн байгаль хамгаалагчаар томилж ажиллуулаагүй. Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүстэй орчны бүс давхцсан байгаа учир тусгай хамгаалалттай газарт учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, тус зөвлөл нь ард иргэдийн амжиргааг дэмжих үйл ажиллагаа явуулахын тулд хууль бусаар заган ойг сүйтгэж тулээ тулшинд хэрэглэж болохгүй, харин үүнийхээ оронд шахмал түлш, өөр бусад түлшээр ашиглаж болох түүхий эдийг иргэдэд таниулах зэрэг олон талын ашиг тустай учир орчны зөвлөлийг байгуул гэсэн үүрэг чиглэл егсен юм. гэх мэдүүлэг, /хх-ийн 111-113 хуудас/
12. Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн "...Б.Тавхай нь 38.8 кг цагаан гоёо түүсэн...цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 65 000 /мянган төгрөг/ болсон... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3.3-д заасны дагуу ургамалын аймагт учирсан хохиролыг тухайн ургамалын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу Б.Тавхай 38.8х65 000=2 522 000x5=12 610 000 төгрөг..." гэх дүгнэлт /хх-ийн 507 Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 25-ны едрийн 63 тоот албан бичиг, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-10 / Баянхонгор аймгийн Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналтын улсын байцаагчийн акт / хх-ийн 27 / Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 тоот тушаал, хавсралт / хх-ийн 125-127 /. Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал жуулчлалын сайдын тушаал / хх-ийн 118-124/, Юнител ХХК-наас гаргуулсан яллагдагч Б. Тавхайгийн тухайн үед барьж байсан гэх 88358806 дугаарын орсон, гарсан яриа, мессежний лавлагаа /хх-ийн 172-183 /, Орчны бүсийн зөвлөлийн хурлын тэмдэглэл / хх-ийн 74-76 / зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр 5 хуудас юнителийн лавлагаа гаргуулсан баримт, шүүгдэгийн өмгөөлөгчөөс ярианы лавлагаа 11 хуудас нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөнийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д зааснаар дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж үнэлэв. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тавхайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлн гэм буруутайд тооцуулж, ял шийтгэл оногдуулахаар шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Тавхайг уг хэрэгт гэм буруугүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь Прокуророос шүүгдэгч Б.Тавхайг нэн ховор ургамал болон цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт буруутгаж байгаа боловч шүүгдэгчийг уг ургамлыг түүсэн, бэлтгэсэнийг мөрдөн байцаалтаар хангалттай нотолж чадаагүй бөгөөд түүсэн, бэлтгэсэн гэх асуудлыг иргэний нэхэмжлэгч Баярмаагийн “Тэгсэн чинь С.Хишигсүрэн нь нөхөр рүүгээ залгаж яриад "чиний түүж ирсэн цагаан гоёог хүмүүс олоод үзчихлээ, өөрөө үүнийхээ учрыг олоорой" гээд байсан"... гэх мэдүүлэг нь гэрч С.Хишигсүрэн.... “Би тэр үед нөхрийнхөө 88348806 дугаартай гар утас руу нь гэрийнхээ 98900590 дугаар луу залгаж яриад "хүмүүс ирчихсэн байна" гэхэд “наад хүмүүстэйгээ яриулаадах" гэхээр нь утсаа эмэгтэйд нь өгөхөд “би ярихгүй” гэснээ чихэн дээр утсаа барьчихаад “би энэ хүний яриаг ойлгохгүй байна" гээд гар утсыг буцааж өгсөн”...гэх мэдүүлэг,
гэрч Ванчигсүрэн... "Бид хоёрыг цагаан гоёог гаргачихаад байж байхад Тавхайгийн эхнэр малаасаа ирсэн... Тавхайгийн эхнэр Тавхай руу утсаар залгаж яриад “чи ирэх юмуу яах юм энэ цагаан гоёог чинь хурааж авна гээд байна, энэ асуудлаа өөрөө шийд” гэж ярьж байна гэж надад Баярмаа мэргэжилтэн ярьсан".. гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гэрч С.Хишигсүрэн нөхөртэйгээ утсаар ярихдаа түүсэн бэлтгэсэн тухай ярьсан гэх нь хамт явсан байгаль орчны байцаагч Х.Ванчигсүрэнгийн мэдүүлгээр нотлогдохгүй байгаа нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болж байгаа учир шүүгдэгчийг нэн ховор ургамал түүсэн, бэлтгэсэн гэж яллах үндэслэлгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч М.Баярмаагийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д заасан дангаараа нотлох баримт болохгүй, дангаар нь үнэлэх боломжгүй гэж шүүхээс үзлээ. Иймд шүүгдэгч Б.Тавхайг цагаан гоёо буюу целийн аргамжинцэцэгийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн гэж ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч Б.Тавхай нь нэн ховор ургамалыг тээвэрлэсэн, хадгалсан нь тогтоогдож байгаа боловч уг гэмт хэрэг гарсан болон нэн ховор ургамал хадгалсан тээвэрлэсэн талаараа эрх бүхий албан тушаалтан болох сумын хурлын дарга, багийн дарга нарт мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Түвшинзаяа, П.Далайхүү нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан " иргэн нь байгаль орчныг хамгаалах талаар байгалийн баялгийг хууль бусаар ашигласан..хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн засаг даргад нэн даруй мэдэгдэх" гэсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Б.Тавхайг 2016 оны сумын Орчны бүсийн хурлаар идэвхтэн байгаль хамгаалагчаар томилсон шийдвэр 11 дүгээр сарын 22-ний өдөр Баянлиг гаргасан байх бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн А-110 тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулахаар тухайн сум дүүргийн засаг даргын санал болгосон иргэний материалыг аймгийн Байгаль орчны нэгж хянан шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулна" гэж заасан нь уг журмыг хэрэгжүүлэхийг засаг даргад үүрэг хүлээлгэсэн байхад иргэнийг идэвхтэн байгаль хамгаалагч биш гэж буруутгах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.Тавхайг идэвхтэн байгаль хамгаалагчийн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ. Иймд шүүгдэгч Б.Тавхайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тавхайг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Тавхайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгов. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол арван хоёр сая зургаан зуун арван мянган / 12 610 000 / төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Тавхайн эзэмшлийн "тэнхлэг" маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Тавхайд буцаан олгож шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Тавхай нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Луугар овогт Батсуурийн Тавхайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Батсуурийн Тавхайг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Тавхайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Тавхайн эзэмшлийн “Тэнхлэг” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Тавхайд буцаан олгосугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн арван хоёр сая зургаан зуун арван мянган / 12 610 000 / төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Тавхай нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тавхайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ, Д.БАТЦЭНГЭЛ.