Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 73

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 079 тоотод оршин суух ******* овогт *******ийн Алтантулгын /МУ-92010215/ нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 222 тоотод оршин суух ******* овогт *******ийн  ******* /МЬ-84102019/  холбогдох

“361,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 12 дугаар сарын 07-нд өөрийн сувдан цагаан өнгийн Nissan Fuga /спорт/ загварын маркийн машинаа... тодорхой хэмжээний сэв зураасыг арилгуулах гэж “Сэлэнгэ сервис” засварт хандсан. Тухайн үед Д.Ганаа гэх залуу гарч ирээд зүүн талын хойд карлан болон хойд хаалганы хамт будахад тэгж, уусган будна, бас урд жолооч талын хаалганы хамт нийт 240,000 төгрөгөөр хийж өгнө гээд урьдчилгаа 100,000 төгрөг авсан. 2017 оны 12 дугаар сарын 10-нд бүх засвар дуусцан гэсний дагуу очтол жолооч талын хаалганы доод хэсэг саарал, зүүн талын... болон хойд гупер нь бараан саарал өнгөтэй маш их будаг, маскны үлдэгдэлтэй товойцон байсан. Ингээд ярилцсаны үр дүнд ахиад хийх болсон, 4 хоног хүлээсэн ч ямар ч хариу ирээгүй болохоор яваад очтол саяхан Д.Ганаа өнгөлгөө хийсэн машинаа гарга гэсэн. Тухайн үед машинаа хүлээж авахад сувдан цагаан өнгөтэй машиныг маань засвар, замаск, будаг орсон бүх хэсгүүд бараан саарал өнгөтэй, будагны лакны үлдэгдэлтэй болон давхарлаж будахдаа өмнөх будгаа сайн үрээгүйн улмаас зарим газраа хагарсан, халцарсан байсан ч граж сулла, Д.Ганаатай өөртэй л ярилц гэж захирал нь хэлсний дагуу үлдэгдэл 140,000 төгрөгийг өгөөд машинаа гаргасан.

Тухайн өдрөөс хойш 94807127 дугаартай Д.Ганаа гэх ахтай ярилцъя, яагаад ингэтэл нь дордуулсан цаашид саарал бараан өнгийг яах талаар зөвшилцөн хоорондоо тохиролцох гэж хичээсэн боловч утсаа авахгүй, унтраасан, ажлынхан нь мэдэхгүй гэснээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа болно. Миний бие нь цаг хугацаа, мөнгө заран байж өөрийн эд хөрөнгөндөө санаатай, санаандгүй байдлаар хохирол учруулсандаа харамсалтай байна, цаашид  машинаа зарах битгий хэл гадуур унахад  ч  хүндрэлтэй байна. Д.Ганзориг гэх хүний ур чадвар, хувь хүний ёс суртахуунд нь цаашид итгэж хүлээж чадахгүй байгаа тул үнэлгээгээр тооцсон үнэ болох 330,000 төгрөг болон үнэлгээ хийлгэсэн 31,000 буюу  нийт 361,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Б.******* би Д.Ганзоригоос 361,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.Ганзоригоос 200,000 төгрөг аваад, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээ больсон. Надад Д.Ганзориг 200,000 төгрөг өгсөн, иймд нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Д.******* холбогдуулан “361,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ багасгаж 200,000 төгрөг болгон нэхэмжилснийг хариуцагч Д.Ганзориг нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч Б.Алтантулгын “...Надад Д.Ганзориг 200,000 төгрөг өгсөн, иймд нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна...” гэх тайлбараар нотлогдож байна.  

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 200,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 6.650 төгрөгийн тал хувь болох 3,325 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3,325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.Алтантулгын нэхэмжлэлтэй хариуцагч Д.******* холбогдох  “361,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийн тал хувь болох 3,325 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3,325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА