| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0253/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/265 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Шүүгдэгч Ц.Мөнхнаст нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Мөнхнаст нь 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.6.30 тоотод иргэн Т.Номиндарийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Мөнхнастын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би эхнэр Т.Номиндарийг согтуугаар цохиж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өмнө нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Л.Гантулга гэж хүнд мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн учир би одоо хэргийн талаар дахин мэдүүлэг өгөх хүсэлгүй байна. Харин асуусан асуултад хариулахад татгалзах зүйлгүй.
Манай эхнэрийн дүү Отгондарь нь 2017 оны 11 дүгээр сарын 11- ны өдөр манайд ирсэн. Тэгээд эгч Т.Номиндарийг нь намайг зодсон болохыг мэдээд намайг цохиж авсан. Надад энэ асуудалд гомдол санал байхгүй миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би ингэж мэдүүлэг өгсөн нь үнэн би согтоод дотроо уурлаж байсан уураа эхнэртээ гаргасан юм шиг байсан.
...Манай гэрт манай эхнэр Т.Номиндарь, болон 2 хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Манай 2 хүүхэд бага нь 2 настай том нь 6 настай юм. Манай 1 хүүхэд унтаж байсан болохоор энэ талаар хараагүй үзээгүй. Миний бие архи уусан согтуу байсан болоод эхнэрээ зодсон асуудал гаргасан. Энэ асуудалд их гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 40-42 /,
Миний бие надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл эхнэр Т.Номиндарийг согтуугаар цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хх-ийн 124-125/,
2. Шүүгдэгч Ц.Мөнхнаст нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч Т.Номиндарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний нөхөр Мөнхнаст нь 2017 оны 11 сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт очиж ажиллах зорилгоор унаа олох гээд гэрээсээ 22 цагийн орчим гарсан юм. Ингээд 01 цагийн орчим унаа олдохгүй байна гээд буцаад гэртээ ирсэн тэр ирэхдээ 2.5 литрийн пиво авч ирээд бид хоёр хамтдаа уусан юм. Ингээд шөнийн 04 цагийн орчмоос намайг зодож эхэлсэн. Намайг зодохдоо гэрийн унь авч дундуур нь хугалаад униар намайг зодож эхэлсэн. Дараа нь үргэлжлүүлэн гурилын ганжин авч зодож байгаад унтсан. Ингээд өглөө 09 цагийн орчим манай ах Амарбаяр ирээд намайг зодуулсан байсныг мэдээд манай дүү Отгондарьд хэлсэн байсан ингээд Отгондарь ирж намайг хүүхдүүдтэй авч гэртээ аваачаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Би өмнө нь 2 хоног гэртээ хоноогүй юм учир нь манай нөхөр намайг юу ч болоогүй байхад хардаад "янхан, банзал" гээд байсан юм тэгэхээр нь би гэртээ очилгүй найз эгчийндээ мөн том ахындаа хоносон юм. Түүнээс болоод л хэрүүл үүсэж сүүлдээ зодож эхэлсэн. Миний зүүн хацар хөхөрсөн, баруун талын эрүү ам ангайж болохгүй өвчтэй. цээж, хоёр гуя, хэсгээр бүхэлдээ хөхөрсөн байгаа. Ер нь бүх бие хөндүүр байна. Ер нь дандаа зодохгүй ч архи уусан үедээ байнга хардаж дарамтлаад байдаг юм. Намар 9 сард намайг зодоод зөрчлийн хуулиар 450.000 төгрөгөөр торгуулсан юм. Манай 2 охин байсан өөр хүн байгаагүй. Баруун талын айл мэдээгүй байх байшинтай юм сонсогддоггүй юм шиг байсан. Харин зүүн талын айлд настай эмээ байдаг юм. Түүнийг сонсож мэдсэн эсэхийг би мэдээгүй. Гэрт би зодуулснаас болоод орилж маш их дуу чимээ гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 06-077, Миний хувьд нөхөр Ц.Мөнхнасттай 2007 онд танилцаж албан ёсоор 2009 онд гэр болж бид 2-н дундаас 2 охин гарсан. Одоо бид 2 ам бүл 4-лээ амьдардаг. Надад тайлбарлаж өгсөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм байна. Мөн би өмнө нь энэ хэргийн талаар мэдүүлэг өгсөн байгаа уг мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн мөн нөхөр бид 2 эвлэрсэн учир хэргийн талаар энэ удаад мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг / хх-ийн 19-18/, ...Манай нөхөр Ц.Мөнхнаст нь 2017 оны 7 дугаар сард намайг хардалтын улмаас зодож энэ асуудалд эрүүгийн хариуцлага хүлээсэн. Өөрөөр намайг зодож цохиж байгаагүй. Миний хувьд өөр нэмж хэлэх зүйл байхгүй цаашид асуусан асуултад хариулахгүй бид хоёр эвлэрсэн надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/,
4. Гэрч Т.Отгондарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний төрсөн эгч Номиндарь нь нөхөртэйгөө гэр бүл болоод 9 жил болж байгаа юм. Тэд хоёр охины хамт амьдардаг. Түүний хувийн амьдрал руу нэг их ороод байдаггүй бөгөөд сүүлийн үед манай эгч Номиндарь "Насаа ах чинь архи уусан байна яанаа зодох байх даа" гэж хэлэх болсон мөн манай эгч ажил дээрээ байхад нь хүртэл утсаар залгаж "гичий, банзал" гэх мэтээр дуудаж хэл амаар доромжлоод хардаад байдаг юм. Гэтэл 2017 оны 11 сарын 10-ны өдөр нөхөр нь манай эгч Номиндарийг зодсон байна гэж ахаасаа сонсоод 5-16-30 тоотод байх гэрт нь 11 цагийн орчим очсон чинь нөхөр Мөнхнаст нь согтуу хашааны үүд орчим зогсож байсан миний эгч Номиндарь гэртээ байж байхаар нь хоёр хүүхдийг хамт авч 1-88-1-1 тоотод хүргэж өгөөд цагдаагийн газарт ирж мэдээлэл өгсөн юм. Манай эгч Номиндарь алхаж чадахгүй, зүүн хацар орчим хөхөрсөн, зүүн хацарт гарын мөр гарсан байсан. Намайг аваад гэрээс нь гарах гэхэд нөхөр нь явуулахгүй гээд бариад авахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, дуу нь гарахгүй, хөдөлж чадахгүй байсан. Манай эгч надад ямар нэгэн юм хэлээгүй тэрээр нөхрөө өмөөрөөд байдаг юм. Харин хүүхэд Ивээлт нь надад хэлэхдээ аав ээжийг маш их зодсон би үхтлээ айсан гээд байсан. Мөнхнаст нэлээд согтолттой байсан Харин эгчийн согтолтыг мэдээгүй надтай юм ярихгүй байсан. Сүүлд нь түүнээс бага зэрэг архи үнэртэж байхаар асуусан чинь өчигдөр архи уусан тэр гараагүй байгаа гэж хэлж байсан. Мөнхнаст эхнэрээ олон удаа зодож байгаа. Хамгийн сүүлд л гэхэд 2017 оны 9 сарын үед эхнэрээ зодоод торгуулийн арга хэмжээ авхуулж байсан. Ер нь архи уусан үедээ байнга эхнэрээ хардаж зодоод гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн юм. 2017 оны 11 сарын 10-ны өдөр Номиндарь найз хүүхнүүдтэйгээ архи уусан юм билээ. Тэрээр 2 хоног гэртээ очоогүй байсан үүнээс болж нөхөр нь зодсон байсан. Номиндарийг гэртээ 2 хоног очоогүй шалтгааныг Мөнхнаст дарамт үзүүлснээс болж гэртээ очоогүй гэж бодож байгаа. Мөнхнастыг архины албадан эмчилгээнд явуулж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/
5. Гэрч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Мөнхнастынх манай аавынх нэг хашаанд байдаг юм. 2017 оны 11 сарын 10-ны өдөр аав, ээж хоёрыг яваад гэртээ авч хоноод 11 сарын 11-ны өглөө аав, ээж хоёрыг гэрт нь хүргэж ирсэн чинь Номиндарийн ах гэх Амараа гэгч нь гэрт нь ирсэн тэд пиво уугаад сууж байсан. Би тэдэнд та нар яагаад нийлээд архи уугаад байдаг юм гэж хэлж байсан. Гэтэл Номиндарь Мөнхнаст намайг зодсон гээд биеэ үзүүлж байсан энэ үед Отгондарь нь ирээд манай ахыг зодож нуд амыг нь хөхрүүлээд эгчийгээ хүүхдүүдтэй нь аваад явсан. Надад хоёр хөлөө үзүүлсэн тэр үед гуя хэсгээр нь хөхөрсөн байдалтай байсан өөр хаанаа яаж зодуулсныг хараагүй. Гуя нь нэлээд хөхөрсөн байдалтай байсан. Гараараа нүүр ам руу нь цохиод хамраас нь цус гаргасан байсан. Мөн хөмсөг нь язарсан харагдаж байсан. Бид ч юм хэлээгүй удалгүй салсан. Эхнэр нь гадуур хонож өнжөөд яваад байдаг болохоор л нөхөр нь уурлаад түүнээсээ болж архи уусан үедээ ийм зүйл болоод байдаг юм билээ. Бусад үед бол зүгээр л байдаг гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1. Т.Номиндарийн биед баруун, зүүн гуя, шилбэ, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн "хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 29-30 / хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Мөнхнаст нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан тогтоол, хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд байгаа Ц.Мөнхнаст нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн биелүүлж дууссан болно гэсэн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ний 1/1384 албан бичиг, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан эвлэрсэн тухай гэрээ, хавтаст хэргийн 67-79 дүгээр хуудсанд авагдсан аюул зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Мөнхнастад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Мөнхнаст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд
шүүх хуралдаанд "улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна" гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Мөнхнастад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн зарчмыг баримтлан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Мөнхнастын эзэмшлийн "ТСЛ" маркийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч Ц.Мөнхнастад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мөнхнастад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Мөнхнаст нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гүнд овогт Цэнд-Аюушийн Мөнхнастыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Гүнд овогт Цэнд-Аюушийн Мөнхнастыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнастад оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтож, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Мөнхнаст нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнастын эзэмшлийн “TСЛ" маркийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч Ц.Мөнхнастад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мөнхнастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мөнхнастад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ