Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 124/2015/0016/З |
Дугаар | 221/МА2015/0533 |
Огноо | 2015-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2015/0533
2015 оны 11 сарын 25 өдөр Дугаар 221/МА2015/0533
Ц.Б ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Б ийн нэхэмжлэлтэй, УВАХС-ын ИТХ-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...УВАХС-ын ИТХ-ын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/07 дугаартай Т.С-ын нэрийг ХС-ын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ц.Б миний нэрийг ХС-ын Засаг даргад нэр дэвшүүлэхийг ХС-ын ИТХ-д даалгах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ХС-ын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд МАН-ын бүлгээс Т.С-ыг , АН-аас Ц.Б ийг нэр дэвшүүлсэн. Санал хураалтыг нууцаар явуулсан. Ингээд Ц.Б 11 санал, Т.С 10 санал авсан байна гэдгийг тооллогын комисс танилцуулсан. Ардын намын 11 төлөөлөгч байхад намаас нэр дэвшигч 10 санал авсан байсан тул завсарлага аван ярилцсан. Гэтэл Ц.С төлөөлөгч халааснаасаа саналын хуудас гаргаж ирсэн. Түүнийг тоолоход Т.С 11 санал авсан байсан тул маргаантай болсон гэж үзэн дахин санал хураалт явуулахаар олонхоороо шийдсэн. Энэ үед АН-ынхан хуралдааныг орхин явсан. Олонхийн саналаар хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Т.С 11 буюу олонхийн санал авсан тул Засаг даргад нэр дэвшүүлэхээр тогтоол гаргасан. Ц.Б дээд боловсролгүй учир нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй байгаа. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2007 оноос хойш ХС-ын газрын даамлаар ажиллаж байна. Намаас нэр дэвшүүлэх саналыг хүлээн авсан. Сумын ИТХ-ын олонхи буюу 50-аас дээш хувийн санал авсан тул сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б ийн шүүхэд гаргасан "ХС-ын ИТХ-ын 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 01/07 дугаартай Т.С-ыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Ц.Б ийн нэрийг ХС-ын Засаг даргад нэр дэвшүүлэхийг сумын ИТХ-д даалгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: УВАХС-ын ТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/28 дугаартай тогтоолоор ИТХ-ын ээлжит 11-р хуралдааныг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг баталсан байна.
Уг товын дагуу хуралдаан 21 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд МАН, АН-ын бүлгээс тус бүх нэг нэр дэвшигч өрсөлдөх болсон тул хуралдааны дэгд заасны дагуу нууцаар санал хураалт явуулахаар болж, тооллогын комисс байгуулжээ. Комисст ИТХ-ын төлөөлөгч МАН-аас О.Г , Ц.С , АН-аас М.А нар орж, даргаар нь О.Г , Нарийн бичгийн даргаар нь М.А нар ажиллажээ.
Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Т.С , АН-аас нэр дэвшигч Ц.Б нарын дунд нууцаар санал явуулж, саналын хуудсыг тоолоход АН-аас нэр дэвшигч Ц.Б 11 төлөөлөгч, МАН-аас нэр дэвшигч Т.С 10 төлөөлөгчийн санал тус тус авсан болохыг тогтоож, тооллогын комисс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоороо олонхийн буюу 52.4 хувийн санал авсан Ц.Б ийг сумын засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэн ИТХ-д танилцуулсан байна.
ИТХ нь Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг төлөөлөгчдийн саналыг нууцаар авах замаар шийдвэрлэхээр тогтсон байна. Иймээс тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2./тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах/-д заасны дагуу ИТХ-ын дарга нь ИТХ-ын тогтоолыг ёсчлон баталгаажуулж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй байсан.
Энэ асуудал төлөөлөгчид нууцаар санал гаргах зарчмаар шийдвэрлэгдсэн байна.
Гэтэл МАН-ын бүлэг манайх 11 төлөөлөгчтэй байхад манай намаас нэр дэвшигч 10 төлөөлөгчийн санал авах ёсгүй гэж үзэж завсарлага авсан явдал нь төлөөлөгч нарын нууцаар санал гаргах эрхийг зөрчсөн явдал болсон байна.
Мөн МАН-ын бүлэг гарахад тооллогын комиссын дарга О.Г , гишүүн Ц.С нар саналын хуудсыг авч гарсан байна. Энэ завсарлага авч байгаа явдал нь АН-аас нэр дэвшигчид Ц.Б ид хэн санал өгсөн бэ гэдгийг л тогтоох зорилготой байсан гэдгийг хариуцагч хариу тайлбартаа тодорхой дурьдсан байдаг.
Гэтэл хэсэг хугацааны дараа МАН-ын бүлгийнхэн орж ирэхдээ манай намаас нэр дэвшсэн Т.С 11 төлөөлөгчийн санал авсан байсныг тооллогын комисс буруу тоолсон байна гэсэн асуудлыг тавьж байгаа явдал санал хураалтыг маргаантай эсхүл санал тоолох ажиллагаа буруу явагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үнэхээр саналын хуудас тоолох ажиллагаа буруу явагдсан гэж үзэж маргасан бол нийт төлөөлөгч нарын өмнө дахин тооллого явуулж болох байсан. Саналын хуудсыг авч гарсан учраас хуудас солигдох бүрэн боломжтой учраас санал хураалт маргаантай явагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ асуудлыг нэгэнт шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
Нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин хуралдаанаар хэлэлцүүлж, санал хураалт явуулж байгаа нь урьд нь төлөөлөгчдийн нууцаар гаргасан саналыг үгүйсгэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчсөн байна.
Иймээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
УВАХС-ын ИТХ-ын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр ээлжит хуралдаан 21 төлөөлөгчийн бүрэн ирцтэйгээр хуралдаж, Сумын Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэхээр тогтсон бөгөөд үүнд Ардчилсан намын бүлгээс Ц.Б ийг, Монгол Ардын намын бүлгээс Т.С-ыг нэр дэвшүүлж, санал хураалтыг нууцаар явуулжээ.
Улмаар санал хураалтаар нэр дэвшигч Ц.Б 11, Т.С 10 төлөөлөгчийн санал авсан гэж хурлаас томилогдсон тооллогын комиссын дарга тогтоол танилцуулсан байна.
Монгол Ардын намын бүлгээс үүнтэй холбогдуулан завсарлага авч, хэлэлцэх явцад тооллогын комиссын гишүүн Ц.С д байсан саналын хуудсыг тоолж үзээд намын бүлгээс саналын дүнг буруу гаргасан гэж үзсэн бөгөөд тооллогын комиссоос дахин санал хураах шаардлагатай гэжээ.
Ардчилсан намын бүлгээс түүнийг эс зөвшөөрч завсарлага авч, улмаар дахин санал хураалтанд оролцохгүй талаар мэдэгдэн хуралдааныг орхин гарсан бөгөөд Монгол Ардын намын бүлгийн 11 төлөөлөгч хуралдааныг үргэлжлүүлэн санал хураалтыг дахин явуулж, 11 төлөөлөгч буюу 52.4 хувийн саналаар Т.С-ыг сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан 01/07 дугаартай тогтоолыг баталжээ.
Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тухайн маргааны үйл баримт болон саналын хуудсыг хуурамчаар дахин үйлдсэн, өгсөн саналыг засварласан гэх зэргээр талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч дахин санал хураалт явуулах үндэслэлгүй, Ц.Б 50-аас дээш хувийн саналыг авсан байсан гэж нэхэмжлэл гаргажээ.
2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр ээлжит хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан саналын хуудас зэргээс үзэхэд Ц.Б 11 санал, Т.С 10 санал авсан гэж тооллогын комиссоос танилцуулсан боловч санал хураалтын дүнг тоолох үйл ажиллагаа маргаантай болсон тул уг ажиллагааг зөвтгөх үүднээс дахин санал хураалт явуулсныг буруутгах боломжгүй бөгөөд хуралдааныг үргэлжлүүлж, хурлыг орхин гарсан төлөөлөгчдийн эсрэг санал өгсөнд тооцон, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 23 дугаар зүйлийн 23.9-д заасантай нийцсэн байна.
Түүнчлэн санал хураалт явуулах хэлбэрийг тогтоогоогүй Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тул нууц санал хураалтын үндсэн зарчмыг алдагдуулан дахин илээр санал хураалт явуулсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Эдгээрээс гадна нэхэмжлэгч Ц.Б нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1-д заасан дээд боловсролтой байх шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул нэр дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР