Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,   

улсын яллагч С.Цэрэндорж, 

хохирогч Г.Бадрах,

шүүгдэгч Б.Хашбат түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоол  баталж ирүүлсэн Хондого овогт Батчулууны Хашбатад холбогдох 201625011813 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, одоо группт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Хайрганы задгай тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хондого овогт Батчулууны Хашбат /РД: ДМ60033013/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Иргэн Г.Бадрах нь 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Хайрганы задгайд оршин суух Б.Хашбатын эзэмшлийн орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Г.Бадрахыг хазаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Хашбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэзээ гэдгийг санахгүй байна. Би гэртээ ганцаараа хоолоо хийж идэх гээд байж байсан. Орой болсон тул нохойгоо уяанаас нь тависан байсан. Гэтэл хохирогч танай нохой намайг урчихлаа гээд манай нохой руу чулуу шидээд байхаар нь би яаж байгаа юм бэ гэхэд, хохирогч намайг заамдаж аваад хувцас ураад хог руу түлхэж унагааж дайрч давшилсан. Тэгээд цагдаа ирээд та нартай ярьж болохгүй юм байна гээд явсан. Дараа нь манай хорооны цагдаа гээд нэг казак хүн ирээд надаас байцаалт аваад явсан. Би сайн учрыг нь олоогүй.

 Намайг уучлаарай гэв.

 Шүүгдэгч Б.Хашбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 23-ны орой гэртээ ганцаараа байж байгаад нохойгоо тавьчихаад аяга хоол хийж идье гээд байж байтал нохой гадаа хуцаад байсан. Би яваад очсон чинь манай нохой руу хашааны урд тал руу гэр рүү чулуу буулгаад байсан. Би “ чи ямар учиртай юм бэ наад хоёр нохойгоо зүгээр байлгачихаач гэсэн. Нохой маань үүр рүүгээ орсон чинь тэр хүн манай нохойны үүр рүү дөхөж очоод юм шидээд байсан. Би “ чи ямар хаашаа юм бэ, яваач гээд нэг удаа түлхсэн. Тэр хүн тэгсэн чамайг нохойтой чинь хамт ална шүү гэж хэлсэн. Ингээд тэр хүн өөрөө цагдаа дуудсан байгаад цагдаа ирсэн. Одоо байгаа нь 2 нохой байгаа. Халтар алаг хоёр нохой байгаа. Хөгшин нохой байгаа. Нэг нь паспорттой…/хх-21х/ гэжээ.

Хохирогч Г.Бадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манайд эхнэрийн найзууд ирж бид нар хэсэг суусан. Би эхнэртэйгээ найзыг нь гаргаж өгөхөөр яваад буцаж харих замдаа Хашбатын гэрийн хажуугаар гарахад тэдний 4-5 нохой бид хоёр руу дайрч, манай эхнэрийн зүүн талын хормойноос нэг нохой нь зууж авсан. Би нохой руу чулуу шидэж хөөсөн. Гэтэл Хашбат гэрээсээ гарч ирээд нохой руу чулуу шидлээ гэж надад уурлаад намайг заамдаж аваад дугтарч унагаасан. Гэтэл түүний нохойнууд улам онгирч намайг газар унасан байхад миний хөл, гаранд хазсан. Би гэртээ хариад хөл, гараа үзэхэд хөхөрч, хавдаад, урагдсан байсан. Буцаж Хашбатынд очиж хөл, гараа үзүүлэхэд намайг хэл амаар доромжлоод хөөсөн. Мөн намайг хулгайд хардаад архичин гэж хэлсэн. Энэ хэргийн улмаас миний баруун хөлний эрээн булчин, зүүн гарын булчин, зүүн чихэнд гэмтэл учирсан. Тэгээд би эмчид үзүүлэхэд нохойны шүд ороогүй байна, тариа хийх хэрэггүй гээд антибиотик бичиж өгсөн. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, би зөвхөн гудамжиндаа амар тайван явах хүсэлтэй байна. Уучилж эвлэрч байна  гэв.

Гэрч Ц.Болорцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед нөхрийн хамт гэртээ ирээд найзыгаа автобусны буудал рүү хүргэж өгөөд гэр рүүгээ буцаж харих замдаа машин бариад тэр Хашбат гэх айлын цаадхан талд буусан. Тэгээд наашаагаа гэрийнх нь урдуур гарч явтал хар өнгөтэй нохой миний зүүн талын савхины хормойноос зуусан. Тэгтэл манай хүн нөгөөхийг чинь хөөж чулуу авч шидтэл нохойны эзэн болох Хашбат нь гарч ирээд манай хүнтэй шууд зууралдаж аваад “ чи нохой руу чулуу шидэж орилууллаа гэж хэлээд заамдалцаад унагаасан Тэгтэл алаг нь шилбэнээс, газарт унахад гарын булчингаас нь хар нохой нь зуусан. Тэгээд зууралдаад унасны дараа босож ирээд манай хүн “ танай нохой чинь манай хүний хормойноос зуусан, том хүн битгий хэл жаахан хүүхэд энүүгээр явахад хэцүү байна. Хашаа хороогоо ядаж битүүл гэсэн чинь Хашбат нь бараг л архи дарс уучихаад манай нохой руу чулуу шидлээ гэсэн / Манай нөхөр бид хоёр 4 лааз пиво уусан байсан юм. Нээх аймаар согтолтын зэрэг байгаагүй./ Тэгээд манай нөхөр цагдаа дуудаж өгсөн. Ингээд гэртээ ороод хөлөө үзсэн чинь нохой хазсан мөр гарчихсан, хавдсан байсан, гар нь бас зулгараад хавдсан байсан. Тэгэхээр нь хоёулаа цагдаагаа дуудсан. Тэр айлд эргэж очиход охин нь гээд хүн ирсэн байсан. Тэр охин нь та нар архичингууд, та нар манайхаас эд зүйл хулгайлах гэсэн байна гэж байсан, тэгтэл цагдаа нар чимээгүй гэж хэлээд дуугүй байлгасан. Ингээд бид нар гэртээ буцаж орж ирээд байж байтал шөнийн 12 цаг өнгөрч байхад хаалга нүдээд байсан. Тэр охин нь байсан гэж таамаглаад байна. Тэрнээс өөр манай хашааг нүдэх хүн байхгүй. Чамайг үгүй хийнэ, ална тална гээд байсан /хх-13х/ гэжээ.

            2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5783 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Бадрахын биед зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-12х/ гэжээ.

 

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Хашбатыг сэжигтэн,  яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-21,24х/, хохирогч Г.Бадрах /хх-8-10х/, гэрч Ц.Болорцэцэг /хх-14х/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн 5783 дугаартай дүгнэлт /хх-12х/, шүүгдэгч Б.Хашбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27х/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-28х/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-29х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-31-32х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Хашбат нь хаздаг нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Хайрганы задгай гэх газарт иргэн Г.Бадрахыг  хазаж,  биед зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хашбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хашбатыг  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Бадрах нь шүүхийн хэлдэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Хашбаттай сайн дураар эвлэрч, түүнийг уучилж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Хашбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч гэмт хэргийн улмаас хохирсон хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хондого овогт Батчулууны Хашбатыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хашбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хашбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

           5. Шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хашбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

                   

 

ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ