Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.4.17 тоотод эхнэр *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би энэ хүнтэй 2017 оны хавар 05 дугаар сард танилцаад, 2017 оны 08 сард хурим найраа хийгээд албан ёсны гэр бүл болсон. Гэр бүл болоод Галуут суманд 4 дүгээр багт амьдарцгаадаг. 2017оны 11 дүгээр сард бид 2 -ийн хооронд үл ойлголцох байдал үүсээд хоорондоо хэрүүл хийж эхэлсэн. Хэрүүл манай гэр бүлийн хүн болох *******гаас болж гардаг. Намайг хонь малд яваад ирэхээр хардаад уурлаад элдэв нэгээр хэлээд байдаг. Саяхан 2017оны 11 дүгээр сарын эхээр хүргэн ах хөзөр тоглоод хоносон. Тэгээд тэнд байсан нэг хүнийх нь утас алга болоод намайг авсан гэж хардаад тэгээд л гэрийн хэрүүл хийж эхэлсэн.Тэр асуудал нь гэх хүн дээр шалгагдаж байгаа. 2017 оны 08 сард хуримаа хийснээсээ хойш би хүүхдээс нь болоод мориндоо мордоод явахдаа хөл рүү нь ташуураараа цохисон. Өөр асуудал гаргаагүй би нэг их тэгэж хүн амьтан зодоод байдаггүй. Тэр өдөр намайг өөрөө үсдээд шүдээ зуугаад цохиод байсан болохоор би гарыг нь шуунаас барьж аваад түлхсэн. Намайг авгайтай болчхож гээд хардаад элдэв нэгээр хэлээд орилоод байсан. Чамайг авгайтай болсон бол би амиа хорлоно гээд байсан. Тэгэхээр нь би айгаад ээжийгээ дуудаад ээж ирээд намайг авах гээд ирэхэд нь би ээжтэйгээ яваагүй. Байхгүй хоорондуур амиа хорлоно гээд байсан болохоор янз бүрийн юм болчих байх гээд би айгаад тэр шөнө тэндээ хоносон. Эгчийнх нь хүүхэд МСҮТ-д сурдаг охин нь мэднэ Би 2 гарын булчингаас нь барихад цааш түлхсэн. өөр зодоогүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 /, Би 2017 оны 04 дүгээр сард танилцаж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж хурим найраа хийсэн. Манай эхнэр нь намайг харддаг, түүнээсээ болж бид хоёрын хооронд үл ойлголцол болдог. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүдээ зуугаад, уурлаад намайг цохиод байсан, намайг өөр эхнэртэй болсон байна гээд худал гүжирдээд, би амиа хорлоно энэ гээд байсан. Тэр намайг цохиод байхаар нь түүний хоёр гарын бугалга булчингийн орчмоос гараараа атгаж бариад түлхсэн. Өөр зүйл болоогүй. Бүгд худлаа би тэгж ярьж түүнийг заналхийлдэггүй. Би архи согтууруулах ундаа ууж хэрэглэдэггүй. Би биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө буруутай үйлдэлд гүнээ гэмшиж байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө гэж хүсэх байна. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, зөв амьдрах болно гэдгээ баталж байна.гэх мэдүүлэг / хх-ийн 49-51/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би нөхөртэйгөө 2017 оны 05 дугаар сард танилцсан. 2017 оны 08 дугаар сард хурим найраа нийсэн. Албан ёсны гэр бүл мөн. Хурим хийснээс хойш юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй хэрүүл хийгээд хардаад ташуураар хүртэл зодож байсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Аймгийн төвд орж ирээд 5- 11-04 тоотод хадам ээжийндээ ирсэн.Тэгээд би аниагийндаа эгчийндээ очъё гэсэн чинь "Чи яах гээд байгаа юм. Нэг мөсөн сум гарахаараа ор, одоо очиж яах гээд байгаа юм. утсаар ч битгий ярь, Намайг иртэл үүнийг битгий гаргаарай" гээд ээждээ хэлж орхиод Дөвөнтийн уурхай руу нүүрсэнд явсан. Манайх нэг “Портер” машинтай түүгээрээ нүүрсэнд яваад өгсөн. Тэгээд би охинтойгоо хадам ээжийндээ хоносон. Би өөрөө нэг охинтой. Миний охины бие тааруу унаж татдаг болохоор би маргааш нь босоод эмнэлэгт үзүүлэхээр гарсан. Манай гэр бүлийн хүн хэзээ нь ирсэн бүү мэд Би охиноо группийн хурлаар оруулах гээд Эрдэнэцогт руу эмчийн бичиг авах гээд явсан.Тэгээд эргэж ирээд би охинтойгоо эмнэлэгт хэвтсэн. 10 хоног хүүхдийн тасагт хэвтээд гараад эргээд Эрдэнэцогт сум руу явсан тэр хойгуур манай хүн ******* нь хот руу 2 удаа явсан байна лээ. Тэр хойгуур намайг байнга хардаж утсаар яриад элдэв нэгээр хэлээд байдаг болсон бөөн хар. Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэцогт сумаас охиноо аваад группийн хурлаар орох гээд ирсэн. Группийн хурал болоогүй. Тэгээд би хариагүй байсан. Сая 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэмандал" 2 дугаар багт төрсөн эгч ийндээ байж байхад Манай нөхөр ******* нь намайг боож унагаад 2 гараас барьж аваад сэгсчээд амандаа тамхи зуучихсан байсан. Түүнийхээ цогоор нь миний зүүн шанаанд тамхиныхаа цогийг унтраасан. Би больчоочээ гээд орилоод босох гэтэл босгохгүй боосон. Тэгээд арай хийж гарыг нь тавиулаад босоод байж байтал ******* нь ээжийгээ дуудаад ээж нь ирээд хүүгээ аваад явсан. Тэгээд өргөдөл өгч байгаа юм. Хүүхэд байхгүй. Бид 2 энэ 2017 оны 05 сард танилцаад 08 сард нь хуримаа хийсэн. Би энэ хүнд итгэсэн. Болно бүтнэ гэж бодсон. Тэгсэн миний бодсон хүн биш байна. Одоо хүүхэд шуухадгүй байгаа дээрээ сална. Амьдрахад хэцүү. Миний юмнуудыг авчраад өгчих, гэхэд чадахгүй гэдэг очоод юмаа авах гэхээр зодох байх гээд би айдаг. эгчийн 10 дугаар ангийн охин Жавзмаа гэгч нь байсан. Тэр охин уйлаад, би уйлаад, битгий тэгээч, битгий зодооч гээд орилоод байсан тэгж байж гарыг нь тавиулсан. Тэр охины утас нь дугаарын утастай. Галуут сумын "Баяннуур" гэх 4 дүгээр багт бид найраа хийсэн хурим найраа хийснээс хойш сая 8 сард зодож байсан. Ташуураар ороолгож байсан. Тухайн үед нь ээжид нь хэлж байсан. Ээж нь *******ыгаа хангинаад загнаж байсан. Тэрнээс өшөө цагдаад хэлж байгаагүй.дуугүй өнгөрч байсан. Би одоо айж байна. Эргээд тэр айлд очихгүй. Ээждээ хэлдэг бас төрсөн эгч эгчдээ хэлдэг өөр хүнд хэлдэггүй. Надад найз нөхөд гэх хүн байхгүй. Найзална нөхөрлөе гэхээр намайг ******* нь хардаж загнаад найзлуулдаггүй байсан. Надад Галуут суманд таних хүн амьтан байхгүй. Хуримаа хийснээс хойш намайг ******* нь "Чи гадуур дэмий тэнээд гэр орондоо байхгүй байвал Чамайг алчхаад Хүүрийг чинь хүүхэдтэй чинь ээжид чинь тэврүүлнэ шүү" гэж загнаж байсан. Тэр үгнээс болоод би ээждээ болсон бүхнийг хэлэх нь зөв юм байна, гэж бодоод би ээждээ ний нуугүй ярьдаг болсон. Эгчдээ ч мөн адил хэлдэг ярьдаг болсон. Энэ 2 хүн миний гэр бүлийн гишүүд төрсөн гэж байгаа хүмүүс болохоор ний гуугүй ярьсан нь дээр гэж бодсон.өөр хүнд гэр бүлийнхээ асуудлыг ярьдаггүй. 2 гар айхтар өвдөж байна. боож унагасан болохоор толгой их өвддөг болсон. Тамхины цогоор түлсэн гээд байгаа нь одоо үсэрхийлээд цэврүү үсрээд өвдөөд хорсоод байгаа. Эмнэлэгт үзүүлнэ. гэх мэдүүлэг. /хх-ийн 10-12 /, Би нөхөр *******тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон, гэр бүл болохоосоо өмнө 2017 оны 04 дүгээр сард танилцаж байсан. Надтай танилцсанаасаа хойш цохиж зодоогүй байж байгаад гэр бүл болсныхоо дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-дийн үеэр хөдөө Галуут сум "Баяннуурын" 4 дүгээр багт зодсон, миний зүүн талын хөлийн шилбэ, булчин, гуяны ар хэсгүүдээр хөхөрсөн байсан. Өөр гэмтэл учраагүй. Түүнээс хойш зодоогүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зодсон. Намайг нөхөр зодох үед манай дүү Жавзмаа байсан, өөр хүн байгаагүй. ******* намайг зодохдоо боож унагаад. 2 гараас барьж байгаад сэгсчээд, тамхиныхаа цогийг зүүн талын хацарт дарж унтраасан. Манай нөхөр зодсоны улмаас миний баруун, зүүн бугалга, зүүн мөр, шуу, зүүн хацарт цус хуралт, зулгаралтууд үүссэн байсан. Манай нөхөр ******* нь эрүүл үедээ зодсон, зодохдоо манай аав байхад би тэр шоронд чинь явахгүй гээд л байсан, тэрийг нь би ойлгоогүй. Түүнээс зодох ямар нэгэн шалтгаан байхгүй.

Зодуулснаасаа хойш хоёр гар шуугаараа янгинаад өвдөөд шөнө унтахгүй байгаа. Мөн толгой өвдөж байгаа, түүнээс өөр өвчин зовиур алга байна. Надад одоо гаргах санал, хүсэлтгүй, харин ямар нэгэн шалтгаангүйгээр зодсонд гомдолтой байна. Намайг 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр ташуураар зодсон. гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 /

4. Арван найман насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим эгч бид хоёрыг гэрт байхад гаднаас хүргэн ах ******* ганцаараа орж ирсэн. Тэр архи хэрэглэсэн, үнэртэж байсан. ******* ах, эгч хоёр гэрээсээ гарсан маргалдаад байсан. Тэгснээ гэрт орж ирээд барилцаад авсан. ******* ах эгчийн хоёр гарын бугалагнаас барьсан сэгсчээд байсан. Мөн тамхиныхаа цогоор хацар гар руу хүргээд байхаар нь би болиоч гээд дундуур нь орж салгасан. гэх мэдүүлэг / хх-ийн 36-37/,

5. Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* нь манай төрсөн хүүхэд юм. ******* нь төлөв томоотой, элдэв муу зуршилгүй, хүнд тусархуу, бусдын үгээр байдаг. Манайх ахуй амьдралын хувьд дундаж мал малладаг, өөр ажил хийдэггүй гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

6. Баянхонгор аймгийн Шүүхий шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын сарын 15-ний 604 дугаартай шинжээчийн:

"1. *******гийн биед баруун, зүүн бугалага,зүүн мөр, шуу, хацарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, хавтаст хэргийн 28-30 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол тэмдэглэл, хавтаст хэргийн 52, 62 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлгүй болон багийн даргын тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. "Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч М.*******т холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар Шүүгдэгч М.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан тодорхойлно", мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж ял шийтгэлийг оногдуулав.

Шүүхээс шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана" гэсэн нь заавал прокурорын саналаар эрүүгийн хариуцлагыг оногдуулах гэсэн зарчим биш бөгөөд Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж заасан байгааг үндэслэл болголоо. Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд

оролцсон бөгөөд шүүх хуралдаанд "улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.*******ын эзэмшлийн “32 инчийн ЛСД" зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх "дээрх зурагтыг"-ийг эзэмшигч М.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир шүүгдэгч энь цагдан хоригдоогүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан гурван зуун /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч М.*******ын эзэмшлийн “ЛСД зурагт”-ийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “зурагт"-ийг эзэмшигч М.*******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ.