| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0275/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/269 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Хохирогч Х.Алтангэрэл,
Шүүгдэгч Т.Билгүүнболд, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 171400250167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Билгүүнболд, Эрдэнэчулуун нар нь 2017 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Ундрам" зоогийн газарт иргэн Х.Алтангэрэлийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Билгүүнболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 21 цагийн үед ганцаарза "Ундрам" гэх ресторанд очсон юм. Би болохоор яг тодорхой шалтгаантай тийшээ очоогүй юм. Найзынхаа караокед жаахан суугаад дуулаад явъя гэж бодоод очсон юм. Тэгээд тэнд байж байхад найз болох Балхүүг утсаар дуудсан юм. Балхүү 22 цаг болж байхад ганцаараа ирсэн юм. Түүний хувьд ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм. Надтай цуг ундаа уугаад сууж байхад эхнэр нь дуудахаар яваад өгсөн юм. Тэгээд би өөрөө ганцаараа караокед орсон хүмүүсийг гарахыг нь хүлээгээд наад талын зааланд сууж байсан юм. Зааланд суух хугацаанд 2 ширхэг пивийг уусан юм. Тэгээд нөгөө караокед байсан хүмүүс 23 цаг өнгөрч байхад гарсан юм. Тэгээд би караокений өрөөнд ороод 1 ширхэг пивийг аваад задлаад сууж байхад гаднаас Эрдэнэчулуун орж ирсэн юм. Тухайн үед Эрдэнэчулуун эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. "Ундрам" рестораныг хариуцан ажиллуулдаг нь манай найз Эрдэнэчулуун байгаа юм. Тэгээд Эрдэнэчулуун ирээд зөөгчтэйгээ тооцоогоо шахаад зөөгчөө явуулсан юм. Караокед Эрдэнэчулуун бид хоёр үлдсэн юм. Тэгээд 00 цаг өнгөрч байсан болохоор одоо дуулаад яах уу гээд авсан ганц ганц пивээ уучихаад явъя гэж би хэлсэн юм Тэгээд бид хоёр пивээ уугаад сууж байхад Эрдэнэчулууны утас нь дуугарсан юм. Тэгсэн тэр гадагшаа гараад явсан юм. Гараад удаагуй ойролцоогоор 5 минут болсон байх орж ирэхдээ Х.Алтангэрэл, Ганбаяр гэх 2 залуутай цуг орж ирсэн юм. Тэр орж ирсэн 2 залуугийн Х.Аптангэрэл гэх залуу нь надад "чи цэргийн ангид ажилладаг юм байна. Би чамайг захирагчаар чинь дарамтлуулах уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж "чи намайг таньж мэдэхгүй байж яагаад ингээд яриад байгаа юм бэ" гэсэн байдалтай маргаан үүссэн юм. Тухайн үед болохоор цэргийн ноосон ногоон цамцтай байсан юм. Тэгсэн чинь намайг доошоо тонгойгоод пиво ууж байх зуур Алтангэрэл нь микрофоноо барьж босоод ирсэн шиг юм байна лээ би нэг их анзаараагүй юм. Алтангэрэл босож байх шиг болсон. Тэгсэн Эрдэнэчулуун, Х.Алтангэрэлийг барьж аваад тэр хоёр микрофонийг булаацалдаад байж байхад микрофоний толгойны хэсгээс НЬ салсан. Намайг харахад Х.Алтангэрэл микрофоний толгойг барьсан, баттерей болон доод талын хэсгийг Эрдэнэчулуунщ гартаа барьсан байсан юм Тухайн үед Б.Эрдэнэчулуун, Х.Алтангэрэлийг заамдаж аваад түүний нүүрний хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон юм. Тэгээд тэндээс Алтангэрэлийг заамдаад Эрдэнэчулууныг амьхандаа явуулах гэж заал руу дагуулж гаргасан. Заал руу гарсаны дараагаар Эрдэнэчулуун, Алтангэрэл хоёр нь хоорондоо заамдалцаад зогсож байхад би Эрдэнэчулууны хойно зогсож байгаад Алтангэрэлийг барьж зогсож байхад Алтангэрэлийн баруун шанааны хэсэг рүү солгой гараараа 2 удаа цохьсон юм. Тэгсэн Эрдэнэчулуун яах гэж байгаа юм гэж хэлээд намайг хойшоогоо болгосон юм. Надад Алтангэрэл өрөөнд байхдаа томроход нь би дүүгээ дуудсан байсан юм. Тэгээд манай дүү Гантөмөр ирээд намайг аваад явсан юм Тэгээд би хариад амарсан юм. Бусад нь болохоор тэнд үлдсэн юм. Гантөмөрийн хувьд зодооныг харсан зүйл байхгүй. Алтангэрэл нэлээн согтсон байсан. Бараг юу яриад байгаагаа мэдэхээргүй байсан. “Оргил" бааранд хүн амьтантай нэлээн маргасан сураг сонсогдсон. Хэргийн улмаас хохирогчийн эмчилгээ хийлгэсэн 185 950 төгрөгийг одоо нөхөн барагдуулах болно. Учир нь 185.950 төгрөгтэй холбоотой баримтууд нь байгаа юм. Түүний хувьд надаас ямар ч баримтгүй 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба би үүнийг өгч чадахгүй. Иймд хохирогчид учирсан бодит хохирлыг шүүхийн шатанд хэлэлцэж хэрэв бидний буруутаас үйлдлээс болж тухайн хүнд хохирол учирсан бол хохиролыг нь барагдуулах болно Өөрийнхөө энэ үйлдэлд ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү.гэх мэдүүлэг. /хх-ийн 58-60/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Билгүүнболд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 02-ны орой 21 цагийн үед караокед орсон. Ороход үйлчлүүлэгч нар байсан учраас би дуулж чадаагүй. Зааланд нь сууж ганц пиво уучихаад байж байхад 23 цагийн үед тухайн Kapaoкэд бaйcaн үйлчлүүлэгч нар нь гараад явсан. Би нэг пиво задлаад ууж байтал гаднаас Эрдэнэчулуун орж ирээд хаах цаг болж байна зөөгчтэйгөө тооцоогоо нийлээтхье гэж хэлсэн. Зөөгч нь явсны дараа бид хоёр ганц ганц пиво уух санаатай сууж байтал Эрдэнэчулууны утас дуугарч гаднаас Ганбаяр, хохирогч Алтангэрэл хоёр хамт орж ирсэн. Орж ирээд юу байна гээд мэнд мэдээд Алтангэрэл надруу "чи цэргийн ангийн гөлөг үү тэ гэсэн" "яасан гэнэ ээ" гэсэн чинь дахиад "чи цэргийн ангийн гөлөг үү" гэсэн тэгэхээр нь "за тийм байна яасан миний емссөн ногоон цамцыг хараад тэгж бодов уу, би цэргийн ангид ажилладаг яасан" гэсэн чинь би "захирагчруу чинь ярих уу, чамайг захирагчаар чинь дарамтлуулах уу" гэх мэтчилэнгээр надаас үг гуйгаад эхэлсэн. Тэгэхэд нь чи бид хоёр дөнгөж танилцаж, нэр усаа ч мэдэлцээгүй байж яагаад байгаа юм, би чамд ямар хор хохирол учруулсан юм, ангийн удирдлагаар намайг дарамтлуулдаг чи юу юм гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл ширээн дээр байсан утасгүй микрофоныг барьж авч далайгаад ширээрүү цохиод байхаар нь Эрдэнэчулуун микрофоноо авах гэхэд өгөхгүй булаацалдаж байгаад эвдэлсэн. Эрдэнэчулуун Алтангэрэлд хүний өмч хөрөнгө эвдэллээ, зүгээр суугаад үйлчлүүлж байгаа манай найзруу яагаад дайрч байгаа юм гэж маргаан үүсч, нэг цохисон. Цаашаа заалруу гараад хоёр цохисон. Би Эрдэнэчулууныг хойш нь татаад Алтангэрэлийн нүүррүү хоёр цохисон. Тухайн үед Согтуу хүний үгийг үг болгож аваад уураа барьж чадаагүй нь миний буруу хохирогчоос уучлалт гуйж байна. Ийм байдалд орсондоо үнэхээр их гэмшиж байна гэв.
3. Шүүгдэгч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би болохоор "Ундрам" рестораныг түрээслэж ажиллуулдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр янз бүрийн тооцоогоо шахаж дуусгаад байж байхад 01 цагийн үед найз болох Ганбаяр утсаар залгаад "хаана байгаа юм бэ яваад очъё гараад ир” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гараад "Төр"-ийн банкны тэнд очиход Ганбаяр, Алтангэрэл гэх залуутай цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан юм. Тэгээд би тэр хоёрыг дагуулаад "Ундрам" ресторан руу орсон юм. Тухайн уед ресторан дотор Билгүүнболд л байсан ба цэргийн ангийн ногоон өнгийн ноосон цамцтай сууж байсан юм. Тэгсэн Алтангэрэл мэндэлсэн ч юм байхгүй Билгүүнболд руу хандаж "би чамайг цэргийн ангийн захирагчтай чинь ярина шүү” гээд томроод байсан юм. Тэгэхээр нь би "чи ингэж болохгүй ээ орж ирэнгүүтээ томроод болохгүй” гэж хэлсэн юм Тэгсэн Алтангэрэл гартаа микрофон бариад ширээ рүү цохиод Билгүүнболд руу дайраад тэр хоёр хоорондоо маргалдаж байсан юм. Тухайн үед хаах цаг болсон байсан учир караокений гэрлийг нь унтраасан байсан юм. Тэгсэн миний толгойны хэсэгт хэн нэгний гар нь хүрсэн юм. Тэгэхээр нь би намайг Билгүүнболд нь цохиогүй байх гээд Алтангэрэлийн нүүр, толгойны хэсэгт цохиж авсан юм. Намайг цохиход Аптангэрэл нь өнхрөөд үүдний буйдан дээр унасан юм. Тэгээд тэндээс зууралдаад пижигнэлдээд заал руу гарсан юм. Заал руу гарахад Алтангэрэлийг Билгүүнболд яг хаана цохисон эсэхийн нарийн хэлж чадахгүй байна түүний нүүрлүүн гараараа 2 удаа цохисон юм. Миний хувьд уусан зүйл байхгүй байсан. Дөнгөж уух гээд байж байхад тэд нар ирсэн. Хэргийн улмаас хохирогчийн эмчилгээ хийлгэсэн 185.950 төгрөгийг одоо нөхөн барагдуулах болно. Учир нь 185.950 төгрөгтэй холбоотой баримтууд нь байгаа юм. Түүний хувьд надаас ямар ч баримтгүй 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба би үүнийг өгч чадахгүй. Иймд хохирогчид учирсан бодит хохирлыг шүүхийн шатанд хэлэлцэж, хэрэв бидний буруутай үйлдлээс болж тухайн хүнд хохирол учирсан бол хохиролыг нь барагдуулах болно. Өөрийнхөө энэ үйлдэлд ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү.гэх мэдүүлэг / хх-ийн 61-62/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэчулуун мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад би “Ундрам” рестроноос дуудагдаад Оргил баар явсан. Очоод урьдын танил Ганбаяртай тааралдахад Алтангэрэл хажуугаас орж ирээд юм яриулахгүй байсан. Буцаад “Ундрам" ресторонд очиж зөөгчтэйгөө тооцоо нийлчихээд байж байхад Ганбаяр Төрийн банкны өмнө байна гараад ирээч гэж дуудсан. Гараад очиход Алтангэрэл, Ганбаяр хоёр хамт байж байсан. Тэр хоёрыг дагуулаад буцаж орж ирээд заалны гэрэл унтрааж яваад ирэхэд жаахан маргаан болчихсон байсан. Алтангэрэл микрофон гартаа барьчихсан Билгүүнболдруу агсам тавих янзтай цэргийн ангийн гөлөг минь захирагчаар чинь дарамтлуулна гэсэн янзтай юм ярьж байсан. Би үйлчилгээний газар ажиллуулж байгаа хүний хувьд зохих хэмжээний шаардлага тавьсан. Микрофон эвдэлчих гээд байсан учраас Алтангэрэлээс авах гэж нааш нь цааш нь түлхэлцсэн. Энэ үед караокений вип өрөөний гэрэл унтарчихсан, телевиз нь асаалттай байсан. Залгуур нь хөндийрөөд ямар ч гэрэлгүй болсон. Тухайн үед хэн нь цохисон нь мэдэгдэхгүй миний толгойруу нэг нь цохисон, би найзыгаа цохихгүй, Алтангэрэлийг цохичихлоо гэж бодоод эргүүлээд нэг цохисон. Би 1-2 удаа цохисон, гарч ирээд Билгүүнболд 2 цохисон. Харанхуй байсан учраас хаана нь яаж цохисноо хараагүй, гадаа гэрэлд гарахад Алтангэрэлийн хамраас цус гарсан байсан. Дараа нь 189500 төгрөгийн хохирлыг Билгүүнболд бид хоёр хувааж төлсөн. Миний хувьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан. Тухайн үед Алтангэрэл Билгүүнболд бид хоёроос 5, 5 сая төгрөг нэхэмжилсэн. Бид хоёрт тийм их мөнгө байхгүй гэхэд тэгвэл нийлээд дундаасаа 5000.000 төгрөг өг гэсэн. Цагдаа дээр ирээд байцаагчаас нийлээд 5 сая төгрөг өг гэсэн. Байцаагчаас асуухад гомдол ирсэн бол шүүхийн шатанд баримтаар нотлогдсон тохиолдолд төлье гэсэн гэв.
5. Хохирогч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн үед “Оргил” баарнаас гараад Ганбаяр гэх манай захиралтай хамт явж байсан юм. Бид хоёр гараад явж байхад Эрдэнэчулуун гэх залуу ирээд Ганбаяртай уулзаад манай түрээслэж ажиллуулдаг ресторан руу оръё гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явсан юм. Тэгээд бид хэд “Ундрам” гэх ресторан руу очсон юм. Тэнд ороход цэргийн хувцастай нэг залуу байсан юм. Тэгээд ороод суугаад Ганбаяртай юм яриад сууж байсан юм. Тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ороод суугаад удаагүй хооронд байх намайг эхлээд тэр цэргийн хувцастай залуу цохиж авсан юм. Тэнд намайг цохиход миний хамарнаас цус гарсан байсан юм. Ганбаяр болохоор хажууд сууж байсан. Эрдэнэчулуун болохоор гаднаас орж ирсэн юм. Тэгээд орж ирсэнээ Эрдэнэчулуун бас миний тархи толгой руу цохиж байсан юм. Тэнд намайг баахан нүдэж хаячихаад зугтаад яваад өгсөн юм. Тархи толгой ихээр өвдөж байна.гэх мэдүүлэг 26-30/, Энэ хэргийн улмаас би нийт 185.950 төгрөгт эмчилгээ хийлгэсэн юм. Одоо надад баримт нь байгаа юм. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 14-ны хүртэл би ажил дээрээ очиж чадаагүй юм. Би харин энэ хугацаанд ажилаад очоод ажилласан бол 916.000 төгрөгний цалин авахаар байсан юм. Би нийт 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2017 оны 11 сарын 02-ны өдөр ажлаа тараад Ганбаяртай хамт "Оргил" бааранд орсон. “Оргил” баарны гадаа Эрдэнэчулуунтай таарч, би Эрдэнэчулууныг сайн танихгүй, Ганбаяр руу би хүн гуйдаг хүн биш, аймагт ирсэн юм бол ярихгүй яасан юм гээд дарамтлах янзтай яриад байхаар нь за больцгоо гээд баар руу буцаад орсон. Баарнаас гараад Төрийн банкны өмнө явж байхад Эрдэнэчулуун Ганбаярруу залгаж, бид хоёр караокеруу нь орсон. Би ороод буруу зөрүү зүйл ярьсан байж магадгүй, ороод байж байтал хажуу талаас юу юугүй цохиод авсан. Миний хамраас цус гарч, нүүрээ дарсан. Тэгтэл босч ирээд миний тархи толгойруу цохиод байсан. Тухайн үед бага зэрэг муужралтын байдалд орж, сэргэтэл хоёр зэрэг яасан овоо банди вэ гээд нийлээд зодсон. Тэгээд гадаа гартал Эрдэнэчулууны 1 дүү, 1 найз нь ирчихсэн би чамайг зодсон юм гэдэг зүйл яриад байсан. Ресторанаас гарахад тархи толгойруугаа нилээн хэд цохиулж, цус гарсан байдалтай байхад Эрдэнэчулуун, Билгүүнболд хоёр хоёулаа байхгүй байсан. Маргааш нь цагдаа дээр очиход Эрдэнэчулууны дүү, найз Чагнаа нар нь ирчихээд битгий өргөдөл өг, гомдлыг чинь барагдуулаад өгье гээд гуйсаар байгаад шүүхийн шинжилгээгээр оруулаагүй. Өдөр нь Эрдэнэчулуун, Билгүүнболд хоёр ирээд Билгүүнболд нь эхнэртэйгээ маргаад тасарчихсан байхдаа чиний биед хүндрэл учруулчихлаа уучлаарай гээд байсан. Эрдэнэчулуун надад эмчилгээнд чинь өгөх 200000 төгрөг байна ингээд болно биздээ гэхэд нь хүний эрүүл мэндийг мөнгөөр үнэлж болдог юмуу гэж би хэлсэн. Тухайн үед миний уруул ам, нүүр аймаар болчихсон байсан. Гомдлыг чинь арагдуулаад өгье хэд хэрэгтэй юм гэхээр нь би хүний эрүүл мэндийг мөнгөөр үнэлж болдог юм бол 5, 5 сая төгрөг өгчих гэхэд бид хоёрт тийм их мөнгө байхгүй гэсэн. Тэгэхэд нь би нийлээд 5000.000 төгрөг өг, би эмчилгээ хийлгэж, эрүүл саруул болмоор байна гэж хэлсэн. Баянхонгор аймагт рентген зураг авахгүй гээд Өвөрхангай аймаг явж зураг авахуулсан. Тархи доргисон, хамар муруйж зөөлөн эд нь тасарч урагдсан байна, мэс засалд орох шаардлагатай гэсэн. Өвөрхангай аймаг явсан зардал болон эм тариа авсан баримтуудыг гаргаж өгсөн. 2017 оны 12 сарын 06-ны өдөр мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэ гэсэн учраас холбогдох эмчилгээг хийлгэж байгаа. Цаашид хамрандаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.
Гэрч О.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Эрдэнэчулуунтай “Оргил” бааранд таарсан. "Оргил" баарнаас гараад Б.Эрдэнэчулуун руу утсаар ярьсан чинь караоке дээр байна гэхээр нь заалгаж байгаад яваад очсон. “Ундрам” ресторан руу ороход Эрдэнэчулуун болон өөр нэг залуугийн хамт пиво уугаад сууж байсан. Дунд зэргийн согтолттой байсан. Тухайн үед Билгүүнболд Алтангэрэл хоёр хоорондоо маргалдаж байсан. Ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэр Билгүүнболд гэх залуу нь Алтангэрэлийг шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод Эрдэнэчулуун бас хажуунаас нь орж нийлээд зодсон. Тэгээд би салгаад Алтангэрэлийг аваад караокеноос нь аваад явсан. Билгүүнболд хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Эрдэнэчулуун 3 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэр хоёрыг аль гараараа яг нүүрнийх нь хаана нь цохисныг мэдэхгүй байна. Яадаг ч байсан нийлээд зодчихсон. Алтангэрэлийн нүүр нь тэр чигээрээ цус болчихсон, нүд нь хавдаад хамраас нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх ийн 33-34 /,
Гэрч Б.Балхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Т.Билгүүнболд бид хоёр болохоор 10 жилд нэг ангид сурч байсан юм. Түүний хувьд эцэг эхээс хоёулаа доороо нэг дүүтэй одоо болохоор Улаанбаатар хот руу шилжих гэж байгаа юм Тэнд оршин сууж амьдрахаар Түүний хувьд урьд нь эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор сумын 41-1-3 тоотод оршин суудаг байсан юм. Дээд боловсролтой шутиС-ийн барилга архитекторын сургуулийг архитектур мэргэжилтэй суралцаж төгссөн юм. Одоохондоо цэргийн ангид ажиллаж байгаа. Түүний хувьд цэргийн ангийн албаны байранд амьдардаг. Дундаж түвшингийн амьжиргаатай. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан эсэхийн мэдэхгүй байна. Т.Билгүүнболд нь төлөв даруу, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг. Хүнтэй зөв боловсон харьцдаг гэх мэдүүлэг /хх- ийн 35-36/,
Гэрч Г.Бат эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Эрдэнэчулууны хувьд Баянхонгор аймгийн Баян-овоо суманд төрж өссөн. Аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Шинжлэх ухааны технологийн их сургуульд суралцаж байсан ба "Номгон” ахлах сургуулийг 2007 онд төгссөн бурэн дунд боловсролтой. Түүний хувьд болохоор хувийн компанитай барилгын чиглэлийн компани юм байгаа. Өөрийн гэсэн 1 "Lehus" gx 400, "Altezza" маркийн машинуудтай, мөн хашаа байшинтай амьжиргааны түвшингийн хувьд дунд. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Архи дарс нэг их уугаад байдаггүй уусан ч агсам тавиад
байдаггүй. Б.Эрдэнэчулуун нь төлөв даруу, шударга, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг. Хүнтэй зөв боловсон харыдаг.гэх мэдүүлэг / хх-ийн 39-40/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн:
1. Х.Алтангэрэлийн биед хамарт мурийлт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, цус харвалт, хацарт зулгаралт, урууланд шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 /, шүүгдэгч Т.Билгүүнболдын дансны хуулбарууд болон урьд ял шийтгэгдэж болон бусад хувийн байдлыг нотолсон баримтууд 67-82, хохирогч Х.Алтангэрэлд мөрдөн байцаалтын шатанд хохирол барагдуулж байсан баримт 95-98, болон шүүгдэгч Т.Билгүүнболдоос 4 хуудас дансны хуулга, шүүгдэгч Б.Эрдэнэчулуунаас 1 хуудас дансны хуулга зэргийг шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан "анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Т.Билгүүнболд, Б.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний..үйлдсэн гэмт хэрэг,..нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснийг тус тус баримтлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулав. Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд "улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Билгүүнболдын эзэмшлийн “39 инчийн зурагт"-ийг, шүүгдэгч Б.Эрдэнэчулууны эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагт болон гар утсыг эзэмшигч Т.Билгүүнболд, Б.Эрдэнэчулуун нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Х.Алтангэрэлийн томографийн зураг амбулаториор үйлчлүүлэгчийн карт зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Хохирогч Х.Алтангэрэл нь уг хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин есөн зуун арван долоон мянган / 917000 / төгрөг, эм тарианы үнэ нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавин / 134650 / төгрөг нийт нэг сая тавин нэгэн мянга зургаан зуун тавин / 1051650 / төгрөг нэхэмжилсэн боловч хохирогч нь “Хорго” гурппэд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
зэрэг нь байхгүй, мөн 11 хоног ямар шалтгааны улмаас ажилдаа ирэлгүй 917000 төгрөг суутгуулсаныг нотлох баримт байхгүй, "Оливе фарм” ХХК эмийн сангаас эм авсан гэх боловч ямар ямар эм авсан нь тодорхойгүй, эмчийн бичиж өгсөн гэх эмийн жор нь тамга тэмдэг байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийг баримтуудыг үнэлэх боломжгүй байгаа тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбатын Билгүүнболд, Боржигон овогт Баянжаргалын Эрдэнэчулуун нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Төмөрбатын Билгүүнболдыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр, шүүгдэгч Боржигон овогт Баянжаргалын Эрдэнэчулууныг нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1000000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун /500/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500000/ төгрөгийг, нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1000000 / төгрөгийг шүүгдэгч Т.Билгүүнболд, Б.Эрдэнэчулуун нарыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн томографийн зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Х.Алтангэрэлийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнболдын эзэмшлийн “39 инчийн зурагт"-ийг, шүүгдэгч Б.Эрдэнэчулууны эзэмшлийн "Самсунг" маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг Т.Билгүүнболд, хүчингүй болгож, дээрх зурагт болон гар утсыг эзэмшигч Б.Эрдэнэчулуун нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнболд, Б.Эрдэнэчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор 36.13 дугаар зүйлийн 2-д хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад очид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Билгүүнболд, Б.Эрдэнэчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ