| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 182/2017/03086/и |
| Дугаар | 462 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 462
2018 оны 02 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2018/00462 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт С Н /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТХБ” ХХК /РД: /-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т, Ю.Д, нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Аудитын газрын захирал Н.Эрдэнэбилэгтэй ажлын улмаас санал зөрөлдөөнтэй гэж хамтран ажиллах боломжгүй тухай санал гаргаж, өөр ажилд томилуулах өргөдлөө ТУЗ-ийн дарга О.Энхбаярт өгсөн. 2017 оны 10 дугаа сарын 31-ний өдөр дарга О.Энхбаяртай уулзахад намайг ажлаа хүлээлгээд өгчих, гүйцэтгэх захирал М.Отгонбаярт өөр ажилд томил гэж хэлье гээд ярьж суутал М.Отгонбаяр захирал орж ирсэн. Тэр үед намайг өөр ажилд томил гэж амаар хэлсэн.
Ингээд намайг өөр ажилд томилно гэсэн учир би 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аудиторын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа хүлээлгэж өгөөд, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М.Отгонбаяр захиралд шилжин ажиллах өргөдлөө өгсөн. Түүнээс хойш 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 5-7 удаа М.Отгонбаяр захиралтай нүүр тулж уулзаж, ажлаа асуусан. Дахин анкетаа өг гэсэн учир би өгсөн.
Гэтэл хүлээж байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоол 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсныг би мэдсэн. Надад энэ тушаалыг гардуулж өгөөгүй, харин би өөрөө явж байж хуулбарлаж авсан. Ажил хүлээлцэх үед надтай ажилласан цагийн тооцоо болон цалингийн тооцоо огт хийгээгүй. М.Отгонбаяр захирал намайг өмнөх ажлаа хүлээлгэж өгсөн тойрох хуудас зуруул гээд би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тойрох зуруулсан.
Гэвч 2017 оны 11 дүгээр сарын 23-наас хойш намайг банк руу оруулахаа больж, би бичиг хэргийн ажилтан буюу хүний нөөцийн менежер Оюунбилэгээс намайг ажлын байранд оруулах зөвшөөрөл авч, хамт орж бичиг баримтаа авсан.
ТУЗ-ийн дарга О.Энхбаяр намайг өөр ажилд тавина гэж өмнөх ажлыг хүлээлгэж өгүүлсэн байж одоо ажил ч үгүй, амьдрал ч үгүй болгосонд гомдолтой байна.
Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуульч Б.Сүрэнхүүтэй уулзаж, зөвлөгөө авч, ажлаас чөлөөлсөн бол тэтгэмж олгох хугацаа ч өнгөрлөө, намайг хохироож байгааг М.Отгонбаяр захиралд хэлж өгөхийг хүссэн.
Би өнөөдрийг хүртэл ажилгүй байгаад гомдолтой байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өдөр мэдсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан ТУЗ-ийн тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Намайг ажлаас чөлөөлсөн биш, харин өөр ажилд шилжүүлсэн тушаал гаргах ёстой байсан.
Би захирал, дарга нартай уулзахдаа бичлэг хийгээгүй учир одоо баримтгүй гэж гүжирдүүлж байна. Намайг өвчтэй байх хугацаанд ажлаа өг гэж дарамталдаг байсан. Би О.Энхбаяр даргад “Алтайн хүдэр” ХХК-ийн оффист уулзаж өргөдлөө өгсөн учир энэ хүмүүс мэдэхгүй нь аргагүй. Намайг О.Энхбаяр дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчих гэсний дагуу Дотоод Аудитын газрын дарга Н.Эрдэнэбилэгийн хэлсэн үгээр өргөдлөө бичиж өгсөн. Үндсэндээ намайг төөрөгдүүлж, дарамжталж байж өргөдөл бичүүлсэн.
Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул намайг өмнөх ажил албан тушаал болох аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэмж юм яриад байгаа тул бичгээр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хариу тайлбар гаргая.
С.Н нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус банканд аудитороор ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.
Тэрээр ажиллаж байх хугацаандаа 2017 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 09-нийг хүртэл ажлын 8 хоног, 2017 оны 10 дугаар сарын 10-аас 24-нийг хүртэл ажлын 11 хоног, 2017 оны 10 дугаар сарын 25-аас 10 дугаар сарын 30-ныг хүртэл ажлын 4 хоног тус тус өвчтэй, чөлөөтэй байсан. С.Н гуай тухай бүртээ чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагааг банканд авчирч өгдөг байсан.
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ТУЗ-ийн дарга О.Энхбаяртай уулзаж, эрүүл мэндийн байдлаас болж ажиллах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн тэр өдөр ээлжит бус хурал хуралдаж тогтоол гаргаж, түүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд, мөн өдөр ажлыг нь хүлээлцсэн.
Ажил олгогчийн зүгээс шахалтаар өргөдөл бичүүлсэн зүйл байхгүй, өөрөө удаан хугацаанд өвчтэй байсан нь нотлогдоно.
Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж өнгө үү гэсэн өргөдөл гаргаж, тэр өдрөө ажлаа хүлээлцсэн атлаа ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 23-нд мэдсэн гэдэг нь үндэслэлгүй. Тойрох хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зуруулсан учир нь С.Н өөрөө өвчтэй байж байгаад ирсэн өдөр юм. Тийм учраас тойрох хуудаст үндэслэн 10 дугаар сарын 3 хоногийн цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог нь хийсэн.
Н.Эрдэнэбилэг захирал С.Нийн утас руу өдөр болгон залгаж ажлаас чөлөөлсөн тогтоолоо ав, танилц гэсэн боловч шалтаг зааж ирээгүй гэсэн. Мөн С.Нийг өөр ажилд шилжүүлэхээр тохиролсон гэж ТУЗ-ийн О.Энхбаяр бидэнд огт хэлээгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байгааг шүүх анхаарна уу.
Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус өргөдөл гаргасан гэж шүүхэд баримт гаргасан байгаа ч ийм өргөдөл, хүсэлтийг банканд огт гаргаж байгаагүй, бид анх удаа хэргийн материалаас харсан. Хуурамч баримт гэж үзэж байна. Хэрэв тэр өдрүүдэд банканд ирсэн бол ажилтны орж гарсныг байнга тэмдэглэдэг харуулын дэвтэрт бичигдэх л байсан.
Нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилж өгнө гэж амласныг нотлох баримт байхгүй, тохирсон гэж үзэх үндэсгүй. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Номинчимэг захиралтай уулзсан юм шиг байна лээ, уг нь өөр ажил олгох талаар судлах санаатай хүсвэл энэ талаар 3 хоногийн дотор хариу хэлээрэй гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө ирээгүй учир ажилд орох хүсэлгүй байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш олон хоногийн дараа ажилд орно гэж ирсэн байсан. Банк дурын хүнийг орно, гарна гэсэн зоргоор оруулж гаргадаг байгууллага биш.
Гүйцэтгэх удирдлага болоод Номинчимэг захирал дотоод аюудитын газрын аудиторыг томилж, чөлөөлөх эрх хэмжээгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч “ТХБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ТХБ-ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Т/01-4701 тоот тогтоол /хх-ийн 5 хуу, талууд энэ тогтоолын үнэн зөвд маргаагүй/-оор аудитор С.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.
Тогтоолд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, С.Нийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт зэрэг нь ажилтны санаачилгаар хуульд заасан хугацааны өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлаж болохоор заасан хуулийн зохицуулалтад хамаарах, ТХБ-ны дүрмийн 15 дугаар зүйл, ТУЗ-ийн үйл ажиллагааны журмын 2.5.4 дэх заалтууд нь ТУЗ-ийн үйл ажиллагаа, эрх хэмжээнд хамаарах заалтууд байна.
Нэхэмжлэгч нь энэхүү тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэлээ “би ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөхийг хүсээгүй, харин аудиторын ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд шилжихийг хүссэн байхад намайг өөр ажилд шилжүүлэлгүй шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж, аудиторын ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардаж байна.
Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн Т/01-4701 тоот тогтоол гарсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эс зөвшөөрсөн энэхүү гомдлоо шүүхэд гаргасан учир шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.
С.Н нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...Эрүүл мэндийн төвийн хяналтад эмчилгээнд орох болсон тул өөрийн хүсэлтээр 2017 оны 10 дугаар сарын 31-ээр тасалбар болгож өгнө үү” гэсэн ажлаас чөлөөлөгдөх агуулга бүхий өргөдөл /хх-ийн 53 хуу/-ийг ТХБ-ны Дотоод Аудитын газарт гаргасан байх ба уг өргөдөлд үндэслэн ТУЗ-ийн Т/01-4701 тоот тогтоол гарсан бөгөөд мөн өдөр С.Н ажлаа хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 5, 53, 67-68 хуу/
Нэхэмжлэгч нь Т/01-4701 тоот тогтоолыг өөрт гардуулаагүй, ийм тогтоол гарсан эсэхийг хожим 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдсэн, ажлаас чөлөөлсөн биш, харин өөр ажилд шилжүүлсэн тогтоол гарах ёстой гэж мөн тайлбарлаж байгаа.
Хэргийн баримтаар хариуцагч нь ТУЗ-ийн Т/01-4701 тоот тогтоолыг С.Нт гарсан өдөр нь гардуулан өгөх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн ажил олгогч нь ажилтныг өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилох талаар тохиролцсон гэж үзэх болон ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дарамт, шахалтын үндсэн дээр ажилтнаас гаргуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдсонгүй.
Харин С.Н нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Дотоод Аудитын газрын аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсан нь түүний өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх бөгөөд ТУЗ-ийн Т/01-4701 тоот тогтоол нь энэ өргөдлийн дагуу гарсан гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог учир ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн ажилтны гаргасан хүсэлтийг хүлээн авч, энэ дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д нийцсэн гэж үзэв.
Ажилтныг өөр ажилд түр буюу бүр шилжүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэл эдгээрийн алинд ч хамаарахгүй тул шүүх хариуцагчийг хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талуудад олгосон тул хэрэв талууд харилцан тохиролцсон тохиолдолд дээрхээс өөр үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломж нь нээлттэй.
Гэвч ийнхүү шилжүүлэхэд талуудын тохиролцоо байх нь гарцаагүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг тул өөр ажилд шилжүүлэн томилох талаарх талуудын тохиролцоо бичгээр хийгдэх учиртай.
Манай тохиолдолд ажил олгогч ТХБ ажилтан С.Н нарын хооронд С.Нийг аудиторын ажлаас өөр ажилд шилжүүлэн томилох талаар харилцан тохиролцсон бичгийн тохиролцоо хэрэгт авагдаагүй.
Тэрчлэн С.Н өөр ажил албан тушаалд шилжин ажиллах хүсэлтээ 2017 оны 10 дугаар сарын 30, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд /хх-ийн 18-19 хуу/ ажил олгогчид гаргасан гэх боловч түүнийг ажил олгогч хүлээн авсан нь тодорхойгүйн гадна эдгээр хүсэлтүүд болон нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар нь талуудын хооронд тохиролцоо хийгдсэн гэж үзэх, харилцан тохиролцсонд тооцох Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан үндэслэлийг хангалттай бүрдүүлэхгүй байна.
Иймд С.Нийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох үүргийг “ТХБ” ХХК хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Тиймээс дээрх үндэслэлүүдээр шүүх С.Нийн гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гарсан өдөр нь ажилтанд гардуулах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай ч үүнээс үүдэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр ТУЗ-ийн Т/01-4701 тоот тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг тус тус баримтлан “ТХБ” ХХК-ийн Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Нийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА