| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1182/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1751 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
хохирогч: Т.Буянбаатар
түүний өмгөөлөгч: С.Тэгшжаргал
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Э.Шинэцэцэг
шүүгдэгч: З.Д, Д.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Зоригтын Далайжаргал, Боржигон овогт Даваадоржийн Ууганбаяр нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806049162017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.Д 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 7 дугаар гудамжны 435 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.У, 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кавказ зоогийн газарт бармэн ажилтай, ам бүл 3 , эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 8 дугаар гудамжны 444 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар:
З.Д, Д.У нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхант зочид буудлын өрөөнд Т.Буянбаатарыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шөнө 02 цагийн үед Бурхант зочид буудалд Далайжаргал, Нансалмаа бид 3 юм яриад байж байсан. Гэтэл Нансалмаа намайг хүн ирж авна гэж хэлж байсан. Удалгүй намайг авах хүн ирчихлээ. Би гарлаа гэхэд Далайжаргал би тэр хүнийг чинь оруулаад ирье гээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хохирогч, Далайжаргал хоёр орж ирсэн. Тэгээд Далайжаргал энэ залуу намайг хачин болгочихлоо гээд хохирогчийг цохиход хохирогч ор руу унасан. Тэгсэн чинь Нансалмаа боль гээд хохирогчийг хамгаалж дээр нь хэвтсан. Гэтэл Далайжаргал дээрээс нь цохисон. Би эхлээд цохиогүй гэж мэдүүлэг өгч байсан. Би ор цохисон гэж бодсон. Гэтэл би хохирогчийн гар руу нь нэг удаа өшиглөсөн байсан. Тэгээд ресепшин ирээд хаалга нүдсэн. Гэтэл хохирогч авраарай гээд орилоод байсан. Тэгээд ресепшин хаалга нээхэд хохирогч, Нансалмаа хоёр гараад гүйсэн. Араас нь Далайжаргал гарч яваад, эргээд ганцаараа орж ирсэн. Тэгээд энэ хоёр цагдаа дагуулж орж ирсэн. Тэгээд цагдаа бид нарыг аваад хэлтэс рүүгээ явсан гэв.
Хохирогч Т.Буянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 31-ны орой Нансалмаа 22 цагийн үед над руу яриад ирээд авчих, намайг явуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эргээд залгатал утас нь холобогдохгүй болсон байсан. Тэгээд 24 цагт нэг мэдэхгүй дугаараас залгасан. Би хоёр найзтайтайга байна. Намайг явуулахүй байна гээд уйлаад ярьсан. Тэгээд тэр дугаар луу нь залгатал цаана нь Далайжаргалын дуу гарсан. Тэгээд дахин залгахад нөгөө утсаа авахгүй байсан. 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 2 цагийн үед би утсаар залгаад нэг газар Далайжаргалтай уулзахаар болсон. Тэгээд Сансрын КТМС-ийн энд байж байя гэсэн. Тэгээд бид хоёр Хомеплазагийн тэнд автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Далайжаргал “чи хэн бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би “та нар яагаад хүнийг явуулдаггүй юм бэ?” гээд бид хоёр маргалдаж, заамдалцаад, зууралдсан. Зодоон хийгээгүй. Автобусны буудал дээр камер байсан. Тэгээд Далайжаргал намайг буудлын өрөө рүү дагуулаад орсон. Буудлын өрнөөд ороход Нансалмаа зүүн орон дээр сууж байсан. Ууганбаяр өрөөний баруун талын сандал дээр сууж байсан. Тэгээд Далайжаргал ороод хаалгаа хаагаад намайг цохьсон. Надаас их хэмжээний цус гараад би их айсан. Тэгээд цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд өрөөний үүдэнд буудлын ресепшин ирээд хаалга онгойлгосон. Тэгэнгүүт би өрөөнөө гараад гүйгээд машин руугаа очсон. Гэтэл Далайжаргал араас хөөж ирээд машины цонх руу цохьсон. Буудлын өрөөнд байхад Ууганбаяр Далайжаргалын хажуунаас намайг цохьсон. Тэгээд би цагдаа дуудах гэтэл Ууганбаяр миний утсыг булаасан. Ууганбаяр миний хаана цохьсныг санахгүй байна. Миний нуруу, бие рүү цохиод байсан. Би орон дээр нь доошоо хараад хэвтсэн байсан. Тэгээд би машинаа асаагаад зугтаад цагдаа дуудсан. Нансалмаа бас буудлаас гараад зүүн тийшээ гүйгээд явж байсан. Гэтэл араас нь Далайжаргал хөөгөөд байсан. Би машинтайгаа ойрхон зогсоод харж байсан. Тэгээд Далайжаргал Нансалмааг хөөхөө болихоор нь би очиж Нансалмааг авсан. Тэгээд цагдаа ирээд шүүгдэгч нарыг шалгахад төмөр штомб гарч ирсэн. Тэгээд цагдаа дээр очоод түргэн дуудаад надаас их цус алдсан байна гэж хэлсэн. Тэгээд гэмтэл рүү 05.00 цагт очсон. Тэр үед намайг эмнэлэгт хэвтэх шийдвэр гаргаад би 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Би компьютер томографикийн зураг авахуулсан, надад яс наашлуулах хагалгаанд орох шаардлагтай гэж хэлсэн. Тэгээд тэр хагалгаанд ороход нүүр зүсдэг гэхээр нь би ороогүй. Мөн тархины хаван шимэгдүүлэх эмчилгээ хийлгээд, эм их уусан. Курс эмчилгээ хийлгэсэн. Биеийн байдалын тухайд гэвэл дүүргийн эмнэлгийн хяналтанд ороод үзүүлээд явж байгаа. Мөн энэ гэмтлээс болж нүдний хараагаа шалгуулсан. Эмчилгээний зардал 1.141.500 төгрөг, цөмөрсөн яс наашлуулах хагалгааны зардал 4.900.000 төгрөг, өмгөөллийн зардал 500.000 төгрөг болж байгаа. Энэ яс цөмөрсөн асуудал шинэ дээрээ хагалгаанд орсон бол хямдхан байх байсан гэж хэлсэн. Одоо яс нь цөмөрөөд бороолсон тул үнэтэй болж байгаа гэж хэлсэн. Мөнгөтэй болчихвол хагалгаанд орно. Хавтаст хэрэгт 1.806.550 төгрөгийн баримт хэрэгт байгаа. Шүүгдэгч нараас 900.000 төгрөг өгсөн. Нийт 8.348.050 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч нарын өгсөн 900.000 төгрөгийг хасахаар 7.448.050 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч З.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би найз Ууганбаяртай бөхийн өргөөний орчимд байдаг АНТ пабад уулзсан. Бид хоёрыг уулзаад байж байхад Ууганбаяр надад Нансалмаа ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй Нансалмаа ирсэн. Нансалмааг ирэхээс өмнө Манлай ирчихсэн байсан. Бид нар пабад хэд хэдэн шил пиво уусан. Манлай уугаагүй. Тэндээс бид нар 21.00 цаг өнгөрч байхад гараад Нансалмаа, Ууганбаяр бид 3 Сэлэнгэ зочид буудлын урд байдаг Бурхант төвийн зочид буудалд орсон. Манлай ажилтай гээд яваад өгсөн байсан. Бид нар тэнд мөн л пиво авч уусан. Гэтэл Нансалмаа найз ирчихлээ би явлаа гэсэн. Би тэгэхээр нь ийм орой найз гэж хэн юм бэ би гарч уулзий гэж хэлсэн. Тэгээд Нансалмаагийн утсыг аваад нөгөө утас руу нь залгаад гарч уулзсан. Миний ярьсан эрэгтэй машинтайгаа ирсэн. Би түүнийг буугаад ир гэж хэлсэн тэгээд буугаад ирэхээр нь би чи Нансалмаагийн юу юм бэ гэхэд нөгөө залуу чи харин юу нь юм бэ гээд намайг заамдаж аваад боосон. Ингээд бид хоёр маргалдаж байгаад уг залуу миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Би уг залууд хоёулаа дотогшоо орж байгаад учраа олий гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу намайг дагаад буудлын өрөөнд орж ирсэн. Өрөөнд ороод ирэнгүүт нь би нүүрэн тус газарт нь цохиод орон дээр унагаасан. Орон дээр унахаар нь би нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Мөн 2-3 удаа өвдөглөсөн. Гэтэл Нансалмаа болиоч гэж хэлээд гүйгээд гарчихсан. Намайг гарднаас орж ирэхэд Ууганбаяр ганцаараа байсан. Бид хоёрыг унтах гэж байхад цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 15/
Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 31-ны 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арт пабад орсон. Тэнд би ганцаараа 6 шил пиво уусан. Тэгээд Далайжаргал, Нансалмаа, Манлай нарыг дуудсан. Тэнд бид нар пиво ууцгаасан. Тэндээсээ гараад Бурхант буудалд Далайжаргал, Нансалмаа бид гурав ирсэн. Тэнд том савтай пиво ууцгаасан. Тэгээд байж байтал Нансалмаа явлаа ах ирж авна гэсэн гэж хэлсэн. Бид гурав салхинд гарангаа нөгөө хүнийг нь хүлээсэн чинь ирээгүй. Тэгэхээр нь буцаад буудал руугаа орсон. Нансалмаа нилээн их пиво уугаад байсан. Тэгж байснаа манай найз залуу ирчихсэн байна би найз залуугаа хөөж явуулчихаад ирий гэсэн. Яагаад ингэж байгаа юм гэхээр тэр залуу нь өмнө нь Нансалмааг жирэмсэн болгочихоод хаяад явчихсан юм гэсэн. Гэтэл Далайжаргал би тосож аваад ирий гээд гарсан. Удалгүй нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд энэ намайг болгоно гэнээ гэж хэлээд нөгөө залууг цохиж орон дээр унагаасан. Тэгээд түүнийг зодсон би өшиглөх гэсэн боловч хөл хүрээгүй. Би бол гар хүрээгүй гэжээ. /хх-ийн 13/
Хохирогч Буянбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 31-ний шөнийн 00.00 цагийн үед манай найз охин Нансалмаа над руу яриад Сансарт байна ирээд авчих гэхээр нь сансарт ирээд залгатал утсаа авахгүй байсан. Тэгснээ КТМС-ийн хойд талын буудал дээр ирээд авчих гэтэл нэг эрэгтэй хүн утсыг нь аваад салгачихсан. Би эргээд залгатал утас нь болохгүй байсан. Би ктмс-ийн буудал дээр 30-аад минут хүлээгээд холбогдоогүй. Тэгэхээр нь гэрт нь очтол байхгүй байсан. Удалгүй нэг дугаараас залгаад КТМС-ийн буудал дээрээс ирээд авчих би гараад очий гэсэн. Нөгөө дугаар луу нь залгатал эрэгтэй хүн аваад Сэлэнгэ зочид буудлыг мэдэх үү тэнд хүрээд ир гэсэн. Би хэлсэн газарт нь очоод залгатал нэг эрэгтэй ирээд чи хэн юм бэ гэсэн. Би найз залуу нь байна гэхэд гэрийг нь мэдэх үү гээд толгойгоороо над руу наалдаад байсан. Би энд маргаан үүсгээд яахав дотогшоо орий гэсэн. Буудлын өрөө рүү оронгуут нөгөө залуу эргэж хараад миний нүүр лүү цохисон. Тэгээд нөгөө залуутайгаа нийлээд хоёулаа намайг орон дээр унагаагаад зодсон. Нансалмаа салгах гэсэн боловч чадаагүй. Буудлын өрөөний хаалга онгорхой байсан учраас би аллаа цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд буудлын ресепчин орж ирээд биднийг салгасан. Би арай гэж салаад цагдаад мэдэгдсэн гэжээ. /хх-н 7-10/
Гэрч Н.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 18.00 цагийн орчимд Ууганбаяр над руу утсаар яриад уулзий гэсэн. Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөн дээр очтол Ууганбаяр, Далайжаргал, Манлай нар нилээн согтуу байцгааж байсан. Бид нар Бөхийн өргөөний хажууд байдаг пабад орсон. Тэндээс 20.00 цагийн орчимд гараад КТМС-ийн хажууд байдаг нэг буудалд Далайжаргал, Ууганбаяр бид гурав орсон. Буудлын нэрийг санахгүй байна. Тэнд ороод 2 том савтай пиво уусан. Би гэхдээ бага уусан. Би одоо явлаа гэхэд тэр хоёр намайг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би зугтаагаад гартал Далайжаргал миний араас гүйж ирээд намайг чирээд буудал руу оруулсан. Тэгэхээр нь би найз залуугаа КТМС-ийн буудал дээр дуудсан. Тэгээд би явий гэтэл чамд яаж итгэх юм гээд байхаар нь би итгэхгүй бол дагаад яв гэсэн. Гэтэл Далайжаргал би гараад аваад ирий гэж хэлж гарчихаад манай найз залуу Буянбаатартай хамт ороод ирсэн. Тэгж орж ирэхдээ зодолдсон байдалтай орж ирсэн. Буудлын өрөөнд ороод иртэл Далайжаргал Буянбаатарыг шууд цохиод унагаасан ба унасан хойно нь дээрээс нь цохиод л байсан. Ууганбаяр болохоор өшиглөөд байсан. Би салгах гээд Далайжаргалыг тэврээд автал намайг цохиод унагаасан. Тэгж байтал буудлын ресепшин эгч орж ирээд Буянбаатар зугтааж гарсан гэжээ. / хх-н 11-12/
Гэрч Ш.Янжиндулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 1-ны 09.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Бурхан төв зочид буудалд ресепшний ажлаа хийсэн. Тухайн өдөр гаднаас үл таних 3 залуу орж ирээд буудлын 303 тоот өрөөнд 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 22.38 цагийн орчимд карт уншуулж төлбөр тооцоогоо төлж орсон. Төлбөрт 55.000 төгрөг уншуулсан. Ууганбаяр гэдэг залуу бичиг баримтаа шалгуулж бүртгүүлсэн. Тэдгээр залуус 20 гаруй насны залуус байсан. 2 эрэгтэй 1 эмэгтэй байсан. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөнд чимээ гарахаар нь хаалгыг нь тогшиход нэг эмэгтэй хүүхэд хаалга нээгээд эгчээ зүгээр ээ би саяхан обартанд орсон болохоор сэтгэл санаа хэцүү байгаа юм тэгээд хоёр найзтайгаа сэтгэл санаагаа хуваалцах гэтэл ойлголцохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би зүгээр үү гэхэд зүгээр ээ гэсэн. Тэгээд би буугаад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөнд дахиад шуугиад эхэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд очтол нөгөө охин хаалга онгойлгож өгсөн ба нэг залуу нэмэгдчихсэн нөгөө залууг нэг залуу цохиж байсан. Сүүлд ирсэн залуугийн хамарнаас цус гарсан байсан. Уг залуу цагдаа дуудаарай гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуучуудыг гар гээд өрөөнөөс гаргасан. Гэтэл мөнгөө төлсөн хоёр залуу бид хоёр эндээ хоноод явий гэхээр нь эргүүлж оруулсан. Шөнийн 03.00 цагийн орчимд цагдаа ирээд нөгөө 2 залууг авч явсан. Гадаа зодоон болсон эсэхийг би мэдээгүй гэжээ. / хх-н 16-19/
Гэрч Б.Сороглон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Д.У бол миний том хүү юм. Доороо 6 дүүтэй. 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. 2014 онд ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Кино урлагийн дээд сургуульд орж сурч байгаад хаячихсан юм. Миний хүү даруу төлөв зантай, дүү нараа авч явдаг айлын үлгэр жишээ сайн хүү байгаа юм гэжээ. / хх-н 20/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21-22/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4156 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Т.Буянбаатарын биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, дух, зүүн нүдний зовхины цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх-н 23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-26/
Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.2-т гавлын ясны хугарал учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Гавлын яс нь гадна ялтас хэвт хэсэг, дотор ялтас гэдэг давхрагатай ба гадна дотно ялтас 2-уулаа гэмтсэн тохиолдолд гавлын ясны хугарал аль нэг нь гэмтсэн үед цууралт гэж үздэг урьд гаргасан 7037 дугаартай дүгнэлтэд дурдагдсан компьютер томографийн зурганд дух ясны хөндийн гадна болон дотор ялтас нь 2-уулаа гэмтсэн буюу дух яс хугарсан гэж бичигдсэн байсан тул өмнөх шинжээч гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байсан. Уг хохирогчийн томографийн зургийг дүрс оншилгоо шинжээчээр дахин уншуулахад зөвхөн гадна ялтас нь гэмтсэн гэж үзсэн учраас үүнийг гэмтлийн хүнд зэрэгт хамааралгүй гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн. Гавлын ясны аль нэг ялтас гэмтсэн буюу цууралтыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг гэжээ. /хх-н 27-28/
Дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол / хх-н 29-39/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 926 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7035 тоот дүгнэлтийн 1,3 дахь заалттай санал нийлэхгүй байна. 2,4,5 заалттай санал нэг байна. 2018 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн толгойн рентген болон КТГ-н зургуудыг дүрс оношлогооны эмчээр давтан уншуулахад дух ясны зүүн талд духны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, дээд хана, дотор хананы урд дээд хэсгийг хамарсан цөмөрсөн , олон хэлтэрхий үүсгэсэн хугаралтай байх ба дух ясны дотор ялтасны хугарал батлагдахгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гавлын хүнхрээ болон суурь ясны хугарал нь хүнд зэрэгт хамаардаг. Ухархайн дээд хана, нүүрний яснууд болон духны хөндийн өмнөд хананы хугарлуудыг гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал гэж үзэхгүй тул хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй болно.
2.5.Т.Буянбаатарын биед тогтоогдсон духны ясны зүүн талын өмнөд /гална/ хана, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, дээд хана, дотор хананы урд дээд хэсгийг хамарсан цөмөрсөн, олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, дух болон этмойд хөндийн цус хуралдалт, дух, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч үйлчлэх хүчний хамгийн доод хязгаарыг заах ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д зааснаар тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.
3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэжээ. /хх-н 40-42/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 926 тоот шинжээчийн дүгнэлт:
1.ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчдийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 926 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Буянбаатарын дух ясны хөндийн урд ханын хугарал, зүүн ухархайн дээд ба дотор ханын хугарал шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ. /хх-н 43-45/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 46-51/
Т.Буянбаатарын өвчний түүхийн хуулбар /хх-н 92-98/ гэрэл зураг /хх-н 100/, толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээ /хх-н 101/
Эд зүйл баримт бичиг,гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 75/,Т.Буянбаатарын эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 76-82/
З.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/,оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 65/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/,
Д.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/,оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 72/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 69/,
З.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 108-109/
Д.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 114-115/
З.Дд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 103/, прокурорын тогтоол /хх-н 104-105/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 106-107/
Д.Ут Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 110-111/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 112-113/ зэрэг болно.
З.Д, Д.У нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхант зочид буудлын өрөөнд Т.Буянбаатарыг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Т.Буянбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Далайжаргал ороод хаалгаа хаагаад намайг цохьсон. Надаас их хэмжээний цус гараад би их айсан. Тэгээд цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд өрөөний үүдэнд буудлын ресепшин ирээд хаалга онгойлгосон. Тэгэнгүүт би өрөөнөө гараад гүйгээд машин руугаа очсон. Гэтэл Далайжаргал араас хөөж ирээд машины цонх руу цохьсон. Буудлын өрөөнд байхад Ууганбаяр Далайжаргалын хажуунаас намайг цохьсон. Тэгээд би цагдаа дуудах гэтэл Ууганбаяр миний утсыг булаасан. Ууганбаяр миний хаана цохьсныг санахгүй байна. Миний нуруу, бие рүү цохиод байсан гэсэн мэдүүлэг,З.Д, Д.У нарын цохисоны улмаас Т.Буянбаатарын биед тогтоогдсон духны ясны зүүн талын өмнөд /гална/ хана, зүүн нүдний ухархайн дээд ирмэг, дээд хана, дотор хананы урд дээд хэсгийг хамарсан цөмөрсөн, олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, дух болон этмойд хөндийн цус хуралдалт, дух, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, гэрч Н.Нансалмаагийн өгсөн ... Би одоо явлаа гэхэд тэр хоёр намайг явуулахгүй байсан. Тэгэхээр нь би зугтаагаад гартал Далайжаргал миний араас гүйж ирээд намайг чирээд буудал руу оруулсан. Тэгэхээр нь би найз залуугаа КТМС-ийн буудал дээр дуудсан. Тэгээд би явий гэтэл чамд яаж итгэх юм гээд байхаар нь би итгэхгүй бол дагаад яв гэсэн. Гэтэл Далайжаргал би гараад аваад ирий гэж хэлж гарчихаад манай найз залуу Буянбаатартай хамт ороод ирсэн. Тэгж орж ирэхдээ зодолдсон байдалтай орж ирсэн. Буудлын өрөөнд ороод иртэл Далайжаргал Буянбаатарыг шууд цохиод унагаасан ба унасан хойно нь дээрээс нь цохиод л байсан. Ууганбаяр болохоор өшиглөөд байсан. Би салгах гээд Далайжаргалыг тэврээд автал намайг цохиод унагаасан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд зэрэг бичгийн нотлох бархимтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
З.Д, Д.У нар нь Т.Буянбаатарыг гаднаас буудлын өрөөнд орж ирсэний дараа З.Д нь шууд цохиж унагаад цохиж байх үед Д.У нь түүнийг өшиглөсөнөөс хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул З.Д, Д.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Т.Буянбаатарын хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1.507.775 төгрөгнөөс шүүгдэгч нарын төлсөн 900.000 төгрөгийг хасаж үлдэх 607.775 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв. З.Д, Д.У нар нь тус бүр 303.887 төгрөг хохирогч Буянбаатарт төлнө.
Т.Буянбаатарын ухархайн яс нөхөх мэс заслын зардалд 4.900.000 төгрөгийг одоогоор гарсан бодит зардал биш учраас шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч мэс засал хийлгээд гарах зардлаа тухайн нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. Өмгөөлөгчийн хөлс гэж 500.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна.
З.Д, Д.У нар нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1............. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Дыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Уыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Д, Д.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. З.Д, Д.У нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Д, Д.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар З.Д, Д.У нараас тус бүр 303.887 төгрөгийг гаргуулж нийт 606.755 төгрөгийг Т.Буянбаатарт олгох, Т.Буянбаатар цаашид гарах эмичлгээний зардлыг ИХШХШТХ-д заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Д, Д.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.