Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:  ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох “3.635.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага  1.817.500 төгрөг, нийт 5.452.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 1 дүгээр баг, Оргих гэх газарт оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Шааваа овогт ******* ******* *******-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...  *******, эхнэр  ******* энэ гэр бүл 2016 оны 10 дугаар сараас  дараахь байдлаар 2017 оны 08 сарын хугацаанд 3.635.000 төгрөгийн зээл авчихаад төлж өгөхгүйгээр удаа даараа чирэгдүүлж нэхэмжлүүлж энэ өдөр хүртэл хууран  мэхэлж байгаа учир  шүүхэд хандаж байна.  Хариуцагч *******, ******* нараас 3.635.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү  гэх,              

            Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ...Иргэн  миний өрхийн амьдралыг хохироож цагдаа албан тушаалтай  *******, эхнэр  ******* нар нь 3.635.000 төгрөгийг маань  энэ оны  6 сараас хойш  өнөөдөр хүртэл  төлж өгөхгүйгээр  удаа дараа худлаа хэлж  чирэгдүүлж  гомдоож хохирол учруулж байгааг минь үндэслэн  1 сарын10 хувийн хүүгээр 5 сарын хугацаагаар  тооцуулж  1.817.500 төгрөгөөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.  Нийт 5.452.500 төгрөгийг нэхэмжилж байна гэх.

 

            Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *******, эхнэр  ******* энэ гэр бүл 2016 оны 10 дугаар сараас  дараахь байдлаар 2017 оны 08 сарын хугацаанд 3.635.000 төгрөгийн зээл авчихаад төлж өгөхгүйгээр удаа даараа чирэгдүүлж нэхэмжлүүлж энэ өдөр хүртэл хууран  мэхэлж байгаа учир  шүүхэд хандаж байна.  Хариуцагч *******, ******* нараас 3.635.000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү . Иргэн  миний өрхийн амьдралыг хохироож цагдаа албан тушаалтай  *******, эхнэр  ******* нар нь 3.635.000 төгрөгийг маань  энэ оны  6 сараас хойш  өнөөдөр хүртэл  төлж өгөхгүйгээр  удаа дараа худлаа хэлж  чирэгдүүлж  гомдоож хохирол учруулж байгааг минь үндэслэн  1 сарын10 хувийн хүүгээр 5 сарын хугацаагаар  тооцуулж  1.817.500 төгрөгөөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.  Нийт 5.452.500 төгрөгийг нэхэмжилж байна гэх,

 

            Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие ******* нь  тус шүүхэд гаргасан ******* нэхэмжлэлтэй танилцлаа.  Би 2016 онд *******гаас шүдлэн үхэр 600.000 төгрөгөнд  бодож зээлээр авсан. Дараа нь 7 тооны хонь авсан бөгөөд 1 хонио 60.000 төгрөгөнд  тооцон өгсөн. Идэшний бяруу  400.000 төгрөг тус тус зээлээр  авсан нь үнэн билээ.   Энэ авсан мал махны мөнгөө  газар зарах гэж байгаа  зараад өгье гэж  хэлж авсан билээ. 12 сард *******  өөрөө  10 ширхэг хонь зарна гэж надтай  хамт ачиж  Сэлэнгэд ирж  Гурванбулагийн махны  дэлгүүрийн худалдагч  ахад үзүүлээд  мал чинь туранхай байна, бага биетэй байна  40.000 төгрөгөөр  л 1 ширхэгийг  авах гэтэл  тэр хүний хажууд  нөхөр бид 2-т  хандан үйлээ  үзэж өсгөж байгаа  малаа ийм хямд  өгөхгүй  тэгж байхаар  2 найздаа зүгээр өгчихье та 2 полкон дээрээ тавьж байгаад ид гэж  өгсөн.

...Иймд нэхэмжлэлд  гаргасан 3.365.000 төгрөгнөөс  1.807.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч  байна.  Үлдэгдэл 1.828.000 төгрөгийг  хүлээн зөвшөөрөгүй татгалзаж байна.  ******* нь төв орж ирэхдээ  /зугаа цэнгэлд/  зарим эрэгтэй хүмүүст  их мөнгө зарцуулдаг байсан. Тэр мөнгөө надаас нэхэж байна гэж ойлголоо гэх.

Хариуцагч ******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: ... Дахин  шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа   нэмэгдүүлж  хүү гэж  1.817.500 төгрөгийг би төлөх үүрэг хүлээгээгүй . Энэ хүнтэй зээлийн гэрээ хийгээгүй. Хүүтэй  мөнгө зээлээгүй байхад хуульд заагаагүй  зүйлийг  надаас ор  худал зүйл бичиж  нэхэмжилж  байгаа тул  мөн энэ шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

 

Шүүх  хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарт холбогдуулан тус шүүхэд  гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох мал худалдах, худалдан авах болон мөнгө зээлдсэн зэрэг нийт 5.452.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон  бодит үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь : нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******, ******* нар нь  2016 ны  10 дугаар сараас 2017 оны  08 сарын хооронд   үхэр, хонь болон бэлэн  мөнгө нийт 3.635.000 төгрөг, мөн нэхэжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж  3.635.000  төгрөгийн  сарын хүүд 1.817.500 төгрөг нийт 5.452.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа  байгаа бөгөөд  хариуцагчийн шүүхэд бичгээр   гаргасан тайлбар  / хавтаст хэргийн 20, 24-28, 48-49 тал / - аас үзэхэд ... тиймээс миний бие 4 920 000 төгрөгнөөс дээрх үнийн дүн болох 3 713 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 207 000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй  хэмээн хариуцагч тал  маргаж байгаа боловч  хавтаст хэргийн 3, 29, 65, 66 дугаар талд  авагдсан  гар /эх хувь/ бичмэл баримт, банкны дансны хуулга  зэрэг баримтуудаас үзэхэд  талууд үлдэгдэл 1.920.000 төгрөг өгч авалцахаар  тооцоо нийлсэн ба  шүүх хуралдааны явцад  нэхэмжлэгч ******* нь  нийт 713.000 төгрөг хариуцагч нараас авснаа  хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 1.207.000 төгрөгийг авахыг зөвшөөрсөн  тайлбар зэргээр  нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэргийн 16 дугаар талд гаргасан нэмэгдүүлсэн  нэхэмжлэлийн шаардлага болох  3.365.000 төгрөгийн  5 сарын  хүү нийт 1.817.500 төгрөг нэхэмжилж байгаа боловч  талуудын хооронд  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар ... Зээлийн гэрээг бичгээр  хийх хуулийн шаардлагыг хангаагүй ба амаар хэлцэл  хийсэн тухай талууд тайлбарлаж байх тул энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Хууль зүйн үүднээс дүгнэхэд: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд амаар болон бичгээр  өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримт  зэргээс үзэхэд  талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,  281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасан ... эд хөрөнгө болон  мөнгөн зээлийн  гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д  зааснаар талууд ... эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах  гэрээг бичгээр хийх  хуулийн шаардлага хангаагүй боловч  мөн хуулийн  196 дугаар зүйлийн196.1.1-д зааснаар ... гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд  худалдан авагч нь  хүү төлөхгүй харин тухайн  эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байна.

Мөн хуулийн  282 дугаар үйлийн 282.3-д  зааснаар ... талууд хоорондоо  хүү тогтоосон бол зээлийн гэрээг  бичгээр хийх бөгөөд  энэхүү шаардлагыг  хангаагүй бол  хүү авах эрхгүй  байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ... нэхэмжлэгчид  /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал / эрх, үүргийг  урьдчилан тайлбарласан, мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө  тус тус танилцуулсан  байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон баримтыг  гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг  буюу маргаантай байгаа шаардлагаа  нотлоогүй гэж үзнэ.  

Нэхэмжлэгч ******* нь  үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ  хариуцагч *******, ******* нарыг татсан боловч  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх мөнгө зээлсэн болон худалдаа наймааг *******тай хийгээгүй, харин *******тай тохиролцож хийсэн тул *******ыг  хариуцагчаар татахаас татгалзаж *******аас дээрх мөнгийг нэхэмжилж  байна гэсэн тул *******д холбогдуулан  нэхэмжлэлийн шаардлагыг  шийдвэрлүүлсэн  болно.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох  нийт 5.452.500  төгрөгийн зарим болох 1.207.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч төлүүлэхээр  мөн зөвшөөрч  өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргийг үндэслэн хангаж, үлдэх 4.245.500 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  117.160 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  1.207.000 төгрөгөнд тохирох 33.518 улсын тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Шүүх хуралдаанд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэн *******  нэхэмжлэлтэй  *******,  ******* нарт холбогдох  шүүх хуралдаан 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 10 цагт  зарлагдсан. Гэр бүлийн  хүндэтгэн үзэх  шалтгаанаар  /охин Б.Орхоны нүдийг  эмчлүүлэх/ хуралдаанд оролцох  боломжгүй  тул шүүх хуралдаанд  өмгөөлөгчөө  оролцуулж  шүүх хуралдаан хийхэд  татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д тус тус зааснаар  *******аас   1.207.000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч *******д  олгож, нэхэмжлэлээс  4.245.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 117.160 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  1.207.000 төгрөгөнд тохирох 33.518 төгрөгийн тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг  дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон зохигч энэ  хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд гомдол  гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.ЭНХТАЙВАН