Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1745

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч :С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт Ч.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806093322151  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б, 1980  оны 7 дугаар  сарын 12ы өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд  төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мужаан  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 5 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

           Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших автобусны буудал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Т.Бурмааг бусадтай хардсаны улмаас нүүрэнд нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

          Хохирогч Т.Бурмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ны орой 19-20 цагийн орчимд хамтран амьдрагч Ч.Б нь согтуу орж ирээд бид хоёр маргалдсан. Бидний маргалдсан шалтгаан гэвэл Ч.Б намайг ажлынхантай маань хардаж намайг алнаа алны үсээ хачин гичий минь гэж хэлээд гал голомт руу нулимаад хэл амаар доромжлоод байхаар нь би 2 охинтойгоо элбэж байгаад гэрээсээ гаргачихсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээр байхад хоёр нүдээ цохиулчихсан ирээд намайг дуудаад чи намайг хүнд хэлж захиалгаар зодууллаа гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би гэртээ очиж хувцас хунарыг нь өгий гэж бодоод дагуулаад гэртээ иртэл гэрт хүн байгаагүй тэгэхээр нь бид хоёр охиноо тосох гээд автобусны буудал дээр байхад намайг мөн хэл амаар доромжлоод хөл гар луу өшиглөөд байсан. Тэгж байснаа намайг өшиглөж унагаасан. Би газар хэвтэж байхад манай охин ирээд цагдаа дуудсан. Тэр үед Болдбаатар зугтчихсан байсан. Би Болдбаатартай 2016 оны 7 дугаар сард танилцаад түүнээс хойш хамтран амьдарч байгаа юм. Болдбаатар 2018 оны 8 дугаар сараас эхлэн намайг зоддог болсон. Намайг зодохоор манай охин цагдаад өгөөд эрүүлжүүлэгдээд эргээд л хүрээд ирдэг байсан. Болдбаатарыг архи уудаг болохоор гэр орныхон нь гэртээ оруулдаггүй юм. Миний зүүн нүд хавдсан, нүднээс цус гараад байгаа. Эмчилгээний зардал мөнгөө авмаар байна гэжээ.  /хх-н 8-15/

          Шүүгдэгч  Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 1000-д мах шулдаг ажил хийчихээд орой 19-20 цагийн орчимд ажлаа тараад ганцаараа 100 граммтай архи 2-3 шилийг уусан. Тухайн үед ядраад их согтсон байсан. Орой нэг мэдэхэд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын автобусны буудал дээр Бурмаатай хамт зогсож байсан. Бурмаа намайг хөөж байсан. Би тэндээс явж байгаад 3 залууд зодуулсан. Миний утсыг аваад явсан байсан. Би хэнд зодуулсанаа мэдээгүй. Манай ээж 80 настай Тогтохбаатар гэж хүн байдаг. Манай ээж бие нь муу байгаа тул эгчийнд амьдарч байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр би Бурмаатай уулзаад хамт гэрт нь ирсэн. Бурмаагийнд ирэх замдаа архи уусан. Тэгээд Бурмаагийнд иртэл тэр намайг хөөгөөд байсан. Бурмаа бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байна. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Бурмаа өөрөө 3 хүүхэдтэй. Одоо Бурмаа бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би тухайн үед согтуу байсан болохоор Бурмааг зодсоноо мэдэхгүй байна. Би ер нь Бурмааг зодож байгаагүй гэжээ. /хх-ийн 18/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13885 тоот дүгнэлт:

1.Бурмаагийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор буланд шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 21/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 22-23/

          Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 27/

          Ч.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н34-37/

          Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 38-39/ зэрэг болно.

          Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших автобусны буудал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Т.Бурмааг бусадтай хардсаны улмаас нүүрэнд нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Т.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...бид хоёр охиноо тосох гээд автобусны буудал дээр байхад намайг мөн хэл амаар доромжлоод хөл гар луу өшиглөөд байсан. Тэгж байснаа намайг өшиглөж унагаасан. Би газар хэвтэж байхад манай охин ирээд цагдаа дуудсан. Тэр үед Болдбаатар зугтчихсан байсан. Миний зүүн нүд хавдсан, нүднээс цус гараад байгаа. Эмчилгээний зардал мөнгөө авмаар байна гэсэн мэдүүлэг   / хх-н 8-15/, Бурмаагийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор буланд шарх тогтоогдлоо, гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13885 тоот дүгнэлт, шүүгдэгч  Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бурмаа бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байна. Бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Бурмаа өөрөө 3 хүүхэдтэй. Одоо Бурмаа бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би тухайн үед согтуу байсан болохоор Бурмааг зодсоноо мэдэхгүй байна. Би ер нь Бурмааг зодож байгаагүй гэсэн мэдүүлэг       /хх-ийн 18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

       Ч.Б нь архи ууж согтуурсан үедээ хамтран амьдарч байсан Т.Бурмааг ажлынх нь газрын хүмүүстэй хардаж маргаан үүсгэн хэл амаар доромжилж улмаар түүнийг зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Ч.Бын дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Т.Бурмаа хохирол нэхэмжлээгүй тул Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Энэ хэргийн улмаас Ч.Б цагдан хоригдоогүй болно.    

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Ч.Б нь торгох ялыг 4 сарын дотор нэг сард 125.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтооусгай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Ч.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. Ч.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ч.Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол          Ч.Бт  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН